Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 14

Харийнхан дээр буух адислалууд болон зүхлүүдийн тухай тэнгэр элч Нифайд хэлэв—Зөвхөн хоёр сүм буй нь: Бурханы Хурганы сүм мөн чөтгөрийн сүм болой—Бүх үндэстнүүд дэх Бурханы Гэгээнтнүүд агуу хийгээд жигшүүрт сүмд хавчигдан гадуурхагдав—Төлөөлөгч Иохан дэлхийн төгсгөлийн тухай бичиглэсэн нь. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор, тэдний тээглэх чулууг зайлуулан өөрийгөө үгээр, мөн түүнчлэн хүчээр, чухамхүү үйлэнд үзүүлэх тэр өдөр, хэрэв харийнхан Бурханы Хургыг сонсох аваас—

2Мөн Бурханы Хурганы эсрэг зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, тэд таны эцгийн үр удмын дунд тоологдох болно; тийм ээ, тэд Израилын угсааныхны дунд тоологдох болно; мөн тэд амлагдсан нутагт үүрд адислагдсан хүмүүс байх болно; тэд дахин хэзээ ч боолчлолд хүргэгдэхгүй; мөн Израилын угсаа дахин хэзээ ч сарниулагдахгүй.

3Мөн тэр хүмүүний сүнсийг доош тамд удирдаж болохын тулд, чөтгөр болон түүний хүүхдүүдээр үндэслэгдсэн, агуу хийгээд жигшүүрт сүмээр тэдэнд зориулагдан ухагдсан тэр агуу нүх—тийм ээ, хүмүүний устгалын тулд ухагдсан тэр агуу нүх нь түүнийг ухсан тэднээрээ дүүргэгдэх болно, тэдний бүрмөсөн устгалыг хүртэл хэмээн Бурханы Хурга хэлдэг; төгсгөл үгүй тамд орхигдохоос бусдаар бодгаль устгагдах нь үгүй болой.

4Учир нь болгоогтун, энэ нь чөтгөрийн боолчлолын дагуу, мөн түүнчлэн түүний өмнө ёсон бусыг болон жигшүүрт хэргийг үйлдэх тэд бүгдийн дээрх Бурханы шударга ёсны дагуу буюу.

5Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч, Нифай, надад хандаж, хэлсэн нь: Хэрэв харийнхан наманчлах аваас тэдэнд сайн болохыг та болгоосон билээ; мөн түүнчлэн Израилын угсаан дахь Их Эзэний гэрээнүүдийн тухай та мэдэх бөлгөө; мөн түүнчлэн наманчлаагүй хэн боловч эрсдэх ёстойг та сонссон билээ.

6Тиймийн тул, хэрэв тэд Бурханы Хурганы эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах аваас харийнханд халаг тохиох буюу.

7Ийнхүү би хүмүүний үрсийн дунд агуу хийгээд гайхамшигт үйлийг үйлдэх цаг ирэх болно хэмээн Бурханы Хурга хэлэв; аль аль талд байх үүрдийнх болох тэрхүү үйл буюу, нэг талаас тэд энх амгалан болон мөнх амьдралд ороход үнэмших, эсвээс тэдний зүрх сэтгэлийн хатуу мөн санаа бодлын харалган байдалдаа орхигдсоноос миний өгүүлсэнчлэн, биеэрээ болон оюун санаагаараа ч чөтгөрийн боолчлолын дагуу доош боолчлолд, мөн түүнчлэн устгалд авчрагдах болно.

8Мөнхүү улиран тохиох дор уг тэнгэр элч эдгээр үгсийг ярьсны дараа, тэрбээр надад хандан: Израилын угсааныхантай хийсэн Эцэгийн гэрээг та санаж байна уу? хэмээв, би түүнд хандан, тийм ээ гэв.

9Мөнхүү улиран тохиох дор тэрбээр надад хандан: Харагтун, мөн жигшүүрт хэргүүдийн эх, үндэслэгч нь чөтгөр болох тэр агуу хийгээд жигшүүрт сүмийг болгоогтун хэмээв.

10Мөн тэрээр надад хандан: Зөвхөн хоёр сүм буйг болгоогтун; нэг нь Бурханы Хурганы сүм, мөн нөгөө нь чөтгөрийн сүм бөлгөө; иймийн тул, Бурханы Хурганы сүмд эс харьяалагдах хэн боловч жигшүүрт хэргүүдийн эх болох агуу сүмд харьяалагдана, мөн тэр нь бүх дэлхийн садар эм билээ.

11Мөнхүү улиран тохиох дор би харж бас бүх дэлхийн садар эмийг мөн тэрээр их усан дээр суусныг болгоов: мөн тэр нь бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүсийн дунд, бүх дэлхийг эзэгнэх бөлгөө.

12Мөнхүү улиран тохиох дор би Бурханы Хурганы сүмийг болгоов, мөн энэ нь их усан дээр суугч садар эмийн тэрхүү ёсон бус хийгээд жигшүүрт хэргүүдийн учир, тоогоороо цөөн байв; хэдий тийм, Бурханы гэгээнтнүүд байсан Хурганы сүмийнхэн түүнчлэн бүх дэлхийн гадаргуугаар оршин байхыг би болгоов; мөн тэдний эзэмшил нь газрын гадаргуугаар бага байв, миний харсан тэр агуу садар эмийн ёсон бусын учир болой.

13Мөнхүү улиран тохиох дор жигшүүрт үйлсийн агуу эх, харийнханы бүх улсуудын дундаас олон ардыг Бурханы Хурганы эсрэг тулалдуулахаар бүх газрын гадаргууд нэгтгэн цуглуулахыг би болгоов.

14Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.

15Мөнхүү улиран тохиох дор Бурханы хилэн агуу хийгээд жигшүүрт сүмийн дээр цутгагдан, үүний хэрээр дэлхийн бүх үндэстэн ястнуудын дунд дайнууд болон дайны цуурхлууд байсныг би болгоов.

16Мөн дайн тулалдаан хийгээд дайны цуурхлууд жигшүүрт хэргүүдийн эхийн эзэгнэх бүх үндэстнүүдийн дунд эхлэхэд, сайхь тэнгэр элч надад хандаж, хэлрүүн: Болгоогтун, Бурханы хилэн янхан эмсийн эх дээр буй; мөн болгоогтун, та эдгээр бүх зүйлийг харж буй—

17Мөн бүх дэлхийн агуу хийгээд жигшүүрт сүм, түүний үндэслэгч нь чөтгөр болох, садар эмсийн эх дээр Бурханы хилэн цутгагдах тэрхүү өдөр ирэхэд, чухам тэр өдөр, Израилын угсааны хүмүүстэй түүний хийсэн тэр гэрээнүүд биелэгдэх зам бэлтгэгдэж, Эцэгийн ажил эхлэх болно.

18Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан ярьж, өгүүлрүүн: Харагтун! хэмээв.

19Мөн би харж бас нэгэн хүнийг, мөн тэрээр цагаан орхимж өмссөнийг болгоов.

20Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Хурганы арванхоёр төлөөлөгчийн нэгийг болгоогтун хэмээв.

21Болгоогтун, тэрээр эдгээр зүйлүүдийн үлдсэнийг харж бас бичиглэх болно; тийм ээ, мөн түүнчлэн тохион байсан олон зүйлийг.

22Мөн түүнчлэн тэрээр дэлхийн төгсгөлийн талаар бичих болно.

23Иймийн тул, түүний бичих зүйлүүд шударга бөгөөд үнэн бөлгөө; мөн болгоогтун, тэдгээр нь Иудейн амнаас үүсэхийг нь таны болгоосон тэр номонд бичиглэгдэнэ; мөн тэд Иудейн амнаас үүссэн тэр цагт, өөрөөр хэлбэл, уг ном Иудейн амнаас үүссэн тэр цагт, бичиглэгдсэн тэр зүйлүүд нь тодорхой болоод нандин бас эрхэм үнэт, мөн бүх хүмүүнд ойлгоход хялбар байв.

24Мөн болгоогтун, Хурганы энэ төлөөлөгчийн бичиглэх зүйлүүд нь таны харсан олон зүйл байх бөлгөө; мөн болгоогтун, үлдсэнийг нь та харах болно.

25Гэвч үүнээс хожим таны үзэх зүйлийг та бичихгүй; учир нь тэдгээрийг тэр бичвэл зохино хэмээн Бурханы Хурганы төлөөлөгчийг Их Эзэн Бурхан томилсон бөлгөө.

26Мөн түүнчлэн байсан тэдэнд бусад бүх зүйлийг тэрээр үзүүлж, мөн тэд тэдгээрийг бичих буюу; мөн тэдгээр нь Хурган дахь үнэний дагуу Израилын угсаанд Их Эзэнээс зохих цагтаа эрхэм нандин байдлаараа уламжлагдан ирэхийн тул лацдагдсан болно.

27Мөн би, Нифай, тэнгэр элчийн хэлсэнчлэн, Хурганы төлөөлөгчийн нэр Иохан гэдгийг сонссон бөгөөд ийн гэрчлэх бөлгөө.

28Мөн болгоогтун, би, Нифай, өөрийн үзсэн болоод сонссон зүйлүүдийн үлдэгдлийг бичих нь надад хориглогдсон билээ; иймийн тул миний бичсэн зүйлүүд надад хангалттай; мөн би үзсэн зүйлүүдээсээ зөвхөн багахан хэсгийг бичиглэсэн ажгуу.

29Мөн би эцгийнхээ харсан зүйлийг харсан бөгөөд, мөн Их Эзэний тэнгэр элч тэдгээрийг надад мэдүүлсэн хэмээн би гэрчлэх бөлгөө.

30Мөн эдүгээ би Сүнсэнд автагдсан үедээ харсан тэдгээр зүйлүүдийн талаар ярихаа төгсгөл болгоё; мөн миний харсан бүх зүйл бичигдээгүй хэдий ч, миний бичсэн зүйлүүд үнэн бөлгөө. Мөн энэ нь ийм болой. Амен.