Ерөнхий чуулган
Тэр бидний өмнө явдаг
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Тэр бидний өмнө явдаг

Их Эзэн Өөрийн сайн мэдээний Сэргээлтийг болон Сүмийг удирдаж байна. Тэр ирээдүйг төгс мэддэг. Тэр таныг энэ ажилд урьж байна.

Хайрт ах, эгч нар аа, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү Ерөнхий чуулганд та нартай хамт байгаадаа талархаж байна. Энэхүү эцсийн эрин үед Их Эзэний Сүмийг сэргээсэн явдал биднийг болон бидний хайртай хүмүүсийг хэрхэн адисалсан арга замын талаар эргэцүүлэн бодоход ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон урихдаа энэ туршлагаа дурсамжтай байхын зэрэгцээ мартагдашгүй байх болно хэмээн амласан.

Та нарынхтай адил миний туршлага маш дурсамжтай байлаа. Харин мартагдашгүй байх эсэх нь бидний хүн нэг бүрээс шалтгаална. Энэ чуулганд бэлтгэсэн миний туршлага намайг өөрчилсөн тул мартахыг хүсэхгүй байгаа маань юу юунаас илүү чухал юм. Үүнийг одоо тайлбарлахыг зөвшөөрнө үү.

Би бэлтгэж байхдаа Сэргээлтийн үед тохиосон үйл явдлын талаар нэгэн цэдгийг уншсан юм. Би тэр үйл явдлын тухай олон удаа уншиж байсан ч энэ нь Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитийн оролцож байсан чухал цуглааны тайлан л байсан юм. Гэхдээ энэ удаад би Их Эзэн биднийг болон Өөрийн шавь нарыг мөн Сүмийг хэрхэн удирддаг түүхийг олж харсан юм. Эгэл бидний хувьд дэлхийн Аврагчаар буюу бүх зүйлийг, өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг Бүтээгчээр удирдуулах гэдэг нь юу гэсэн үг болохыг би олж харсан. Тэр бидэнд алхам алхмаар зааж, хэзээ ч хүчлэлгүй удирдаж байдаг.

Миний ярьж байгаа цуглаан нь Сэргээлтийн үеийн чухал цаг мөч байв. Энэ нь Огайогийн Көртландын ариун сүмд онцгойлон адислагдсанаас нь хойш долоо хоногийн дараа буюу 1836 оны 4-р сарын 3-ны Хүндэтгэлийн өдөр болсон юм. Иосеф Смит дэлхийн түүхэнд болсон энэхүү агуу цаг мөчийг энгийнээр дүрслэн өгүүлжээ. Энэ түүхийн ихэнх нь Сургаал ба Гэрээний 110-р хэсэгт цэдэглэгдсэн байдаг.

“Үдээс хойш энэ өдөр ариун ёслолын ширээний дэргэд ажиллах нь тэдний онцгой боломж байсан Арван хоёроос үүнийг хүлээж аван, Сүмд Их Эзэний Зоогийг түгээхэд бусад ерөнхийлөгчдөд би тусалж байлаа. Ах нартаа энэ үйлчлэлийг гүйцэтгэсний дараа индэрт эргэн гарч ирэхэд, хөшиг доош бууж мөн бибээр Оливер Каудерийн хамт онцгой хүндэтгэлийн хийгээд чимээгүй залбиралд өвдөг сөхрөв. Залбирлаас босч ирсний дараа бид хоёрт дараах үзэгдэл нээгдсэн болой.”1

“Хөшиг нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа.

Индрийн хашлага дээр, бидний өмнө зогсч буй Их Эзэнийг бид харав; мөн түүний хөлөн дор хув шиг өнгөтэй шижир алтаар бүрсэн тавцан байлаа.

Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой өгүүлэн;

Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ.

Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та нарт; миний өмнө цэвэр болой та нар; тиймийн тул, тэргүүнээ өргөж мөн баясагтун.

Ах дүүсийн чинь зүрх сэтгэл баясаг, мөн өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг.

Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно.

Тийм ээ, хэрэв миний хүмүүс зарлигуудыг минь сахьж, мөн энэ ариун өргөөг бохирлохгүй байх аваас, би өөрийн үйлчлэгчдэд хүрч ирэх болно.

Тийм ээ, юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно.

Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

Энэ үзэгдэл хаагдсаны дараа, тэнгэр бидэнд дахин нээгдэв; мөн Мосе бидний өмнө хүрч ирэн, мөн умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг бидэнд даатгав.

Үүний дараа Елиас хүрч ирэн, мөн бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.

Энэ үзэгдэл хаагдсаны дараа, өөр нэгэн агуу хийгээд алдар суут үзэгдэл бидэн дээр гэнэт эхлэв; учир нь үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсч байв, мөн хэлсэн нь:

Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж---Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ---

Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.

Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө.”2

Би энэ түүхийг олон удаа уншиж байсан. Энэхүү түүх үнэн гэдгийг Ариун Сүнс надад баталсан. Гэхдээ би энэ чуулганд бэлдэж, суралцаж байхдаа Их Эзэний Өөрийн ажилд шавь нараа нарийвчлан удирддаг хүчийг илүү тод томруун харж чадсан юм.

Мосег Көртландын ариун сүмд Израилын цугларалтын түлхүүрийг Иосефт өгөхөөс долоон жилийн өмнө “Иосеф Мормоны Номын нүүр хуудаснаас үүний зорилго нь ‘Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тул, тэд үүрд зайлуулагдахгүй байхын тул … Израилын угсааны үлдэгдэлд үзүүлэх’ явдал гэдгийг сурсан. 1831 онд Их Эзэн Израилын цугларалт Көртландад эхлэх болно хэмээн, ‘мөн тэндээс [Көртландаас] миний хүссэн хэн ч бай бүх үндэстнүүдийн дотор урагш одох ёстой … учир нь Израил аврагдах болно, мөн бибээр тэднийг … хөтлөн дагуулах болно’”3 хэмээн Иосефт хэлжээ.

Израилыг цуглуулахад номлолын ажил шаардлагатай байсан ч Их Эзэн анхны номлогчдын маань хэсэг болсон Арван хоёрт “Санагтун, та нар өөрсдийн хишгийг хүлээн авахаас нааш бусад улс орон руу явах ёсгүй”4 хэмээн заахыг Өөрийн удирдагчдад сүнслэгээр өдөөсөн юм.

Көртландын ариун сүм нь Их Эзэний алхам алхмаар гаргасан төлөвлөгөөнд наад зах нь хоёр шалтгаанаар маш чухал байсан бололтой. Үүнд: Нэгдүгээрт, Мосе Израилын цугларалтын түлхүүрүүдийг сэргээхийн тулд ариун сүмийг баригдаж дуустал хүлээсэн. Хоёрдугаарт, ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Их Эзэн эрх мэдлийн түлхүүрүүдийг илчлэхийн тулд, мөн төлөөлөгчид хишгийг хүртэн, эцсийн удаа түүний жимсний талбайг тайрахад бэлтгэхийн тулд Тэрээр гэгээнтнүүдэд ариун сүмийг [Көртландын ариун сүмийг] барихыг зарлигласан”5 хэмээн заажээ. Хэдийгээр өнөөгийн бидний мэддэг ариун сүмийн хишгийг Көртландын ариун сүмд гүйцэтгээгүй ч бошиглолын биелэл болгон ариун сүмийн бэлтгэл ёслолуудыг энд танилцуулж эхлэхийн зэрэгцээ сүнслэг илэрхийллүүд цутгах болов. Ийн номлолд дуудагдсан хүмүүсийг “дээрээс ирэх хүч чадлын” амлагдсан хишгээр зэвсэглэснээр номлолын ажлаар дамжуулан агуу цугларалтыг явуулах боломж олгосон юм.6

Израилыг цуглуулах түлхүүрүүд Иосефт итгэмжлэгдсэний дараа Их Эзэн Арван хоёрын гишүүдийг номлолд илгээх сүнслэг өдөөлтийг бошиглогчид өгчээ. Суралцах явцдаа, хүмүүс нь итгэхийн зэрэгцээ тэднийг дэмжихэд бэлтгэгдсэн харийн нутаг руу Арван хоёрыг номлолд явуулах замыг Их Эзэн нарийвчлан бэлтгэсэн байсныг би маш тодорхой харсан юм. Тэр үед тэднээр дамжуулан мянга мянган хүн Их Эзэний сэргээгдсэн Сүмд авчрагдсан билээ.

Бидэнд байгаа мэдээ баримтаас үзэхэд, Британийн арлуудад хийсэн Арван хоёрын хоёр удаагийн номлолын туршид 7500-аас 8000 хүн баптисм хүртсэн ажээ. Энэ нь Европт номлолын ажлын суурийг тавьсан юм. 19-р зууны сүүл гэхэд 90000 орчим хүн Америк руу цагаачилж, эдгээрийн ихэнх нь Британийн арлуудаас болон Скандинаваас ирсэн.7 Их Эзэн Иосефыг болон эдгээр итгэлтэй номлогчийг тухайн үед өөрсдийнх нь хэрээс хэтэрсэн мэт санагдсан ажилд ургац хураалгахаар сүнслэгээр өдөөсөн аж. Гэхдээ Их Эзэн Өөрийн төгс хараа, бэлтгэлийн ачаар үүнийг боломжтой болгосон.

Та нар Сургаал ба Гэрээний 110-р хэсэгт гардаг энгийн атлаа бараг уянгын шүлэг мэт үгсийг санаж байгаа.

“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—

Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.

Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө.”8

Их Эзэн алс ирээдүйг харж, хожмын өдрүүдэд зорилгыг нь биелүүлэхэд туслах биднийг хэрхэн удирдахаа мэдэж байсан гэдгийг би гэрчилж байна.

Олон жилийн өмнө би Тэргүүлэх Бишопын Зөвлөлд үйлчилж байхдаа FamilySearch хэмээн нэрлэсэн хөтөлбөрийг бүтээсэн загвар гаргаж, боловсруулан хөгжүүлэх бүлгийг хариуцах үүрэг хүлээсэн юм. Би үүнийг “удирдсан” гэлгүй “хариуцсан” гэж болгоомжлон хэлдэг. Гаргуун мэдлэг, мэргэжилтэй олон хүн ажил мэргэжлээ орхиж, Их Эзэний хүссэн зүйлийг бүтээн босгохоор ирсэн юм.

Тэргүүн Зөвлөл ёслолуудыг давхардуулан гүйцэтгэж байгааг цөөрүүлэх зорилго тавьсан байв. Тэдний санааг зовоож байсан гол асуудал бол бид хувь хүний ёслолуудыг өмнө нь гүйцэтгэсэн байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан явдал байлаа. Олон жилийн туршид, олон жил мэт санагдсан байж ч болох юм. Тэргүүн Зөвлөл надаас “Та хэзээ хийж дуусгах гэж байна вэ?” гэж асуудаг байв.

Залбирал, шаргуу хөдөлмөр мөн чадварлаг хүмүүсийн хувийн золиосын ачаар уг ажлыг хийж дууссан юм. Үүнийг алхам алхмаар хийсэн. Эхний даалгавар бол FamilySearch-ийг компьютер сайн ашиглаж чаддаггүй хүмүүст зориулан ашиглахад амархан болгох явдал байв. Өөр олон өөрчлөлт хийгдсэн ба хойшид ч хийгдэх болно. Учир нь хэн нэгний сүнсээр өдөөгдсөн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхлэхэд л бид яг адил чухал ч хараахан мэдэгдэхгүй байсан өөр нэг зүйлийг сайжруулах нэмэлт илчлэлт хүлээн авах үүд хаалга нээгдэж байсан. Өнөөдөр ч гэсэн FamilySearch нь зөвхөн ёслолуудыг давхардуулахаас сэргийлээд зогсохгүй, Их Эзэний Сэргээлтэд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэгэн хэсэг болоод байна.

Их Эзэн хүмүүст өвөг дээдэстэйгээ танилцаж, бүр тэднийг хайрлаж мөн ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэхэд туслах ажлаа сайжруулах боломж олгосон. Их Эзэн юу болохыг баттай мэдэж байсан. Одоо залуучууд маань эцэг эх, тойргийн гишүүддээ компьютер зааж өгч байна. Тэд бүгдээрээ энэ үйлчлэлээсээ асар их баяр баясгалан олж байгаа билээ.

Елиагийн сүнс хөгшин залуу, эцэг эх, хүүхэд, ач зээ, өвөө эмээ нарын зүрх сэтгэлийг өөрчилж байна. Ариун сүмүүдэд баптисм хүртээх, өөр бусад ариун нандин ёслолын цагийг баяртайяа товлох цаг удахгүй ирнэ. Өвөг дээдэстээ үйлчлэх хүсэл болон эцэг эх, үр хүүхдийн хоорондын холбоо бэхэжсээр байна.

Их Эзэн энэ бүх зүйл тохионо гэдгийг мэдэж байсан. Тэр үүнийг Өөрийн Сүм дэх бусад өөрчлөлтийн адил алхам алхмаар төлөвлөсөн. Тэр хүнд хэцүү зүйлсийг маш сайн хийх сонголт гаргаж чаддаг итгэлтэй хүмүүсийг өсгөж, бэлтгэсэн юм. Тэр бидэнд “алхам алхмаар, шат шатаар энд бяцхан мөн тэнд бяцханыг”9 сурч мэдэхэд туслахдаа үргэлж тэвчээртэй хандсаар ирсэн. Тэр Өөрийн хүсэл зорилгод хүрэх цаг хугацаа, дэс дарааллаа хатуу чанд баримталдаг ч золиос нь ихэвчлэн бидний урьдаас хараагүй адислал мөн гэдгийг эсвэл үүнийг авчирдагийг батлан харуулдаг.

Би Их Эзэнд талархлаа илэрхийлж, хэлэх үгээ төгсгөе. Тэрээр ерөнхийлөгч Нэлсонд сүнслэгээр нөлөөлж, намайг золиос гарган, энэ чуулганд бэлтгэхэд урьсан юм. Бэлтгэхэд зарцуулсан цаг мөч, залбирал бүр надад адислал авчирсан.

Энэ захиасыг сонсож, эдгээр үгийг уншиж байгаа бүх хүнийг Их Эзэн Өөрийн Сүмийг болон сайн мэдээний Сэргээлтийг удирдаж байгаа гэдэгт итгэлтэй байхад урьж байна. Тэр бидний өмнө явдаг. Тэр ирээдүйг төгс мэддэг. Тэр таныг энэ ажилд урьдаг. Тэр тантай хамт үүнд нэгддэг. Түүнд таны үйлчлэлд зориулсан төлөвлөгөө бий. Та золиос гаргасан ч Түүнийг ирэлтэд бэлдэхэд бусдад тусалснаар баяр баясгаланг мэдрэх болно.

Бурхан Эцэг амьд гэдгийг би та нарт гэрчилж байна. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Тэрээр та нарыг мэддэг бөгөөд хайрладаг. Тэр таныг удирдан залдаг. Тэр танд зориулан арга зам бэлдсэн байгаа. Есүс Христийн ариун нэрээр, амен.