Семинар
1-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 1


1-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 1

Оршил

1831 оны 11-р сарын үед бошиглогч Иосеф Смит 60 гаруй илчлэлтийг тэмдэглэж аваад байв. Гэсэн ч Сүмийн ихэнх гишүүн тэдгээрийн хувийг авах боломжгүй байв. Бошиглогч Огайогийн Хайрамд чуулган хуралдуулж, илчлэлтүүдийг Зарлигуудын ном нэртэйгээр хэвлүүлэх талаар ярилцжээ. Ахлагчдын хороо уг номын оршил хэсгийн нооргийг боловсруулан гаргасан байна. Энэ ноорог нь чуулганд оролцсон хүмүүсийн санаанд нийцээгүй тул тэд Иосеф Смитийг Их Эзэнээс удиртгал хэсгийн талаар асуухыг хүсчээ. Иосеф Их Эзэнээс залбиран асууснаар уг оршил хэсэг илчлэлтээр түүнд өгөгдсөн юм. Их Эзэний Зарлигуудын номд өгсөн оршил хэсэг нь Сургаал ба Гэрээний 1-р хэсэг болсон.

Сургаал ба Гэрээ 1:1–16

Хоёр дахь ирэлтийн үед эсэргүүцэгчдийн дээр ирэх шийтгэлийн талаар Их Эзэн сэрэмжлүүлэв

Зураг
3 хөвгүүн ойд

Эцгийнхээ сэрэмжлүүлгийг дагасан учраас аюулаас хамгаалагдсан ах дүү гуравт тохиолдсон дараах үйл явдлын тухай бодож үзнэ үү.

“Майк болон түүний дүү нар болох Эрик, Том хоёр аавтайгаа явган аяллаар явах дуртай байжээ. Аав нь үргэлж л уулсыг арван хуруу шигээ мэддэг тухайгаа ярьдаг байв. Тэрээр малчин аавтайгаа хамт энэ замаар алхлан өсч торнисон аж. …

… Зуны нэгэн өдөр [хөвгүүд] өнгө бүрийн цэцэг алагласан шинэхэн ногоон ширгээр хучигдсэн уулын орой дээр гараад, сэтгэл нь ихэд хөөрөн баясчээ. Өглөөний аялалдаа тэд нэлээд ядарсан байсан ч модон дундуур байдаг хурдаараа гүйцгээж байв. Тэд нуга руу туулай мэт шурдхийн орохыг хүсэж байлаа.

‘Та нар нуга руу очоод зогсоорой’ хэмээн аав нь хойноос нь хэллээ. ‘Би та нартай тэнд уулзана шүү’ гэв. Тэд өмнөө байгаа нэгнээ гүйцэхийг хичээн гүйж байв. …

[Тэд] аавынхаа зөвлөгөө[г мартсан байлаа]. Тэд өндөр өвсөн дундуур тойрон, үсэрч харайж, бултан тоглож, өмнө хойноо орон гүйж байлаа.

Дараа нь Эрикт нэг санаа төржээ. ‘Бүгдээрээ энэ нугыг хөндлөн гүйж уралдацгаая!’ гэв. Том эргэлзэн бодлогоширлоо. Өндөр ургасан өвстэй толгод үзэгдэх хүрээг нь халхалж байсан тул нугын нөгөө тал тэдэнд харагдахгүй байв. Харин Майк огт санаа зовсонгүй. ‘Энэ бол өнгөрсөн зун бидний ирсэн нуга яг мөн’ гэж ах дүү нартаа батлан хэлж байв.

Тэд модон доор эргэн цугларцгаалаа. ‘Бүгдээрээ гэж Эрик хашгираад, ‘Бэлдээд, гүйгээрэй!’ гэв. Сэрүүн цэвэр салхи Майкийн хацар, үсийг илбэж, хурдлах тусам салхи улам бүр ширүүсэж байлаа. Удалгүй тэр уралдаанд түрүүлж эхлэх нь тэр. Тэр эцэж цуцахгүй зогсолтгүй гүйж чадах мэт санагдаж байв.

Гэтэл ‘ЗОГС!’ гэсэн дуу ард нь аянга мэт тасхийн сонсогдлоо. Гурван хүү гурвуулаа тэр даруйд зогсов. Эргэн харвал аав нь нугын нөгөө талаас тэднийг чиглэн гүйж ирж байгааг тэд харжээ. ‘Хурдан эргээд над руу ир’ гэж аав нь энэ удаа арай зөөлнөөр дуудлаа. Хөвгүүд дуулгавартай дагав. … [Дараа нь] тэд нугыг хөндлөн алхан явлаа. Тэднийг жижигхэн толгойн оройд хүрмэгц аав нь гэнэт зогсов.

Тэднээс хэдхэн алхмын зайд, наад зах нь 20-30 метр орчим доош унах эгц цавчим цохио байжээ. Хэрэв тэд гүйгээд л байсан бол үүнийг хармагцаа зогсох боломжгүй болох …байв.

… ‘Бид үхэх байсан байна’ гэж Майк зөөлнөөр хэлэв.

‘Тийм ээ, магадгүй. Надад тайлбарлах цаг байгаагүй ч та нар гүйж явснаа зогссонд чинь би их баярлаж байна. Зарим үед бид эхлээд дуулгавартай байж, дараа нь асуух хэрэгтэй байдаг юм шүү дээ!’ хэмээн аав нь хэлэхэд

‘Ялангуяа юу тохиолдохыг хэн нэг нь мэдэж байхад, харин та нар мэдэхгүй байвал’ хэмээн Майк хэлэв.” (Ana Nelson Shaw, “Stop!” Friend, 2005 оны 6-р сар, 47–48).

Зураг
Эцэг хөвгүүд хадан хясааны оройд

Хэн нэгэн хүн таны анхаарлыг татан, ямар нэгэн юмны талаар сэрэмжлүүлэхийг хичээж байсан цаг үеийн талаар тунгаан бод. Тэр үед та юу хийсэн бэ? Сэрэмжлүүлсэн хүндээ талархах сэтгэл танд төрдөг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Сургаал ба Гэрээнд бидний аврал, аз жаргалд хэрэгтэй сэрэмжлүүлэг, зарлиг, заавруудыг Их Эзэн өгсөн байдаг. Өмнө нь дурдсанаар, Их Эзэн 1-р хэсгийг Сургаал ба Гэрээн дэх бусад илчлэлтийн оршил болгон илчилсэн. Уг оршил нь уншигчийг номын захиас, зохиогчийн зорилготой танилцуулах замаар номын агуулгыг ойлгоход бэлддэг.

Сургаал ба Гэрээ 1:1–3-ыг уншаад, Их Эзэн уншигчдын анхаарлыг татахын тулд хэрэглэсэн үг хэллэгүүдийг олж тогтоо. (Анхаарагтун гэдэг үг нь анхааралтай сонсож, дуулгавартай дага гэсэн утгатай гэдгийг мэдэх хэрэгтэй байж болно.) Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултын хариултыг бич. Тухайлбал:

  • Эдгээр шүлэгт Их Эзэн хэнд хандан ярьж байна вэ?

  • “Учир нь тэдний алдсууд дээвэр дээрээс яригдах болно, мөн тэдний нууц үйлүүд илчлэгдэх болно” (С ба Г 1:3) гэсэн хэллэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

  1. Нууж хаасан гэм нүглүүд нь илрэх болно гэдгийг хүмүүст сэрэмжлүүлэх нь яагаад чухал гэж бодож байгаагаа та судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 1:4–7-г уншаад, Их Эзэн сэрэмжлүүлгээ хэрхэн бүх хүнд хүргэдгийг олж тогтоо.

Их Эзэн сэрэмжлүүлгээ сонгосон дагалдагчдаараа дамжуулан бүх хүнд хүргэдэг. Их Эзэн сэрэмжлүүлгээ Өөрийн үйлчлэгчдээр мөн судруудаар дамжуулан өгдөг. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хэлсэн үгийг уншиж судал. Сүүлд ямар зөвлөгөө, сэрэмжлүүлгүүдийг Их Эзэний бошиглогч, төлөөлөгчид өгсөн бэ?

Сургаал ба Гэрээ 1:8–10-т Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгүүдийн нэг бол Тэрээр хүмүүсийг үйлдлээр нь, бусдад хэрхэн үйлчилснээр нь шүүнэ гэсэн байдаг. Сургаал ба Гэрээ 1:11–14-ийг уншаад, Бурханы өгсөн өөр сэрэмжлүүлгүүдийг олж мэд. Сэдэвчилсэн удирдамжийн 12 б зүүлт тайлбарыг хараад, Их Эзэн Сургаал ба Гэрээ 1:12-т ямар үйл явдлын тухай өгүүлснийг тунгаан бод.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн үгсэд анхаарал эс тавих тэд “хүмүүсийн дундаас тусгаарлагдах өдөр ирнэ” (С ба Г 1:14) гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Дэлхий даяарх урвалт, ёс бус явдал газар авч байгаа үед Их Эзэний сэрэмжлүүлэг зайлшгүй чухал байна. Их Эзэний бошиглогчдын үгсийг сонсдоггүй хүмүүс зөв шударга хүмүүсээс тусгаарлагдах бөгөөд сайн мэдээний ёслол, гэрээнүүдээр дамжин ирдэг адислалуудыг алдах болно.

  1. Сургаал ба Гэрээ 1:15-16-г унш. Их Эзэний эцсийн өдрүүдэд ирэх ёс бус явдал, урвалтыг дүрслэн хэлсэн үг хэллэгүүдийг судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич. Дараа нь дараах асуултад хариул. Энэ үед хүмүүс ямар арга замаар “өөрийн замаар замнадаг, өөрийнхөө бурхны дүр төрхийг дуурайдаг” вэ?

Сургаал ба Гэрээ 1:17–33

Сайн мэдээ нь ирж буй сүйрлийн өмнө бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн

Дэлхийн эцсийн өдрүүд дэх ёс бус явдал, урвалт, устгалын үр дүнг дурдсан Сургаал ба Гэрээ 1:17-д хэрэглэсэн Их Эзэний үгийг олж тогтоо.

Сургаал ба Гэрээ 1:17–33-т эцсийн өдрүүдэд ирэх сүйрлийн үеэр бидэнд туслах Их Эзэний шийдлийг өгсөн байдаг. Дараах хүснэгтийг бөглөхдөө зүүн талын баганан дахь судрын эшлэлүүдийг уншин, эцсийн өдрүүд дэх сүйрлийн үеэр бидэнд туслах Их Эзэний тэрхүү шийдлүүдийг олж тогтоо. Судрын хэсгүүдээс олж мэдсэн зүйлүүдээ голын багананд дүрслэн бичих юм уу зургийг нь зур. Та эдгээр дүрслэлээ судрын тэмдэглэл дээрээ зурж болох юм. Баруун гар талын багананд эцсийн өдрүүд дэх сүйрлийн үеэр Их Эзэний шийдэл бидэнд хэрхэн туслах талаар товч тайлбарыг бичиж болно.

Судрын эшлэл

Их Эзэн дэлхийд ирэх сүйрэлд ямар шийдэл өгсөн бэ?

Энэ арга зам нь хожмын өдрүүдэд сүйрэлтэй нүүр тулахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

С ба Г 1:17

С ба Г 1:18–23

С ба Г 1:29

С ба Г 1:30

Сургаал ба Гэрээ 1:30 дахь Их Эзэний тунхаглалыг тунгаан бодоход тань туслахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм юм гэсэн үнэнийг тодруулан энэ шүлгэн дэх үгсийг тэмдэглэнэ үү.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Та өмнөх хичээлээр судалсан Их урвалтын тухай хичээлээс сурсан зүйлээ эргэж санан, яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм болохыг хэн нэгэнд тайлбарлаж өг.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “амьд” сүмийн нэг хэсэг байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар тайлбарласан. Тэрээр: “Энэ сэргээгдсэн Сүм Аврагчийн Сүм учраас үнэн сүм юм. Аврагч бол ‘зам, үнэн, амь’ (Иохан 14:6). Ариун Сүнсний ажлууд ба бэлгүүдийн учир энэ нь амьд сүм юм. Санваар дэлхий дээр байгаа, Ариун Сүнсийг хүлээн авах боломжтой энэ цаг үед амьдрах учиртай бид үнэхээр их адислагдсан хүмүүс юм” (“Ариун Сүнсийг хүлээн авах нь,” Ensign, 2010 оны 11-р сар, 97 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102) гэжээ.

Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Их Эзэн Өөрийн Сүмийг илчлэлтээр үргэлжлүүлэн удирддаг билээ. Ийнхүү үргэлжлэн ирсээр буй илчлэлт нь Сүм хэрхэн амьд буйн жишээ юм.

  1. Дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүмд харьяалагддагаа мэдэх нь таны хувьд чухал вэ?

    2. Сургаал ба Гэрээ 1:30-д Их Эзэн Сүмийг Өөрийн таалалд нийцэж байгааг “хувь хүмүүст биш, харин нийтэд нь” хандан хэлж байна гэсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 1:31–33-т Их Эзэний гэм нүгэл, наманчлалын тухай хэлсэн зүйлийг хайж олоод, дараах хүснэгтийн зохих асуулттай тохируулж тавь. Тухайлбал:

  1. Яагаад Их Эзэн нүглийг хүлээн зөвшөөрдөггүй вэ?

  1. Гэрэл болон Түүний Сүнс авагдах болно

  1. Та хэрхэн өршөөгдөх вэ?

  1. Өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар

  1. Наманчилдаггүй хүмүүст юу тохиолддог вэ?

  1. Наманчилж зарлигуудыг сахь

Сургаал ба Гэрээ 1:34–39

Их Эзэн биднийг Өөрийнх нь өгсөн илчлэлт, зарлигуудыг судлахад урьдаг.

Сургаал ба Гэрээ 1:34–36-г уншаад, бүх хүнд Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг сануулсан Их Эзэний сэрэмжлүүлгийг анхаар. Сургаал ба Гэрээ 1:37-39-ийг уншаад, Сургаал ба Гэрээний оршил хэсгийн дүгнэлт дээр Их Эзэний онцолсон үнэнийг олж тогтоо. (Сургаал ба Гэрээ 1:37–38 нь төгс эзэмших судар юм.)

Хэрэв та тэднийг уншиж амжаагүй байгаа бол дараах үнэнүүдийг зааж буй үг хэллэгүүдийг тэмдэглэж болно. Тухайлбал: Бид Их Эзэний өгсөн зарлигуудыг судлах хэрэгтэй. Их Эзэний үгс бүгд биелэгдэх болно. Их Эзэн Өөрөө эсвэл Түүний үйлчлэгчдийн хэн нь ч хэлсэн бай Түүний үгс үнэн бөлгөө.

  1. Өнөөдрийн сурсан зүйл дээрээ үндэслэн, хэрэв та Сургаал ба Гэрээнд өгөгдсөн Их Эзэний зарлиг, илчлэлтүүдийг судалбал хэрхэн адислагдаж болох вэ? Бодол санаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Энэ хичээлийн жилд Сургаал ба Гэрээг өдөр бүр судлах зорилгоо судрын тэмдэглэл дээрээ бич. Өөрийнхөө зорилгын нэгэн хэсэг болгон өдөр болгон та хэзээ, хаана, хэр зэрэг хугацаагаар буюу хэчнээн хуудас судлахаа бодож үз.

Зураг
төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 1:37–38

Сургаал ба Гэрээ 1:37-г чээжлэхэд тань туслахын тулд, үг бүрийн эхний үсгийг жижиг цаасан дээр бич. Сургаал ба Гэрээ 1:37-г (хэрэв хэрэгтэй бол судраас харан) зөвхөн эхний үсгийг нь хараад бүтнээр нь чээжээр хэлдэг болтлоо давт. Дараа нь хэдэн үсгийг нь арилгах буюу хааж байгаад дахин уншиж үз. Бүх үсгийг арилгаж дуустал энэ үйлдлийг давтсанаар та шүлгийг бүтнээр нь чээжээр уншиж болно. Энэ үйл явцыг Сургаал ба Гэрээ 1:38 дээр давтаж хий.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 1-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: