Семинар
18-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 84:43–120


18-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 84:43–120

Оршил

1832 оны 9-р сарын 22, 23-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Тэрхүү илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдэд Бурханы үгсэд анхаарал тавих нь чухал гэдгийг заасан бөгөөд Мормоны Ном болон өмнө өгч байсан зарлигуудад хөнгөн хуумгай хандаж байгаагийнх нь төлөө тэднийг буруушаасан. Түүнчлэн Тэрээр төлөөлөгчдөдөө болон бусад санваартанд өгсөн дэлхий даяар сайн мэдээг номлох зарлигаа онцолсон бөгөөд энэ ажлыг хэрхэн хийх ёстойг тайлбарлажээ.

Сургаал ба Гэрээ 84:43–61

Их Эзэн Бурханы үгсэд анхаарал тавихын ач холбогдлыг заав

Судруудыг өдөр бүр судлахын тулд гаргадаг хичээл зүтгэлийнхээ талаар бодож үз. Та энэ зорилгоо хэр сайн биелүүлж байна вэ?

  1. Өдөр бүр судраас суралцах дадал хэвшилтэй болох заримдаа хэцүү байдаг. Судрын тэмдэглэл дээрээ өдөр бүр судар судлах үед тулгардаг саад бэрхшээлээсээ жагсаан бич. Судар судлахад хэцүү байсан ч судраас суралцахыг сонгосон тохиолдлынхоо талаар бич. Та үүнийг хийснээр хэрхэн адислагдсан бэ?

Та Сургаал ба Гэрээ 84-ийг судалж байхдаа өдөр бүр судраас үргэлжлүүлэн судлахыг сүнслэгээр өдөөсөн үнэнүүдийг мэдэж авах болно. Сургаал ба Гэрээ 84:43–44-ийг уншаад, Их Эзэний үгийг судлан, амьдралдаа хэрэгжүүлэхийн ач холбогдлыг заасан үг, хэллэгүүдийг олж тогтоо. Та олж тогтоосон үгсээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 84:45–46-г судал. Эдгээр шүлэг хэрэв бид Бурханы үгсэд анхаарлаа хичээнгүйлэн хандуулбал Христийн Сүнсээр дамжуулан гэгээрэх болно гэдгийг ойлгоход тусална.

45-р шүлэг дэх “Есүс Христийн Сүнс” гэсэн хэллэгийг анхаар. Ижил утгатай өөр нэг хэллэг бол “Христийн гэрэл” юм. Христийн гэрэл нь “бүх хүмүүний амьдралд сайн нөлөөлөл үзүүлдэг. … Христийн гэрлийг судруудад заримдаа Их Эзэний Сүнс, Бурханы Сүнс, Христийн Сүнс эсвэл Амьдралын гэрэл хэмээн нэрлэх нь бий.

“Христийн гэрлийг Ариун Сүнстэй андуурах ёсгүй. Энэ нь Ариун Сүнстэй адил хүмүүн биет биш юм. Энэ нь хүмүүсийг жинхэнэ сайн мэдээг олж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад нь хөтөлдөг нөлөөлөл юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он], 217).

Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Христийн гэрэл хүн бүрийн дотор байдаг бөгөөд “уг сайн муугийн мэдлэг болох дотоод гэрэл нь Христийн гэрэл, ёс суртахууны ухамсар эсвэл дотоод ухамсар гэж нэрлэгдэхээс үл хамааран хэрэв бид үүнийг хязгаарлаж, хориглохгүй л бол биднийг өөрсдийн үйлдлийг хянаж, тэвчээртэй байхад маань удирдах болно” гэж заасан (“The Light of Christ,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 4-р сар, 8–9).

Сургаал ба Гэрээ 84:47-г уншаад, олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн, дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв Сүнсийг анхааран сонсвол бид .

Сургаал ба Гэрээ 84:48-ыг уншиж байхдаа биднийг Эцэгт очиход Тэрээр юу хийхийг анхаар.

Хувь хүмүүс баптисмын гэрээнд орсныхоо дараа Христийн гэрлээс гадна Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах боломжтой. Тэд Ариун Сүнсний бэлгээр дамжуулан нэмэлт гэрлийг хүлээн авч, Эцэгийн оршихуйд мөнх амьдралыг хүлээн авахаар эргэж ирэхэд хөтлөгдөх боломжтой болдог.

Түнэр харанхуйд алхах гэж оролдож байсан үеийнхээ тухай бод. Хав харанхуйд алхах, гэрэлтэйд алхах хоёр нь хоорондоо ямар ялгаатай вэ? Судруудад харанхуйг сүнслэг байдлын бэлгэ тэмдэг болгон олонтоо хэрэглэсэн байдаг. Сургаал ба Гэрээ 84:49–53-ыг уншаад, Их Эзэн хэнийг харанхуйд байгаа хэмээн мөн тэд яагаад тухайн нөхцөлд байгаа хэмээн хэлснийг олж тогтоо.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Нүглийн боолчлолд байх нь харанхуйд байхтай хэрхэн адилхан бэ?

Түүний дуу хоолойг хүлээн авч, нүглийн боолчлолоос зайлсхийхийн тулд та юуг илүү сайн хийх хэрэгтэй гэж бодож байгаагаа тунгаан бод.

Их Эзэн дэлхийг харанхуйд байгаа хэмээн хэлэхээс гадна, Сүмийн гишүүдийн оюун харанхуйлагдсан хэмээжээ. Сургаал ба Гэрээ 84:54–56-г уншаад, тэдний оюун харанхуйлагдсан хоёр шалтгааныг олж мэд.

Ямар нэг зүйлд хөнгөмсөг хандах гэсэн нь тухайн зүйлд үл ойшоон эсвэл хүндэтгэлгүй буюу болгоомжгүй хандах гэсэн утгатай. Ариун нандин зүйлд хөнгөмсөг хандах нь хэрхэн хүний оюуныг харанхуйлдаг вэ? Сургаал ба Гэрээ 84:54 дэх “та нар өөрсдийнхөө хүлээн авсан зүйлүүдэд хөнгөмсгөөр хандсан” гэсэн нь Мормоны Номд бичигдсэн зүйлсийн мөн өмнө өгөгдсөн зарлигуудын дагуу амьдраагүй гэгээнтнүүдийг онцгойлон хэлж байгаа болно.

Сургаал ба Гэрээ 84:57–58-ыг уншаад, гэгээнтнүүд юунд хөнгөмсөг хандсаныг болон тэд цээрлүүлэлт, шүүлтээс зайлсхийхийн тулд юу хийх хэрэгтэй болохыг олж мэд. (Эдгээр шүлэг дэх цээрлүүлэлт гэсэн үг нь Бурханаас ирэх шийтгэл эсвэл шүүлт гэсэн утгатай.)

Гэгээнтнүүд Мормоны Номоос гадна Их Эзэний “урьдын зарлигуудад” хайхрамжгүй хандсан гэдгийг анхаар. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс: “Эдгээр урьдын зарлигууд нь Библид (Хуучин болон Шинэ Гэрээ) болон гэгээнтнүүдэд аль хэдийн өгөгдсөн энэ цаг үеийн илчлэлтүүдэд агуулагдсан Их Эзэний зарлигууд байсан нь гарцаагүй” гэж хэлсэн (History of the Church,1:318, 320-ийг үзнэ үү)” (“Another Testament of Jesus Christ,”Ensign,1994 оны 3-р сар, 63)

Бид Сургаал ба Гэрээ 84:57–58-аас дараах зарчмыг мэдэж авдаг. Хэрэв бид Бурханы үгсэд хөнгөмсөг хандвал бидний оюун харанхуйлагдаж, буруушаагдах болно.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах мэдэгдлийг унш.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бидний [Мормоны Номд] хандах хандлага мөнхийн үр дагавартай юу? Тийм ээ, энэ нь нэг бол бидэнд адислал болж, үгүй бол буруушаалт болно.

Хожмын үеийн гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр бүхий л амьдралынх нь туршид сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг өгч чадах зүйлсэд хайхрамжгүй хандаж, бодгалиа аюулд оруулах болно. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьсан хэвээр байгаа хөрвөгч мөн үүнийг хийдэггүй хүн хоёр хоорондоо ялгаатай” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1975 оны 5-р сар, 65; мөн “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 5-ыг үзнэ үү).

Эхэн үеийн гэгээнтнүүд Мормоны Номд хөнгөмсгөөр хандсаныхаа төлөө зэмлүүлж байсан бол бид ч мөн адил байснаар тэднээс багагүй буруушаагдах бус уу? …

…Их Эзэнээс бидэнд өгсөн энэхүү гайхамшигтай, агуу бэлэгт хөнгөмсгөөр хандсанаар зүхлийг гай гамшиг, шүүлттэй нь хамт өөрсөд дээрээ дуудахгүй байцгаая. Харин Мормоны Номыг зүрх сэтгэлдээ нандигнаснаар ирэх амлалтыг авцгаая” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 7).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та Мормоны Номд ханддаг хандлагаа хэрхэн дүрслэх вэ?

    2. Та уг номыг насан туршдаа судлахын тулд юу хийж болох вэ?

    3. Та судруудыг илүү хянуур судлан, тэдгээрээс мэдэж авсан үнэнүүдийнхээ дагуу амьдрахын тулд юу хийх вэ?

Сургаал ба Гэрээ 84:62–120

Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст заавар өгөв

Дэлхий дээр амьдардаг хэдэн тэрбум хүний тухай бодож үз. Хүн бүрд сайн мэдээнээс суралцах боломж олгох хэрэгтэй. Гэхдээ бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглах үүрэг хүлээсэн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн чуулгынхан хүн бүрд заах боломжгүй.

Сургаал ба Гэрээ 84:62-ыг уншаад, сайн мэдээг номлох үүрэг хүлээсэн хүмүүст өгсөн Их Эзэний удирдамжийг олж тогтоо.

Сүмийн удирдагчид газар бүрд очиж, сайн мэдээг номлох боломжгүй учраас бусдад туслах хүмүүсийг тэдэн рүү илгээдэг гэдгийг анхаар. Сургаал ба Гэрээ 84:62 бидэнд хожмын үеийн бүх гэгээнтэн даян дэлхийд сайн мэдээг аваачих үүрэг хүлээдэг гэдгийг ойлгоход тусалдаг.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийнхүү хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Судрууд ‘Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой ’хэмээн Сүмийн бүх гишүүн номлолын ажил хийх үүрэгтэй хэмээн тов тодорхой мэдэгдсэн байх нь олонтоо. (C ба Г 88:81.)

Түүнчлэн номлолын үйлчлэл нь бүх гишүүний үүрэг хариуцлага гэсэн ойлголтыг энэ эрин үеийн бошиглогчид маш тодорхой заасан байдаг. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй ‘Гишүүн бүр номлогч!’ хэмээн уриалан уг зарчмыг заасан байдаг” (Conference Report, 1959 оны 4-р сар, 122.)” (“It Becometh Every Man,” Ensign, 1977 оны 10-р сар, 3).

Сургаал ба Гэрээ 84:64–75-ыг уншаад, сайн мэдээг бүх дэлхийд номлох нь яагаад чухал байгааг тунгаан бод.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Сургаал ба Гэрээ 84:64–75-аас уншсан зүйл дээрээ үндэслээд, та Есүс Христийн сайн мэдээг бусдад заахын ач холбогдлыг хэрхэн дүгнэж хэлэх вэ? Дараа нь дараах мэдэгдлийг гүйцээж бич. Би …-аар сайн мэдээ хуваалцах үүргээ биелүүлэх болно.

Дараах жагсаалтаас таныг Их Эзэний бүрэн цагийн номлогч болох хүсэлгүй болгодог айдсынхаа доогуур зур. Тухайлбал: Гэр орон, гэр бүл, найз нөхдөө орхиж явах болон сургуульд сурах, ажил хийх боломжоо алдах мөн номлолын мөнгө төлөх боломжгүй байх, сайн мэдээний талаар бусадтай ярих, шинэ хэл сурах зэргээс айх гэх мэт.

Их Эзэн Өөрт нь номлогчоор үйлчлэх дургүй эсвэл ямар нэгэн байдлаар эмээдэг хүмүүсийг тайтгаруулсан. Сургаал ба Гэрээ 84:80, 85, 87–88-ыг уншаад, номлолын үйлчлэлийн үүрэг хариуцлага ба адислалуудыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ ашиглан дараах хүснэгтийг бөглө.

Номлолын үйлчлэлийн үүрэг

Номлолын үйлчлэлийн адислал

Таны судалсан шүлгүүд сайн мэдээг хуваалцаж байхад Их Эзэнийг бидэнтэй хамт байж, биднийг хамгаалан, хүчирхэгжүүлнэ гэдгийг нотолдог.

  1. Судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 84:80, 85, 88-д цэдэглэгдсэн адислалууд таны сайн мэдээг хуваалцах хүсэл эрмэлзэл, чадавхад хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлаж бич.

Сургаал ба Гэрээ 84:89–97-д Их Эзэн Өөрийнх нь номлогчдыг хүлээн авдаг хэн ч гэсэн Өөрийг нь хүлээн авдаг бөгөөд адислагдах болно гэдгийг баталсан. Түүнчлэн Тэрээр Өөрийнх нь үйлчлэгчдийг болон үгийг нь эсэргүүцэгч хүмүүсийг адислалаа алдаж, хараагдах болно хэмээн заасан.

Сургаал ба Гэрээ 84:98–102-ыг унш. Эдгээр шүлэг Сионы гэтэлгэлтэй хамт ирэх баяр баясал болон магтаал бүхий дууны үгийг агуулдаг. Сионы гэтэлгэл гэдэг нь Бурханы гэрээт хүмүүс Түүн рүү очих сонголт хийн, сайн мэдээний бүх ёслол, адислалыг хүлээн авсан үед хүлээн авах тэр нөхцөлийг хэлж байгаа юм.

Зураг
Номлогчид нэгэн залуу эрэгтэйтэй хамт

Яагаад Их Эзэн номлогчдыг хамтрагч болгон үйлчлүүлэхээр дууддаг гэж та бодож байна вэ?

Нэг ба түүнээс дээш хүнтэй хамт үйлчилдэг Сүмийн зарим дуудлагын талаар бод. Сургаал ба Гэрээ 84:106, 109–110-ыг уншаад, Их Эзэн Сүмийн гишүүдэд бие биенээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хий хэмээн зааварласныг олж тогтоо.

Сургаал ба Гэрээ 84:106 Сүнсэнд хүчтэй хүмүүс сул дорой нэгнийгээ сэнхрүүлэх ёстой хэмээн заасан.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та хэзээ Сүнсэнд хүчтэй хүнтэй хамт ажилласнаар урам зориг авч байсан бэ?

    2. Бусдыг урамшуулж, хүчирхэгжүүлэх арга зам эрэлхийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 84:43–120-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: