Ерөнхий чуулган
Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир

Хосанна, халлелуяагаар дүүрэн энэ баярын өдрүүдэд халлелуяа хэмээн дуулцгаая. Учир нь Тэр үүрд мөн мөнхөд хаанчилна!

Хайрт ах, эгч нар аа, бид хосанна, халлелуяа гэж уухайлсаар, үргэлжилж буй Сэргээлтийн болон Христийн амилсны баярын энэ өдрүүдэд амьд Есүс Христийг магтан дуулж байна. Бидний Аврагч “Миний дотор та нар амар амгалан байг. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа”1 хэмээн төгс хайраар батлан хэлсэн.

Хэдэн жилийн өмнө Гонг эгч бид хоёрыг нэгэн сайхан гэр бүлтэй уулзах үеэр тэдний жаахан охин Айви хийлийн цүнхээ ичингүйрэн авч ирэв. Тэр хийлийнхээ нумыг гаргаж ирээд, чангалж бас давирхай түрхэв. Дараа нь нумаа цүнхэндээ буцаан хийгээд, цомцойн суулаа. Шинэ суралцагч тэрээр хийлийн тухай мэдэх бүхнээ хуваалцсан нь тэр байв. Айви одоо, олон жилийн дараа хийлийг маш сайхан тоглодог болсон.

Зураг
Ави ба түний хийл

Энэ мөнх бус оршихуйд бид Айви, түүний хийл хоёртой бага зэрэг төстэй. Бид эхнээс нь эхэлдэг. Бид дадлага хийж, тууштай байсны үр дүнд өсөж хөгжин, сайжирдаг. Цаг хугацааны өнгөрсөөр, Аврагчтай хамт усан үзмийн талбайд нь хөдөлмөрлөж2, Түүний гэрээний замаар явах үед сонгох эрх, мөнх бус оршихуйн туршлага маань биднийг Түүнтэй улам бүр адилхан болоход тусалдаг.

Тэмдэглэлт өдрүүд, тухайлбал хоёр зуун жилийн ойн баяр, Сэргээлтийн загварыг онцгойлон харуулдаг.3 Есүс Христийн сайн мэдээний үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийн ойн баярыг тэмдэглэхийн зэрэгцээ бид Христийн амилсны баярт бэлдэж байна. Аль алинд нь бид Есүс Христийг эргэн ирсэнд баясдаг. Тэр зөвхөн эрт дээр үед биш, одоо; зөвхөн зарим хүний хувьд ч биш бүх хүний хувьд амьдардаг. Тэрээр шархалсан зүрхийг эдгээж, олзлогдогсдыг чөлөөлж, хараагүйд хараа оруулж, дарамтад байсныг чөлөөлөх гэж ирсэн мөн эдүгээ ч ирдэг.4 Бидний хүн нэг бүр энэ бүхнийг мэдэрч байсан. Түүний гэтэлгэлийн амлалтууд бидний өнгөрсөн, одоогоос эсвэл ирээдүйн төлөөх сэтгэл зовнилоос маань үл хамааран үйлчилдэг.

Зураг
Иерусалим руу ялгуусан орж ирсэн явдал

Маргааш Далдуу модны ням гараг (Христийн амилсны баярын өдрийн өмнөх ням гараг). Христийг Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирэхэд “үй олон … далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч”5 байсан тул далдуу мод нь Их Эзэнд баяр баяслаа илэрхийлдэг байсан уламжлалт бэлгэдэл юм. (Хэрри Андэрсоны энэ зургийн эх хувийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны албан өрөөнд, ширээнийх нь хойно өлгөсөн байгийг мэдэх танд сонирхолтой байж магад.) Илчлэл номд Бурханыг болон Хургыг магтсан хүмүүс “цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан”6 байжээ. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд “зөв шударга ёсны орхимжууд” ба “алдар суугийн титэмийн”7 хамт далдуу модны найлзуурыг дурдсан байдаг.

Мэдээж, Далдуу модны ням гараг нь зүгээр нэг олон хүн далдуу модны мөчир барин угтан авсан явдлын тухай биш, харин үүнээс хавьгүй өргөн утга агуулгатай. Есүсийг Далдуу модны ням гарагт Иерусалимд орж ирэхийг итгэлтэй хүмүүс хараад, бошиглол биеллээ гэдгийг мэдсэн. Зехариа8 мөн Дуулалыг зохиогчдын зөгнөн бошиглосончлон, бидний Их Эзэнийг илжиг унасаар Иерусалимд орж ирэхэд олон түмэн хэн гэдгийг нь мэдсэн тул “Хамгийн Дээдэд Хосанна”9 хэмээн уухайлсан. Хосанна гэдэг нь “одоо авраач”10 гэсэн утгатай. Өнөө үед бид тэр хүмүүстэй адил “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!”11 хэмээн баясдаг.

Далдуу модны ням гаргийн дараагийн ням гараг бол Христийн амилсны баяр юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид өөрсдөө төлж чадахааргүй тийм их өртэй байсан тул бидний Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христ Өөрийн тавиагүй өрийг төлөхөөр ирсэн билээ” 12 гэж заасан. Үнэхээр Бурханы бүх хүүхэд Христийн Цагаатгалаар дамжуулан “сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар … аврагдана.”13 Христийн амилсны баяраар бид халлелуяа хэмээн дуулдаг. Халлелуяа гэдэг нь “Их Эзэн Иехова Таныг магтъя”14 гэсэн утгатай. Хенделийн Мессиа магтуу дууны найрал дуучдын Халлелуяа “эздийн Эзэн, хаадын Хаан”15 гэсэн хэсэг Христийн амилcны баярын гайхам сайхан тунхаглал билээ.

Далдуу модны болон Христийн амилсны баярын гэсэн хоёр ням гаргийн хооронд болсон ариун нандин үйл явдлууд бол хосанна, халлелуяагийн түүх билээ. Хосанна бол Бурханаас аврал хүсэж буй бидний гуйлт, харин халлелуяа бол аврал, өргөмжлөлийг хүлээн авна хэмээн найдвар тээн, Их Эзэнд магтаалаа өргөж байгаа хэрэг юм. Бид хосанна, халлелуяа хэмээснээр Христийн амилалтын баяр, хожмын үеийн сэргээлтийн гол утга учир бол амьд Есүс Христ юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Хожмын үеийн Сэргээлт нь Бурхан Эцэг, Өөрийн Хүү Есүс Христийн хамт залуу бошиглогч Иосеф Смитэд бодитой үзэгдсэнээр эхэлсэн. Бошиглогч Иосеф Смит “Хэрэв та тэнгэр руу таван минут шагайж харж чадах юм бол энэ сэдвээр бичигдсэн бүхнийг уншаад, мэдэхээс илүү ихийг мэдэх болно”16 хэмээн хэлжээ. Тэнгэр дахин нээгдсэн тул бид тэнгэрлэг Бурхан тэргүүтэн болох “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг бас үүнийг мэддэг.”17

Сэргээлтийн эхний жилүүдэд буюу 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баярын ням гарагт Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад амьд Есүс Христ үзэгджээ. Түүнийг харсан хүмүүс гал, ус гэсэн эсрэг тэсрэг хоёр үгээр зүйрлэн, ийн гэрчилсэн. “Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой”18 гэжээ.

Тэр үед бидний Аврагч “Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ”19 хэмээн тунхагласан. Ахиад л эсрэг тэсрэгийн зүйрлэл буюу эхнийх мөн эцсийнх, амьдардаг ба алагдсан, Тэр бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл20 мөн итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч21 гэсэн үгсийг ашиглажээ.

Есүс Христийг үзэгдсэний дараа Мосе, Елиас, Елиа нар мөн адил ирсэн. Хуучин цагийн эдгээр агуу бошиглогч санваарын түлхүүрүүд болон эрх мэдлийг сэргээхээр тэнгэрлэг заавраар ирсэн. Ийнхүү Бурханы бүх хүүхдийг адислахын тулд Түүний сэргээгдсэн Сүм дотор “энэ эрин үеийн түлхүүрүүд даатгагдсан.”22

Көртландын ариун сүмд Елиа ирснээр “Эзэний агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө”23 Елиа ирнэ гэсэн Малахийн Хуучин Гэрээний бошиглол биелсэн юм. Хэдийгээр тохиолдлын зүйл байгаагүй ч Елиа ийн ирсэн нь еврейчүүдийн Дээгүүр өнгөрөх баярын өдөртэй буюу Елиагийн ирэхийг хүлээж байгаагаа тэмдэглэдэг уламжлалтай давхацсан байдаг.

Олон сүсэгтэн еврей гэр бүл Дээгүүр өнгөрөх баярын ширээндээ Елиад зай үлдээдэг. Олон хүн Түүнийг урьж, угтан авахын тулд аягаа амсар хүртэл нь дүүргэдэг. Мөн зарим нь Елиаг гадаа ирээд, урьж оруулахыг нь хүлээж байгаа эсэхийг харахын тулд Дээгүүр өнгөрөх баярын үеэр хаалга онгойлгохоор хүүхдээ явуулж, заримдаа бага зэрэг нээлттэй үлдээдэг байв.24

Бошиглолын биелэл, бүх зүйл амлагдсан Сэргээлтийн нэгэн хэсэг25 болж, Елиа Христийн амилсны баяраар, Дээгүүр өнгөрөх баярын үеэр ирсэн. Тэрээр дэлхийд болон тэнгэрт гэр бүлүүдийг лацдан холбох эрх мэдлийг авчирсан юм. Бошиглогч Иосеф Смитэд Моронай “Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас” хэмээн зааж цааш нь “[Их Эзэний] ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно”26 хэмээсэн. Ариун Сүнсний илрэл болох Елиагийн сүнс биднийг угийн бичиг, түүх мөн ариун сүмийн үйлчлэлээр өнгөрсөн, одоо, ирээдүйн уг удам руу маань татдаг.

Одоо бүгдээрээ Дээгүүр өнгөрөх баяр яг юуг илэрхийлдэг тухай товчхон ярья. Дээгүүр өнгөрөх баяр нь Израилын хүүхдүүд 400 жилийн боолчлолоос чөлөөлөгдсөнийг бэлгэддэг. Гэтлэл номд энэ чөлөөлөлт нь хэрхэн мэлхий, дэлэнч, ялаа, малын тахал, буглаат хатиг, аянга, мөндөр, царцаа, түнэр харанхуй зэргийн эцэст ирсэн тухай өгүүлдэг. Сүүлийн тахлаар газар нутаг дахь ууган хүү, ууган төлийн амийг авах байсан ч Израилын угсаа буюу өрх гэрийнхэн сэвгүй ууган хурганы цусыг хаалганыхаа тотгон дээрээ түрхэх юм бол аюулд өртөхгүй байх байв.27

Үхлийн тэнгэр элч хурганы бэлгэдэлт цусаар тэмдэглэсэн байшингуудыг хараад, хажуугаар нь өнгөрсөн юм.28 Өнгөрөх эсвэл дээгүүр өнгөрөх баяр эцэст нь Есүс Христ үхлийг бүр мөсөн ялсныг төлөөлдөг. Үнэхээр Бурханы Хурганы цагаатгагч цус бидний Сайн Хоньчинд бүх газарт бүх нөхцөл байдалд буй Өөрийн хүмүүсийг хөшигний хоёр талд буй Өөрийн сүрэгт аюулгүй цуглуулах хүчийг өгдөг.

Хамгийн чухал нь, Христийн амилсны баярын гол утга учир “Христийн хүч ба амилалтын”29 гэсэн хоёр сэргээлтэд оршиж байдгийг Мормоны Номд тайлбарласан байдаг.

Нэгдүгээрт, амилалтад “зохих мөн төгс хэлбэртээ” буюу “үе болон мөч болгон,” “бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй”30 сэргээгдэх бие махбодын сэргээлт ордог. Энэ амлалт нь эрхтэнээ алдсан, харах, сонсох, алхах чадваргүй болсон эсвэл хүнд өвчин, сэтгэцийн эмгэгтэй, бусад чадвар, чадамжаа алдсанаас болж зовсон хүмүүст найдвар өгдөг. Тэр биднийг олдог. Тэр биднийг бүтэн болгодог.

Сүнслэг байдлын хувьд “бүх зүйл өөрсдийн зохист ёсоор сэргээгдэнэ”31 гэсэн амлалт бол Христийн амилсны баярын болон Их Эзэний Цагаатгалын хоёр дахь амлалт юм. Энэ сүнслэг байдлын сэргээлт нь бидний үйл, хүслийг харуулдаг. Усны гадаргуу дээрх талхны адилаар32 энэ нь “сайныг,” “зөв шударгыг,” “шударгыг,” “нигүүлсэнгүйг”33 сэргээдэг юм. “Шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд”35 гэж уриалахдаа бошиглогч Алма сэргээх гэдэг үгийг яагаад 22 удаа34 ашигласныг гайхах юун.

“Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг”36 учраас Их Эзэний Цагаатгал зөвхөн юу байсныг биш, харин ямар байж болох тэр байдалд бүрэн бүтэн болгодог. Тэр бидний бүх төрлийн өвчин, шаналал мөн зовлон, зүдгүүр, уруу таталтыг мэддэг учраас37 бидний сул дорой байдлын дагуу нигүүлслээр халамжилж чадна.38 Бурхан “төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан” тул нигүүлслийн төлөвлөгөө “шударга ёсны шаардлагыг хангадаг”39. Бид наманчилж, чадах бүхнээ хийдэг. Тэр биднийг “хайрын мутраараа”40 мөнхөд хүрээлдэг.

Өнөөдөр бид Сэргээлт, Амилалтыг тэмдэглэж байна. Би та бүхэнтэй хамт Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт үргэлжилж байгаад баясдаг. 200 жилийн тэртээ ийм нэгэн хавар эхэлсний адил гэрэл ба илчлэлт нь Их Эзэний амьд бошиглогчоор болон Түүний нэрээр нэрлэгдсэн Түүний Сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр мөн Ариун Сүнсний ер бусын бэлгээр өгөгдсөн хувийн илчлэлт, илэрхийлэлтээр дамжин ирсээр байна.

Би та бүхэнтэй хамт Христийн амилсны баярын энэ үеэр Бурхан, бидний Мөнхийн Эцэгийг болон Түүний Хүү, амьд Есүс Христийг гэрчилж байна. Мөнх бус олон хүмүүн хэрцгийгээр цовдлогдож, дараа нь амилуулагдсан. Гэвч зөвхөн амьд Есүс Христ Өөрийн төгс амилсан биед буюу гар, хөл, хавирган дээрх цовдлуулсан шархтайгаа үлдсэн. Зөвхөн Тэр л “би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн”41 хэмээн хэлж чадна. Зөвхөн Тэр л “Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү”42 хэмээн хэлж чадна.

Бяцхан Айви, түүний хийл хоёрын адил бид зарим талаараа дөнгөж эхэлж байна. Чухам “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.”43 Бид Бурханыг эрэлхийлж, нэг нэгэндээ гараа сунган туслах үед Түүний хайр бидний дотор өсөн нэмэгдэж болохын тулд энэ цаг үед Бурханы сайн сайхан болоод өөрсдийн бурханлаг чадавхын талаар улам ихийг сурч мэдэж чадна. Бид шинэ газарт шинэ арга замаар алхам алхмаар, үргэлж эелдэг байснаар хувь хүнийхээ хувьд төдийгүй хамтдаа хийж мөн тэрхүү чадавхдаа хүрч чадна.

Газар бүрд байгаа хайрт ах, эгч нар аа, бид уулзаж, хамтдаа суралцах үед та нарын итгэл болон сайн сайхан намайг сайн мэдээнээс суралцах адал явдал, талархлаар дүүргэдэг. Та нарын гэрчлэл, сайн мэдээнээс суралцах аялал миний гэрчлэл, сайн мэдээнээс суралцах аяллыг баяжуулдаг. Та нарын асуудал, баяр баясгалан, Бурханы гэр бүлийг болон гэгээнтнүүдийн хамт олныг гэх хайр мөн сэргээгдсэн үнэн, гэрлийн талаар амьдралаасаа олж авсан ойлголт тань Есүс Христ төвд нь байдаг сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлын талаарх бидний мэдлэгийг өсгөн нэмэгдүүлдэг. Бид хамтдаа “үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдэ[нэ]”44 гэж найддаг. Амьдралын элдэв асуудлын дунд ч адислал бүрээ тоолж чадна гэдгээ бид бүгд мэднэ.45 Бидний амьдралын өдөр тутмын нарийн ширийн, өчүүхэн мөн энгийн зүйлд агуу их зүйлүүд авчрагддагийг бид харж чадна.46

“Мөнхүү улиран тохиох дор бүх үндэстнүүдийн дундаас зөв шударгыг үйлдэгчид цуглуулагдах болно, мөн үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно.”47 Хосанна, халлелуяагаар дүүрэн энэ баярын өдрүүдэд халлелуяа хэмээн дуулцгаая. Учир нь Тэр үүрд мөн мөнхөд хаанчилна! Хосанна, Бурхан, Хурга хоёр хэмээн хашхирцгаа! Есүс Христийн ариун бөгөөд эрхэм нандин нэрээр, амен.