Ерөнхий чуулган
Бошиглолын биелэл
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бошиглолын биелэл

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтээр дамжин биелсэн бошиглол олон байдаг

Хайрт ах, эгч нар аа, Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг Ариун төгөлд ямар ч эргэлзээгүйгээр харсан Иосеф Смитийн Анхны үзэгдлийг тэмдэглэж буй энэхүү түүхэн Ерөнхий чуулган дээр үг хэлэх гэж байгаа маань нэр төрийн хэрэг билээ. Тэрхүү үзэгдэл бол сайн мэдээний Сэргээлтийн болон үүнтэй хамт сэргээгдсэн Мормоны Номоос эхлээд санваарын эрх мэдэл, түлхүүрүүд, Их Эзэний үнэн Сүмийн зохион байгуулалт, Бурханы ариун сүмүүд, энэ хожмын өдрүүдэд уг ажлыг удирдан залж буй бошиглогч, төлөөлөгчид хүртэлх бүх зүйлийн гайхамшигт эхлэл байсан юм.

Эрт үеийн Бурханы бошиглогчид тэнгэрлэг загвараар Ариун Сүнсний нөлөөнд автсан үедээ Сэргээлтийг болон эцсийн эрин үе, цаг хугацааны бүрэн байдал болох өнөө үед ирэх зүйлсийг бошиглосон. Тэрхүү ажил нь эрт үеийн үзмэрчдийн “бодгальд сүнслэгээр нөлөөлсөн.”1 Цаг хугацааны туршид тэд дэлхий дээрх Бурханы хаант улсын ирээдүйг буюу Исаиагийн хэлснээр “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг”2 урьдчилан хэлж, зүүдэндээ үзэж, зөгнөн, бошиглож байв.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон өөр олон бошиглол Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтээр дамжин биелсэн. Гэвч би өнөөдөр дуртай бошиглолуудынхаа зөвхөн цөөн хэдийг онцолно. Би эдгээрийг Хүүхдийн хэсгийн багш нараасаа болон миний тэнгэр элч болох ээжийнхээ өвөр дээрээс сурсан юм.

Зураг
Даниел арслангийн үүрэнд

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээрээ болон Бурханы тохинуулагч тэнгэр элч нарын оролцоотойгоор арслангийн хоол болохоос аврагдсан Даниел бол бидний үеийг үзэгдэлд харсан хүмүүсийн нэг билээ. Даниел Вавилоны хаан Небухаднезарын зүүдийг тайлан, Их Эзэний Сүм эцсийн өдрүүдэд “гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдсан”3 нэгэн жижиг чулуу мэт өсөн дэгжих болно хэмээн бошигложээ. Их Эзэний Сүм “гар хүрэлгүйгээр,” тухайлбал тэнгэрлэг оролцоотойгоор “хэзээ ч уста[х]гүй … мөнхөд бай[ж],”4 бүх дэлхийг дүүргэх хүртлээ асар их өсөн нэмэгдэх болно.

Зураг
Даниел зүүд тайлав

Дэлхий даяарх Сүмийн гишүүд өнөөдөр чуулганыг үзэж, сонсож байгаа нь Даниелын үгс биелж байгаагийн нэгэн тод гэрчлэл юм.

Үнэнч төлөөлөгч Петр “эрт цагаас … бүхнийг сэргээх үе[ийг]”5 дүрслэн ярьсан. Төлөөлөгч Паул цаг хугацааны бүрэн байдалд Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх”6 ба “Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь”7 хэмээн бичсэн байдаг. Би Италийн Ром ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцож байхдаа эдгээр бошиглолыг маш хүчтэй мэдэрсэн. Бүх бошиглогч, төлөөлөгч тэнд байж, Петр, Паул нарын адилаар дэлхийн Гэтэлгэгч Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцсан юм. Ах, эгч нар аа, Сүм бол тэрхүү сэргээн босголтын амьд жишээ бөгөөд гишүүд маань олон жилийн өмнөх тэдгээр тэнгэрлэг бошиглолын гэрчүүд билээ.

Зураг
Бошиглогч, төлөөлөгчид Италийн Ром ариун сүмийн дэргэд

Египетийн Иосеф хожмын өдрүүдэд “Миний хэвлийн үрсээс сонгогдсон байх үзмэрчийг, Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно.”8 “Учир нь тэрээр [Их Эзэний] ажлыг хийх бөлгөө”9 хэмээн бошиглосон. Сэргээлтийн бошиглогч Иосеф Смит бол тэрхүү үзмэрч нь байсан.

Илчлэгч Иохан Бүхнийг Чадагчийн нэгэн тэнгэр элч Сэргээлтийн чухал хэсгүүдийг нэгтгэн нийлүүлж байгаа талаар ийн бошигложээ. “Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.”10 Тэр тэнгэр элч нь Моронай юм. Мормоны Номд цэдэглэгдсэнээр, Тэрээр бидний үеийг харсан. Тэрээр дахин дахин үзэгдэж, Иосеф Смитийг Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг орчуулах зэрэг тохинуулалд бэлтгэсэн.

Зураг
Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь

Өөр бошиглогчид өнөө үеийн талаар зөгнөн хэлсэн. Елиа “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь”11 эргүүлэх талаар Малахи ярьсан. Елиа ирж, үр дүнд нь өнөөдөр дэлхий даяар сүндэрлэх 168 ариун сүм байна. Ариун сүм бүр өөрсдийнхөө төлөө болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун нандин гэрээ байгуулж, адислалын ёслолуудыг хүлээн авч буй зохистой гишүүдэд үйлчилж байна. Энэхүү ариун ажлыг “Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”12 хэмээн Малахи дүрсэлжээ.

Бид тэрхүү бошиглогдсон цаг үед амьдарч байна. Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд туслах үүрэгтэй бөгөөд үүрдийн сайн мэдээний үнэн, гэрээ, амлалтуудыг сонсож, хүлээн авах Бурханы хүүхдүүдийг цуглуулах болно. Ерөнхийлөгч Нэлсон үүнийг “өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу үүрэг даалгавар, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу ажил”13 хэмээн нэрлэжээ. Тэрхүү гайхамшгийг би гэрчилж байна.

Зураг
Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адисалж буй нь

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны даалгавраар би өнгөрсөн 2-р сард Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адисалсан. Би энэ өдрийг бүх л амьдралынхаа туршид санаж явах болно. Би “хотоос нэгийг, ургаас хоёрыг”14 хэмээн олон жилийн өмнө Иеремиагийн бошиглосноор, сайн мэдээнд ирсэн гишүүдтэй хамт байсан. Есүс Христийн сургаал дэлхийн өнцөг булан бүрд суугаа бид бүгдийг Бурханы хөвгүүд, охид, сайн мэдээн дэх ах, эгч, дүүсийн хувиар нэгтгэдэг. Бид ямар харагддаг, хэрхэн хувцасладгаасаа үл хамааран Тэнгэрт буй Эцэгтэйгээ нэг хүмүүс бөгөөд Түүний гэр бүлийн хувьд ариун сүмийн нандин гэрээнүүдийг байгуулж, сахиснаар дахин нэгдэн нийлэх нь анхнаасаа Түүний төлөвлөгөө байсан, одоо ч тийм байгаа.

1834 онд Огайогийн Көртланд дахь сургуулийн байшинд цөөн хэдэн санваар атгагч оролцсон цуглаан дээр бошиглогч Иосеф Смит “Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ нь дэлхийг дүүргэнэ”15 хэмээн хэлсэн.

Сүүлийн хэдэн жил би Сүмийн гишүүдтэй уулзахаар дэлхий даяар аялж байна. Арван хоёрын чуулгын ах нар маань мөн ийм үүрэг даалгавартай байдаг. Гэсэн ч Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш эхний хоёр жилийн хугацаанд амьд Христийг гэрчлэхээр “32 улс орны болон АНУ-ын эзэмшил газруудын”16 гэгээнтнүүдтэй уулзаад байгаа бидний хайртай бошиглогч ерөнхийлөгч Нэлсоны хуваарийг хэн ч гүйцэхгүй.

Би залуу эрэгтэй байхдаа номлолын дуудлагаа авч байсан үеэ санадаг. Аав, ах, хүргэн ах нарынхаа адилаар би Германд үйлчлэхийг хүсэж байв. Би гэрийнхнийгээ ирэхийг хүлээлгүй шуудангийн хайрцаг руу яаран очиж, дуудлагаа задалж билээ. Би Нью-Йорк хотод төвтэй Ийстэрн Стэйтс Номлолд дуудагдлаа гэж уншаад, сэтгэл гонсойж, гэртээ ороод тайтгарахыг хичээн, судраа нээсэн юм. Би Сургаал ба Гэрээнээс “Болгоогтун, мөн харагтун, энэ газарт мөн эргэн тойрны нутгуудад надад их хүмүүс буй; мөн дорнын энэ нутаг дахь эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно”17 гэснийг уншив. 1833 онд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн энэхүү бошиглол миний хувьд илчлэлт болсон юм. Тэгэхэд би Их Эзэний намайг үйлчлүүлэхийг хүссэн яг тэр номлолд дуудагдсанаа мэдсэн. Би Сэргээлтийг болон бидний Тэнгэр дэх Эцэгийн Иосеф Смитэд хандан, “Энэ бол Миний Хайртай Хүү. “Түүнийг сонс!”18 хэмээх сэтгэл хөдөлгөм эхлэлийн талаар заасан.

Бүхэл Сүмийн агуу их ач холбогдол нь Есүс Христийн мэндлэхээс 700 гаруй жилийн өмнө “Эцсийн өдрүүдэд, ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүн болж … өргөгдөнө, бүх үндэстэн түүнд цутгана”19 хэмээх Исаиагийн бошиглолд оршино.

Өнөөдөр би манай хэдэн сая гишүүн болон найз нөхөд энэхүү үйл ажиллагаанд зурагт, интернэт, өөр бусад цахим арга замаар оролцож байгааг оюун бодолдоо төсөөлж байна. Бид хамтдаа “уулсын тэргүүн”20 дээр цугласан мэт сууцгааж байна. Бригам Янг “Энэ бол зөв газар байна”21 хэмээн бошиглолын үгсийг хэлсэн. Гэгээнтнүүд Роки Маунтэйнсд “дэлхийн үндэстнүүдэд заавар зөвлөгөө өгөгч түүний хүсэл, тааллын дагуу”22 Сионыг байгуулахаар ажилласан ба тэдний зарим нь миний анхдагч өвөг дээдэс байсан юм.

Зураг
Солт Лэйкийн ариун сүм 2002 оны Олимпийн үеэр

Би өнөөдөр олон сая жуулчныг татсан ариун газар дээр зогсож байна. 2002 онд Солт Лэйк хотод Өвлийн олимп зохион байгуулагдсан. Табернеклын найрал дуучид нээлтийн ёслол дээр дуулж, Сүм олон улс орноос ирсэн оролцогчдод болон зочдод тоглолт, хөтөлбөрүүдийг толилуулж байв. Дэлхий дахины үдшийн мэдээ бүрийн цаана ариун сүмийн зураг гарч байсныг би үргэлж санадаг.

Зураг
Сүмийн болон ӨАХХДҮХ-ны удирдагчид

Өнгөрсөн жилүүдэд АНУ-ын ерөнхийлөгчид, олон улс үндэстний хаад, шүүгч, ерөнхий сайд, элчин сайдууд болон албаны хүмүүс Солт Лэйк хотод ирж, манай удирдагчидтай уулзаж байсан. Ерөнхийлөгч Нэлсон арьс өнгөний ялгаварлалгүй, тэгш эрхийг баримтлагч Нэгдсэн Улсын байгууллага болох Өнгөт Арьстай Хүмүүсийн Хөгжил Дэвшлийн Үндэсний Холбоо (National Association for the Advancement of Colored People)-ны удирдагчдыг хүлээн авсан. Ерөнхийлөгч Нэлсон тэдэнтэй нэгдэн, “дэлхий дээрх илүү найрсаг харилцаа, арьс өнгөний эв эеийн”23 төлөө уриалга гаргах үед би эдгээр удирдагчтай мөр зэрэгцэн зогсож байснаа санадаг.

Олон хүн Ариун сүмийн талбайд ирж, Сүмийн удирдагчидтай уулзалт зөвлөгөөн хийж байсан. Жишээ нь, өнгөрсөн жилийн үйл явдлуудаас цөөхнийг дурдвал, бид Нэгдсэн Үндэсний Байгууллагын 68 дахь Иргэний нийгмийн чуулган (United Nations 68th Civil Society Conference) буюу дэлхий дахины цугларалтыг хүлээн авсан ба ийм төрлийн чуулган ийнхүү анх удаа Нью-Йорк хотоос өөр газар болсон юм. Бид Вьетнамын Шашны асуудал хариуцсан хороо (Vietnam’s Committee for Religious Affairs), Куба, Филиппин, Аргентин, Румын, Судан, Катар, Саудын Арабын элчин сайдуудтай уулзсан. Мөн бид Дэлхийн Лалын Шашны Холбоо (Muslim World League)-ны ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авсан.

Миний тайлбарлан хэлж байгаа зүйлс бол эцсийн өдрүүдэд үндэстнүүд “ЭЗЭНий өргөөний ууланд”24 цутгана хэмээх Исаиагийн бошиглолын биелэл юм. Агуу Солт Лэйк ариун сүм тэрхүү сүр жавхлан, алдар суугийн төвд байрладаг.

Зураг
Солт Лэйкийн ариун сүмийн шовх оройнууд

Хэдийгээр манай эндхийн орчин гайхалтай ч гэсэн хүмүүс газрын байдалд татагддаггүй, харин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн болон уг Сүмийн хүмүүсийн сүнс, өсөлт хөгжил, сайн сайхан, өгөөмөр байдлаас харагддаг цэвэр шашны мөн чанарт, Бурханы хайр адил бидний хайранд, Иосеф Смитийн “Христийн зорилго”25 хэмээн нэрлэсэн илүү өндөр зорилгод хүрэх гэсэн бидний итгэл үнэмшилд татагддаг.

Бид Аврагчийг хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй ч юу хийх ёстойгоо мэднэ. Бид зүрх сэтгэл, оюун бодолдоо бэлтгэлтэй, Түүнийг хүлээн авахуйц зохистой, олон жилийн өмнө бошиглогдсон бүхний нэг хэсэг болохдоо талархдаг байх ёстой.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол дэлхий дээрх Их Эзэний бошиглогч бөгөөд түүний дэргэд Бурханаар дуудагдсан, бошиглогч, үзмэрч, илчлэгч байхаар дэмжигдэн батлагдсан төлөөлөгчид байдаг гэдгийг гэрчилж байна. Хайрт ах, эгч нар аа, Сэргээлт үргэлжилсээр байгаа.

Би “Мөрдлөг хавчлага гаарч болно, танхайрагч бүлгүүд нэгдэж мэднэ, цэрэг арми цугларч болно, гүжир гүтгэлэг цадигаа алдаж мэднэ. Гэвч Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор мөн ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно”26 хэмээх Иосеф Смитийн бошиглолыг үнэн гэдгийг гэрчилж, өөрийн үгийг төгсгөе. Мөн би Иосеф Смитийн эдгээр бошиглол биеллээ олсон гэдгийг гэрчилж байна.

Би та бүхнийг бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, түүний зөвлөхүүд болон төлөөлөгчид, Сүмийн бусад удирдагчийн сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөг дагаж, бидний өдрүүдийн талаар зөгнөн хэлсэн эртний бошиглогчдыг анхааран сонсох аваас зүрх сэтгэл, бодгалийнхаа гүнд Сэргээлтийн сүнс, ажлаар дүүргэгдэх болно гэдгийг амлаж байна. Та нар Бурханы мутрыг өөрсдийн амьдралд харж, Түүний өдөөлтийг сонсож, хайрыг нь мэдрэх болно хэмээн би амлаж байна. Түүний зүйрлэшгүй хайрын нотолгоо болсон Түүний сайн мэдээнд болон Сүмд талархан, Есүс Христийн нэрээр хэлж байна, амен.