Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 15

Хожмын өдрүүдэд Лихайн үр удам харийнханаас сайн мэдээг хүлээн авах болно—Унаган мөчрүүд нь дахин залгагдах чидуны модтой Израилын цугларалт адилтгагдсан бөлгөө—Нифай амьдралын модны тухай үзэгдлийг тайлбарлаж мөн ёсон бусыг үйлдэгчдийг зөв шударгыг үйлдэгчдээс салгах Бурханы шударга ёсны тухай ярив. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, сүнсэнд автагдан байж, мөн эдгээр бүх зүйлийг үзсэний дараа эцгийнхээ майханд эргэж ирэв.

2Мөнхүү улиран тохиох дор би ах нараа харав, мөн тэд миний эцгийн тэдэнд ярьсан зүйлүүдийн талаар өөр хоорондоо маргалдаж байв.

3Учир нь Их Эзэнээс эс асуух аваас хүмүүн ойлгоход бэрх олон агуу зүйлийг тэдэнд тэрбээр үнэнээр ярив; мөн тэд зүрх сэтгэлдээ хатуурхсаны учир, тиймийн тул тэд Их Эзэнд зохих ёсоор найдсан нь үгүй.

4Мөн эдүгээ би, Нифай, тэдний зүрх сэтгэл хатуугийн учир, мөн түүнчлэн, өөрийн үзсэн зүйлүүдийн, мөн хүмүүний үрсийн агуу ёсон бусын тул тэдгээр нь зайлшгүй улиран тохиох ёстойг мэдсэний учир гашуудан байсан бөлгөө.

5Мөнхүү улиран тохиох дор зовлонгийнхоо учир би гунигт дарагдан байв, миний хүмүүсийн устгалын учир, миний зовлон бүхнээс илүү их хэмээн би ойлгож байлаа, учир нь би тэдний уналтыг харсан.

6Мөнхүү улиран тохиох дор би хүчийг хүлээн авсны дараа ах нартаа хандан ярьж, тэдний зөрчилдөөний шалтгааныг мэдэхийг тэднээс хүсэв.

7Мөн тэд: Болгоогтун, эцгийнхээ чидун модны унаган мөчрүүдийн талаар, мөн түүнчлэн харийнханы талаар ярьсан үгсийг бид ойлгож чадахгүй байна хэмээв.

8Мөн би тэдэнд хандан: Та нар Их Эзэнээс лавласан уу? хэмээв.

9Мөн тэд надад хэлэв: Бид тэгсэнгүй; учир нь Их Эзэн тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлсэн нь үгүй.

10Болгоогтун, би тэдэнд хандан: Та нар яахан Их Эзэний зарлигийг эс дагах билээ? Зүрх сэтгэл тань хатуугийн учир та нар яагаад эрсдэх билээ? хэмээв.

11Их Эзэний хэлсэн зүйлийг та нар үл санана гэж үү?—Хэрэв та нар зүрх сэтгэлээ үл хатууруулан, миний зарлигуудыг дагахад хичээнгүйлэн, мөн та нар хүлээн авна гэдэгтээ найдсаар, мөн надаас итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйлүүд та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно.

12Болгоогтун, бидний эцэгт байсан Их Эзэний сүнсээр Израилын угсаа чидуны модтой зүйрлэгдсэнийг би та нарт хэлж байна; мөн болгоогтун, бид Израилын угсаанаас тасарч салгагдаагүй бил үү, мөн бид Израилын угсааны мөчир биш бил үү

13Мөн эдүгээ, харийнханы бүрэн байдлаар унаган мөчрүүд нь залгагдах талаар бидний эцгийн өгүүлсэн нь, бидний үр удам итгэлгүйдээ доройтсон байх болно, тийм ээ, олон жилийн турш, мөн Мессиа өөрийгөө хүмүүний үрсэд биеэр үзүүлснээс олон үеийн дараа, тэр хожмын өдрүүдэд, тэгээд Мессиагийн сайн мэдээний бүрэн байдал харийнханд, мөн харийнхнаас бидний үр удмын үлдэгдэлд ирэх болно гэсэн утгатай—

14Мөн тэр өдөр бидний үр удмын үлдэгдэл, тэд бол Израилын угсааных гэдгээ, мөн тэд Их Эзэнтэй гэрээт хүмүүс гэдгээ мэдэх болно; мөн тэгээд тэд өвөг дээдсийнхээ мэдлэгт мөн түүнчлэн эцэг өвгөд нь түүгээр тохинуулагдсан өөрсдийн Гэтэлгэгчийн сайн мэдээний тухай мэдлэгт ирж мөн мэдэх болно; иймийн тул тэд өөрсдийн Гэтэлгэгч мөн түүний сургаалын мөн чанарын мэдлэгт орох болно; тэд түүнд хэрхэн ирж бас аврагдахыг мэдэж болохын тулд буюу.

15Мөн тэгээд тэр өдөр тэд баярлаж мөн өөрсдийн хад болон аврал болох, өөрсдийн үүрдийн Бурханыг магтахгүй гэж үү? Тийм ээ, тэр өдөр, тэд жинхэнэ усан үзмийн модноос хүч чадал мөн шим тэжээл хүлээн авахгүй гэж үү? Тийм ээ, тэд Бурханы жинхэнэ сүрэгт нийлэхгүй бус уу

16Болгоогтун, би та нарт хэлье, Тийм ээ; тэд Израилын угсааныхны дунд дахин санагдах болно; чидун модны унаган мөчрүүд учраас, жинхэнэ чидуны модонд тэд залгагдах болно.

17Мөн эцгийн маань дурдсан нь ийм утгатай болой; мөн тэрээр энэ нь тэд харийнханаар тараагдсанаас хойш тэр болтол улиран тохиохгүйг дурдсан бөлгөө; мөн энэ нь харийнханы тусламжтайгаар ирэхийг дээр дурдсан, чухамдаа иудейчүүдээр өөрөөр хэлбэл, Израилын угсааныхнаар эсэргүүцэгдэх чухам тэрхүү шалтгааны улмаас Их Эзэн өөрийн хүчийг харийнханд үзүүлж болохын тулд болой.

18Иймийн тул, бидний эцэг зөвхөн бидний үр удмын тухай бус, харин эцсийн өдрүүдэд биелэгдэх ёстой гэрээг дурдан, бүх Израилын угсааны тухай түүнчлэн ярьсан бөлгөө; Их Эзэнээс бидний эцэг Абрахамтай хийсэн, чиний үр удмаар газар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно хэмээн өгүүлэх тэрхүү гэрээ буюу.

19Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, тэдэнд хандан эдгээр зүйлүүдийн талаар ихийг ярив; тийм ээ, хожмын өдрүүд дэх иудейчүүдийн сэргээлтийн талаар би тэдэнд ярьсан болой.

20Мөн би тэдэнд Израилын угсааны, өөрөөр хэлбэл иудейчүүдийн сэргээлтийн талаар ярьсан Исаиагийн үгсийг тоочив; мөн тэд сэргээгдсэнийхээ дараа дахин бусниулагдахгүй, бас дахин тараагдах ч үгүй. Мөнхүү улиран тохиох дор би ах нартаа хандан олон үгсийг ярив, иймээс тэд тайтгарлыг олж мөн Их Эзэний өмнө өөрсдийгөө даруу төлөв болгов.

21Мөнхүү улиран тохиох дор тэд надад хандан дахин ярьж, хэлсэн нь: Бидний эцгийн үзсэн зүүдэн дэх энэ зүйл ямар утгатай билээ? Түүний харсан тэр мод ямар утгатай билээ? гэв.

22Мөн би тэдэнд хандан энэ нь амьдралын модыг төлөөлсөн бөлгөө хэмээв.

23Мөн тэд надад хандан: бидний эцгийн үзсэн, уг модны зүг удирдсан тэр төмөр бариул ямар утгатай вэ? хэмээв.

24Мөн би тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй.

25Иймийн тул, би, Нифай, Их Эзэний үгэнд анхаарал тавихыг тэдэнд ухуулав; тийм ээ, Бурханы үгэнд анхаарал тавин мөн түүний зарлигуудыг бүх зүйл дээр үргэлж дагахыг сана хэмээн өөрийн бодгалийн бүх эрч хүчээр мөн өөрт буй бүх чадавхиараа тэдэнд ухуулсан бөлгөө.

26Мөн тэд надад хандан: бидний эцгийн харсан уст голын утга юун билээ? хэмээв.

27Мөн би тэдэнд хандан эцгийн минь харсан тэр ус бол бузар байдал хэмээв; мөн түүний оюун өөр зүйлүүдэд хандсан байсны улмаас тэр усны бузрыг эс болгоосон буюу.

28Мөн би тэдэнд хандан энэ нь аймшигт ангал, амьдралын модноос мөн түүнчлэн Бурханы гэгээнтнүүдээс ёс бусыг үйлдэгчдийг зааглах тэр аймшигт ангал байсан бөлгөө.

29Мөн би тэдэнд хандан энэ нь ёс бусыг үйлдэгсдэд бэлтгэгдсэн болохыг сайхь тэнгэр элч надад хэлсэн тэрхүү, аймшигт тамын дүрслэл байсан хэмээв.

30Мөн би тэдэнд хандан, бидний эцэг түүнчлэн Бурханы шударга ёс нь ёс бусыг үйлдэгсдийг зөв шударгыг үйлдэгсдээс түүнчлэн зааглан хуваасныг харсан бөлгөө; мөн түүний гялалзах нь Бурханд үүрд болон үргэлж, мөн төгсөлгүйгээр дүрэлзэх галын гялалзах лугаа адил байсныг хэлсэн бөлгөө.

31Мөн тэд надад хандан: энэ зүйл сорилтын өдрүүдэд биеийн зовлонг илтгэх эсвээс, цаг зуурын махбодийг үхсэний дараа сүнсний эцсийн байдлыг илтгэх буюу, эсвээс цаг зуурын зүйлийг хэлж байгаа юм уу? хэмээв.

32Мөнхүү улиран тохиох дор би тэдэнд хандан энэ нь биеийн болон оюун санааны зүйлүүдийн аль алиныг нь төлөөлж байсныг хэлэв; учир нь тэд өөрсдийн үйлсээр шүүгдэх ёстой тэрхүү өдөр ирнэ, тийм ээ, бүр зуурдын бие махбодиор тэдний сорилтын өдрүүдэд үйлдэгдсэн тэрхүү үйлсээр буюу.

33Иймийн тул, хэрэв тэд өөрсдийн ёс бус үйлэнд насыг юүлбээс тэд түүнчлэн зөв шударгад хамаарагдах оюун санааны тэр зүйлүүдийн хувьд зайлуулагдах ёстой; иймийн тул, тэд өөрсдийн үйлсээр шүүгдэхийн учир Бурханы өмнө зогсохоор авчрагдах ёстой; мөн хэрэв тэдний үйлс бузар байсан аваас тэд ч бузар байх ёстой нь зайлшгүй; мөн хэрэв тэд бузар аваас тэд Бурханы хаант улсад оршиж чадахгүй байх нь гарцаагүй; хэрэв ингэвээс, Бурханы хаант улс түүнчлэн бузар байх ёстой.

34Гэвч болгоогтун, би та нарт хэлье, Бурханы хаант улс бол бузар бус, мөн өчүүхэн ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсад орж чадахгүй; иймийн тул бузар гэгдэх түүнд бэлтгэгдсэн бузар байр байх л ёстой.

35Мөн тийм байр бэлтгэгдсэн, тийм ээ, бүр миний ярьсан тэр, мөн чөтгөр бэлтгэгч нь болох тэр аймшигт там; иймийн тул хүмүүний сүнсний сүүлийн байдал Бурханы хаант улсад оршино, эсвээс миний ярьсан шударга ёсны учир зайлуулагдана.

36Иймийн тул, ёс бусыг үйлдэгсэд нь зөв шударгыг үйлдэгсэд болон амьдралын модноос тусгаарлагдах болно, жимс нь бусад бүх жимснээс илүү хамгийн үнэт мөн хамгийн хүсэл татам болох тэр болой; тийм ээ, мөн энэ нь Бурханы бүх бэлэгнүүдээс хамгийн агуу нь билээ. Мөн би ах нартаа ийн ярьсан бөлгөө. Амен.