Ерөнхий чуулган
Амьд Христийн амьд гэрч
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амьд Христийн амьд гэрч

Мормоны Номын гол захиас бол хүн төрөлхтний аврал, өргөмжлөл дэх Есүс Христийн амин чухал үүргийн талаарх үнэн мэдлэгийг сэргээх явдал юм.

2017 оны хаврын нэгэн нарлаг өдөр Францын Парис ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөг маш сайхан явагдаж байх үеэр нэгэн гунигтай царайтай эрэгтэй хүн тайлбарлагч хөтөч дээр хүрч иржээ. Тэрээр ариун сүмийн хажууханд амьдардаг бөгөөд энэ барилга баригдахыг идэвхтэй эсэргүүцэж байснаа хүлээв. Тэрээр нэг өдөр байрныхаа цонхоор гадагш ширтэж суутал том өргөгч цамхаг тэнгэрээс Есүсийн хөшөөг доошлуулан, ариун сүмийн талбайд зөөлхөн тавихыг олж харснаа хэлжээ. Энэ явдал манай Сүмд хандах тэр хүний мэдрэмжийг бүрэн өөрчилсөн гэж тэр хэлэв. Тэр биднийг Есүс Христийн шавь нар гэдгийг ухаараад, учруулсан байж болох гэм хорынхоо төлөө уучлал гуйсан юм.

Зураг
Францын Парис ариун сүмд байрлуулсан хөшөө

Парис ариун сүмийг болон Сүмийн бусад эзэмшил газрыг чимэглэх Христ хэмээх хөшөө Аврагчийг хайрлах бидний хайрыг гэрчилдэг. Гантиг чулуун хөшөөний анхны хувилбарыг Данийн барималч Бэртэл Торвалдсэн 1820 онд буюу Анхны үзэгдэл үзэгдсэн онд бүтээжээ. Тухайн цаг үеийн ихэнх уран бүтээлч Христийн загалмай дээрх зовлон шаналлыг голчлон харуулдаг байсан бол харин уг бүтээл эрс ялгаатай байдаг. Торвалдсэны бүтээл нь үхлийг ялан дийлж, гараа дэлгэн, хүн бүрийг Өөр дээрээ ирэхэд урих амьд Христийг харуулдаг. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд эдэлсэн Түүний дүрслэхийн аргагүй зовлон шаналлыг гар, хөл дээрх хадаасны ормууд болон хавирган талын сорви гэрчилдэг.

Зураг
Христ хөшөөн дээрх дүрсэлсэн Христийн мутар

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидний энэ хөшөөг хайрлах нэг шалтгаан нь Мормоны Номон дахь Аврагчийн Америк тивд ирсэн тухай дүрслэл энэ хөшөөг санагдуулдагт оршиж байж болох юм.

Зураг
Есүс Христ Америк тивд айлчилсан нь

“Мөн болгоогтун, тэд тэнгэрээс бууж ирж буй Хүнийг үзэв; мөн тэрээр цагаан орхимжоор хувцаслагдсан байв; мөн тэрээр бууж ирээд мөн тэдний дунд зогсов; …

Мөнхүү улиран тохиох дор тэр мутраа урагш сунгаад мөн хүмүүст ярьж, өгүүлсэн нь:

Болгоогтун, би бол … Есүс Христ.

… Мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ.”1

Дараа нь Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүн болгоныг болон хүүхэд бүрийг урагшилж, Түүний хавирган талын сорвинд гараа хүргэж, Түүний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзээд Тэр үнэхээр удаан хүлээсэн Мессиа мөн гэдэг хувийн гэрчийг хүлээн авахыг хүссэн.2

Энэ гайхамшигт үйл явдал бол Мормоны Номын хамгийн оргил хэсэг билээ. Сайн мэдээний бүх “сайхан мэдээ” хүн бүрийг Аврагчид ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урихаар “нигүүлслийн мутраа”3 энэрэнгүйгээр сунгах Түүний энэ дүр төрхөд агуулагддаг.

Мормоны Номын гол захиас бол хүн төрөлхтний аврал, өргөмжлөл дэх Есүс Христийн амин чухал үүргийн талаарх үнэн мэдлэгийг сэргээх явдал юм. Энэ сэдэв нь удиртгал хуудаснаас хамгийн сүүлчийн бүлгийн хамгийн сүүлийн үгнээс хүртэл цуурайтдаг. Олон зууны урвалт, сүнслэг төөрөгдлөөс болж Христийн Гетсеманид мөн Голготад үйлдсэн зүйлсийн гүн утга учир алдагдсан эсвэл гуйвуулагдсан билээ. Иосеф 1 Нифайг орчуулж байхдаа дараах гайхамшигтай амлалтыг олж хараад, ямар их баярлаж байсан бол? “… Тэр хожмын цэдгүүд [Мормоны Ном], … эхний цэдгүүдийн [Библи] үнэнийг тогтоож, мөн эднээс авагдан зайлуулагдсан тэдгээр тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг мэдүүлэх бөлгөө; мөн бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч; мөн бүх хүмүүн түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй гэдгийг мэдүүлэх болно.”4

Аврагчийн Цагаатгалын талаарх тодорхой болоод эрхэм үнэт үнэнүүд Мормоны Номоор дүүрэн дуулддаг. Намайг эдгээр үнэнээс хэд хэдийг жагсаах үеэр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн эсвэл өөрчилж болохыг эргэцүүлэн бодоход би та бүхнийг урьж байна.

  1. Есүс Христийн Цагаатгал бол дэлхий дээр амьдарч байсан, амьдарч байгаа, ирээдүйд амьдрах бүх хүнд өгсөн үнэгүй бэлэг юм.5

  2. Христ бидний нүглийн ачааг үүрэхээс гадна бидний уй гашуу, сул дорой байдал, зовлон шаналал, өвчин гэх мэт мөнх бус амьдралд хүнд тохиолдох бүх зүдгүүрийг Өөртөө авсан. Бидний төлөө зовоогүй шаналал, өвдөлт, уйтгар гуниг гэж Түүнд байхгүй.6

  3. Аврагчийн цагаатгах золиос бидэнд бие махбодын үхэл зэрэг Адамын уналтын сөрөг үр дагаврыг давж гарах боломжийг олгодог. Христийн ачаар энэ дэлхий дээр төрсөн Бурханы бүх хүүхэд зөв шударга эсэхээсээ үл хамааран Амилуулалтын хүчээр7 сүнс мөн бие дахин нэгдэж, “үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр”8 Түүнд эргэж ирэх болно.

  4. Өөрөөр хэлбэл, Аврагчийн Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээн авах нь “Христийн сургаалаар”10 амьдрах бидний хичээл зүтгэлээс9 хамаардаг. Лихай зүүдэндээ амьдралын мод руу хөтөлдөг “давчуу бөгөөд нарийн замыг”11 хардаг. Христийн Цагаатгалын гайхалтай адислалаар илэрхийлэгддэг Бурханы хайрыг төлөөлөх тэр жимс нь “хамгийн үнэт мөн хамгийн хүсэл татам … [мөн] Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь билээ.”12 Энэ жимсэнд хүрэхийн тулд бид Есүс Христэд итгэж, наманчилж, “Бурханы үгийг анхааран сонсож,”13 чухал ёслолуудыг хүлээн авч, амьдралынхаа төгсгөл хүртэл ариун гэрээнүүдээ сахих хэрэгтэй.14

  5. Цагаатгалаараа дамжуулан Есүс Христ зөвхөн бидний нүглүүдийг угаагаад зогсохгүй, шавь нартаа “эгэл хүнээ”15 [орхиж], “шат шатаар”16 хөгжин дэгжиж, ариун байдлаа нэмэгдүүлж17 чадах хүчийг бас өгдөг бөгөөд тэгснээр нэгэн өдөр тэд Христийн төрхөнд төгс төгөлдөр нэгэн болоод,18 Бурхантай дахин амьдрах эрхтэй болж,19 тэнгэрийн хаант улсын бүх адислалыг өвлөн авах боломжтой болно.20

Мормоны Номд агуулагддаг бас нэгэн тайтгаруулагч үнэн бол Их Эзэний Цагаатгалын хамрах хүрээ нь хэмжээлшгүй, бүгдэд хүртээлтэй зүйл хэдий ч хүн нэг бүрд тохирсон гайхалтай хувийн чанартай бөгөөд дотно бэлэг юм.21 Есүс нифай үндэстний шавь бүрийг Өөрийн шархан дээр хүрч үзэхэд урьсан шиг, хүн нэг бүрийн төлөө таныг эсвэл намайг дэлхий дээрх цорын ганц хүн юм шиг бидний төлөө үхсэн билээ. Тэрээр биднийг Өөр дээр нь ирж, Цагаатгалынхаа гайхамшигт адислалуудаас хүртэх урилгыг өгдөг.22

Мормоны Номд гардаг гайхамшигтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээнүүдийг авч үзэхэд, Христийн Цагаатгалын жинхэнэ мөн чанар бүр ч илүү бодитой болдог. Тэдний дунд Инос, Алма, Зиезром, Лемонай хаан болон түүний эхнэр мөн Хаан Бенжамины хүмүүс ордог. Тэдний хөрвөлтийн түүх, эрч хүчтэй гэрчлэлүүд бидний зүрх сэтгэл хэрхэн өөрчлөгдөж болохын мөн Их Эзэний хязгааргүй сайн сайхан болон нигүүлслээр бидний амьдрал өөрчлөгдөхийн амьд гэрч болдог.23

Бошиглогч Алма ард түмнээсээ энэхүү хүчтэй асуултыг асуусан. Тэрээр “Хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?”24 гэсэн. Их Эзэний шавийн хувьд, өдөр бүр Түүний гэтэлгэх хүч бидэнд хэрэгтэй бөгөөд биднийг урамшуулж, өөрчлөх ёстой учраас өнөөдөр энэ асуулт тун чухал.

Алмагийн асуултыг ингэж тавьж болох юм. Та нар Аврагчийн Цагаатгалын гайхалтай нөлөөг амьдралдаа хамгийн сүүлд хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь танд “хурц мөн гашуун” баяр баясгалан25 ирж, зүрх сэтгэлд чинь таны нүглүүд уучлагдсан гэж гэрчлэхийг мэдрэх үед эсвэл хэцүү зовлон зүдгүүр гэнэт үүрэхэд хөнгөхөн болоход юм уу таны зүрх сэтгэл зөөлөрч, таныг гомдоосон нэгнийг уучилснаа илэрхийлэх үед тохиолддог билээ. Эсвэл бусдыг хайрлах, үйлчлэх чадавх тань нэмэгдэх бүрд юм уу ариусах үйл явц таныг Аврагчийн жишгийн дагуу өөр хүн болгож байгааг анзаарах тоолонд тохиолддог.26

Эдгээр явдал нь бодит бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан амьдрал өөрчлөгддөгийн баталгаа гэдгийг би гэрчилж байна. Мормоны Ном энэ ер бусын бэлгийн талаарх бидний мэдлэгийг тодорхой болгон өргөжүүлдэг. Та бүхэн энэ номыг судалж байхдаа таныг Өөр дээрээ ирэхийг урих амьд Христийн дуу хоолойг сонсох болно. Хэрэв та тэр урилгыг хүлээн авч, амьдралаа Аврагчийн жишгийн дагуу авч явбал Түүний гэтэлгэх нөлөө таны амьдралд ирэх болно гэдгийг би амлаж байна. Аврагч таныг өдрөөс өдөрт “төгс өдрийг хүртэл”27 Ариун Сүнсний хүчээр өөрчлөх болно. Та тэгээд Түүний хэлсэнчлэн “миний нүүрийг харж, намайг байдгийг мэдэх болно.”28 Есүс Христийн нэрээр, амен.