Ерөнхий чуулган
Өсвөр үеийнхнийг санваар хэрхэн адисалдаг вэ
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Өсвөр үеийнхнийг санваар хэрхэн адисалдаг вэ

Бидэнд тэнгэр элч шиг тохинуулж, сайн мэдээг тив алгасалгүй тунхаглан, бодгалиудыг Христэд ирэхэд нь туслах боломж өгөгдсөн.

Ах, эгч нар аа, энэ түүхэн орой би та бүхэнд хандан, санваарын ариун нандин бэлгийн талаар болон энэ эрин үед өсвөр үеийнхнийг адислах үүний гайхамшигт хүчийн тухай ярих болсондоо үнэхээр талархаж байна. Миний төгс бус байдлаас үл хамааран, үнэнийг заахад Сүнс надад туслаасай хэмээн би залбирч байна.

Тэргүүн Зөвлөл Аароны санваартнуудад “Та агуу боломж, сорилтуудын үе болох санваар сэргээгдсэн цаг үед аж төрж байна. Аароны санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл танд байдаг. Та энэ эрх мэдлээ залбирч, зөв зохистой ашигладаг байвал ойр орчныхоо хүмүүсийн амьдралыг агуу их адислах болно” 1 хэмээн сануулж байдаг. Сүмийн залуу эрэгтэйчүүдийн хувьд биднийг “Бурханы хайрт [хөвгүүд] гэдгийг, Түүнд биднээр хийлгэх ажил байгаа” 2 бөгөөд бид Түүний “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) ажилд тусалж байгааг бидэнд мөн сануулсаар байдаг.

Санваар нь Аврагчийн сайн мэдээний ёслол, гэрээг хүлээн авах зохистой хүмүүст зориулан, эдгээрийг гүйцэтгэх эрх мэдэл юм. Эдгээр санваарын ёслол, ариун нандин гэрээнүүдээр дамжуулан бидэнд бурханлаг хувь тавиландаа хүрэхэд тусалдаг Аврагчийн Цагаатгалын бүрэн дүүрэн адислалууд ирдэг билээ.

Иосеф Смит бол Есүс Христийн сайн мэдээг сэргээхээр Бурханаар дуудагдсан хөвгүүн байсан бөгөөд энэхүү зорилгоор түүнд бүх хүн төрөлхтнийг адислахдаа ашиглах санваарыг олгосон. Сургаал ба Гэрээ 135 дээр Иосефын энэ эрин үеийн өсвөр үеийнхэнд өгсөн олон адислалыг эш татдаг. Бид “Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн. … Тэр Мормоны Номыг урагш авчран …; үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн дөрвөн хязгаарт илгээн; Сургаал ба Гэрээг бүрдүүлсэн илчлэлтүүд хийгээд зарлигуудыг урагш авчран …; Хожмын үеийн мянга мянган Гэгээнтнүүдийг цуглуулан, … мөн устгагдаж эс чадах алдар хийгээд нэрийг үлдээв” (Сургаал ба Гэрээ 135:3) хэмээн уншдаг.

Иосефтой адил үр дүнтэй үйлчлэхийн тулд бид Их Эзэний санваарын хүчийг ашиглахуйц зохистой байх ёстой. Иосеф, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа баптисм хүртэхийг хүсэж байсан ч тэдэнд зохих эрх мэдэл олгогдоогүй байв. 1829 оны 5-р сарын 15-нд тэд өвдөг сөгдөн залбирсан ба Иохан Баптист айлчлан ирж, Аароны санваарын түлхүүр, эрх мэдлийг тэдэнд өгч, “Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваарыг хүртээж байна” (Сургаал ба Гэрээ 13:1) хэмээн хэлжээ.

Бидэнд тэнгэр элч шиг тохинуулж, сайн мэдээг тив алгасалгүй тунхаглан, бодгалиудыг Христэд ирэхэд нь туслах боломж өгөгдсөн. Ийм үйлчлэл биднийг Иохан Баптист, Моронай, Иосеф Смит, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нартай болон Их Эзэний бусад хичээнгүй үйлчлэгчтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боломжтой болгодог.

Их Эзэний санваараар дамжуулан хийдэг үйлчлэл нь Түүний сургаалаар ягштал амьдарч, сургаалыг дагаж мөрдөхөд бүхнээ зориулж буй хүмүүсийг нэгтгэдэг. Өсвөр насны сорилт бэрхшээлтэй тулгарах үед ингэж амьдрах нь амаргүй байж болно гэдгийг би хувийн туршлагаараа мэднэ. Гэсэн ч Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхээр Түүний үйлчлэгчидтэй нэгдмэл байх нь дайсны уруу таталт, хууран мэхлэлтийн эсрэг биднийг хүчирхэгжүүлж туслах болно. Та өөртөө итгэлгүй байгаа бүх хүнд гэрэлт цамхаг болж чадна. Таны гэрэл тантай уулзах хүн бүрийг тантай ойр байснаараа адислагдаж болохуйц тод гэрэлтэх болно. Заримдаа бидэнд сүнслэг хамтрагч байгааг мэдэх хэцүү цаг үе байдаг ч Христэд илүү ойртон очиход хамтарч ажиллаж болох итгэл даасан санваарын чуулгын гишүүн гэдгээ мэддэгтээ би талархдаг.

Бидний гэр бүл, найз нөхдөөс гадна Ариун Сүнс бидний хамгийн үнэнч, найдвартай хамтрагчдын нэг юм. Бид Түүнийг байнгын хамтрагчаа болгон урихын тулд Түүний хүссэн орчин, газарт өөрсдийгөө байлгах ёстой. Энэ зүйлийг бид өдөр бүр гэр бүлээрээ судраас судалж, залбирч, гэр орноо ариун газар болгохын тулд ажилласнаар мөн хамгийн гол нь хувиараа судраас судалж мөн өөрсдөө залбирснаар гэр орондоо байхаасаа эхлүүлж болно.

Зураг
Энзо дүү нарын хамт
Зураг
Энзо ба түүний гэр бүл

Оны эхээр надад эмэгтэй дүү Осианэдээ туслах хэцүүхэн боловч сэтгэл хөдлөм боломж тохиосон бөгөөд энэ нь баптисм хүртэж мөн селестиел хаант улсад орохын тулд тогтоосон шаардлагуудын нэгийг хангах урилгыг хүлээн авах замаар гэрээний зам дээр өсөж хөгжихөд нь түүнд туслах явдал байв. Тэр бусад эмэгтэй дүүдээ санваарын ажил үүргийн доор ажиллаж, гэрчээр зогсох боломж олгохын сацуу надад ёслол гүйцэтгэх эрх мэдэл олгохын тулд намайг пристээр томилогдтол баптисмаа нэг сараар хойшлуулсан юм. Биднийг усан сангийн хоёр талд зогсоод, усанд орохоор бэлтгэж байхад би дүүгээ надтай адил догдолж байгааг анзаарсан. Тэгээд түүнийг зөв шийдвэр гаргаж байгааг нь хараад, надад түүнтэй нэгдмэл болсон мэт санагдсан. Санваараа ашиглах энэ боломж нь сайн мэдээний дагуу хайнга бус харин илүү хянамгай амьдрахыг надаас шаардсан юм. Би бэлдэж байхдаа тэр долоо хоногийн турш өдөр бүр нас барагсдын төлөөх баптисм гүйцэтгэхээр ээж, эмээ, эгч нарынхаа дэмжлэгтэйгээр ариун сүмд очдог байсан.

Энэ туршлага надад санваарын тухай мөн үүнийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар илүү ихийг зааж билээ. Хэрэв бид Нифайн “явж мөн хийх” (1 Нифай 3:7-г үзнэ үү) үлгэр жишээг дагах аваас бүх санваартан миний мэдэрсэн шиг зүйлийг мэдрэх боломжтой гэдгийг би мэднэ. Бид зүгээр суугаад, Их Эзэн биднийг Өөрийн агуу ажилд ашиглана хэмээн хүлээж болохгүй. Бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг биднийг хайж иртэл хүлээх хэрэггүй. Үлгэр жишээ болж, Бурханы гэрч болон зогсох нь санваартнууд бидний үүрэг юм. Хэрэв бид мөнхийн өсөлт хөгжилд маань саад болох шийдвэрүүдийг гаргаж байгаа бол одоо өөрчлөх ёстой. Сатан биднийг зугаа цэнгэл эрэлхийлэн, эгэл байдалд байлгасаар байхыг хамаг чадлаараа хичээх болно. Хэрэв бид хичээл зүтгэлтэй байж, өөрсдийгөө дэмжих хүмүүсийг олж, өдөр бүр наманчилбал үр дүнд нь ирэх адислалууд гайхалтай байх төдийгүй биднийг гэрээний зам дээрээ үргэлжлүүлэн урагшлахад амьдрал маань мөнхөд өөрчлөгдөх болно гэдгийг би мэднэ.

Энэ бол бидний Аврагч Есүс Христийн үнэн Сүм, Тэрээр санваарын түлхүүрүүдийг төлөөлөгчдөдөө хүлээлгэн өгсөн бөгөөд тэд Түүний ирэлтэд дэлхийг бэлтгэхэд, ялангуяа энэхүү хүнд сорилтын үед биднийг удирдан чиглүүлэхэд тэдгээр түлхүүрийг ашигладаг гэдгийг би мэднэ.

Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч байсныг мөн ерөнхийлөгч Нэлсон бидний өнөөгийн амьд бошиглогч гэдгийг би мэднэ. Би хүн нэг бүрийг эдгээр агуу санваартны амьдралыг судалж үзэн, өөрсдийн Бүтээгчтэй уулзахад бэлтгэгдэж болохын тулд өдөр бүр сайжрахыг эрэлхийлээсэй гэж урьж байна. Есүс Христийн нэрээр, амен.