Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 13

Харийнханы дунд чөтгөрийн сүм байгуулагдахыг, Америкийг нээж бас түрэмгийлэн эзлэхийг, Библийн судраас олон тодорхой хийгээд эрхэм үнэт хэсгүүд нь алдагдахыг, үүний дүнд харийнханы урвалт гарахыг, сайн мэдээний сэргээлтийг, хожмын үеийн судар гарч ирэхийг, мөн Сион сүндэрлэн баригдахыг Нифай үзэгдэлд харав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэнгэр элч надад ярьж, хэлрүүн: Харагтун! Мөн би харж бас олон үндэстэн болон хаант гүрнүүдийг болгоов.

2Мөн сайхь тэнгэр элч надад: Юуг болгоонов та? хэмээв. Мөн би: Миний бие олон үндэстэн болоод хаант улсуудыг болгооно хэмээв.

3Мөн тэрээр надад хандан: Эдгээр нь харийнханы үндэстнүүд болон хаант улсууд бөлгөө хэмээв.

4Мөнхүү улиран тохиох дор би харийнханы үндэстнүүдийн дунд агуу сүмийн үүслийг харав.

5Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Бусад бүх сүмүүдээс хамгийн жигшүүрт, Бурханы гэгээнтнүүдийг хороогч, тийм ээ, тэднийг тарчилгаж бас тэднийг буулгалан, мөн төмөр буулганд тэднийг хөллөн, мөн тэднийг боолчлолд хүргэгч тэрхүү сүмийн үүслийг болгоогтун хэмээв.

6Мөнхүү улиран тохиох дор би энэхүү агуу хийгээд жигшүүрт сүмийг болгоов; мөн үүнийг үүсгэгч нь чөтгөр байсныг би харав.

7Мөн түүнчлэн би алт, бас мөнгө, бас торго, бас гал улаан нөмрөг, бас нарийн нэхээст эд, бас бүх төрлийн тансаг хувцсыг би харав; мөн олон янхан эмсийг би харсан бөлгөө.

8Мөн сайхь тэнгэр элч надад хандан ярьж, өгүүлсэн нь: Алтыг, бас мөнгийг, торгыг, гал улаан нөмрөгийг, бас нарийн нэхээст эдийг, тансаг хувцсыг, бас янхан эмсийг болгоогтун, эдгээр нь энэ агуу хийгээд жигшүүрт сүмийн хүслэн болохыг буюу.

9Мөн түүнчлэн тэд дэлхийн магтаалын төлөө Бурханы гэгээнтнүүдийг устгаж, мөн тэднийг боолчлолд оруулах бөлгөө.

10Мөнхүү улиран тохиох дор би харж мөн их усыг болгоов; мөн тэр нь харийнханыг миний ах нарын үр удмаас тусгаарлаж байв.

11Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан хэлэв: Болгоогтун Бурханы хилэгнэл ах нарын тань үр удам дээр байх буюу.

12Мөн би харж бас харийнханы дунд буй, их усаар ах нарын маань үр удмаас тусгаарлагдсан нэгэн хүнийг болгоов; мөн би Бурханы Сүнс доош бууж мөн тэр хүний дээр нөлөөлөхийг болгоов; мөн тэрбээр урагшлан их усанд одож, бүр амлагдсан нутагт байсан ах нарын маань үр удамд хүрэв.

13Мөнхүү улиран тохиох дор харийнханы өөр зарим дээр нь Бурханы Сүнс нөлөөлснийг би болгоов; мөн тэд боолчлолоос гарч, их усанд одсон болой.

14Мөнхүү улиран тохиох дор амлалтын нутагт харийнханы олон ард түмэн байхыг би болгоов; мөн Бурханы хилэгнэл ах нарын маань үр удмын дээр байсныг би болгоов; мөн тэд харийнханы өмнө тараагдаж бас бут цохигдсон болой.

15Мөн би Их Эзэний Сүнсийг, тэр нь харийнхан дээр байсныг, мөн тэд дэгжиж өв залган эзэмших нутагтай болсныг болгоов; мөн тэд цагаан байсныг, бас үлэмж хонгор мөн үзэсгэлэн гоо, миний ардын хөнөөгдөхөөсөө өмнө байсантай адил байхыг би болгоов.

16Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, боолчлолоос ангижран гарсан харийнхан Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгахыг болгоов; мөн Их Эзэний хүч тэдэнтэй орших буюу.

17Мөн эх нутгийнхан нь болох тэр Харийнхан тэдний эсрэг тулалдахаар усан дээр, түүнчлэн газар дээр ч нэгдэн цугларсан байхыг би болгоов.

18Мөн Бурханы хүч тэдэнтэй оршиж, мөн Бурханы хилэгнэл тэдний эсрэг тулалдахаар нэгдэн цугларах тэд бүгдийн дээр байхыг түүнчлэн би болгоов.

19Мөн би, Нифай, боолчлолоос гарсан харийнхан, Бурханы хүчээр бусад бүх үндэстний гараас чөлөөлөгдөхийг үзэв.

20Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, тэд уг нутагт дэвжсэнийг болгоов, мөн тэдний дунд тараагдсан нэгэн номыг би үзэв.

21Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Уг номын учрыг мэдэх үү та? хэмээв.

22Мөн би түүнд хандан: Миний бие мэдэх нь үгүй хэмээв.

23Мөн тэрбээр: Болгоогтун, энэ нь Иудейн амнаас гарсан бөлгөө. Мөн би, Нифай, үүнийг болгоов; мөн тэрээр надад хандан хэлэв: Таны болгоож буй ном нь Их Эзэний Израилын угсаатай хийсэн гэрээг тээсэн иудейчүүдийн цэдэг бөлгөө; мөн энэ нь түүнчлэн ариун бошиглогчдын олон бошиглолыг агуулах буюу; мөн энэ нь гуулин ялтсууд дээр сийлэгдсэн тэдгээртэй адил цэдэг, гэвч тэдгээр нь тийм ч олон биш болой; тийм боловч, тэдгээр нь Израилын угсаатай хийсэн Их Эзэний гэрээнүүдийг агуулдаг; иймийн тул, тэдгээр нь харийнханд агуу их үнэт зүйл билээ.

24Мөн Их Эзэний сайхь тэнгэр элч надад хандан хэлэв: Та уг ном Иудейн амнаас гарсныг болгоосон буюу; мөн энэ нь Иудейн амнаас гарахдаа арванхоёр төлөөлөгчийн гэрчлэх тэр Их Эзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулж байв; мөн тэд Бурханы Хурганд орших үнэний дагуу гэрчлэх буюу.

25Иймийн тул, эдгээр зүйлүүд нь Бурханд орших үнэний дагуу иудейчүүдээс одож харийнханд цэврээрээ очих бөлгөө.

26Мөн тэдгээр нь Хурганы арванхоёр төлөөлөгчийн гараар иудейчүүдээс харийнханд хүргэгдсэний дараа, агуу хийгээд жигшүүрт сүмийн үүслийг, бусад бүх сүмүүдээс хамгийн жигшүүрт түүнийг та үзэж буй бөлгөө; учир нь болгоогтун, тэд Хурганы сайн мэдээнээс олон тодорхой болоод хамгийн эрхэм үнэт хэсгүүдийг зайлуулан авсан; мөн түүнчлэн Их Эзэний олон гэрээг тэд авч зайлуулсан бөлгөө.

27Мөн тэд энэ бүгдийг үйлдсэн тэд Их Эзэний зөв замуудыг гажуудуулж болохын тулд, тэд хүмүүний үрсийн мэлмийг сохолж бас зүрх сэтгэлийг хатууруулахын тулд болой.

28Иймийн тул, тэр ном агуу хийгээд жигшүүрт сүмийн гараар дамжсаны дараа, олон тодорхой болоод эрхэм үнэт зүйл Бурханы Хурганы ном болох тэрхүү номноос авч зайлуулагдсаныг та харсан бөлгөө.

29Мөн эдгээр тодорхой болоод эрхэм үнэт зүйлүүд зайлуулагдсаны дараа энэ нь харийнханы бүх үндэстнүүдэд очих болно; мөн, тийм ээ, бүр харийнхан боолчлолоос гарч одоход таны харсан тэр их усыг гатлан энэ нь харийнханы бүх үндэстнүүдэд очсоны дараа—Бурханы Хурган дахь илэрхий байдлын дагуу хүмүүний үрсийн ойлголтонд илэрхий болох, уг номноос зайлуулагдсан, олон тодорхой болоод эрхэм үнэт зүйлүүдийн учир—Хурганы сайн мэдээнээс зайлуулагдан авагдсан эдгээр зүйлүүдийн учир, үлэмж агуу олон нь бүдрэхийг, тийм ээ, үүний хэрээр Сатан тэднийг агуу хүчээр эзэмдэхийг та үзэж буй нь энэ болой.

30Хэдий тийм ч, боолчлолоос гарч явсан тэр, Их Эзэн Бурхан таны эцэгтэй, түүний үр удам өв залгамжлан эзэмших болно хэмээн гэрээ байгуулсан тэр, мөн нутгийн гадаргуу дээрх бусад бүх нутгуудаас дээгүүр хэмээгдэх сонгомол, тэр нутагт Бурханы хүчээр бүх үндэстнүүдийн дээр өргөмжлөгдсөн харийнхан; иймийн тул, ах нарын тань дунд буй таны үр удмын цусыг бүрмөсөн устгахыг Их Эзэн Бурхан харийнханд үл зөвшөөрөхийг та харж байна.

31Тэрбээр, харийнхан ах нарын тань үр удмыг устгахыг ч басхүү үл тэвчих бөлгөө.

32Үүслийг нь таны харсан тэр жигшүүрт сүмээр далдлагдсан тэр Хурганы сайн мэдээний тодорхой болоод эрхэм үнэт хэсгүүдийн учир харийнханы орсон байхыг нь таны харж буй аймшигтай нүдэн балай байдалд үүрд үлдэхийг ч Их Эзэн Бурхан үл тэвчинэ.

33Иймийн тул Бурханы Хурга хэлэв: Би харийнханд нигүүлсэнгүй хандахын тулд Израилын угсааны үлдэгдэлд агуу их шүүлтээр зочлох болно.

34Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний тэнгэр элч надад хэлэв: Болгоогтун, Бурханы Хурга өгүүлсэн нь, намайг Израилын угсааны үлдэгдэлд зочилсны дараа—мөн миний ярьж буй энэ үлдэгдэл нь эцгийн тань үр удмынх юм—иймийн тул, би тэдэнд шүүлтээр зочилж, мөн Харийнханы гараар тэднийг цохьсны дараа, мөн янхан эмсийн эх болсон жигшүүрт сүмээр далдлагдсан, Хурганы сайн мэдээний хамгийн тодорхой болоод эрхэм үнэт хэсгүүдийн нь учир харийнхан үлэмж ихээр бүдэрсний дараа, Хурга өгүүлрүүн—тэр өдөр би харийнханд нигүүлсэнгүй хандах болно, үүний хэрээр би тэдэнд өөрийн хүчээр, тодорхой болоод эрхэм үнэтэй байх миний сайн мэдээнээс ихийг авчрах болно хэмээн Хурга хэлэв.

35Учир нь болгоогтун, Хурга хэлсэн нь: Би өөрийгөө чиний үр удамд үзүүлэх учир, миний тэдэнд тохинуулах, тодорхой болоод эрхэм үнэт олон зүйлийг тэд бичиглэх болно; мөн чиний үр удам, мөн түүнчлэн ах нарын чинь үр удам устгагдан, итгэлгүйдээ бууран доройтсоны дараа, болгоогтун, эдгээр зүйлүүд харийнханд Хурганы хүч болон бэлгээр ирэхийн тул далдлагдах болно.

36Мөн миний хад болон миний аврал, миний сайн мэдээ тэдгээрт бичиглэгдэх болно гэдгийг Хурга хэллээ.

37Мөн миний Сионыг байгуулахыг тэр өдөр эрэлхийлэх тэд адислагдсан болой; учир нь, тэдэнд Ариун Сүнсний бэлэг болон хүч байх буюу; мөн хэрэв тэд эцсээ хүртэл тэвчвээс тэд хожмын өдөр өргөмжлөгдөх ажгуу, мөн Хурганы үүрдийн хаант улсад аврагдах болно; мөн амар амгаланг, тийм ээ, агуу их баярт мэдээг зарлах хэн боловч, уулсын дээр тэд хичнээн үзэсгэлэнтэй байх билээ.

38Мөнхүү улиран тохиох дор би ах нарынхаа үр удмын үлдэгдлийг, мөн түүнчлэн Иудейн амнаас гарч ирсэн Бурханы Хурганы номыг, тэр нь харийнханаас ах нарын маань үр удмын үлдэгдэлд хүрч ирснийг болгоов.

39Мөн энэ нь тэдэнд ирсний дараа, харийнханаас тэдэнд Хурганы хүчээр ирсэн, харийнхан болон ах нарын маань үр удмын үлдэгдэлд, мөн түүнчлэн газрын гадаргуугаар нэг тархсан байсан иудейчүүдэд бошиглогчдын мөн Хурганы арванхоёр төлөөлөгчийн цэдгүүд үнэн гэдэгт итгүүлэх бусад номуудыг би болгоов.

40Мөн тэнгэр элч надад хандан ярьж, хэлсэн нь: Таны харийнханы дунд харсан тэр хожмын цэдгүүд, Хурганы арванхоёр төлөөлөгчийнх болох эхний цэдгүүдийн үнэнийг тогтоож, мөн эднээс авагдан зайлуулагдсан тэдгээр тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг мэдүүлэх бөлгөө; мөн бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч; мөн бүх хүмүүн түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй гэдгийг мэдүүлэх болно.

41Мөн тэд Хурганы амаар тогтоогдох үгсийн дагуу ирэх ёстой; мөн Хурганы үгс таны үр удмын цэдгүүдэд Хурганы арванхоёр төлөөлөгчийн цэдгийн нэгэн адилаар мэдүүлэгдэх бөлгөө; иймийн тул тэд хоёул нэгдмэл байдлаар бүтээгдэх болно; учир нь бүх дэлхий даяар нэг Бурхан мөн нэг Хоньчин буй.

42Мөн тэрбээр бүх үндэстэнд, иудейчүүдэд мөн түүнчлэн харийнханд аль алинд нь өөрийгөө үзүүлэх тэр цаг ирэх болно; мөн тэрээр иудейчүүдэд түүнчлэн харийнханд өөрийгөө үзүүлсний дараа, тэгээд тэрээр харийнханд түүнчлэн иудейчүүдэд өөрийгөө үзүүлэх болно, мөн эцсийнх нь эхэнд, мөн эхнийх нь эцэст байх болно.