Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 20

Их Эзэн өөрийн зорилгуудыг Израилд илчлэв—Израил зовлон зүдгүүрийн зууханд сонгогдож мөн Вавилоноос явах бөлгөө—Исаиагийн 48-тай харьцуул. Ойролцоогоор мэө 588–570 он.

1Сонсоцгоо мөн үүнийг анхаар, ай Иаковын угсаа, Израилын нэрээр нэрлэгдсэн, мөн Иудейн уснаас, өөрөөр хэлбэл баптисмын уснаас гарч ирсэн та нар, Их Эзэний нэрээр тангараглах, мөн Израилын Бурханыг дурдах та нар, тийм хэдий ч тэд үнэнээр бус тангарагладаг бас зөв шударгаар ч бус болой.

2Гэсэн хэдий ч, тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлэдэг, гэвч тэд өөрсдөө Израилын Бурханд, Түмний Их Эзэн түүнд тулгуурладаггүй; тийм ээ, Түмний Их Эзэн гэж түүний нэр болой.

3Болгоогтун, би урьдын зүйлийг эхлэлээс тунхагласан болой; мөн тэдгээр нь миний амнаас гарч, мөн би тэдгээрийг үзүүлсэн бөлгөө. Би тэдгээрийг гэнэтхэн үзүүлсэн билээ.

4Мөн би үүнийг хийсэн учир нь би та нарын гөжүүдийг, мөн та нарын хүзүү төмөр шөрмөс, мөн та харын магнай гуулин гэдгийг мэддэг байлаа.

5Мөн би бүр эхлэлээс та нарт тунхагласаар ирсэн; энэ нь улиран тохиохоос урьд би та нарт тэдгээрийг үзүүлсэн; мөн та нар—Миний хиймэл шүтээн тэдгээрийг хийсэн, мөн миний зормол дүрс, мөн миний цутгамал дүрс тэдгээрийг зарлигласан гэж хэлэх болуузай хэмээн эмээсэн учир би тэдгээрийг үзүүлсэн юм.

6Та нар энэ бүхнийг харж бас сонссон билээ; мөн та нар тэдгээрийг тунхаглахгүй гэж үү? Мөн би та нарт энэ цагийн шинэ зүйлийг, бүр далдлагдсан зүйлийг үзүүлсэн, мөн та нар тэдгээрийг мэдээгүй байсан буюу.

7Тэдгээр нь эдүгээ бүтээгдсэн, мөн эхлэлээс бус, бүр та тэдгээрийг сонсоогүй тэр өдрөөс өмнө тэдгээр нь танд тунхаглагдсан, таныг—Болгоогтун би тэдгээрийг мэдсэн хэмээн хэлүүлэхгүйн тул буюу.

8Тийм ээ, мөн та нар сонссон нь үгүй; тийм ээ, та нар мэдсэн нь үгүй; тийм ээ, тэр цагаас сонор тань нээгдээгүй байлаа; учир нь би та нарын ихэд итгэл эвдэн үйлдэхийг, мөн хэвлийд байхаасаа зөрчигч хэмээн нэрлэгдсэнийг мэдсэн билээ.

9Гэсэн хэдий ч, өөрийн алдар суугийн төлөө би өөрийн хилэнг саатуулан, мөн өөрийгөө магтуулахын тулд би та нарыг тусгаарлахгүй тэвчинэ.

10Учир нь болгоогтун, би чамайг цэвэршүүлсэн, би чамайг зовлон зүдгүүрийн зууханд сонгосон бөлгөө.

11Миний өөрийн тусын тулд, тийм ээ, миний өөрийн тусын тулд би үүнийг хийнэ, учир нь миний нэр гутаагдахыг би үл тэвчинэ, мөн би өөрийн алдар сууг өөр нэгэнд өгөхгүй.

12Намайг сонсоцгоо, ай Иаков, мөн миний дуудсан Израил, учир нь би бол тэр; би бол эхнийх, мөн түүнчлэн би бол эцсийнх.

13Миний мутар түүнчлэн дэлхийн суурийг тавьсан юм, мөн миний баруун мутар тэнгэр хурмастыг асарласан бөлгөө. Би тэдэнд дуудан хэлж мөн тэд нэгдэн тогтох болно.

14Та нар бүгд, чуулан цуглар, мөн сонс; хэн тэдний дунд байж эдгээр зүйлийг тэдэнд тунхагласан билээ? Их Эзэн түүнийг хайрласан; тийм ээ, мөн тэрээр тэднээр тунхаглуулсан өөрийн үгийг тэр гүйцэлдүүлэх болно; мөн тэрээр Вавилонд өөрийн тааллаар үйлдэж, мөн түүний мутар халдейчууд дээр ирэх болно.

15Түүнчлэн, Их Эзэн хэлнэ; би Их Эзэн, тийм ээ, би ярьсан; тийм ээ, би тунхаглуулахын тул түүнийг дуудсан билээ, би түүнийг авчирсан, мөн тэрээр түүний замыг дэвжих болгоно.

16Та нар надад ойртон ир; би далдуур ярьсангүй; эхлэлээс, үүний тунхаглагдсан тэр цагаас би ярьсан; мөн Их Эзэн Бурхан, мөн түүний Сүнс намайг илгээсэн бөлгөө.

17Мөн Их Эзэн, чиний Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн хэлэв; би түүнийг илгээсэн, Их Эзэн чиний Бурхан тусыг олохыг чамд сургасан тэр, чиний явбал зохих тэр замаар чамайг удирдах тэрбээр, үүнийг үйлдсэн бөлгөө.

18Ай чи миний зарлигуудыг дуулсан болоосой—тэгсэн бол амар амгалан чинь гол мэт, мөн зөв шударга далайн давалгаа мэт байхсан буюу.

19Чиний үр удам түүнчлэн элсний ширхэг мэт байхсан; биеэс тасрах үр удам чинь далайн хайрга чулуу мэт байхсан; түүний нэр миний өмнө арилгагдах учиргүй, устгагдах ч үгүй болой.

20Та нар Вавилоноос яв, та нар халдейчуудаас зугт, та нар магтан дуулах дуугаар тунхагла, дэлхийн хязгаарт сонсго, үүнийг хэл; та нар: Их Эзэн өөрийн зарц Иаковыг гэтэлгэв хэмээн хэлэх буюу.

21Мөн тэд цангасан нь үгүй; тэрээр тэднийг цөлийг гаталган удирдсан; тэдний төлөө тэрээр хаднаас ус үерлүүлсэн; тэрээр түүнчлэн хадыг хагалахад ус асгарсан билээ.

22Мөн тэрээр энэ бүгдийг, мөн түүнчлэн илүү агуу хийсэн хэдий ч, Их Эзэн хэлсэнчлэн, ёсон бусыг үйлдэгчдэд амар амгалан үгүй болой.