Ерөнхий чуулган
Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч

Мормоны Ном биднийг Ариун Сүнстэй холбож, сүнслэг амин дэмээр хангаж, үйлдэл хийх жор болдог.

Би саяхан орсон эмчийн үзлэгт орж, хариугаа нягталж үзсэнийхээ дараа би амьдралдаа зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдгээ мэдсэн юм. Эмч маань надад туслахын тулд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний жор бичиж өгсөн бөгөөд хэрэв би дагаж мөрдвөл илүү эрүүл болох байв.

Хэрэв бид бүгдээрээ сүнслэг үзлэгт орвол өөрсдийнхөө талаар юу олж мэдэх бол? Бидний сүнслэг байдлын эмч ямар өөрчлөлт хийх жор бичих байсан бол? Бид ямархуу байх хэрэгтэй байгаа, тийм хүн болохын тулд юу хийхээ мэддэг бөгөөд мэддэг зүйлээ хийдэг байх нь маш чухал.

Есүс Христ бол хамгийн Агуу Эмч.1 Тэр агуу Цагаатгалаараа дамжуулан бидний шархыг боож, алдаа дутагдлыг маань Өөр дээрээ авч, шархалсан зүрх сэтгэлийг минь эдгээдэг.2 Түүний ач ивээлээр сул дорой байдал маань хүчирхэг болж чадна.3 Тэр биднийг Өөрөөс нь суралцаж, үгсийг нь анхаарч, Сүнснийх нь номхон дөлгөөн байдалд алхсанаар5 Өөрийг нь дагахад биднийг урьдаг.4 Амьдралынхаа туршид хөрвөгдөхөөр аялах явцад маань Тэр бидэнд тусална6 хэмээн амласан бөгөөд энэхүү хөрвөлт биднийг өөрчилж, мөнхөд үргэлжлэх баяр хөөрийг авчирдаг.7

Бидний хөрвөлтөд нөлөөлөх хүчирхэг зэмсэг болох Мормоны Номыг Аврагч бидэнд өгсөн. Мормоны Ном биднийг Ариун Сүнстэй холбож, сүнслэг амин дэмээр хангаж, үйлдэл хийх жор болдог. Бидэнд зориулан бичсэн8 энэ ном Бурханы үгийг энгийн тодорхой байдлаар9 агуулдаг бөгөөд бидний хэн болох тухай болон амьдралын зорилго, хувь тавилангийн талаар өгүүлдэг.10 Мормоны Ном Библитэй хамт Есүс Христийг11 гэрчилдэг төдийгүй бидэнд хэрхэн үнэнийг мэдэж авч, Түүнтэй адил болохыг заадаг.

Зураг
Соу Поло ах

Соу Поло ах Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээтэй анх 58 настайдаа танилцаж байжээ. Түүнтэй анх уулзахад тэрээр салбарын ерөнхийлөгчөөр үйлчлээд хэдэн жил болж байсан бөгөөд Мормоны Ном өөрийнх нь төрөлх бирм хэл дээр гараагүй учир тэр энэ номыг хэзээ ч уншиж байгаагүй гэдгийг би олж мэдсэн. Номыг уншилгүйгээр үнэн гэдгийг нь яаж мэдсэнийг асуухад тэрээр Мормоны Номын түүхүүд зурагт номон дээрх зургийг өдөр бүр харж, толь бичиг ашиглан, англи үгнүүдийг орчуулж, сурсан зүйлээ бичиж тэмдэглэн байж суралцсан хэмээн хариулсан юм. Тэрээр “Суралцах бүрдээ би сурсан зүйлийнхээ талаар залбирдаг байсан бас амар амгалан, баяр баясгаланг мэдэрч, оюун санаа минь цэлмэж, зүрх сэтгэл минь зөөлөрдөг байлаа. Ариун Сүнс надад үүнийг үнэн гэдгийг гэрчлэхийг би мэдэрсэн. Би Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг мэднэ” хэмээн тайлбарласан юм.

Бидний хүн нэг бүр Соу Поло ах шиг өөр өөрсдийн нөхцөл байдалд Мормоны Номыг судалж чадна. Бид итгэх хүсэлтэй байж, үүний сургаалыг зүрх сэтгэлдээ тунгаан бодсоноор сургаал үнэн эсэхийг Бурханаас итгэлээр асууж чадна.12 Хэрэв бид мэдэж, мөн үйлдэх чин хүсэлтэй байвал Тэрээр бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсээр дамжуулан хариулах болно. Ариун Сүнсний хүчээр бид бүхий л зүйлсийн үнэнийг мэдэж чадна.13 Бид Мормоны Номын тэнгэрлэг гэрчлэлтэй болсноор үүнтэй адил хүчээр Есүс Христ бол дэлхийн Аврагч, Иосеф Смит бол Түүний бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Түүний сэргээгдсэн Сүм14 гэдгийг мэдэж авах болно.

Би залуу байхдаа номлолын үйлчлэлээ эхлэхээр Австрали руу нисэх онгоцонд суусан юм. Хэдийгээр би үйлчлэхээр шийдсэн байсан ч ганцаардсан, түгшсэн, шаардлагыг нь хангахгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, өөрийнхөө итгэж байгаа зүйлийг үнэн гэдэг баталгааг авахыг цөхрөнгөө баран хүсэж байж билээ. Залбирч, судраа үнэн сэтгэлээсээ уншиж байсан ч нислэг үргэлжлэх тусам өөртөө улам бүр эргэлзсээр, сүүлдээ миний бие өвдөж эхлэв. Хэдэн цагийг зүдрэн өнгөрөөсний дараа онгоцны үйлчлэгч суудлын дундуур явж ирээд, миний хажууд ирж зогсов. Тэрээр уншиж байсан Мормоны Номыг минь аваад, номын хавтас руу харан, “Агуу ном шүү!” гэж хэлээд, номыг минь буцааж, гарт бариулчхаад яваад өгөв. Би тэр үйлчлэгчийг дахин хараагүй.

Түүний хэлсэн үгс чихэнд минь цуурайтаж байх хооронд “Би энд байна, чамайг хаана байгааг мэдэж байна. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь би хариуцах болно” гэх үгсийг би зүрхэндээ мэдэрч, тодхон гэгч сонсож билээ. Номхон далай дээгүүр уг онгоцоор нисэж явахдаа би Мормоны Номоос суралцсанаар мөн Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан, миний Аврагч намайг хэн бэ гэдгийг мэддэг, мөн сургаал үнэн гэсэн хувийн гэрчлэлийг хүлээн авсан юм.

Ахлагч Дэвид А.Бэднар “Сайн мэдээ үнэн гэдгийг мэдэх нь гэрчлэлийн үндсэн чанар мөн. Сайн мэдээнд үргэлж үнэнч байх нь хөрвүүлгийн үндсэн чанар юм.15 Хөрвөгдөхийн тулд бид “сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид” байх учиртай”16 хэмээн заасан билээ. Мормоны Ном Их Эзэний бидэнд зориулсан үйлдэх төлөвлөгөөг буюу Христийн сургаалыг маш ойлгомжтой заадаг.17 Үүнд дараах зүйлүүд багтана.

  • Нэгдүгээрт, Есүс Христэд найдаж, Түүний зарлигуудыг сахин, бидэнд туслах болно гэдгийг нь мэдэж авснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх.18

  • Хоёрдугаарт, өдөр бүр гаргадаг алдаа дутагдлынхаа төлөө нүглээ наманчилж мөн Түүнийг биднийг уучлах үед баяр хөөр, амар амгаланг мэдрэх.19 Наманчлал биднээс бусдыг уучлахыг шаарддаг20 бөгөөд бидний амьдралыг урагшлахад тусалдаг. Наманчлах бүрд маань Аврагч биднийг уучлах болно гэж амласан.21

  • Гуравдугаарт, баптисм зэрэг ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахих. Энэ нь биднийг Түүн рүү очих гэрээний зам дээр байлгадаг.22

  • Дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах. Энэ бэлэг нь биднийг ариусгаж, тайвшруулж, удирдан залдаг тэрхүү нэгнийг байнгын хамтрагчаа болгох боломжийг бидэнд олгодог.23

  • Тавдугаарт, өдөр бүр Христийн үгэн дээр найрлаж, тууштай урагш тэмүүлснээр эцсээ хүртэл тэвчих.24 Мормоны Номоос зооглож, зааж буй сургаалаас нь зууран баривал насан туршдаа бид хамгаалагдаж, удирдамж хүлээн авч уруу таталтуудыг даван туулж чадна. 25

Христийн сургаалыг өөрсдийнхөө амьдралд тогтмол хэрэгжүүлснээр бид үйлдэл хийхэд саад болж байдаг айдас, өөрчлөлтийг зогсоодог үлбэгэр байдлаасаа гарч чадна. Бид хувийн илчлэлт хүлээн авах болно. Учир нь Ариун Сүнс “та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг үзүүлэх болно”26 мөн “Христийн үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлж өгдөг.”27

Хуан Жанкон ах 20 жилийн туршид архи, тамхинд донтож, мөрийтэй тоглоомд автсан нэгэн байв. Есүс Христийн тухай, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай олж мэдээд, Хуан ах залуу гэр бүлийнхээ төлөө өөрчлөгдөхийг хүсжээ. Тамхи татах зуршлаас салах нь хамгийн хэцүү байв. Архаг тамхичин байсан болохоор тамхинаас гарах оролдлого нь хэд хэдэн удаа бүтэлгүйтэж байсан аж. Нэгэн өдөр түүний Мормоны Номоос уншсан “чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр”28 гэсэн үгс оюун ухаанд нь гүн гүнзгий хоногшжээ. Хэдийгээр өмнөх оролдлогууд бүтэлгүй болж байсан ч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжтайгаар энэ удаад өөрчлөгдөж чадах юм шиг түүнд санагдав.

Бүрэн цагийн номлогчид итгэлээ түүнийхтэй нэгтгэж, хүчит залбиралтай хослуулан, Бурханы сургаалаас суралцаж, бас өдөр тутам үйлдэх төлөвлөгөө гаргасан байна. Хуан ах чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр үнэнч шийдэмгий үйлдсэн бөгөөд Мормоны Номоос суралцах зэрэг хөгжүүлэхийг хүсэж байгаа шинэ дадал дээр анхаарлаа төвлөрүүлэх тусам салахыг хүссэн муу зуршилдаа анхаарал төвлөрөх нь багасаж байгааг олж мэджээ.

Тэрээр 15 жилийн өмнөх туршлагаасаа дурсан ярихдаа, “Яг хэзээ тамхинаас гарснаа санахгүй байна, гэхдээ би Их Эзэний Сүнсийг амьдралдаа урихын тулд мэддэг зүйлээ өдөр бүр хийхийг хичээж, бас үргэлжлүүлэн хийсээр байсан. Тэгээд нэг л мэдэхэд тамхи сонирхол татахаа больж, түүнээс хойш бүр орхисон” хэмээн хуваалцсан юм. Мормоны Номын сургаалыг хэрэгжүүлснээр Хуан ахын амьдрал өөрчлөгдөж, тэрээр сайн нөхөр, аав болсон.

Зураг
Хуан Жанкон ба түүний гэр бүл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч байгаад судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно. Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэж, та нар асуултууддаа хариулт, хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлаж байна. Та нар өдөр бүр Мормоны Номд умбавал порнографын болон биднийг хэврэг болгодог өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг, мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна”29 гэж амласан билээ.

Эрхэм найзууд аа, Мормоны Ном бол Бурханы үг бөгөөд үүнээс суралцсанаар30 бид Түүнтэй илүү ойртох болно. Энэ номын үгсийг турших үедээ31 бид үүний талаарх үнэний гэрчийг олж авах болно. Энэ номд заадаг сургаалын дагуу тууштай амьдарснаар бид муу зүйл хийх хүсэлгүй болох болно.32 Бидний зүрх сэтгэл, зүс царай, мөн чанар өөрчлөгдөн,33 Аврагчийнхтай илүү адил болох болно. Би та бүхэнд Есүс бол Христ, бидний Аврагч, Гэтэлгэгч, мөн бидний найз гэдгийг чин сэтгэлээсээ гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.