Ерөнхий чуулган
Түүнийг сонс
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Түүнийг сонс

Тодорхойгүй байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Өөрийнх нь Хүүг сонсох явдал гэдгийг Эцэг маань мэддэг.

Хайрт ах, эгч нар аа, бид техник технологи ашиглан, энэ ням гаргийн өглөө хамтдаа цуглан, шүтэн бишрэх боломжтой байгаад би маш их талархаж байна. Есүс Христийн сайн мэдээ дэлхий дээр сэргээгдсэнийг мэддэгийн хувьд бид хэчнээн адислагдсан гээч!

Өнгөрсөн хэдэн долоо хоногт бидний ихэнхийн хувийн амьдрал бэрхшээлтэй байлаа. Газар хөдлөлт, гал түймэр, үер ус, өвчин эмгэг болон эдгээрийн үр дагавар тогтсон дэг журмыг алдагдуулж, хоол хүнс, үндсэн хэрэглээний зүйлсийн болон мөнгөний хомсдолыг үүсгэлээ.

Энэ бүхний хажуугаар, хүнд хэцүү цаг үеэр Ерөнхий чуулганд бидэнтэй хамт нэгдэн, Их Эзэний үгийг сонсох сонголт хийсэн та бүхнийг бид сайшаан, талархаж байна. Зовлон бэрхшээлийг дагалдан улам бүр ихсэх харанхуй Есүс Христийн гэрлийг улам тод гэрэлтүүлдэг. Дэлхийг бүхэлд нь цочроосон энэ цаг үед бидний хүн нэг бүр ямар их сайн үйлс хийж болохыг бодоод үз дээ. Та бүхний Аврагчийг гэсэн хайр, Түүнд итгэх итгэл хэн нэгэнд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэн талаар олж мэдэхэд туслах хөшүүрэг болж болох юм.

Өнгөрсөн хоёр жилд Нэлсон эгч бид хоёр дэлхийн эргэн тойронд байгаа та бүхнийхээ олон мянгатай нь уулзсан. Бид задгай цэнгэлдэх хүрээлэн, зочид буудлын бүжгийн танхим зэрэг газруудад уулзаж байсан. Уулзсан газар болгондоо би Их Эзэний сонгогдсон хүмүүсийн оршихуйд байгаагаа мэдэрч, Израилын цугларалт нүдний минь өмнө болж өнгөрөхийг харсан.

“Бидний өвөг дээдэс итгэл тавин хүлээж байсан”1 тэр цаг үед бид амьдарч байна. Бошиглогч Нифай Бурханы Хурганы хүч Их Эзэний “газрын гадаргуугаар нэг тархсан, гэрээ байгуулсан хүмүүс дээр буу[ж]; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн бай[хыг]”2 зөвхөн үзэгдлээр харсан бол харин бид түүнийг нь өөрсдийн нүдээр бодитоор гэрчлэх боломжтой.

Ах, эгч нар аа, та нар бол Нифайн харсан хүмүүсийн дунд байгаа юм шүү. Бодоод үз дээ!

Хаана амьдарч байгаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран Их Эзэн Есүс Христ бол таны Аврагч, Бурханы бошиглогч Иосеф Смит бол таны бошиглогч юм. Тэрээр дэлхийн сууринаас өмнө, энэхүү сүүлийн эрин үед буюу гэгээнтнүүдээс “нуух зүйл юу ч үгүй болох”3 энэ үеийн бошиглогч байхаар томилогдсон билээ. Үргэлжлэн явагдаж буй энэхүү сэргээлтийн үед Их Эзэнээс илчлэлт ундран гарсаар байна.

Есүс Христийн сайн мэдээ дэлхийд сэргээгдсэн гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Энэ нь та гэр бүлтэйгээ лацдан холбуулж, үүрд хамтдаа амьдарч чадна гэсэн үг. Энэ нь Есүс Христээс эрх мэдэл хүлээн авсан хэн нэгэн танд баптисм хүртээж, Түүний Сүмийн гишүүнээр баталсан тул та Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжтой гэсэн үг. Ариун Сүнс та нарыг чиглүүлж, хамгаалах болно. Энэ нь та хэзээ ч түгшүүрт байдалд автахгүй эсвэл танд туслах Бурханы хүчээс ангид үлдэхгүй гэсэн үг. Энэ нь чухал ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахих юм бол санваарын хүч та нарыг адисалж чадна гэсэн үг. Ялангуяа шуурга ширүүсэж буй энэ цаг үед эдгээр үнэн сургаал бидний бодгальд зангуу болж байна.

Мормоны Номд хоёр үндсэн соёл иргэншлийн сонгодог сэргэн мандалт, уналтын үйл явдлуудыг нарийвчлан дүрсэлдэг. Тэдний түүх шастир ихэнх хүний хувьд Бурханыг мартах, Их Эзэний бошиглогчийн сэрэмжлүүлгийг хүлээн авахаас татгалзах, хүч чадал, алдар нэр, махан биеийн таашаалын хойноос хөөцөлдөх зэрэг нь ямар амархан болохыг харуулдаг.4 Өнгөрсөн үеийн бошиглогчид “агуу хийгээд гайхамшигт зүйлийг хүмүүст” тунхагласан ч “тэд тэдгээрт нь итгээгүй.”5

Энэ байдал өнөөдөр ч хэвээр. Он жилийн туршид дэлхий даяар онцгой индэр дээрээс агуу хийгээд гайхамшигтай зүйлүүд яригдсаар ирсэн. Гэсэн ч ихэнх хүн эдгээр үнэнийг нэг бол хаанаас олохоо мэдэхгүйгээс6 эсвэл үнэнийг бүрэн байдлаар нь мэдэхгүй хүмүүсийн үгийг сонссоноос эсвэл бүр дэлхийн зүйлсийн араас хөөцөлдөн үнэнийг эсэргүүцсэн учраас хүлээн аваагүй байдаг.

Дайсан маш ухаантай. Тэрээр мянга мянган жилийн турш сайныг муу, мууг сайн болгон харагдуулсаар ирсэн.7 Түүний захиас чанга, түрэмгий, ихэрхүү маягтай байдаг.

Гэвч Тэнгэрлэг Эцэгийн маань захиас үүнээс тэс ондоо. Тэрээр буруу ташаа ойлгохын аргагүй энгийн, намуухан бөгөөд маш тодорхой байдлаар ярьдаг.8

Жишээлбэл, Тэрээр Өөрийн Цорын Ганц Хүүг маш цөөхөн үгээр дэлхийн мөнх бус хүмүүнд танилцуулсан. Бурхан Хувиралтын уулан дээр Петр, Иаков, Иохан нарт “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун”9 гэж хэлжээ. Тэрээр эртний Өгөөмөр нутаг дахь нифайчуудад хандан, “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун—та нар түүнийг анхааран сонсогтун”10 хэмээсэн. Мөн энэ эрин үеийн үүдийг нээсэн гүн гүнзгий тунхаглалдаа Бурхан Иосеф Смитэд хандан ердөө л “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!11 гэж хэлсэн.

Хүндэт ах, эгч нар аа, саяын дурдсан энэ гурван жишээн дээр, Эцэг Хүүгээ танилцуулахын өмнөхөн тэр хүмүүс айдаст автсан, бүр зарим нь аргаа барсан байсныг бодоод үзээрэй.

Хувиралтын уулан дээр шавь нар нь Есүс Христийг үүлээр хүрээлэгдсэн байхыг хараад айсан.

Нифайчууд хэдэн өдрийн турш сүйрэл харанхуйг үзсэн учраас айсан.

Иосеф Смит тэнгэр нээгдэхийн өмнөхөн харанхуйн хүчийн атганд байсан.

Тодорхой бус байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Түүний Хүүг сонсох явдал гэдгийг Тэнгэрлэг Эцэг маань мэддэг.

Яагаад гэвэл, бид Түүний Хүүг үнэхээр сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно.

Сургаал ба Гэрээнд анхаарагтун гэсэн үг хамгийн эхэнд байдаг.12 Энэ нь дуулгавартай дагахаар сонсох гэсэн утгатай. 13 Анхааран сонсох гэдэг нь “Түүнийг Сонс” буюу Аврагчийн хэлсэн үгсийг сонсох, дараа нь Түүний зөвлөгөөг чих тавин сонсох гэсэн утгатай. “Түүнийг Сонс” гэсэн хоёр үгэнд Бурхан энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загварыг өгчээ. Бид Их Эзэний үгийг сонсож, анхаарч, бидэнд хэлсэн зүйлсийг нь чих тавин сонсох ёстой.

Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай.

Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлд зүгээр найдаж болохгүй. Цахим орчин дахь олон тэрбум үг, дайсны чанга дуу авиа, хорон санаагаар дүүрэн зар сурталчилгаагаар байнга нүдүүлж байгаа дэлхий ертөнцөд бид чухам хаанаас Түүнийг сонсож чадах вэ?

Бид судраас Түүнийг сонсож чадна. Судрууд бидэнд Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээ, Цагаатгалынх нь цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрлавал Христийн үгс бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно.

Бид бас ариун сүмд Түүнийг сонсож чадна. Их Эзэний өргөө бол суралцахын өргөө билээ. Их Эзэн тэнд Өөрийн арга замаар заадаг. Тэнд үйлдэх ёслол бүр Аврагчийн талаар зааж сургадаг. Тэнд бид хэрхэн хөшгийг нээж, тэнгэртэй тодорхой харилцах талаар суралцдаг. Тэнд бид дайсныг хэрхэн дарж, Их Эзэний санваарын хүчээр өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар суралцдаг. Бид ариун сүмийг хоргодох газраа болгохыг чин хүслээрээ эрэлхийлэх ёстой.

КОВИД-19-ийн хорио тавигдахад ариун сүмд тогтмол очин, шүтэн биширч, үйлчлэх хуваарь гаргаарай. Ариун сүмд өнгөрүүлсэн хором бүр таныг болон танай гэр бүлийг өөр юу ч адисалж чадахгүй тийм арга замаар адислах болно Тэнд сонсож, мэдэрсэн зүйлсээ цаг гарган тунгаан бодоорой. Хэрхэн тэнгэрийг нээж, өөрийн болон хайрладаг, үйлчилдэг хүмүүсийнхээ амьдралыг адислахыг Их Эзэнээс залбирч асуун, заалгаарай.

Хэдийгээр яг одоо ариун сүмд шүтэн бишрэх боломжгүй байгаа ч би та бүхнийг гэр бүлийн түүхээ судлах, индексжүүлэх зэрэг гэр бүлийн түүхийн ажилд түлхүү оролцоорой гэж урьж байна. Та бүхнийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд зарцуулах цагаа нэмэгдүүлэх тусам Түүнийг сонсох чадвар тань өсөн нэмэгдэх болно гэдгийг би амлаж байна.

Түүнчлэн бид Ариун Сүнсний шивнээг таних чадвараа сайжруулах тусам илүү сайн Түүнийг сонсож чаддаг болно. Сүнс хэрхэн тантай ярьдгийг мэдэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бурхан Тэргүүтэний дотор Ариун Сүнс элчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр Эцэг, Хүү хоёрын хүлээн аваасай гэж хүссэн бодол санааг танд төрүүлэх болно. Тэр бол Тайтгаруулагч. Тэрээр таны зүрх сэтгэлд амар амгаланг авчирна. Тэр үнэнийг гэрчилж, Их Эзэний үгийг сонсож, уншихад юу үнэн бэ гэдгийг танд батлах болно.

Хувийн илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй хэмээн би та бүхнээс дахин гуйж байна.

Ийн үйлдэх нь цаашид амьдралаа хэрхэн авч явах, хямралын үед юу хийх мөн дайсны уруу таталт, хууран мэхлэлтээс хэрхэн зайлсхийх вэ гэдгийг олж мэдэхэд танд туслах болно.

Эцэст нь хэлэхэд, бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг чих тавин сонсох үедээ Түүнийг сонсдог. Есүс Христийн томилогдсон төлөөлөгчид үргэлж Түүнийг гэрчилдэг. Биднийг мөнх бус амьдралын зүрх эмтлэм асуудлууд дунд явах үед тэр төлөөлөгчид замыг маань зааж өгдөг.

Та Аврагчийн хэлж байсан болон одоо бошиглогчдоороо дамжуулан хэлж буй зүйлсийг илүү чин сэтгэлийнхээ угаас анхааралтай чих тавин сонсвол юу болох вэ? Та бүхэн уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэх нэмэлт хүч чадлаар адислагдах болно гэдгийг би амлаж байна. Таны гэрлэлт, гэр бүлийн харилцаа, өдөр тутмын ажилд тань гайхамшиг тохионо гэдгийг би амлаж байна. Амьдралд тань саад бэрхшээл их тулгарах байсан ч баяр баясгаланг мэдрэх чадвар тань өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.

Энэхүү 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган бол дэлхийг өөрчилсөн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх бидний цаг юм. Иосеф Смитийн Анхны үзэгдлийн 200 жилийн ойн баярт бэлдэж байхдаа Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан энэхүү ер бусын гайхамшигт үйл явдлыг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд бид юу хийж болох талаар бодсон юм.

Бурхан хүмүүнд үзэгдсэн энэхүү үйл явдал нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийг эхлүүлж, цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн үүдийг нээсэн билээ.

Бид энэ үйл явдалд зориулан хөшөө босгох талаар бодсон. Гэвч Анхны үзэгдлийн түүхэн болон олон улсын хүрээнд үзүүлсэн онцгой нөлөөг эргэцүүлэн бодсоноор, боржин эсвэл чулуун хөшөө босгохын оронд “чулуун самбарт” биш, харин бидний “махан биеийн зүрхний самбарт”14 бичигдсэн үгээр буюу албан ёсны, ариун тунхгийн үгээр хөшөө босгох нь зүйтэй гэсэн мэдрэмж бидэнд төрсөн юм.

Сүм зохион байгуулагдсанаасаа хойш ердөө таван тунхаг гаргасан. Хамгийн сүүлийн тунхгийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нэртэйгээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1995 онд танилцуулсан.

Харин одоо дэлхийн түүхэнд болсон энэхүү томоохон үйл явдлын талаар мөн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэх ажлын хүрээнд тараагдсан Израилыг цуглуулах Их Эзэний зарлигийн талаар эргэцүүлэн бодсоны үндсэн дээр, Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бид дараах тунхгийг өргөж байна. Үүнийг “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” хэмээн нэрлэсэн болно. Энэхүү тунхгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зүгээс 2020 оны 4-р сард өргөн байна. Би өнөөдрийн энэ өдөрт бэлдэн, энэхүү тунхгийг Иосеф Смитийн Эцэг, Хүү хоёрыг харсан Ариун ойн төгөлд бичлэг хийн, буулгасан.

“Бурхан дэлхийн үндэстэн бүрийн Өөрийн хүүхдүүдэд хайртай гэдгийг бид албан ёсоор тунхаглаж байна. Бурхан Эцэг бидэнд Өөрийн Хайртай Хүү Есүс Христийн бурханлаг төрөлт, юутай ч зүйрлэшгүй амьдрал, хязгааргүй цагаатгагч золиосыг өгсөн билээ. Эцэгийн хүчээр Есүс дахин босож, үхлийг ялан дийлсэн. Тэр бол бидний Аврагч, Үлгэр дуурайл, Гэтэлгэгч мөн.

Хоёр зуун жилийн өмнө, 1820 оны хаврын нэгэн сайхан өглөө бага залуу Иосеф Смит аль сүмд нэгдэх нь зүйтэй вэ гэдгээ мэдэхийг эрэлхийлэн, АНУ-ын Нью Йорк дахь гэрийнхээ ойролцоох ой руу залбирахаар явжээ. Түүнд өөрийнх нь бодгалийн авралын талаар асуултууд байсан ба Бурханд түүнд удирдамж заавар өгнө гэдэгт итгэн найдаж байв.

Иосеф Смитийн залбирлын хариуд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирэн, Библид зөгнөн хэлсэнчлэн “бүхнийг сэргээх” цаг үеийг эхлүүлснийг бид даруухнаар тунхаглаж байна (Үйлс 3:21). Энэ үзэгдлээр анхны төлөөлөгчдийг өөд болсны дараа Шинэ Гэрээний үеийн Христийн Сүм дэлхий дээр байхаа больсныг тэр мэдэж авчээ. Иосеф уг Сүмийг эргүүлэн авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эцэг, Хүүгийн удирдлаган доор Иосеф Смитэд зааж сурган, Есүс Христийн Сүмийг ахин барьж байгуулахаар тэнгэр элч нар ирсэн гэдгийг бид баталж байна. Амилсан Баптисч Иохан нүглийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисм хүртээх эрх мэдлийг сэргээсэн. Анхны арван хоёр төлөөлөгчийн гурав нь болох Петр, Иаков, Иохан нар төлөөлөгчийн эрх, санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээсэн. Өөр бусад хүн ирсэн ба тэдний дунд гэр бүлүүдийг үхлийн дараа ч үүрд мөнхөд үргэлжлэх мөнхийн харилцаанд холбох эрх мэдлийг сэргээсэн Елиа байсан.

Бид мөн Иосеф Смитэд “Мормоны Ном: Есүс Христийн Бас Нэгэн Гэрч” хэмээх эртний цэдгийг орчуулах Бурханы бэлэг суу, хүч олгогдсон гэдгийг гэрчилж байна. Энэхүү ариун нандин цэдгийн хуудаснууд Есүс Христ амилсныхаа дараахан дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байх хүмүүсийн дунд очин, өөрийн биеэр тохинуулсан түүхийг өгүүлдэг. Энэ нь амьдралын зорилгын талаар заадаг ба уг зорилгын төвд орших Христийн сургаалыг тайлбарладаг. Библитэй зэрэгцэх судрын хувьд Мормоны Ном нь бүх хүн биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн охид, хөвгүүд бөгөөд бидний амьдралд зориулсан бурханлаг төлөвлөгөө Түүнд байдаг мөн Түүний Хүү, Есүс Христ эрт дээр үед ярьдаг байсанчлан өнөө үед ч ярьсаар байгааг гэрчилдэг.

Бид 1820 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм гэдгийг тунхаглаж байна. Энэ Сүм булангийн суурь чулуу болох Есүс Христ, Түүний төгсөшгүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа буулгадаг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл өгсөн. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнс, авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг.

Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёр Сэргээлтийг эхлүүлснээс хойш өдгөө хоёр зуун жил улиран оджээ. Дэлхий даяар сая сая хүн бошиглолын эдгээр үйл явдлын тухай мэдлэгийг хүлээн авчээ.

Тасралгүй өгөгдсөөр байгаа илчлэлтээр дамжин амлагдсан Сэргээлт урагш явсаар байгааг бид баяртайяа тунхаглаж байна. Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” тул дэлхий эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно (Ефес 1:10).

Бид Түүний төлөөлөгчдийн хувиар тэнгэр нээгдсэнийг бидний адил олж мэдэхэд хүн бүрийг хүндэтгэл, талархалтай урьж байна. Бурхан Өөрийн тааллыг хайртай охид, хөвгүүддээ мэдүүлж байгааг бид баталж байна. Бид Сэргээлтийн захиасыг залбиран судалж, итгэлээр үйлддэг хүмүүс үүний бурханлаг байдлын хийгээд бидний Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгын тухай өөрийн гэсэн гэрчээр адислагдах болно хэмээн гэрчилж байна.”15

Хайрт ах эгч нар аа, энэ бол Есүс Христийн сайн мэдээ бүрэн байдлаараа сэргээгдсэнтэй холбоотой бидний дэлхий дахинд өргөж буй хоёр зуун жилийн ойн тунхаг байлаа. Үүнийг 12 хэл дээр орчуулсан. Удахгүй өөр олон хэлээр орчуулж гаргана. Үүнийг Сүмийн вэбсайт дээр шууд тавих ба та нар өөрийн хувийг тэндээс авч болно. Үүнийг хувиараа болон гэр бүл, найз нөхөдтэйгөө судлаарай. Тэдгээр үнэний талаар тунгаан бодож, сонсож, анхаарал тавьж, дагалдан ирдэг зарлиг, гэрээнүүдийг дагаж мөрдсөнөөр таны амьдралд үзүүлэх нөлөөнийх нь тухай эргэцүүлэн бодоорой.

Иосеф Смит бол энэ сүүлчийн эрин үеийг нээхээр Их Эзэнээр урьдчилан томилогдож, сонгогдсон бошиглогч гэдгийг би мэднэ. Түүгээр дамжин Их Эзэний Сүм дэлхий дээр сэргээгдсэн. Иосеф өөрийн гэрчлэлийг цусаараа лацадсан. Би түүнийг ямар их хайрлаж, хүндэтгэдэг гээч!

Бурхан амьд! Есүс бол Христ! Түүний Сүм сэргээгдсэн! Аврагч болон Түүний Эцэг, бидний Тэнгэрлэг Эцэг биднийг харж хамгаалж байгаа. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.