Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 3

Лихайн хөвгүүд гуулин ялтсуудыг олж авахаар Иерусалимд буцав—Лебен ялтсуудыг өгөхөөс татгалзав—Нифай ах нараа ухуулан бас зоригжуулав—Лебен тэдний эдийг тонож мөн тэднийг хөнөөхийг оролдов—Лемен, Лемүел хоёр Нифай болон Самыг цохиж мөн тэнгэр элчээс зэмлэл сонсов. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Их Эзэнтэй яриад, эцгийнхээ майханд буцаж ирэв.

2Мөнхүү улиран тохиох дор тэрбээр надад хандаж өгүүлсэн нь: Болгоогтун чамайг болон ах нарыг чинь Иерусалимд буцахыг Их Эзэн надад зарлиг болгосон нэг зүүдийг би зүүдлэв.

3Учрыг болгоогтун, иудейчүүдийн цэдэг мөн түүнчлэн миний эцэг өвгөдийн угийн бичиг Лебенд буй бөгөөд тэдгээр нь гуулин ялтсууд дээр сийлбэрлэгдсэн ажгуу.

4Иймийн тул чи болон ах нар чинь Лебений гэрт очиж, тэгээд ялтсуудыг эрэлхийлж, мөн аглаг буйд уруу нааш авчирвал зохино хэмээн Их Эзэн надад зарлигласан бөлгөө.

5Мөн эдүгээ, болгоогтун ах нар чинь бувтналдаж тэднээс миний шаардсан зүйлийг хүнд бэрх гэцгээв; гэвч болгоогтун тэднээс үүнийг шаардсан нь би биш, харин энэ бол Их Эзэний зарлиг.

6Тиймийн тул яв, хүү минь, мөн чи дургүйцээгүй учир Их Эзэний адислалыг чи хүртэх болно.

7Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцэгтээ хандаж хэлрүүн: Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.

8Мөнхүү улиран тохиох дор миний эцэг эдгээр үгсийг сонсоод туйлаас баярлав, миний бие Их Эзэнээр адислагдсаныг мэдсэний учир болой.

9Мөнхүү би, Нифай, басхүү миний ах нар Иерусалимын нутаг өөд явахаар, майхнаа авч, аглаг буйд дахь аяны харгуйг дагав.

10Мөнхүү улиран тохиох дор бид Иерусалимын нутаг өөд очоод, би болон ах нар маань өөр хоорондоо зөвшилцсөн болой.

11Мөн бид шавга орхин, Лебений гэрт хэн нь орвол зохихыг шодов. Мөнхүү улиран тохиох дор шавга Леменд тусав; тэгээд Лемен Лебений гэрт орж, түүнийг гэртээ сууж байхад нь түүнтэй ярилцсан болой.

12Мөнхүү тэрээр миний эцгийн угийн бичгийг агуулсан, гуулин ялтсууд дээр сийлэгдсэн тэрхүү цэдгийг Лебенээс хүссэн ажгуу.

13Мөн болгоогтун, улиран тохиох дор Лебен уурлаж түүнийг дэргэдээсээ хөөн зайлуулав; мөн тэрээр уг цэдгүүдийг түүнд өгөхийг хүссэнгүй. Иймийн тул, тэрээр түүнд хандан: Болгоогтун, чи бол дээрэмчин, би чамайг хөнөөнө гэв.

14Гэвч Лемен түүний дэргэдээс зугтан гарч, мөн бидэнд Лебений хэрхсэнийг хэлэв. Мөн бид ихэд харамсаж эхлэн, мөн ах нар маань аглаг буйдад буй эцэгтээ буцахыг завдав.

15Гэвч болгоогтун, би тэдэнд хандан ийнхүү өгүүлэв: Их Эзэн амьдын адил, мөн бидний амьд нь илэрхийн адил, бид Их Эзэний зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх хүртэл бид аглаг буйдад буй эцэг уруугаа очихоор явахгүй.

16Иймийн тул, Их Эзэний зарлигийг дагахад итгэлийг хичээе, тиймийн тул эцгийнхээ өвлөж ирсэн газрыг зорьё, учир нь болгоогтун, тэрбээр алт болон мөнгөө бас бүх баялгаа орхисон буюу. Мөн түүний үйлдсэн энэ бүхэн нь Их Эзэний зарлигуудын улмаас болой.

17Хүмүүсийн ёсон бусын учир, Иерусалим устгагдах ёстойг тэрбээр мэдсэн ажгуу.

18Учир нь болгоогтун, тэд бошиглогчдын үгсийг эсэргүүцэв. Иймийн тул эцэг минь тэр нутгаас зугтан гар хэмээгдэн зарлиглуулсныхаа дараа уг нутагт үлдсэн бол, болгоогтун, тэр ч бас эрсдэх байсан буйза. Иймийн тул тэрээр эл нутгаас зугтан гарах ёстой болсон ажгуу.

19Мөн болгоогтун, эцэг өвгөдийн хэлийг үр хүүхдүүддээ хадгалуулан үлдээхийн тулд бид энэхүү цэдгүүдийг олж авах нь Бурханы мэргэн ухаан буюу.

20Мөн түүнчлэн бид энэ дэлхийн эхлэлээс бүр эдүгээ цагийг хүртэл, бүх ариун бошиглогчдын амаар тэдэнд хэлэгдсэн, Бурханы Сүнс болон хүч чадлаар тэдэнд хүргэгдсэн, тэдгээр үгсийг өвлүүлэн үлдээхийн тулд болой.

21Мөнхүү улиран тохиох дор Бурханы зарлигийг гүйцээхдээ итгэлтэй байж болохын тул иймэрхүү маягийн хэлээр би ах нараа ятгав.

22Мөнхүү улиран тохиох дор бид өвлөж ирсэн нутаг уруугаа очиж, мөн өөрсдийн алт болон мөнгөө мөн үнэт зүйлсээ нэгтгэн цуглуулав.

23Мөн бид эдгээр зүйлсийг цуглуулж авсныхаа дараа, бид Лебений гэрт буцаж очсон болой.

24Мөнхүү улиран тохиох дор бид Лебенд дахин очиж, мөн уг гуулин ялтсууд дээр сийлэгдсэн цэдгүүдийг бидэнд өгөхийг түүнээс хүсээд, бид үүний төлөө түүнд өөрсдийн алт болон мөнгөө, мөн бүх үнэт зүйлсээ өгье хэмээв.

25Мөнхүү улиран тохиох дор Лебен бидний эдийг, басхүү тэдгээрийн үлэмж агууг үзээд, тэрээр тэдгээрт шунаж, үүний хэрээр биднийг хөөж гарган, мөн тэр өөрөө эдийг маань эзэмдэхийн тулд биднийг хороолгохоор зарц нараа илгээв.

26Мөнхүү улиран тохиох дор Лебений зарц нараас зугтан, мөн бид өөрсдийн эдийг ардаа орхихоос аргагүйд хүрсэн буюу, ингээд энэ нь Лебений гарт орох нь тэр.

27Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйд тийш зугтаж, тэгээд Лебений зарц нар биднийг эс гүйцэв, мөн бид өөрсдийгөө хадны хөндийд далдлан нуув.

28Мөнхүү улиран тохиох дор Лемен надад, мөн түүнчлэн эцэгт минь уурлав; мөн түүнчлэн Лемүел ч, учир нь тэрээр Лемений үгсийг зөвшөөрөн дагах ажгуу. Иймийн тул Лемен, Лемүел хоёр бидэнд, дүү нартаа олон хатуу үгсийг хэлж, биднийг занчив, бүр саваагаар болой.

29Мөнхүү улиран тохиох дор тэд биднийг саваагаар занчиж ахуйд, болгоогтун, Их Эзэний тэнгэр элч хүрэлцэн ирж тэдний өмнө зогсоод, мөн тэрээр тэдэнд хандаж өгүүлсэн нь: Та нар юуны учир дүүгээ саваагаар занчина? Та нарын алдсын учир Их Эзэн түүнийг та бүгдийн захирагч хэмээн сонгосныг та нар эс мэдэх бил үү? Болгоогтун, та нар Иерусалим өөд дахин одох болно, мөн Их Эзэн Лебенийг та нарын гарт оруулах болно.

30Мөнхүү тэнгэр элч бидэнд ярьсны дараа тэрээр одов.

31Мөн эл тэнгэр элч одсоны дараа, Лемен, Лемүел дахин бувтналдаж эхлэв, өгүүлрүүн: Их Эзэн Лебенийг бидний гарт оруулна гэдэг яахан боломжтой байх билээ? Болгоогтун, тэр чадалтай хүн, мөн тэр тавьд тушаал буулгаж чадах, тийм ээ, түүгээр ч үл барам тавийг хөнөөж чадах нэгэн; тэгвэл биднийг ч бас тэгэхгүй гэж үү