Семинар
11-р бүлэг: Сургаал ба Гэрээ 45:1–15


11-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 45:1–15

Оршил

Огайогийн Көртландад Сүм өсөн хөгжихийн зэрэгцээ Сүмийн талаар хуурамч мэдүүлэг, эсэргүүцэл ч мөн адил ихэсчээ. Сургаал ба Гэрээ 45 дахь илчлэлт 1831 оны 3-р сард өгөгдсөн ба орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байсан гэгээнтнүүдэд сэтгэлийн дэм өгсөн. Та Сургаал ба Гэрээ 45-ыг хоёр хичээлд хуваан судлах болно. Энэхүү илчлэлтийн эхний хэсэгт, Есүс Христ Бурханы Хүүгийн хувьд үүрсэн Өөрийн үүрэг хариуцлагын талаар гэрчилсэн. Түүнчлэн Тэрээр Енохын хотын талаар ярьсан.

Сургаал ба Гэрээ 45:1–5

Есүс Христ Бурханы Хүүгийн хувьд үүрэх Өөрийн үүргийн талаар гэрчлэв

Та бэрхшээл, хүнд асуудалтай тулгарах үедээ хэнд хандан зөвлөгөө авдаг вэ? Тэр хүнд сэтгэлээ хуваалцах, зөвлөгөөг нь сонсох итгэл төрүүлэхүйц ямар шинж чанар байдаг вэ?

Бидний төлөө чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг, зөвлөгөө авахаар ирж байгаа сэдвээр амжилт гаргаж байсан хүний үгийг бид илүү их сонсох хандлагатай байдаг. Сургаал ба Гэрээ 45-д цэдэглэгдсэн илчлэлт нь хожмын үеийн гэгээнтнүүд болон бусад хүн Сүмийн талаар зөрчилтэй мэдээлэл сонсож, уншиж байсан тэр үед өгөгджээ. Сургаал ба Гэрээ 45 дахь хэсгийн оршлыг уншаад, Их Эзэн энэ илчлэлтийг өгөх үед гэгээнтнүүд ямар нөхцөл байдалд байсныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 45:1 дэх анхааран сонсох гэсэн үгийг олж хар. Та энэ үгийг тэмдэглэж болно. Хэн нэгнийг анхааран сонсох гэдэг нь чих тавин сонсохоос гадна сонсож мөн дагахыг хэлдэг. Бид Их Эзэнийг үнэхээр анхааран сонсох юм бол Түүний зөвлөгөө, зарлигуудыг дагана. Энэхүү илчлэлтийн эхэнд, Их Эзэн Өөрийн зарим үүрэг болон бидэнд туслахын тулд гаргасан хичээл зүтгэлийн талаар тунхагласан. Бид эдгээр тунхаглалыг уншиж байхдаа Түүний үгсийг анхааран сонсох шалтгаануудыг олж чадна. Өнөөдрийн хичээл дээр судлах шүлгүүдээс анхааран сонсох болон сонсох гэдэг үгсэд анхаарлаа хандуул.

Сургаал ба Гэрээ 45:1-ийг уншаад, Есүс Христ Өөрийн талаар юу гэж хэлснийг олж мэд. Та мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

Бидний илгээгдсэн энэ дэлхийн Бүтээгч хэмээн Есүс Христийг хүлээн зөвшөөрөх нь бидэнд Түүний хэлэх үгсийг анхааралтай сонсоход хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 45:2–3-ыг уншаад, Аврагчийг чих тавин сонсох өөр шалтгаануудыг олж тогтоо. 2-р шүлэгт яаравчлуулсан байгааг анхаар. Аврагчийн хэлсэн зүйлийг хийх цаг хугацаа бидэнд байгаа үед бид Түүнийг сонсох хэрэгтэй.

Сургаал ба Гэрээ 45:3 дээр Есүс Христ Тэнгэр дэх Эцэгийн маань өмнө бидний өмгөөлөгч болно гэдгийг бидэнд заадаг. Сургаал ба Гэрээ 45:3 дээрх болох гэсэн үгийг анхаар. Та “Есүс Христ бидний өмгөөлөгч байх болно” мөн “Есүс Христ бол бидний өмгөөлөгч юм” гэсэн хоёр хэллэг хоорондоо ялгаатай гэдгийг ойлгож байна уу? Аврагч Эцсийн шүүлтээр биднийг өмгөөлөхийн зэрэгцээ өдөр бүр биднийг Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, наманчлан, Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг эрэлхийлэх үед ч мөн адил бидний Өмгөөлөгч болон зогсож байдаг. Өдөр тутмын амьдралдаа Есүс Христийг өөрийн Өмгөөлөгч байлгах ямар шаардлагууд танд байгааг тунгаан бод.

Өмгөөлөгч гэдэг үгийг мөн өмгөөлөгч нь гэм буруутай хүнтэй ямар харилцаатай байдаг талаар ойлгоход туслахын тулд дараах дасгалыг хий. Зүүн талд байгаа хүмүүсийн үүргийг баруун талд байх зөв утгатай үгтэй нь тохируулан зураас тат.

Шүүгдэгч

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ийнхүү нэрлэнэ.

Шүүгч

Хэн нэгний үйлдсэн гэмт хэргийн учир шалтгааныг тогтоох хүнийг ийнхүү нэрлэнэ.

Өмгөөлөгч

Баримтуудыг сонсож, үр дагаврыг хуулийн дагуу шийдэхэд тусалдаг хүнийг ийнхүү нэрлэнэ.

Та хууль зөрчсөн гэм буруутай бөгөөд таныг шүүгчийн өмнө авчирсан байна гэж төсөөлөн бод. Танд ямар санагдах байсан бэ? Хамгаалах өмгөөлөгчтэй байгаадаа та яагаад баярлах байсан бэ?

  1. Сургаал ба Гэрээ 45:4–5-ыг уншаад, Есүс Христ бидний Өмгөөлөгчийн үүргээ хэрхэн биелүүлж, бидний авралын төлөө гуйдаг болохыг олж мэд. Тэгээд судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Есүс Христ бидний Өмгөөлөгч байх эрхтэй вэ?

    2. Аврагч Тэнгэрлэг Эцэгээс юуг бодож үзнэ үү хэмээн хүссэн бэ?

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бидний одоогийн нөхцөл байдалд болон Эцсийн шүүлтэд Аврагч ямар үүрэг гүйцэтгэдэг талаар гэрчилсэн. Тэрээр: “Би ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд орсон байсан гэлээ залбирлаар дамжуулан алдар суугийн сэнтийд хүрэн, ямар ч нүгэл үйлдээгүй хэрнээ цусаа урсгасан Өмгөөлөгч минь миний өмнөөс гуйхад Тэнгэрлэг Эцэг гуйлтыг минь сонсоно гэдэг нь миний хувьд маш чухал зүйл бөгөөд үүнд би ихэд талархдаг. (С ба Г 45:3–5-ыг үзнэ үү.) Бурханы бүх хүүхдэдээ өгдөг тэрхүү боломжинд би ихэд тулгуурладаг. Учир нь Тэрээр үнэхээр нүүр тал хардаггүй бөгөөд асуудаг тэр нь хүлээн авдаг” хэмээн хэлжээ (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, 1993 оны 5-р сар, 83).

Шүүхэд иргэний хуулийг төлөөлж байгаа өмгөөлөгчөөс Есүс Христийн биднийг өмгөөлөх арга зам өөр байдаг. Учир нь Тэрээр нүглийн төлөөсийг аль хэдийн төлсөн билээ.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Есүс Христ таны Өмгөөлөгч байж мөн таныг өмгөөлөхийн зэрэгцээ нүглийн тань шийтгэлийн төлөөсийг төлсөн талаар та ямар бодолтой байдаг вэ?

    2. Аврагч Өөрт нь илүү ойртон, Өөрийг нь Өмгөөлөгчөөрөө хүлээн авахын тулд танаас юу хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 45:6–10

Аврагч бүх хүнийг Өөрийнхөө мөнхийн гэрээнд ирэхийг урив

Сургаал ба Гэрээ 45:6–10-ыг уншаад, Өөрийг нь анхааран сонс хэмээн бидэнд өгсөн Аврагчийн шалтгаануудыг олж мэд.

9–10-р шүлэгт Их Эзэний хэлсэн мөнхийн гэрээ нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдал юм. Энэ нь Бурханы гэрээ бөгөөд сайн мэдээний эрин үе болгонд хүмүүс үүнийг хүлээн авч мөн баяр баяслыг эдэлж байсан гэдэг утгаараа үүрдийнх юм” (Судруудын удирдамж, “Шинэ ба үүрдийн гэрээ,” scriptures.lds.org).

Сургаал ба Гэрээ 45:9-д Есүс Христ “дэлхийд гэрэл байхын төлөө мөн миний хүмүүсийн хувьд жишиг байхын тулд, … мөн [Түүний] өмнө замыг бэлтгэхэд [Түүний] нүүрний өмнө элч байхын тулд” Өөрийн мөнхийн гэрээг илгээсэн хэмээн бичсэнийг анхаар.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Таны бодлоор мөнхийн гэрээнд “ирэх” гэдэг нь ямар утгатай үг вэ (С ба Г 45:10)?

    2. Сайн мэдээ бусдад ямар арга замаар гэрэл мөн жишиг болж байхыг та харж байсан бэ?

    3. Мөнхийн гэрээ буюу Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдал нь ямар арга замаар Их Эзэний ирэх замыг бэлдэхэд тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 45:11–15

Аврагч Енох болон түүний хүмүүсийн талаар ярив

Сургаал ба Гэрээ 45:11-ийг уншаад, Их Эзэн Өөрийнх нь дуу хоолойг анхааран сонсдог хүмүүстэй юу хуваалцахыг олж мэд.

Зураг
Сион хот хувиргагдав

Их Эзэн зарим хүн Өөрийг нь “Енохын Бурхан” гэж нэрлэдэг хэмээн хэлсэн (С ба Г 45:11). Енох бол Ноа болон Үерийн үеэс өмнө амьдарч байсан агуу бошиглогч юм. Енохын өдрүүдэд дэлхий нүгэл хилэнцэд автсан байсан бөгөөд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үед ч бас тийм байх болно. Гэхдээ Енох Сион хэмээх хотын шударга хүмүүсийн нийгмийг удирддаг байжээ. Сионы оршин суугчид яваандаа “дэлхийгээс тусгаарлагдаж” өөрөөр хэлбэл зөв шударга байсан учраас тэнгэрт өргөгдсөн (С ба Г 45:12; Мосе 7:69-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 45:12-ыг уншаад, Сион хэмээх хотыг ямар зорилгоор хадгалсныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 45:12–14 нь Их Эзэн Сион хотын хүмүүсийг Өөртөө хүлээн авч мөн “зөв шударгын тэрхүү өдөр ирэх хүртэл” хадгалах болно гэдгийг бидэнд заадаг. Тэр үед Енох болон түүний хүмүүс дэлхий дээр буцан ирж, Сион хэмээн нэрлэгдэх Шинэ Иерусалимд Их Эзэний хүмүүстэй уулзах болно (Мосе 7:62–64-ийг үзнэ үү). Бүх бошиглогч тэр өдрийг хүлээсээр ирсэн. Дэлхий дээрх хүмүүсийн нүгэл хилэнцээс болж энэ өдөр хараахан ирээгүй байгаа ч үүнийг хараа тавин хүлээх ариун хүмүүс хэзээ нэгэн цагт энэ өдрийг үзэх болно.

  1. Сургаал ба Гэрээ 45:15-ыг унш. Тэгээд Сургаал ба Гэрээ 45:1–14-ийг эргэж хараад, Аврагчийн дуу хоолойг анхааран сонсох хүслийг танд төрүүлэхэд туслах аль нэгэн үүрэг болон шинж чанарын талаар тунгаан бод. Яагаад уг үүрэг, шинж чанар Аврагчийн дуу хоолойг анхааран сонсох хүсэлтэй болоход танд тусалдаг талаар судрын тэмдэглэл дээрээ тайлбарлан бич.

Сургаал ба Гэрээ 45-ын эхний шүлгүүдээс бидний мэдэж авах нэг зарчим бол Аврагчийн тухай мөн Түүний бидний төлөө хийсэн зүйлийн талаар мэдэх нь дуу хоолойг нь анхааран сонсох бидний хүслийг нэмэгдүүлдэг хэмээх зарчим юм. Сургаал ба Гэрээ 45-ын үлдсэн шүлгүүд маш чухал учраас Их Эзэн Өөрийгөө танилцуулж, гэгээнтнүүдийг дуу хоолойг нь анхааран сонс хэмээн урьдаг.

Сургаал ба Гэрээ 45:15–16-г уншаад, Их Эзэн юуны талаар ярьж мөн бошиглоно хэмээн хэлснийг олж мэд. Дараагийн хичээл дээр Сургаал ба Гэрээ 45-ын үлдсэн шүлгүүдийг судлахдаа та Их Эзэний үгсийг анхааран сонсоход өөрийгөө хэрхэн бэлтгэж чадах вэ?

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 45:1–15-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: