Ерөнхий чуулган
Нээлтийн захиас
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Нээлтийн захиас

Бид чадах бүхий л арга замаараа Есүс Христийг сонсохыг эрэлхийлэх ёстой. Тэрээр бидэнтэй Ариун Сүнсний хүч, тохинууллаар ярьдаг.

Хайрт ах, эгч нар аа, бид та бүхнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 2020 оны 4-р сарын энэхүү түүхэн Ерөнхий чуулганд тавтай морилно уу хэмээн урьж байна. Та бүхний мэдэж байгаачлан, цар тахлын улмаас би хоосон танхимд та бүхний өмнө үг хэлэхээр зогсож байна.

Би 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар энэхүү 4-р сарын чуулган “дурсамжтай” байхын зэрэгцээ “мартагдашгүй” байх болно гэж амлахдаа, өөрт харагдах 10 хүрэхгүй хүний өмнө үг хэлэх нь энэ чуулганыг миний хувьд ийм дурсамжтай бөгөөд мартагдашгүй болгоно гэж төсөөлж байсангүй. Хэдий тийм ч та бүхнийг цахимаар оролцож байгааг мэдэж байгаа болохоор мөн найрал дуучид “It Is Well with My Soul” хэмээх дууллыг гайхалтай дуулсан явдал намайг асар их тайвшруулж байна.

Бид КОВИД-19-ийн тархалтыг бууруулахын тулд чадах бүхнээ хийж, дэлхийн сайн иргэд байхын тулд энэ чуулганд ирж оролцохыг онцгойлон хязгаарласныг та бүхэн мэдэж байгаа. Энэ вирус дэлхий даяар асар ихээр нөлөөлж байна. Энэ нь мөн Сүмийн цуглаан, номлогчийн үйлчлэл, ариун сүмийн ажил зэрэгт өөрчлөлт оруулснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө.

Өнөөгийн хорио цээр үхлийн аюул бүхий вирустэй холбоотой ч хувь хүний амьдралд энэ цар тахлаас ч өргөн хүрээнд сорилт бэрхшээлүүд тулгарч байна. Ирээдүйд бидэнд осол эндэгдэл, байгалийн гамшиг, гэнэтийн тохиолдлоос үүдэлтэй сорилт бэрхшээлүүд тулгарч болно.

Бид тэдгээр бэрхшээлийг хэрхэн даван гарч чадах вэ? Их Эзэн “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй”1 хэмээн зөвлөсөн. Мэдээж, бид хоол хүнс, ус нөөцлөн, мөнгө хадгалж болно. Гэхдээ хувийн сүнслэг агуулахаа итгэл, үнэн, гэрчлэлээр дүүргэх хэрэгцээ ч гэсэн амин чухал болоод байна.

Бидний амьдралын эцсийн зорилго бол Бүтээгчтэйгээ уулзахад бэлтгэх явдал билээ. Бид өдөр бүр Аврагч Есүс Христтэй илүү адилхан болохыг хичээснээр уг зорилгодоо хүрдэг.2 Мөн бид өдөр болгон наманчилж, Түүний хүчирхэгжүүлэгч, эдгээгч, цэвэршүүлэгч хүчийг хүлээн авснаар тэрхүү зорилгодоо хүрдэг. Ингэснээр бид урт удаан үргэлжлэх амар амгалан, баяр баясгаланг хүнд хэцүү цагт ч мэдэрч чадна. Иймээс л Их Эзэн бидэнд ариун газруудад зогсогтун, мөн “бүү шилжин нүүлгэгд”3 гэж захисан юм.

Энэ жил бид дэлхийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэний 200 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Тэрхүү ер бусын үзэгдлийн үеэр Бурхан Эцэг Есүс Христ рүү заагаад, “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!”4 хэмээн хэлсэн.

Иосефт заасан тэр сургаал бидний хүн нэг бүрд хамаатай. Бид чадах бүхий л арга замаараа Есүс Христийг сонсохыг эрэлхийлэх ёстой. Тэрээр бидэнтэй Ариун Сүнсний хүч, тохинууллаар ярьдаг.

Энэ болон бүх цаг үеийн Ерөнхий чуулганы зорилго бол бидэнд Түүнийг сонсоход туслах явдал юм. Энэ чуулганы үеэр бид Их Эзэний Сүнс бидэнтэй хамт элбэг дэлбэг байгаасай хэмээн залбирсан бөгөөд та бүхнийг ч бас залбирахад урьж байна. Ийнхүү та нар Аврагчийн зөвхөн танд зориулсан, бодгальд тань амар амгаланг авчирч, харууссан зүрхийг тань эдгээн, оюун санааг тань гэрэлтүүлэх захиасыг сонсоно. Мөн та нар хүнд хэцүү, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа амьдралаа хэрхэн авч явахаа олж мэдэхэд туслах захиасуудыг сонсох боломжтой.

Та нарын сонсох захиас, танилцуулах онцгой зарлалууд мөн та бүхнийг оролцохыг уриалсан үйл ажиллагаанууд энэ чуулганыг та нарын хувьд дурсамжтай бөгөөд мартагдашгүй болгоосой хэмээн бид залбирч байна.

Жишээлбэл, ням гаргийн өглөөний хуралдааны төгсгөлд би ариун Хосанна магтаалд та бүхнийг удирдах үед бид дэлхий дахиныг хамарсан ариун хуралдай хийх болно. Дэлхий даяар нэгэн дуугаар Бурхан Эцэг болон Түүний Хайрт Хүүд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, өвөрмөц байдлаар магтан дуулах энэ үйл явдал та бүхний хувьд онцгой сүнслэг дурсамж болж үлдээсэй хэмээн бид залбирч байна.

Энэ ариун үйлийг гүйцэтгэхдээ бид халаасны цагаан, цэвэрхэн алчуур ашигладаг. Гэхдээ танд алчуур байхгүй бол гараараа даллаж болно. Хосанна магтаалын төгсгөлд цугларагсад найрал дуучидтай хамтран “Бурханы Сүнс”5 дууллыг дуулна.

Хүндэт, ах эгч нар аа, энэ чуулган сүрлэг сайхан болно. Бид Аврагчид болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлж байгаа тул энэ жил ер бусын байх болно. Энэ түүхэн чуулганы хамгийн чухал, урт удаан хугацаанд үлдэх нөлөө бол өөрсдийн зүрх сэтгэлийг өөрчилж, Түүнийг амьдралынхаа туршид сонсохоор эрэл хайгуулыг эхлүүлэх явдал байх юм.

2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганд тавтай морилно уу! Бидний Бурхан Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ бидэнд санаа тавьдгийг би мэднэ. Чуулганы энэ гайхамшигт хоёр өдрийн турш Тэдэнтэй ойр байхыг эрэлхийлж, Тэднийг хүндлэн дээдлэх тусам Тэд бидэнтэй хамт байх болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.