Ерөнхий чуулган
Амьдралын шуурганаас хоргодох газар олох нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амьдралын шуурганаас хоргодох газар олох нь

Есүс Христ болон Түүний Цагаатгал бол ямар төрлийн шуурга биднийг нүдэж байгаагаас үл хамааран бидэнд хэрэгтэй хоргодох газар мөн.

Ерээд оны дундуур би коллежид сурч байхдаа Чилийн Сантьягогийн гал унтраах аврах ангийн 4-р тасагт ажилладаг байлаа. Тэнд үйлчилж байхдаа шөнийн ээлжинд гарч, гал унтраах албаныхаа байранд амьдардаг байсан юм. Шинэ жилийн өмнөх өдөр бараг үргэлж онцгой байдал үүсдэг болохоор намайг тэр орой гал унтраах албан дээрээ байх хэрэгтэй гэж хэлэв. Би “Нээрээ юү?” хэмээн гайхан хариулж билээ.

Шөнө дунд Сантьяго хотын төвд салют буудаж эхлэхэд би ажлынхантайгаа хамт энэ мөчийг хүлээж байснаа санадаг юм. Биднийг нэг нэгэндээ сайн сайхныг хүсэн, тэврэлдэж байтал гэнэт гал унтраах ангийн дохио дуугарч, онцгой нөхцөл байдал гарсныг мэдэгдэв. Бид хэрэгслүүдээ аваад, гал унтраах машиндаа үсрэн суув. Онцгой нөхцөл байдал үүссэн газар луу шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүсийн дэргэдүүр өнгөрөн явахдаа тэр хүмүүсийг санаа зовсон зүйлгүй, амар тайван байхыг би анзаарсан. Тэд зуны дулаан шөнө санаа амар, хөөрөн баярлаж байв. Гэвч тэндээс холгүй газарт бидний туслахаар яаран очиж буй газарт хүмүүс хүнд байдалд байсан.

Энэхүү туршлага надад хэдийгээр бидний амьдралд амар тайван үе байдаг ч хүн бүрийн санаанд орж байгаагүй, бидний тэвчээрийн хязгаарт хүрэх сорилт бэрхшээл, шуургатай нүүр тулах үе ирнэ гэдгийг ойлгоход тусалсан юм. Бие махбод, оюун санаа, гэр бүл, ажил мэргэжлийн сорилтууд болон байгалийн гамшиг, бусад амьдрал, үхлийн асуудал энэ амьдралд бидэнд тулгарах зовлон бэрхшээлийн зөвхөн зарим нэг жишээ юм.

Бид эдгээр зовлон бэрхшээлтэй тулгарахдаа ихэвчлэн цөхрөл юм уу айдас мэдэрдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл “айдсаас хамгаалдаг” (“Итгэлээ харуул,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46) хэмээн хэлсэн. Би хүмүүсийн амьдралд нөлөөлсөн шуургануудыг харж байсан учраас ямар төрлийн шуурга биднийг нүдэж байгааг болон гарах арга зам байгаа, үүнд төгсгөл буй гэдгийг мэдэж байгаа эсэхээс нь үл хамааран бүх төрлийн шуурганаас хамгаалах цорын ганц хоргодох газар байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бидний Тэнгэрлэг Эцэгийн хангаж өгдөг тэрхүү цорын ганц хоргодох газар бол Их Эзэн Есүс Христ болон Түүний Цагаатгал юм.

Бидний хэн нь ч эдгээр шуургатай нүүр тулахаас чөлөөлөгдөхгүй. Мормоны Номын бошиглогч Хиламан бидэнд “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээн заасан.

Шуурга даван гарч байсан өөрийн гэсэн туршлагатай ахлагч Робэрт Д.Хэйлс “Зовлон шаналал хүн бүрд тохиолддог. Харин хэрхэн хүлээж авах нь хүн бүрийн хувьд өөр байдаг. Хүмүүс хоёр замаар зовлон шаналлыг хүлээж авдаг. Энэ нь итгэлтэй нийлээд хүчирхэгжүүлэх, ариусгах туршлага байж болно эсвэл хэрэв бид Их Эзэний цагаатгагч золиост итгэх итгэлгүй бол энэ нь бидний амьдралд сүйтгэх хүч болж болно” (“Your Sorrow Shall Be Turned to Joy,” Ensign, Nov. 1983, 66) хэмээн хэлжээ.

Есүс Христийн болон Түүний Цагаатгалын санал болгодог хоргодох газарт баясахын тулд бид Түүнд итгэх итгэлийг буюу хязгаарлагдмал хийгээд дэлхийн үзэл бодлын бүхий л шаналлыг даван гарах чадварыг бидэнд өгдөг итгэлтэй байх ёстой. Биднийг үйл хэрэг бүрдээ Түүн дээр ирвэл бидний ачааг хөнгөлнө хэмээн Тэр амласан билээ.

Тэрээр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:28–30; мөн Moзая 24:14–15-ыг үзнэ үү) хэмээн айлдсан.

“Итгэлтэй хүнд тайлбар хэрэггүй. Итгэлгүй хүнд тайлбарлах боломжгүй” гэсэн үг байдаг. (Энэ үгийг Томас Аквинас хэлсэн гэж үздэг хэдий ч энэ нь өөрчилсөн хувилбар байх магадлал өндөр.) Гэхдээ бид дэлхий дээр болж байгаа зүйлсийн талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг бөгөөд яагаад гэсэн асуултын хариултыг тэр бүр мэддэггүй. Яагаад ийм зүйл тохиож байна вэ? Яагаад энэ нь надад тохиолдож байгаа юм бол? Би юу сурах ёстой вэ? Хариултыг нь олж чадахгүй үед, Либерти шоронд Аврагчийн бошиглогч Иосеф Смитэд хэлсэн:

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно” (C ба Г 121:7–8) хэмээх үгс яг тохиромжтой байдаг.

Олон хүн Есүс Христэд итгэдэг ч гэсэн бид Түүнд итгэдэг эсэх, мөн бид Түүний заадаг, биднээс хийхийг хүсдэг зүйлсэд итгэдэг эсэхэд гол асуулт нь оршино. Хэн нэгэн “Надад тохиолдож байгаа зүйлсийн талаар Есүс Христ юу мэдэх вэ? Аз жаргалтай байхын тулд надад юу хэрэгтэйг Тэр яаж мэдэх вэ?” гэж боддог байж магадгүй. Үнэхээр бошиглогч Исаиа:

“Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. …

… Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, Өвчин зовлонг маань үүрчээ. …

Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:3–5) хэмээн хэлэхдээ бидний Гэтэлгэгч Өмгөөлөгчийг хэлж байсан.

Түүнчлэн төлөөлөгч Петр бидэнд Аврагчийн талаар “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ” (1 Петр 2:24) хэмээн заажээ.

Петрийн егүүтгэгдэх мөч ойртож байсан ч түүний үгс айдсыг эсвэл гутралыг илэрхийлдэггүй. Харин ч тэр гэгээнтнүүдэд “элдвийн сорилтод зовсон ч” “баярла” хэмээн заасан. Петр бидэнд “итгэлийн [маань] шалгуур галаар шалгагдаж,” “Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэхэд” мөн “сэтгэлийн авралд” (1 Петр 1:6–7,9) хүрэхэд хөтөлнө гэдгийг сана хэмээн зөвлөсөн.

Тэр цааш нь:

“Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.

Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм” (1 Петр 4:12–13) хэмээсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гэгээнтнүүд ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чадна. … Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдох, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72) хэмээн заажээ.

Мэдээжийн хэрэг, шуурганд өртөөгүй үедээ эдгээр зүйлийг хэлэх нь шуурганы үеэр хэрэгжүүлж, үүний дагуу амьдрахаас илүү амархан. Гэвч би та нарын ах дүүгийн хувьд, Есүс Христ болон Түүний Цагаатгал бол ямар төрлийн шуурга биднийг нүдэж байгаагаас үл хамааран бидэнд хэрэгтэй хоргодох газар мөн гэдгийг мэдэх нь хэчнээн үнэ цэнтэй болох талаар чин сэтгэлээсээ хуваалцахыг хүсэж байгааг маань та бүхнийг ойлгоосой хэмээн найдаж байна.

Бид бүгд Бурханы хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртай, бид ганцаараа биш гэдгийг би мэднэ. Та бүхнийг ирээд, Түүнийг бидний ачааг хөнгөлөхийг болон хайж байгаа хоргодох газар маань болж чадна гэдгийг харна уу хэмээн би урьж байна. Ирээд, хүсэж байгаа хоргодох газраа олоход нь бусдад тусал. Ирээд, амьдралын шуургыг сөрөн зогсоход туслах энэхүү хоргодох газарт бидэнтэй хамт үлд. Хэрэв та ирвэл харж, тусалж, үлдэх болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Бошиглогч Алма хүү Хиламандаа дараах зүйлсийг гэрчилсэн. Тэрээр “Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ” (Aлма 36:3).

Аврагч маань Өөрөө ийнхүү заасан байдаг юм.

“Зүрх сэтгэл чинь тайван байг; учир нь бүх махан бодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.

Иймийн тул, бүр үхэлд ч бүү эмээ. Учир нь энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой” (Сургаал ба Гэрээ 101:16, 36).

Миний зүрх сэтгэлийн утсыг олонтоо хөндөж байсан “Тайван байгтун” дуулал бидний бодгалийг тайтгаруулах захиасыг агуулдаг. Дууны үг нь:

Тайван байгтун: Эзэнтэй үүрд хамт байх

Тэр цаг хугацаа хурдтай наашаа айсуй.

Бүх гансрал, гуниг, айдас үгүй болж,

Баярт цаг ирэхэд зовлон мартагдана.

Тайван байгтун: Өөрчлөлт, нулимс дуусахад

Бүгд адислагдана, эцэстээ уулзана” гэсэн байдаг. (Hymns, no. 124)

Бид амьдралын шуургатай нүүр тулахдаа Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг хоргодох газраа болгон түшиж, хамгийн сайнаараа хичээх аваас хайж байгаа халамж, тайтгарал, хүч, тэвчээр, амар амгалангаар адислагдаж мөн дэлхий дээрх эцсийн мөчдөө Эзэний “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Эзнийхээ баяр баясгаланд ор” (Матай 25:21) хэмээх үгсийг сонсох болно гэсэн баттай ойлголтоор зүрх сэтгэл маань адислагдах болно. Есүс Христийн нэрээр, амен.