Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 12

Нифай амлалтын нутгийг; үүний оршин суугчдын зөв шударга байдал, алдас, мөн буурах уналтыг; Бурханы Хурганы тэдний дундах айлчлалыг; Арванхоёр шавь бас Арванхоёр Төлөөлөгч Израилыг хэрхэн шүүхийг; мөн итгэлгүйдээ бууран доройтсон тэдний жигшим болоод бузар байдлыг үзэгдэлд харав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан: Хар, мөн үр удмаа, мөн түүнчлэн ах нарынхаа удмыг болгоогтун хэмээв. Мөн би харваас, амлалтын нутгийг болгоов; мөн би цугласан олон хүмүүсийг ажиглав, тийм ээ, бүр тоогоороо тэнгисийн элсний ширхэг лугаа адил тийм олон байсан ажгуу.

2Мөнхүү улиран тохиох дор нэг нэгнийхээ эсрэг тулалдахаар бөөгнөрөн цугларсан олныг би болгоов; мөн дайнууд, мөн дайны цуурхлууд, мөн миний хүмүүсийн дундаас илдэнд эрсдэх асар олныг би олж харав.

3Мөнхүү улиран тохиох дор олон үе, тэр нутагт дайн тулаанууд мөн хэрүүл тэмцлийн дунд улиран өнгөрөхийг би ажиглав; мөн олон хот, тийм ээ, бүр миний бие тоолшгүй тийм олон тэднийг бибээр олж харав.

4Мөнхүү улиран тохиох дор амлалтын нутгийн гадаргуу дахь харанхуй мананг би үзэв; мөн би цахилгаан гялбахыг харав, бас тэнгэр дуугаран мөн газар хөдлөх, бас олон янзын нүргээнт чимээг би сонсов; мөн газар болон хад чулууг, тэдгээр нь хагаран цуурахыг би үзэв; мөн уулс хэдэн хэсэг болон нурж унахыг би харав; мөн би тал газруудыг, тэдгээр нь ан цав гаран эвдрэхийг би үзэв; мөн би олон хот, тэдгээр нь живүүлэгдсэнийг харав; мөн түймэрт шатаагдсан тэдгээр олныг би үзэв; мөн доргин хөдлөхийн учир, хөсөр унах олныг би үзэв.

5Мөнхүү улиран тохиох дор эдгээр зүйлийг үзсэний дараа би харанхуйлах мананг, энэ нь газрын гадаргуугаас арилан одохыг би үзэв; мөн болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт шүүлтийн учир унаагүй олон хүнийг би үзэв.

6Мөн тэнгэр нээгдэж Бурханы Хурга тэнгэрээс бууж ирэхийг би үзэв; мөн тэрбээр бууж ирээд басхүү тэдэнд өөрийгөө үзүүлсэн бөлгөө.

7Мөн би Ариун Сүнс бусад арванхоёр дээр бууж ирэхийг түүнчлэн үзэж, басхүү гэрчлэв; мөн тэд Бурханаас томилогдсон хийгээд сонгогдсон бөлгөө.

8Мөн сайхь тэнгэр элч надад хандан ярьж, хэлсэн нь: Таны үр удамд тохинуулахаар сонгогдсон Хурганы арванхоёр шавийг болгоогтун хэмээв.

9Мөн тэрбээр надад: Та Хурганы арванхоёр төлөөлөгчийг санаж байна уу? Болгоогтун, тэд бол Израилын арванхоёр овгийг шүүх тэдгээр бөлгөө; иймийн тул, таны үр удмын арванхоёр тохинуулагч нь тэднээр шүүгдэх болно; та бүгд Израилын угсааных учраас болой.

10Мөн таны болгоож буй эдгээр арванхоёр тохинуулагч нь таны үр удмыг шүүх болно. Мөн болгоогтун, тэд үүрд зөв шударга бөлгөө; учир юун хэмээвээс Бурханы Хурганд итгэх тэдний итгэлийн учир тэдний өмсгөл түүний цусанд цагаан болгогдсон бөлгөө.

11Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би харж, бас гурван үе зөв шударгаар улиран өнгөрөхийг болгоов; мөн тэдний өмсгөл бүр Бурханы Хурганыхтай адилтгам цагаан байсан болой. Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Тэд түүнд итгэлтэйн учир, эдгээр нь Хурганы цусанд цагаан болгогджээ хэмээв.

12Мөн би, Нифай, түүнчлэн дөрөв дэх үеэс олонх нь зөв шударга байдалд улиран өнгөрөхийг харсан бөлгөө.

13Мөнхүү улиран тохиох дор газар дэлхийн олон түмэн хамтран цуглахыг би харав.

14Мөн сайхь тэнгэр элч надад: өөрийн үр удмыг, мөн түүнчлэн ах нарынхаа үр удмыг болгоогтун хэмээв.

15Мөнхүү улиран тохиох дор би харж бас миний үр удам олон олноороо ах нарын маань үр удмын эсрэг хамтран цугларсан байхыг болгоов; мөн тэд тулалдахаар нэг дор цугларчээ.

16Мөн сайхь тэнгэр элч надад хандан, өгүүлсэн нь: Эцгийнхээ үзсэн тэр буртаглагдсан усны эхийг болгоогтун; тийм ээ, бүр түүний тухайлан ярьсан тэр голыг; мөн түүний гүн нь тамын ёроол бөлгөө.

17Мөн харанхуйлах манан нь чөтгөрийн уруу таталт, тэр нь хүмүүний үрсийн мэлмийг сохолж зүрхийг хатууруулж, мөн өргөн замаар тэднийг удирдан, чингээд тэд мөхөж, төөрөлдөх бөлгөө.

18Мөн таны эцгийн харсан тэр агуу хийгээд нүсэр барилга нь хүмүүний үрсийн хоосон төсөөлөл болоод бардамнал болой. Мөн асар том бөгөөд аймшигтай ангал тэднийг тусгаарлах бөлгөө; тийм ээ, бүр Мөнхийн Бурханы, энэ дэлхийн эхлэлээс эдүгээг хүртэл, мөн энэ цаг үеэс хойшид мөн үүрд Ариун Сүнсний гэрчлэх Бурханы Хурга болон Мессиагийн шударга ёсны үг бөлгөө хэмээв.

19Мөн тэнгэр элч эдгээр үгсийг ярих зуур, би харж мөн ах нарын маань үр удам тэнгэр элчийн хэлсэнчлэн миний үр удмынхны эсрэг тэмцэхийг үзэв; мөн миний үр удмын бардам зан, мөн чөтгөрийн уруу таталтын улмаас ах нарын маань үр удам миний үр удмыг давамгайлахыг би ажиглав.

20Мөнхүү улиран тохиох дор би харж ах нарын маань үр удмын хүмүүс миний үр удмыг ялсан байхыг болгоов; мөн тэд хэсэг бүлгээрээ нутгийн гадаргуугаар урагшлан явж байсан бөлгөө.

21Мөн тэд хэсэг бүлгээрээ нэгдэн цугларахыг би үзэв; мөн би тэдний дундах дайн тулаан болон дайны цуурхлуудыг үзэв; мөн дайн тулаан болон дайны цуурхлын дунд олон үе улиран өнгөрөхийг би харав.

22Мөн уг тэнгэр элч надад хандан: Болгоогтун, эдгээр нь итгэлгүйдээ бууран доройтох болно хэмээв.

23Мөнхүү улиран тохиох дор тэд итгэлгүйдээ бууран доройтсоны дараа тэд харанхуй бас зэвүүцэм, басхүү буртаглагдсан хүмүүс болж, залхаг хийгээд зүйл бүрийн жигшүүрт үйлээр дүүрснийг харсан бөлгөө.