Ерөнхий чуулган
Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь

Бид хүнд бэрх зүйлсийг хийж чадах бөгөөд хэцүү зүйлс хийхэд нь бусдад тусалж чадна. Учир нь бид хэнд итгэснээ мэднэ.

Ахлагч Соарэс, таны Мормоны Номын талаарх хүчирхэг бөгөөд сүнсээр өдөөгдсөн, бошиглол бүхий гэрчлэлд талархаж байна. Саяхан надад Мормоны Номын анхны гар бичмэлийг барьж үзэх онцгой боломж тохиосон юм. Нифайн зоригт үгс энэ эрин үед анх удаа энэ хуудсанд бичигдсэн нь “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцэгтээ хандаж хэлрүүн: Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно”1 гэсэн үгс байв.

Зураг
Мормоны Номын анхны гар бичвэрийн хуулбар

Би энэ хуудсыг барьж байхдаа Мормоны Номыг “Бурханы бэлэг болон хүчээр”2 орчуулсан 23 настай Иосеф Смитэд баярлах гүн гүнзгий талархлаар дүүрч байлаа. Түүнчлэн Лебенээс гуулин ялтаснуудыг олж авах маш хүнд даалгаврыг гүйцэтгэх болсон залуу Нифайн үгсэд талархах сэтгэл төрж байв.

Нифай үргэлжлүүлэн Их Эзэнд төвлөрсөөр байвал Их Эзэний түүнд заригласныг биелүүлэхэд амжилттай байна гэдгийг мэдэж байсан. Тэрээр уруу таталт, бие махбодын зовлон, тэр бүү хэл өөрийн ойрын гэр бүлийн зарим гишүүний урвалтаас болж зовсон хэдий ч амьдралынхаа туршид Аврагч дээр төвлөрч үлдсэн юм.

Нифай хэнд итгэснээ мэдэж байсан.3 “Ай золгүй хүн юм би!” гэж халагласныхаа дараахан Нифай “Тийм ээ зүрх минь маханбодынхоо учир харуусч,”4 “Миний Бурхан миний дэмжлэг байсан; тэрээр аглаг буйд дахь зовлонгуудын минь дундуур намайг удирдсан; мөн тэрээр гүн далай дээр намайг хамгаалсан билээ”5 хэмээн хэлсэн.

Бид Христийн дагагчдын хувьд амьдралдаа бэрхшээл, сорилтоос ангид байна гэж үгүй билээ. Бид ихэвчлэн ганцаараа зүтгээд давшгүй, магадгүй боломжгүй мэт санагдах хэцүү зүйлсийг хийх шаардлагатай тулгардаг. Аврагчийн “Над руу ир”6 гэсэн урилгыг хүлээн авах үед Тэрээр Нифай, Иосеф хоёрт үйлдсэн шиг бидэнд хэрэгцээтэй дэмжлэг, тайтгарал, амар амгаланг өгдөг. Хамгийн гүнзгий сорилтуудад ч гэсэн бид Түүнд найдаж, хүслийг нь хүлээн авснаар Түүний хайрын дулаахан тэврэлтийг мэдэрч чадна. “Христ баяр баясгалан”7 учир бид Түүний үнэнч шавь нартаа зориулсан баяр баясгаланг мэдрэх боломжтой.

2014 онд бүрэн цагийн номлолд үйлчилж байх үед маань манай гэр бүлд нэгэн гэнэтийн зүйл тохиосон юм. Отгон хүү минь дугуйт тавцангаар эгц толгодоос доош уруудаж байхдаа унаж, тархиндаа амь насанд аюултай гэмтэл авсан. Түүний биеийн байдал дордоход эмнэлгийн ажилтнууд түүнд яаралтай мэс засал хийв.

Бид гэр бүлээрээ эмнэлгийн өөр нэг хоосон өрөөний шалан дээр өвдөг сөгдөн, зүрх сэтгэлээ Бурханд юүлж билээ. Төөрөгдөлд автсан, хүнд бэрх энэ мөчид бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хайр, амар амгалангаар дүүргэгдсэн юм.

Бид ирээдүйд юу болох эсвэл хүүгээ амьдаар нь дахиж харах эсэхээ мэдэхгүй байлаа. Бид түүний амьдрал Бурханы мутарт байгааг мөн мөнхийн талаас нь харвал түүний болон бидний сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно гэдгийг тодорхой мэдэж байсан. Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бид ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрөхөд бүрэн бэлтгэгдсэн байв.

Энэ нь амаргүй байлаа. Энэ ослын улмаас бид 400 гаруй бүрэн цагийн номлогчийг тэргүүлж байхдаа хоёр сарыг эмнэлэгт өнгөрөөсөн. Хүүд маань ой санамжаа алдах ноцтой зүйл тохиов. Тэр эдгэрэхийн тулд урт бөгөөд хүнд хэцүү бие бялдар, хэл ярианы болон нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэсэн юм. Бэрхшээл тохиолдож байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам бид гайхамшгуудын гэрч болсоор байлаа.

Бидэнд тохиож байгаа сорилт бүр хүссэн үр дүнг маань авч ирдэггүй гэдгийг бид тодорхой ойлгож мэдсэн. Гэхдээ Христэд төвлөрч үлдэх юм бол Бурханы гайхамшгуудыг Түүний цагт Түүний замаар мэдэрч, харах болно.

Одоогийн нөхцөл байдал маань сайнаар төгсөх ямар ч арга зам олж харахгүй үе тохиож, магадгүй бид Нифай шиг “Зүрх минь маханбодынхоо учир харуусч”8 байна гэж хэлэх үе гарна. Цорын ганц найдвар маань Есүс Христ байх тийм үе бидэнд тохиолдож болох юм. Түүнд итгэж, найдах гэдэг ямар их адислал гээч. Христ Өөрийн амлалтыг үргэлж биелүүлдэг. Түүнд ирэх бүгдэд Түүний амралт амлагдсан.9

Бидний удирдагчид бид бүгдийг Аврагч Есүс Христ дээр төвлөрч, найдсанаар ирэх амар амгалан, тайтгарлыг мэдрээсэй хэмээн гүнээ хүсдэг.

Бидний амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүүлийн чуулган дээр бидэнд: “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм”10 хэмээн заасан.

“Христэд ирэгтүн” гэх энэ урилга хожмын үеийн гэгээнтнүүдэд зориулсан тодорхой утга санааг агуулж байгаа.11 Бид Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд Түүнтэй гэрээ байгуулж мөн оюун санааны хувьд Түүний төрсөн хөвгүүд, охид болсон.12 Бидэнд бусдыг Их Эзэнд ирэхэд урих ажилд Түүнтэй хамт хөдөлмөрлөх боломж мөн өгөгдсөн.

Бид Христтэй хамт хөдөлмөрлөж байхдаа өөрсдийнхөө гэр дотор илүү гүн гүнзгий чармайж төвлөрөх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд, дотнын найзуудад маань бэрхшээл тохиолдох үе гарна. Дэлхийн дуу хоолой, магадгүй тэдний өөрсдийнх нь хүсэл үнэнд эргэлзэхэд хүргэж болно. Аврагчийн болон бидний хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслахын тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”13 гэдгийг заадаг бидний дуртай дуу “Бие биенээ хайрлаач” гэх дууны үг болсон миний дуртай судрын шүлэг санаанд минь орж байна.

Үнэнд эргэлзэгчдийг хайрлах үед маань хэрэв бид үргэлжлүүлэн сайн мэдээний бүрэн байдлаар амьдарч, үүний үнэнийг заавал өөрсдийн хайрладаг тэдгээр хүнээс урваж буй хэрэг юм гэж бүхий л аз жаргалын дайснууд биднийг ятгахыг хичээж болзошгүй юм.

Бусдыг Христэд ирэхэд эсвэл тэднийг эргэн ирэхэд нөлөөлөх бидний чадавх гэрээний зам дээр үлдэхийн тулд өөрсдийн хувийн үүргийг хэр биелүүлж байгаагаар үзүүлэх бидний үлгэр жишээнээс ихээхэн хамаарна.

Хэрэв хайртай хүмүүсээ аврах нь бидний үнэн хүсэл юм бол бид Христийн Сүм, Түүний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авснаар Аврагчтай хамт баттай үлдэх ёстой.

Нифайн түүх рүү эргэн очвол, бид Нифайн Их Эзэнд найдах найдварт эцэг эхийнх нь Их Эзэнд найдах найдвар, гэрээгээ сахих үлгэр жишээ нөлөөлснийг олж мэднэ. Энэ нь Лихайн амьдралын модны үзэгдэлд гайхалтай тод томруун дүрслэгдсэн байдаг. Лихай модны дур булаам, сайхан жимснээс хүртсэнийхээ дараа “гэр бүлийнхнээ олж болзошгүй хэмээн эргэн тойрон хараа бэлчээв.”14 Тэр Сариа, Сэм, Нифай нарыг харав; “мөн тэд хааш одвол зохихыг мэдэхгүй зогсож байсан болой.”15 Лихай цааш үргэлжлүүлэн, “Би тэднийг даллав; мөн түүнчлэн би тэдэнд хандан өндөр дуугаар тэднийг надад ирж, жимснээс хүртвэл зохино”16 хэмээн хэлсэн. Лихай амьдралын модыг орхин яваагүйг анзаараарай. Их Эзэнтэй сүнслэгээр үлдэхийн зэрэгцээ тэрээр өөрийн гэр бүлийг жимснээс хүртсэн тэр газартаа ирэхийг урьсан.

Дайсан бидний заримыг Христийн Сүмээс Түүний сургаалыг салгах замаар сайн мэдээний баяр баясгаланг орхиход уруу татдаг. Тэр биднийг Их Эзэний Сүмгүйгээр, зөвхөн өөрсдийн сүнслэг байдлаар дамжуулан ганцаараа гэрээний зам дээр бат үлдэж болно гэж итгүүлдэг.

Христийн Сүм гэрээт хүүхдүүдэд нь Түүний гэрээний зам дээр үлдэхэд туслахын тулд сэргээгдсэн юм.

Сургаал ба Гэрээнд “Болгоогтун, энэ бол миний сургаал—наманчилж мөн Надад ирэх хэн ч болов, мөнхүү тэр нь миний сүм мөн”17 гэж заасныг бид уншдаг.

Христийн Сүмээр дамжуулан бид гэгээнтнүүдийн нэгдлийн хувьд туршлагад тулгуурлан хүчирхэгждэг. Бид Түүний дуу хоолойг Түүний бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дамжуулан сонсдог. Хамгийн чухал нь, бид Түүний Сүмээр дамжуулан ариун нандин ёслолуудад оролцсоноор биелэх боломжтой Христийн Цагаатгалын амин чухал адислалуудыг хүлээн авдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Бурханы бүх хүүхдийн тусын тулд энэ хожмын үед сэргээгдсэн дэлхий дээрх Их Эзэний Сүм юм.

Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах үед бид Түүний хайр, баяр баясгалан, амар амгалангаар илүү их адислагдах болно гэдгийг би гэрчилж байна. Нифайн адил бид хүнд бэрх зүйлсийг хийж чадах бөгөөд хэцүү зүйлс хийхэд нь бусдад тусалж чадна. Учир нь бид хэнд итгэж болохоо мэднэ.18 Христ бол бидний гэрэл, амьдрал мөн аврал юм.19 Есүс Христийн нэрээр, амен.