Ерөнхий чуулган
Сэргээлтийн болон Амилалтын захиасыг хуваалцах нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сэргээлтийн болон Амилалтын захиасыг хуваалцах нь

Сэргээлт дэлхийд хамаатай бөгөөд түүний захиас ялангуяа өнөөдөр хойшлуулшгүй чухал болоод байгаа билээ.

Энэхүү Ерөнхий чуулганы туршид бид “Сэргээлт” гэсэн сэдвийн доор “бүхнийг сэргээх,”1 “Христ дотор нэгтгэх”2 болон сайн мэдээний бүрэн дүүрэн байдал, санваар, Есүс Христийн Сүм дэлхийд буцаж ирэх тухай эртнээс бошиглосон зөгнөлийн биелэлтийн талаар баяр баясалтай ярьж мөн дууллаа.

Гэсэн хэдий ч Сэргээлт нь зөвхөн өнөө үед үүнд баясаж байдаг хүмүүст зориулагдсан зүйл биш юм. Анхны үзэгдлийн илчлэлтүүд зөвхөн Иосеф Смитэд зориулагдсан бус, харин “мэргэн ухаан дутсан”3 хэнд ч гэрэл, үнэн болж өгөгдсөн. Мормоны Ном бол хүн төрөлхтний өмч. Аврал, өргөмжлөлийн санваарын ёслолууд бүх хүнд, түүн дотроо мөнх бус байдалд амьдрахаа больсон хүмүүст ч бас зориулагдсан байсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон түүний адислалууд тэдгээрийг хүссэн бүх хүнд зориулагдсан билээ. Ариун Сүнсний бэлэг бүх хүнд зориулагдсан. Сэргээлт дэлхийд хамаатай бөгөөд түүний захиас ялангуяа өнөөдөр хойшлуулшгүй чухал болоод байгаа билээ.

“Иймийн тул үхэгсдийн амилуулалтыг гүйцэлдүүлж болохын тулд, өөрийн амийг маханбодийн дагуу өгч, Сүнсний хүчээр үүнийгээ дахин авах Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүйг тэд мэдэж болохын тулд эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хэчнээн их чухал билээ.”4

Бошиглогчийн дүү, Самуел Смитийг шинэхэн хэвлэгдсэн Мормоны Номоор цүнхээ дүүргээд, энэхүү шинэ судрыг хуваалцах аялалдаа гарснаас хойш гэгээнтнүүд “эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх”-ийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөсөөр ирсэн.

1920 онд тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсан Дэвид О.Маккэй бүтэн жилийн турш Сүмийн номлолуудаар аялах аяллаа эхэлжээ. 1921 оны 5-р сар гэхэд тэрээр Самоа улсын Фагали дахь нэгэн жижиг оршуулгын газарт Томас, Сара Хилтон нарын охин, хоёр хүү болох гурван хүүхдийн булшны өмнө зогсож байлаа. Булшийг сайтар арчилж тордсон байв. Эдгээр жаахан хүүхдийн хамгийн том нь хоёр настай байсан бөгөөд тэд Томас, Сара хоёрыг 1800-аад оны сүүлчээр залуу номлогч хосоор үйлчилж байх үед нас баржээ.

Ютагаас явахаасаа өмнө ахлагч Маккэй Самоад дахин хэзээ ч очиж чадаагүй, бэлэвсэн эгч Сарад хүүхдүүдийнх нь булшин дээр очно гэдгээ амласан байв. Ахлагч Маккэй захидалдаа “Хилтон эгч ээ, таны гурван жаахан хүүхэд бусдад чимээгүй ч гэсэн асар их нөлөөлж, гучин жилийн өмнө эхлүүлсэн эрхэм номлолын ажлыг тань үргэлжлүүлсээр байна” гэж бичжээ. Тэгээд өөрийн зохиосон шүлгийг нэмж бичсэн байдаг.

Хөдөлгөөнгүй болсон аньсагыг нь зөөлхөн аниулж,

Өөдөсхөн гар хөлийг нь хайрлан хучив.

Даруухан булшийг нь харь хүмүүс чимэглэж,

Танихгүй хүмүүст хүндлэгдэж, танихгүй хүмүүс гашуудав.5

Энэ түүх бол Сэргээлтийн захиасыг хуваалцахын тулд сүүлийн 200 жилийн хугацаанд золиосолсон цаг хугацаа, үнэт баялаг, амь амьдралын тухай өгүүлдэг мянга мянган, хэдэн зуун мянган золиосын зөвхөн нэг нь юм. Бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст хүрэх бидний хүсэл эрмэлзэл өнөөдөр буураагүй бөгөөд энэ нь хэдэн арван мянган залуучууд болон хосууд бүрэн цагийн номлолд үйлчилсэн, Сүмийн гишүүд ирээд, хар6 хэмээх Филипийн урилгыг цуурайтуулсан, дэлхийн өнцөг булан бүрд энэ хүчин чармайлтыг тэтгэхэд жилд 6 сая доллар зарцуулсан зэргээс харагдаж байна.

Хэдийгээр бидний урилгууд зайлшгүй хийх ёстой зүйл биш ч хүмүүс тэдгээрийг чухал зүйл гэдгийг мэдэх болно гэж бид найддаг. Үүний тулд дор хаяж гурван зүйл шаардлагатай гэдэгт би итгэдэг. Үүнд: нэгдүгээрт, таны хайр; хоёрдугаарт, таны үлгэр жишээ; гуравдугаарт, таны Мормоны Номыг ашиглаж буй байдал.

Бидний урилга хувь хүний сонирхлын асуудал байх ёсгүй; харин аминч бус хайрын илэрхийлэл байх ёстой.7 Энэрэл, Христийн цэвэр хайр гэж нэрлэгддэг энэхүү хайрыг гуйсан үед биднийх болдог. “Түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан [бид] залбирах ёстой”8 хэмээн биднийг урьж мөн бидэнд зарлиг өгсөн.

Үүний жишээ болгон, нөхөр Фрэнсис Хо Чингтэйгээ хамт Самоагийн Апиа номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж буй Ланетт Хо Чинг эгчийн туршлагаас хуваалцъя. Хо Чинг эгч ийн ярьсан.

“Олон жилийн өмнө залуу гэр бүл маань Хавай мужийн Лаие дахь нэг жижиг байшинд нүүн орж билээ. Байшингийн маань дэргэд баригдсан дээвэртэй машины зогсоолыг Жонатан гэдэг хүн нэг өрөө байр болгон өөрчилсөн байв. Жонатан урьд нь өөр газарт бас манай хөрш байсан юм. Их Эзэн биднийг хамт нэг газарт байрлуулсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм шиг санагдсан учраас бид Сүмийн гишүүнчлэл, үйл ажиллагааныхаа талаар илүү нээлттэй байхаар шийдэв. Жонатан бидэнтэй найзалж нөхөрлөх, манай гэр бүлтэй цагийг өнгөрөөх дуртай байлаа. Тэр сайн мэдээний талаар суралцах дуртай байсан ч Сүмд очих сонирхолгүй байв.

Аяндаа хүүхдүүд маань Жонатанд “Авга ах Жонатан” гэсэн нэр өгч, ийн дуудах болсон. Манай гэр бүлийг өнөр өтгөн болох тусам гэр бүлд минь болж байсан зүйлс Жонатаны анхаарлыг татаж эхэлсэн юм. Бид түүнийг баяр ёслол, төрсөн өдөр, сургуулийн арга хэмжээ, Сүмийн үйл ажиллагаа зэрэгт урьдаг байсан бол гэр бүлийн үдэш, хүүхдүүдийн баптисм зэрэгт урьдаг болов.

“Нэг өдөр Жонатан над руу залгав. Түүнд тусламж хэрэгтэй болжээ. Тэрээр чихрийн шижин өвчнийхөө улмаас хөлөндөө ноцтой халдвар авсан бөгөөд хөлийг нь тайрах шаардлагатай болсон байв. Манай гэр бүл болон хөрш зэргэлдээх Сүмийн гишүүд энэ хэцүү цаг мөчид түүнтэй хамт байсан. Бид эмнэлэгт ээлжлэн очиж, санваарын адислалуудыг түүнд өгсөн. Жонатаныг нөхөн сэргээх тасагт байх хооронд Халамжийн нийгэмлэгийн эгч нарын тусламжтайгаар бид түүний байрыг цэвэрлэв. Санваартан ах нар түүний үүдэнд налуу зам тавьж, угаалгын өрөөнд нь бариул хийж өгсөн. Жонатан гэртээ буцаж ирээд, сэтгэл нь маш их хөдөлсөн билээ.

“Жонатан номлогчдоос дахин хичээл авч эхэлсэн. Шинэ он гарахаас долоо хоногийн өмнө тэр над руу залгаад, ‘Шинэ жилийн өмнөх орой та нар юу хийх гэж байна вэ?’ гэж асуув. Намайг түүнд жил бүр болдог үдэшлэгийн талаар сануулахад харин үүний оронд, тэр ’Би та нарыг миний баптисмд ирээсэй гэж хүсэж байна! Би энэ шинэ оныг зөвөөр эхлүүлэхийг хүсэж байна’ гэж хариулж билээ. 20 жилийн дараа ‘ирж харах,’ ‘ирж туслах,’ мөн ‘ирж үлдэх’-ийг хийсний эцэст энэхүү үнэ цэнтэй бодгаль баптисм хүртэхэд бэлэн болсон юм.

“2018 онд биднийг номлолын ерөнхийлөгч болон хамтрагчаар дуудагдах үед Жонатаны бие тааруухан байв. Биднийг эргэж ирэхийг хүлээгээрэй, хүчтэй байгаарай гэж бид түүнээс гуйсан юм. Тэр бараг нэг жил амьдарсан боловч Их Эзэн түүнийг гэр лүүгээ буцахад нь бэлтгэж байв. Тэр 2019 оны 4-р сард амар тайван насан өөд болсон. Охид маань ‘Авга ах Жонатаныхаа’ оршуулгад оролцож, түүний баптисм дээр дуулсан дууг дуулж билээ.”

Сэргээлтийн захиасыг амжилттай хуваалцах хоёр дахь шаардлагыг би дараах асуултаар танилцуулж байна. Урилгыг тань хэн нэгэнд таалагдахад хүргэдэг зүйл юү вэ? Энэ нь та биш гэж үү? Та нарын амьдралын үлгэр жишээ биш гэж үү? Сэргээлтийн захиасыг сонсож, хүлээн авсан олон хүн эхлээд Есүс Христийн Сүмийн нэг гишүүнээс эсвэл гишүүдээс олж харсан зүйлдээ татагдсан байдаг. Энэ нь тэдний бусадтай харьцаж байсан байдал, тэдний хэлсэн эсвэл хэлээгүй үг, хүнд нөхцөл байдал дахь тууштай байдал эсвэл зүгээр л тэдний дүр төрх байж болох юм.9

Энэ нь юу ч байсан бай, бидний урилга бусдыг урин залдаг байхын тулд бид сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудыг ойлгож, үүний дагуу хамгийн сайнаараа амьдрах хэрэгтэй гэдэг бодит үнэнээс зайлсхийж чадахгүй. Үүнийг өнөөдөр жинхэнэ үнэн зөв байдал гэж олонтоо нэрлэдэг. Хэрэв бидний сэтгэл дотор Христийн хайр оршдог бол тэднийг жинхэнээсээ хайрлаж байгааг маань тэд мэдэх болно. Хэрвээ Ариун Сүнсний гэрэл сэтгэл дотор минь тод гэрэлтэж байгаа бол энэ нь тэдний доторх Христийн гэрлийг гэрэлтүүлэх болно.10 Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын баяр баясгаланг ирж мэдрэхэд урьсан тэрхүү урилгад та нарын зан байдал, үйлдэл жинхэнэ мэдрэмж төрүүлдэг.

Миний дурдах гурав дахь шаардлага бол энэ сайн мэдээний сүүлчийн эрин үед Бурханы хөрвөлтийн зэмсэг болгосон Мормоны Номыг тогтмол ашиглах явдал юм. Энэ нь Иосеф Смитийн бошиглолын дуудлагын илт мэдрэх боломжтой зүйл, Есүс Христийн бурханлаг мөн чанарын болон Амилалтын баттай нотолгоо мөн. Энэ номон дахь Тэнгэрлэг Эцэгийн маань гэтэлгэлийн төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй тайлбарыг юутай ч зүйрлэшгүй. Та Мормоны Номын талаар хуваалцахдаа Сэргээлтийн тухай хуваалцдаг.

Жэйсон Олсоныг өсвөр настай байхад нь гэр бүлийнх нь гишүүд болон бусад хүн Христийн шашинд орохоос зайлсхийхийг удаа дараа түүнд анхааруулж байв. Тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн хоёр сайн найзтай байсан бөгөөд тэд шашны талаар байнга ярьдаг байжээ. Түүний найзууд болох Шиа, Дэйв хоёр бусад хүний Жэйсонд өгсөн байсан Есүс Христэд итгэх итгэлийнх нь эсрэг баримт нотолгоог эелдгээр няцаадаг байв. Эцэст нь тэд түүнд Мормоны Ном өгөөд, “Энэ ном чиний асуултад хариулах болно. Үүнийг уншаарай” гэжээ. Тэрээр номыг дурамжхан гэгч аваад, үүргэвчиндээ хийсэн бөгөөд уг ном түүний үүргэвчинд хэдэн сарын турш байсан аж. Тэрээр гэрийнхнийгээ харчих вий гэсэндээ номыг гэртээ үлдээхийг ч, Шиа, Дэйв хоёрын урмыг хугалахгүйн тулд эргүүлж өгөхийг ч мөн хүссэнгүй. Эцэст нь тэрээр уг номыг шатаахаар шийджээ.

Нэгэн шөнө түүнийг нэг гартаа асаагуур, нөгөө гартаа Мормоны Номыг бариад шатаах гэж байтал оюун бодолд нь “Миний номыг битгий шатаагаач” гэсэн дуу хоолой сонсогджээ. Тэр гайхаад, түр азнав. Дараа нь тэрээр хий юм сонсож гэж бодоод, дахин асаагуураа асаах гэж оролдов. Гэтэл “Өрөөндөө очоод, миний номыг унш” гэсэн үгсийг тэр дахин сонсжээ. Жэйсон асаагуураа далд хийгээд, унтлагынхаа өрөөнд буцаж очин, Мормоны Номыг нээн, уншиж эхлэв. Тэр өдөр бүр, заримдаа үүр цайтал уншдаг байсан. Жэйсон уншиж дуусаад, залбирчээ. Тэрээр “Би толгойноосоо эхлээд, хөлийн улаа хүртэл Сүнсийг мэдэрсэн. … Би бүрэн дүүрэн гэрлийг мэдэрсэн. … Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн баяр баясгалантай үйл явдал байсан” хэмээн бичжээ. Тэрээр баптисм хүртэхээр эрэлхийлж, хожим нь номлогч болсон.

Жинхэнэ хайр, чин сэтгэл зэргээс үл хамааран Сэргээлтийн захиасыг хуваалцах бидний урилгын ихэнх нь биш ч, олон нь үгүйсгэгдэх болно гэдгийг хэлэх шаардлагагүй байх. Гэхдээ “Бурханд бүгд адил”11 учраас уг урилгыг хүн бүр хүлээн авах эрхтэй гэдгийг санаарай. Үр дүн нь ямар ч бай, Их Эзэн бидний бүх хүч чармайлтад баярладаг бөгөөд татгалзсан урилга нь бидний харилцааг дуусгавар болгодоггүй төдийгүй өнөөдөр сонирхолгүй байгаа нь маргааш сонирхол төрүүлэхэд хүргэж магадгүй юм. Гэсэн хэдий ч бидний хайр үргэлж хэвээр байна.

Сэргээлт нь маш хүнд хэцүү сорилт, золиосоос үүдэлтэй гэдгийг бид хэрхэвч мартаж болохгүй. Энэ бол хожим өөр нэг өдөр ярих сэдэв юм. Газарт болон тэнгэрт дахин лацдах хүч болох тэрхүү хамгийн гайхамшигтай Сэргээлтийн үр жимсэнд өнөөдөр бид баясаж байдаг.12 Олон жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлснээр “Сэргээлтийн бүх уй гашуу, зовлон шаналал гэр бүлүүдийг үүрд нэгтгэх ариун санваарын лацдах хүчнээс өөр зүйлийг авчраагүй байсан ч гэсэн тэр бүх золиос дэмий байгаагүй гэсэн үг.”13

Сэргээлтийн эцсийн амлалт бол Есүс Христээр дамжуулан гэтэлгэгдэх явдал юм. Есүс Христийн амилалт үнэн хэрэгтээ Түүнд ирдэг бүх хүнийг уй гашуу, шударга бус байдал, харамсал, нүгэл, тэр байтугай үхлээс гэтэлгэх хүч чадлыг эзэмшдэг гэдгийн баталгаа юм. Өнөөдөр Далдуу модны ням гараг. Долоо хоногийн дараа Христийн амилсны баярын өдөр тохионо. Бидний нүглийг цагаатгасан Христийн зовлон шаналал, үхлийг бид үргэлж дурсан санаж, тэрхүү хамгийн сайхан ням гаргуудад, үхлээс амилсан Их Эзэний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Есүс Христ амилсан учраас Сэргээлт утга учиртай мөн мөнх бус амьдрал маань ч утга учиртай байж, эцэст нь бидний оршин тогтнох байдал ч утга учиртай байдаг.

Сэргээлтийн агуу бошиглогч Иосеф Смит амилсан Христийн талаар “Тэр амьд бөлгөө! Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ”14 хэмээх бидний цаг үед зориулан, бүхнийг хамарсан гэрчлэлээ өргөсөн билээ. Би Иосефын, мөн түүнээс өмнө байсан болон түүний дараа гарч ирсэн төлөөлөгч, бошиглогчийн Назарын Есүс бол амлагдсан Мессиа, Бурханы Төрсөн Ганц Хүү, мөн бүхий л хүн төрөлхтний төлөө амилсан Гэтэлгэгч хэмээх гэрчлэл дээр өөрийн гэрчлэлийг даруухнаар нэмж байна.

“Бид Сэргээлтийн захиасыг залбиран судалж, итгэлээр үйлддэг хүмүүс үүний бурханлаг байдлын хийгээд бидний Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгын тухай өөрийн гэсэн гэрчээр адислагдах болно хэмээн гэрчилж байна.”15 Христийн Амилалт Түүний амлалтуудыг баттай болгодог. Есүс Христийн нэрээр, амен.