Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 9

Нифай хоёр хэсэг цэдэг бүтээв—Тус бүр нь Нифайн ялтсууд хэмээн нэрлэгдэв—Их ялтсууд нь төрийн түүхийг; бага ялтсууд нь үндсэндээ ариун зүйлүүдийн үйлийг агуулав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү эдгээр бүхий л зүйлийг тэрээр Лемүелийн хөндийд, майханд суурьшин байхдаа миний эцэг харж, бас сонсож, мөн ярьсан бөлгөө, мөн түүнчлэн эдгээр ялтсууд дээр бичигдэж эс чадах тэр бусад агуу олон зүйлийг буюу.

2Мөн эдүгээ, би эдгээр ялтсуудын талаар ярьсанчлан, болгоогтун тэдгээр нь миний хүмүүсийн түүхийн бүрэн шастирыг дээр нь хийсэн тэр ялтсууд биш болой; учир нь би өөрийн хүмүүсийн бүрэн түүхийн шастирыг дээр нь хийсэн тэр ялтсуудад бибээр Нифайн хэмээх нэрийг өгсөн буюу; иймийн тул тэдгээр нь Нифайн ялтсууд хэмээн өөрийн минь нэрээр нэршив, мөн эдгээр ялтсууд түүнчлэн Нифайн ялтсууд хэмээн нэрлэгддэг бөлгөө.

3Гэсэн хэдий ч, би эдгээр ялтсуудыг өөрийн хүмүүсийн тохинууллын шастирыг сийлэх онцгой зорилгын улмаас бүтээвэл зохино хэмээн Их Эзэнээс зарлиг хүлээн авсан болой би.

4Нөгөө ялтсууд дээр хаадын засаглал, мөн миний хүмүүсийн дайнууд болон тэмцлийн шастир сийлэгдэх ёстой ажгуу; иймийн тул эдгээр ялтсууд нь тохинууллын тухайд илүүтэй зориулагдах буюу; мөн нөгөө ялтсууд нь миний хүмүүсийн дайн болон тэмцэл бас хаадын засаглалыг тухайлахад илүүтэй зориулагдах болой.

5Иймийн тул, эдгээр ялтсуудыг түүний мэргэн зорилгын тулд бүтээхийг Их Эзэн надад зарлигласан, миний мэдэх нь үгүй тэрхүү зорилго буюу.

6Харин Их Эзэн бүх зүйлийг эхлэлээс нь мэдэх буюу; иймийн тул, тэрээр хүмүүний үрсийн дунд өөрийн бүхий л үйлүүдээ гүйцэлдүүлэх замыг бэлтгэх ажээ; учир нь болгоогтун, тэрбээр өөрийн бүх үгсийг биелэл болгох бүхий л хүчийг агуулах ажгуу. Мөн энэ нь ийн байх болой. Амен.