Ерөнхий чуулган
Тэд харж болохын тулд
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Тэд харж болохын тулд

Хүмүүс Есүс Христ рүү очих замыг харж болохын тулд гэрэл тань тийнхүү туяаран гийх боломжуудыг хайж, бас гуйн залбир.

Ах эгч нар аа, бидний зүрх сэтгэл энэ чуулганаар мэдэрсэн Сүнсээр адислагдаж, шинэчлэгдлээ.

Зураг
Гэрлэн багана

Хоёр зуун жилийн өмнө ойн цоорхойд нэгэн хөвгүүний дээр гэрлэн багана бууж ирсэн юм. Тэрхүү гэрэлд Иосеф Смит Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг харсан. Тэдний гэрэл дэлхийг бүрхсэн харанхуйг үргээж, Иосеф Смитэд болон бид бүхэнд урагшлах замыг харуулсан билээ. Тэр өдөр илчлэгдсэн гэрлийн ачаар бид өөрсдийн Аврагч Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ирэх адислалуудыг бүрэн дүүрэн авах боломжтой болсон.

Түүний сайн мэдээний Сэргээлтийн үр дүнд бид Аврагчийнхаа гэрлээр дүүргэгдэх боломж бүрдсэн юм. Гэхдээ энэхүү гэрэл зөвхөн танд, надад зориулагдаагүй. “Тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг”1 хэмээн Есүс Христ бидэнд уриалсан. “Тэд харж болохын тулд” гэдэг үг надад их таалагддаг болсон. Их Эзэн биднийг бусдад замыг харж, Христэд ойртоход нь туслахад илүү санаачилгатай байхад чин сэтгэлээсээ урьсан.

Зураг
Ахлагч Л.Том Пэрри

Намайг 10 настай байхад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри манай хотод албан ажлаар ирж, түүнийг дайлах боломж гэрийнхэнд маань олдсон юм.

Тэрхүү үдэш ээжийн маань хийсэн алимны амтат бялууг идэнгээ ахлагч Пэрригийн ярих дэлхий дахины гэгээнтнүүдийн түүхийг сонсохоор манай гэрийнхэн Пэрригийн гэр бүлийнхэнтэй хамт том өрөөнд сууцгаав. Надад үнэхээр гайхалтай байлаа.

Бүрэнхий болоход ээж намайг гал тогооны өрөө рүү дуудан, “Бонни, чи тахианууддаа тэжээлийг нь өгсөн үү?” гэж асуув.

Би тэднийг тэжээгээгүйгээ гэнэт саналаа. Их Эзэний төлөөлөгчийн дэргэдээс холдмооргүй байсан тул би тахианууд өглөө болтол мацаг барьж болохгүй юм уу гэж асуув.

Ээжийг шуудхан л “Үгүй” гэж хариулах яг тэр мөчид ахлагч Пэрри гал тогоонд орж ирээд, баяр хөөртэй, чанга дуугаар “Хэн нэгэн нь тахиагаа тэжээх хэрэгтэй гэсэн үү? Би хүүтэйгээ хамт явж болох уу?” гэж асуув.

Тэгэхэд тахиа тэжээнэ гэдэг ямар гоё ажил болж хувирсан гээч! Би гүйн гарч, шар өнгөтэй том гар чийдэнгээ аваад, хөөрсөндөө үсэрч дэвхцэн, тэднийг дагуулан элэгдсэн замаар тахианы байр луу явлаа. Гар чийдэнгээ савчуулсаар бид эрдэнэшишийн талбайг туулан, буудайн талбайгаар дайран гарав.

Зам хөндлөн байрлуулсан багахан хэмжээний усалгааны шуудуунд хүрмэгц би ердийнх шигээ юу ч бодолгүйгээр дээгүүр нь харайн гарлаа. Ахлагч Пэрри харанхуйд мэдэхгүй замаар намайг гүйцэх гэж хичээж байсныг би огт анзаараагүй юм. Миний савчуулж байсан гэрлээс болоод тэр шуудууг сайн харалгүй, ус руу шууд алхаж ороод, чанга дуу алдав. Би сандран эргээд хартал шинэ найз маань нэвт норсон хөлөө шуудуунаас гаргаад, хүнд арьсан гутлаа сэгсрэн, усыг нь гоожуулахыг оролдож байлаа.

Нэвт норж, нэл шавар шавхай болсон гуталтай ахлагч Пэрри тахиагаа тэжээхэд минь тусалсан юм. Тэжээл өгч дуусах үед тэрээр “Бонни, би замаа харах хэрэгтэй. Явж байгаа зүгт маань гэрлээ тусгаарай” гэж элэгсгээр захиж билээ.

Би өөртөө гэрэл тусгаж байсан ч ахлагч Пэррид тусалж замыг нь гэрэлтүүлж өгч чадаагүй. Тэгээд би түүнд замаар аюулгүй явахад нь миний гэрэл хэрэгтэй байгааг ухаарч, гар чийдэнгээ яг түүний алхаж байгаа газраар тусгасаар бид гэртээ итгэлтэйгээр алхан ирсэн юм.

Хайрт ах, эгч нар минь ээ, би ахлагч Пэрригээс сурсан энэ зарчмыг олон жил тунгаан бодсон. Гэрэл тань туяаран гийг гэсэн Их Эзэний урилга нь гэрлийг зүгээр л энд тэндгүй цацруулан, дэлхийг арай илүү гэрэлтэй болго гэсэн үг биш юм. Харин энэ нь бусад хүнд Христэд очих замаа харахад нь туслахын тулд бид өөрсдийн гэрлийг чиглүүлж тусгана гэсэн үг. Энэ нь хөшигний наад талд Израилыг цуглуулах, Бурхантай гэрээ байгуулж мөн сахихын тулд гаргах дараагийн алхмаа олж харахад нь бусдад туслах явдал юм.2

Аврагч “Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ”3 хэмээн гэрчилсэн. Түүний жишээнүүдээс нэгийг авч үзье.

Худгийн дэргэд байсан эмэгтэй самари хүн байсан бөгөөд Есүс Христийг таньдаггүй, бас нийгэмд нь зарим хүн түүнийг гадуурхдаг байжээ. Есүс түүнтэй уулзаж, яриа өрнүүлэн, эхлээд тэд усны тухай ярилцсан. Тэгээд Тэрээр Өөрийгөө “амийн ус”4 хэмээн зарлаж, түүнийг илүү их гэрэлд авчирсан.

Христ тэр эмэгтэйг болон түүнд юу хэрэгтэй байсныг сайн мэдэж байв. Тэрээр эмэгтэйн байсан газар нь очиж, түүний мэдэх энгийн зүйлийн талаар ярьж эхэлсэн. Тэгээд Тэр яриагаа үүгээр дуусгасан бол энэ нь эерэг уулзалт байх байв. Хэрэв тэгсэн бол тэр эмэгтэй хот руу явж, “Ирж үзэгтүн. Тэр Христ биш үү?”5 гэж зарлахгүй байх байсан. Ярилцаж байхдаа тэрээр Есүс Христийн талаар мэдэж авсан бөгөөд өнгөрснөөсөө үл хамааран гэрэлт зэмсэг болж, бусдын замыг гэрэлтүүлсэн юм.6

Одоо гэрлийг хуваалцах Аврагчийн үлгэр жишээг дагасан хоёр хүний талаар ярья. Саяхан миний найз Кэвин оройн хоол идэхээр нэгэн компанийн захирлын хажууд суужээ. Хоёр цаг юу ярьж сууна даа гэж тэр санаа зовж байлаа. Кэвин Сүнсний өдөөлтийг даган, “Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Танайхан хаанаас гаралтай вэ?” гэж асуув.

Уг эр өвөг дээдсийнхээ тухай бараг юм мэдэхгүй байсан тул Кэвин утсаа гаргаж ирээд, “Хүмүүсийг гэр бүлтэй нь холбож өгдөг нэг аппликэйшн байдаг юм. Тэндээс юу олдохыг харцгаая” гэж хэлжээ.

Удаан ярилцсаны дараа Кэвиний шинэ найз түүнээс “Яагаад танай сүмд гэр бүл ийм чухал байдаг юм бэ?” гэж асуув.

Кэвин “Бид нас барсныхаа дараа үргэлжлүүлэн амьдардаг гэдэгт итгэдэг. Бид өвөг дээдсээ олж мэдэн, тэдний нэрийг ариун сүм гэдэг нандин газарт аваачиж, нас барсны дараа ч гэр бүлийг маань хамт байлгах гэрлэлтийн ёслолуудыг гүйцэтгэдэг”7 гэж хариулжээ.

Кэвин шинэ найзтайгаа ярилцахдаа тэдэнд нийтлэг байгаа зүйлээс эхэлсэн. Тэгээд тэр Аврагчийн гэрэл, хайрын тухай гэрчлэх арга олсон.

Хоёр дахь түүх нь их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглодог Элла хэмээх охины тухай юм. Гэрээсээ хол сурч байхдаа номлолын дуудлагаа хүлээн авснаар тэр үлгэр дуурайл үзүүлж эхэлжээ. Тэр дуудлагынхаа дугтуйг багийнхныхаа өмнө нээхээр шийдэв. Багийнхан нь Есүс Христийн Сүмийн талаар бараг юу ч мэддэггүй бөгөөд Эллагийн үйлчлэх хүслийг ч ойлгодоггүй байлаа. Номлолын дуудлагыг яаж багийнхандаа ойлгогдохоор тайлбарлахаа мэдэхийн тулд тэр ахин дахин залбирчээ. Тэр юу гэж хариулсан бол?

“Би мундаг болохоороо Powerpoint хийсэн юм” гэж Элла тоглон хэлэв. 400 гаруй номлолын аль нэгэнд үйлчилж, хэл сурах боломж гарч магадгүй гэж тэр тэдэнд тайлбарлаад, олон мянган номлогч одоо үйлчилж байгааг онцлов. Төгсгөлд нь Элла Аврагчийн зүргийг гаргаад, “Сагс бол миний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг. Би энэ дасгалжуулагчийн энэ багт тоглох гэж гэр бүлээ орхин, эх орныхоо нэг захаас нөгөө зах руу нүүж ирсэн. Миний хувьд сагс тоглохоос ч илүү чухал хоёр зүйл бол итгэл бишрэл болон гэр бүл маань юм”8 гэж гэрчлэлээ товчхон хуваалцжээ.

Одоо та нар “Энэ хоёр түүх 1000 ваттын гэрлийн жишээнүүд, харин би бол 20-хон ваттын чийдэн шүү дээ” гэж бодож байгаа бол Аврагч “Би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ”9 гэж заасныг сана. Хэрвээ бид бусдыг Түүний зүг хандуулах юм бол Тэрээр гэрлийг авчирна гэдгээ бидэнд сануулдаг.

Та бидэнд яг одоо хуваалцахад хүрэлцээтэй гэрэл бий. Бид хэн нэгэнд Есүс Христэд ойртон очиход нь туслахын тулд дараагийн алхмыг нь, бүр дараа дараачийнх нь алхмыг гэрэлтүүлж чадна.

“Би гэрлээрээ хэрэгтэй замаа олж харахад нь хэнд тусалж чадах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Хайрт найзууд минь, гэрлээ туяаран гийгүүлэх нь яагаад тийм чухал байдаг вэ? Их Эзэн “Тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй”10 хэмээн бидэнд айлдсан. Бид тэдэнд тусалж чадна. Бид бусдад харуулахын тулд зориудаар гэрлээ туяаран гийгүүлж чадна. Бид тэднийг урьж чадна.11 Христийн зүг эргэлзээд ч гэсэн нэг алхам урагшилж байгаа хүмүүстэй бид хамт алхаж чадна. Бид Израилыг цуглуулж чадна.

Их Эзэн бидний өчүүхэн хичээл зүтгэл бүрийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Ариун Сүнс бидэнд хэлэх, хийх зүйлээ мэдэхэд тусалдаг. Ийм оролдлогуудыг хийхдээ бид тав тухтай байдлаа орхих хэрэгтэй болж магадгүй. Гэсэн ч гэрэл маань туяаран гийхэд Их Эзэн туслах болно гэдэг итгэлтэй байгаарай.

Энэ Сүмийг илчлэлтээр дамжуулан удирдсаар буй Аврагчийн гэрэлд би маш их талархаж байна.

Зураг
Дэнлүү барьж буй Аврагч

Бид бүхэн Есүс Христийн үлгэр жишээг дагаж, эргэн тойрныхондоо энэрэнгүй хандан, анхааралтай байцгаая гэж би уриалж байна. Хүмүүс Есүс Христ рүү очих замыг харж болохын тулд гэрэл тань тийн туяаран гийх боломжуудыг хайж, бас гуйн залбир. “Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”12 хэмээх Түүний амлалт агуу юм. Аврагч Есүс Христ маань дэлхийн зам, үнэн, амь, гэрэл мөн хайр гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.