Семинар
15-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 68


15-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 68

Оршил

1831 оны 11-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит Огайогийн Хайрамд болсон тусгай чуулганд ирсэн хэсэг ахлагчтай уулзжээ. Тэд бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийн цуглуулга болох Зарлигуудын номыг хэвлүүлэх тухай ярилцав. Чуулганд оролцож байсан дөрвөн ахлагч тэдний талаарх Их Эзэний тааллыг асуухыг Иосеф Смитээс хүсжээ. Энэ хүсэлтийн хариу болгон бошиглогч эдүгээ Сургаал ба Гэрээ 68-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтэд сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст өгсөн зөвлөгөө, бишопуудыг дуудах зааварчилгаа, мөн эцэг эхчүүдийг хүүхдүүддээ сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг заа хэмээх зарлиг багтдаг.

Сургаал ба Гэрээ 68:1–12

Аврагч сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст зөвлөгөө өгөв

Зураг
Номлогч эгч нар

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Бүрэн цагийн номлолд үйлчлэх гэж байгаа хүн юунд санаа зовж байж болох вэ?

  • Заримдаа хүмүүс гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцахаас айдаг ямар ямар шалтгаан байж болох вэ?

1831 оны 11-р сарын 1-ний чуулганы үеэр номлолд үйлчлэх гэж байсан дөрвөн ахлагч бошиглогч Иосеф Смит дээр ирж, тэдний талаарх Их Эзэний тааллыг олж мэдэхийг хүссэн байна. Хариуд нь Их Эзэн сайн мэдээг номлох загварыг илчилжээ.

Сургаал ба Гэрээ 68:1–5-ыг уншаад, сайн мэдээг номлох загварыг олж мэд. Олсон зүйлсээ тэмдэглэж болно. (Та 2 ба 3-р шүлэгт үлгэр жишээ гэсэн үг байгааг олж хар. Үлгэр жишээ гэдэг нь загвар буюу жишиг юм.)

Дараахын аль нь 1-р шүлэг дээрх сайн мэдээг номлох загварын хэсэг биш вэ?

  • Үүрдийн хайрын дууг дуулах

  • Сайн мэдээг Сүнсээр тунхаглах

  • Зааж буй хүмүүстэйгээ хэлэлцэх

  • Судруудыг ухуулах

Сургаал ба Гэрээ 68:6-г уншаад, Их Эзэний үйлчлэгчдэдээ өгсөн өөр урамшууллын үгийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 68:6-аас номлогчдыг тайтгаруулах ямар зарчмыг олж харж байна вэ?

    2. Их Эзэн итгэлтэй номлогчдынхоо дэргэд зогсдог гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?

    3. Энэ амлалт сайн мэдээг хуваалцахад гаргаж буй таны одоогийн хичээл зүтгэлд хэрхэн туслах вэ?

Та судартаа Сургаал ба Гэрээ 68:4-ийн хажууд дараах зарчмыг бичиж болно. Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр урагш хөтлөгдсөн үед тэдний үгс хүмүүсийг авралд хөтөлдөг.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард Ерөнхий чуулган дээр үг хэлж байна

Хэдийгээр сайн мэдээг номлохоор томилогдсон хүмүүс Их Эзэний хүслийг мэдэхэд бидэнд тусалж чадах ч, зөвхөн Сүмийн ерөнхийлөгч бүхэл Сүмийг төлөөлж Их Эзэний хүслийг хүлээн авч тунхаглах эрхтэй. Түүний удирдлага доор Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Бурханы хүслийг бидэнд тунхаглах эрхтэй. Тиймээс 4-р шүлэгт заасан зарчим Тэргүүн Зөвлөл эсвэл Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Ерөнхий чуулган дээр үг хэлэх бүрд хамаатай болно.

Сургаал ба Гэрээ 68:3–5-ыг дахин уншаад, Их Эзэний томилогдсон үйлчлэгчдэдээ өгсөн амлалтыг олж тогтоо. Дараа нь дараах хэллэгийг гүйцээ. Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр хөтлөгдөн ярих үед .

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Сайн мэдээг хуваалцаж байхдаа Ариун Сүнсний нөлөөг ямар арга замаар урьж болох вэ?

Сургаал ба Гэрээ 68:7–12-т Их Эзэн энэ дөрвөн ахлагчийг сайн мэдээг номлож, итгэсэн хүмүүст баптисм хүртээлгэхээр дуудсан гэдгийг бид уншдаг. Түүнчлэн бид тэдэнд болон тэдний үгэнд итгэсэн хүмүүст ирэх адислалуудын тухай уншиж болно.

Сургаал ба Гэрээ 68:13–24

Их Эзэн Бишопын албанд тавигддаг шаардлагуудыг илчлэв

Өөр шашин шүтлэгтэй найз тань “Бишоп тань хэрхэн сонгогддог вэ?” хэмээн асуусан гэж төсөөлөн бод. Та юу гэж хэлэх вэ?

Сургаал ба Гэрээ 68:14–15, 20-ийг уншаад, бишопуудыг хэрхэн сонгодгийг олж мэд.

“Аароны шууд удам” гэсэн хэллэг нь Хуучин Гэрээнд гардаг Мосегийн ах Аароны үр удмыг хэлж байгаа юм. Энэ үр удам хэрэв Тэргүүн Зөвлөлөөр дуудагдаж мөн батлагдсан бол Тэргүүлэх бишопын албыг хаших эрхтэй болно. Мосегийн өдрүүдэд зөвхөн Левийн овгийн үр удмынхан Левийн буюу Аароны санваарыг атгадаг байв. Санваар авахын тулд тухайн хүн энэ овгийн цусан төрлийн үр удам байх ёстой байлаа. Энэ санваарыг атгах эрх эцгээс хүүд шилждэг байжээ. Тэр үед эцэг нь санваар атгадаггүй байсан бол хүүд нь атгах боломж олддоггүй байв.

Дараах зарчмыг судар дээрээ бич. Бишопыг Тэргүүн Зөвлөл баталж мөн зохих эрх мэдлээр томилох ёстой.

Сүмийн эхэн үед Тэргүүн Зөвлөлийн гишүүд бүх бишопыг томилж, онцгойлон адисалдаг байв. Өнөөдөр Сүмд тэргүүлэх бишопыг л ийнхүү томилдог. Гэхдээ, бишопуудыг дуудаж, томилж мөн онцгойлон адислах ажлыг гадасны ерөнхийлөгчид Тэргүүн Зөвлөлийн удирдлагаар хийж гүйцэтгэдэг. Гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүдийнхээ дэмжлэг туслалцаатай шинэ бишопыг хэзээ дуудах мөн хэнийг дуудахыг мэдэхээр илчлэлт эрэлхийлдэг. Тэр саналаа Тэргүүн Зөвлөл рүү зөвшөөрөл авахаар илгээдэг. Тэргүүн Зөвлөл уг дуудлагыг баталснаар гадасны ерөнхийлөгчид шинэ бишопыг томилж, онцгойлон адислах эрх мэдлийг өгдөг.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Бишопын тань дуудлагыг Тэргүүн Зөвлөл баталсан гэдгийг мэдэх нь танд яагаад чухал вэ?

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 68-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахын өмнө Эдвард Партриж Сүм дэх цорын ганц бишоп байжээ. Өөр бишопуудыг дуудагдахад бишоп Партриж тэргүүлэх бишопоор үйлчлэх болсон юм. Өнөөдөр тэргүүлэх бишоп нь ерөнхий эрх мэдэлтэн бөгөөд Сүмийн материаллаг албыг бүхэлд нь хариуцдаг (С ба Г 107:68-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 68:25–35

Их Эзэн эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ заахыг зарлиглав

Та хэдхэн жилийн дараа гэрлэж, хүүхдүүдтэй болно гэж бодож байсан уу?

Хүүхдүүддээ заахыг хүсэж байгаа гурван зүйлээ жагсаан бич. Тухайлбал:

Зураг
Адам Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа нь

Сургаал ба Гэрээ 68:25–27-г уншаад, Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ заахыг зарлигласан сургаалуудыг олж тэмдэглэ. Хэрэв эдгээрийн зарим нь таны жагсаалтад байхгүй бол жагсаалтаа нэмж болно.

  1. Яагаад эцэг эхчүүд хүүхдүүддээ наманчлал, Христэд итгэх итгэл, баптисм болон Ариун Сүнсний бэлгийн тухай сургаалыг ойлгуулан заахыг зарлиг болгосон гэж бодож байгаагаа судрын тэмдэглэлдээ бич. Эцэг эх тань танд сайн мэдээг сурахад хэрхэн тусалсан бэ? Тэдэнд талархлын зурвас бичих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 68:28–31-т Их Эзэн Сионы эцэг эхчүүдээс гадна Сионы гэгээнтнүүдэд мөн адил нэмэлт зөвлөгөө өгсөн.

  1. Таныг эцэг юм уу эх болох бэлтгэлд туслах дараах үйл ажиллагаануудын хоёр юм уу түүнээс олныг хийж гүйцэтгэ. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 68:28-ыг уншаад, Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заахыг зарлиг болгосныг олж мэд.

      • Та нарын хувьд хүүхдүүддээ залбирахыг заах нь яагаад чухал гэж бодож байна вэ?

      • Танд залбирахыг хэрхэн заасан бэ?

      • Та болон таны гэр бүлийг залбирал хэрхэн адисалсан бэ?

      • Таны бодлоор “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад” залбирал бидэнд хэрхэн тусалдаг вэ?

    2. Сургаал ба Гэрээ 68:29-ийг уншаад, Их Эзэн Сионы оршин суугчдад (Сүмийн гишүүдэд) юу хий хэмээн зарлигласныг олж мэд.

      • Та эцэг эхээсээ эсвэл бусад хүмүүсээс Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар юу сурсан бэ?

      • Та гэр бүлийнхэндээ Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад нь туслахын тулд юу хийж болох вэ?

    3. Сургаал ба Гэрээ 68:30-ийг уншаад, Их Эзэн эцэг эхчүүд хийгээд хүүхдүүдэд юу хийхийг зарлигласныг олж мэд. (Залхуурагч гэдэг үг нь залхуу эсвэл үр бүтээлтэй үйл ажиллагаанд оролцдоггүй нэгнийг хэлнэ.)

      • Та хэзээ шаргуу хөдөлмөрөөс ирдэг адислалыг харж байсан бэ?

      Залхуурлын тухай дараах мэдээллийг унш. “Их Эзэн биднийг бүү залхуур хэмээн тушаасан. Залхуурал нь зохисгүй ааш авир, бүтэлгүй харилцаа болон гэм нүгэл рүү хөтөлдөг. Залхуурлын нэг шинж нь интернэт, видео тоглоом болон зурагт үзэх зэрэгт дэндүү их цаг заваа зарцуулж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх явдал юм” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 40).

      • Залхуурал хэрхэн ёс бус байдал руу удирдаж болох вэ?

      • Залхуурах хандлагаа ялан дийлэхэд хүнд ямар ямар зүйл тусалж болох вэ?

    4. Сургаал ба Гэрээ 68:31–32-ыг уншаад, Их Эзэн эцэг эхчүүд, хүүхдүүдийг юу хий хэмээн зарлигласныг олж мэд.

      • Шунал гэр бүлд хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

      • Та амин хувиа хичээх, шунахай сэтгэлийг ялан дийлэхийн тулд амьдралдаа юу хийж болох вэ?

  2. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад сайн эцэг эх байхад одооноос бэлтгэх нь чухал вэ?

    2. Та сайн эцэг эх болоход тань туслах ямар зорилгыг өөртөө тавьж болох вэ?

  3. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 68-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: