Ерөнхий чуулган
Зөв шударга шүүлтийг бататгах нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Зөв шударга шүүлтийг бататгах нь

Зөв шударга шүүлтийг бататгахын тулд Аврагч мэдлэггүй байдал болон бусад хүний учруулсан гомдлын өргөст зовуурийг арчиж хаяна.

Мормоны Ном Христийн сургаалыг заадаг

Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мормоны Номоос олж авсан мэдлэг маань гэнэт алга болбол” бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар тунгаан бодохыг биднээс хүссэн.1 Та бүгдийн олонхын адилаар би энэ асуултын талаар тунгаан бодсон юм. Нэгэн бодол ахин дахин орж ирсээр байлаа. Мормоны Номгүй, бас Христийн сургаал, Түүний цагаатгагч золиосын талаар өгч буй үүний тодорхой тайлбаргүй байсан бол би амар тайванг олохын тулд юунд хандах вэ?

Авралын зарчмууд болон Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг ёслолуудаас бүрдсэн Христийн сургаалыг Сэргээлтийн бүх сударт ахин дахин заасан байдаг боловч Мормоны Номд онцгой хүчтэй заасан байдаг билээ.2 Сургаал нь Христэд итгэх итгэлээр эхэлдэг бөгөөд үүний бүх элемент нь нэг бүрчлэн Түүний цагаатгагч золиослолд найдах найдвар дээр тулгуурладаг.

Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар, “Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг.”3 Аврагчийн ер бусын бэлгийн талаар бид илүү их ойлгох тусам оюун ухаан, зүрх сэтгэлдээ4 ерөнхийлөгч Нэлсоны “Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий”5 хэмээн батлан хэлсэн нь үнэн болохыг илүү их мэдэж авна.

Аврагчийн Цагаатгал шударга ёсны бүх шаардлагыг хангадаг

Аврагчийн Цагаатгалын талаарх бидний ойлголтод Мормоны Номын оруулж буй амин чухал бөгөөд амар тайванг авчирдаг хувь нэмэр нь Христийн нигүүлсэнгүй золиос шударга ёсны бүх шаардлагыг биелүүлсэн гэдгийг заасан явдал юм. Алма “Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тулд нигүүлслийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг”6 гэж тайлбарлажээ. Эцэгийн нигүүлслийн төлөвлөгөөг7 буюу судруудад өгүүлснээр аз жаргалын төлөвлөгөө8 ба авралын төлөвлөгөөг9 шударга ёсны шаардлагыг хангаагүй тохиолдолд гүйцэлдүүлэх боломжгүй юм.

Тэгвэл “Шударга ёсны шаардлага” гэж яг юуг хэлдэг вэ? Алмагийн туршлагыг тунгаан бодно уу. Алма залуудаа “сүмийг устгахыг” хүсдэг байсныг санацгаая.10 Үнэндээ, Алма “устгал уруу тэднийг удирдсан”-аар “[Бурханы] хүүхдүүдээс олныг хөнөөсөн” учир тэрээр “тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа”11 гэж хүү Хиламандаа хэлдэг.

Алма “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Есүс Христ[ийн] … ирэлтийн талаар” эцгийнхээ заахыг “дуулснаа сана[х]”12 үед эцэст нь амар амгалан ирсэн тухай Хиламанд тайлбарладаг. Гэмшиж буй Алма Христийн нигүүлслийг13 гуйн залбирсан бөгөөд Христ түүний үйлдсэн нүглүүдийг цагаатгаж, шударга ёсны бүх шаардлагыг төлж гүйцэлдүүлсэн гэдгийг ухаарахдаа баяр баясгалан, тайвшралыг мэдэрсэн юм. Дахиад асуухад, шударга ёс Алмагаас юу шаардах байсан бэ? Алма өөрөө хожим нь “ямар ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсыг өвлөж авч чадахгүй”14 гэж заасан байдаг. Тиймээс, нигүүлсэл үйлчлээгүй бол шударга ёс түүнийг Тэнгэрлэг Эцэг дээр эргэн ирж амьдрахад нь саад болох байсан15 гэдгийг мэдэх нь нэг талаас Алмаг тайвшруулсан байж таарна.

Аврагч бидний эдгээж чадахгүй шархыг эдгээдэг

Гэсэн хэдий ч, Алмагийн баяр баясал зөвхөн өөр дээр нь, тухайлбал өөрөө шийтгүүлэхээс зайлсхийж, өөрөө Эцэг дээр эргэж ирэх боломжтой болоход төвлөрч байсан уу? Алма үнэнээс холдуулж удирдсан хүмүүсийнхээ талаар бас санаа зовж байсан гэдгийг бид мэднэ.16 Алма төөрөгдүүлсэн хүмүүсээ бүгдийг эдгээж, сэргээж чадахааргүй байсан юм. Тэдэнд Христийн сургаалаас суралцах шударга боломж, бас баяр баясгалангаар дүүрэн зарчмуудаар амьдарснаар ирэх адислал өгөгдөнө гэж тэр өөрөө баттай хэлж чадахгүй байсан. Түүний хуурамч сургаалд сохроор итгэсэн үедээ нас барсан хүмүүсийг тэр буцааж ирүүлж чадахааргүй байсан.

Ерөнхийлөгч Боид К.Пакэрын нэгэнтээ зааснаар, “Алмаг аварсан бодол бол таны сэргээж чадахгүй зүйлийг сэргээж, эдгээж чадахгүй шархыг эдгээж, таны эвдэлсэн бөгөөд засаж чадахгүй зүйлийг засах нь Христийн Цагаатгалын туйлын зорилго гэдэг нь юм.”17 Алмагийн оюун ухаандаа “санасан” баяртай үнэн бол тэр зөвхөн өөрөө цэвэр болох төдийгүй түүний хохироосон хүмүүс мөн эдгээгдэж, бүрэн бүтэн болох боломж байв.

Зөв шударга шүүлтийг бататгах нь

Алмаг энэхүү тайтгарлын сургаалаар аврагдахаас хэдэн жилийн өмнө, хаан Бенжамин Аврагчийн цагаатгагч золиосын санал болгож буй эдгэрлийн өргөн хүрээний талаар заасан байсан. “Агуу их баяр баясгалангийн баярт мэдээ” түүнд “Бурханы тэнгэр элчээр”18 мэдүүлэгдсэн гэж хаан Бенжамин тунхаглажээ. “Хүмүүний үрсийн дээр зөв шударга шүүлт ирж”19 болохыг бататгахын тулд Христ бидний үйлдсэн нүгэл, гаргасан алдааны төлөө зовж, үхэх болно гэдэг үнэн нь эдгээр баяр баясгалангийн мэдээнд багтаж байв.

“Зөв шударга шүүлт” яг юуг шаарддаг вэ? Дараагийн шүлэгт хаан Бэнжамин, зөв шударга шүүлтийг хангахын тулд Аврагчийн цус “Адамын зөрчлөөр унагаагдсан тэд” болон “өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэд, өөрөөр хэлбэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний”20 төлөө цагаатгасан гэж тайлбарласан. Түүнчлэн “Христийн цус” бяцхан хүүхдүүдийн нүглийг цагаатгах ёстой гэж шударга шүүлт шаарддаг гэж тэр заасан юм.21

Энэ судрууд нь мэдлэггүйгээр нүгэл үйлдсэн тэдэнд, мөн Иаковын хэлснээр “хууль өгөгдөөгүй” тэдэнд Аврагчийн цагаатгагч золиосыг үнэгүй бэлэглэж, тэднийг эдгээдэг хэмээн заадаг.22 Нүглийн улмаас хүлээх хариуцлага нь бидэнд өгөгдсөн гэрлээс шалтгаалдаг бөгөөд чөлөөт сонголтоо хэрэгжүүлсэн чадвар дээр маань үндэслэдэг.23 Бид энэхүү эдгээх, тайтгаруулах үнэний тухай гагцхүү Мормоны Ном болон Сэргээлтийн бусад судрын ачаар мэддэг.24

Хэрэв хууль өгөгдсөн бол мөн Бурханы хүсэл тааллын талаар мэдлэгтэй бол бид үүрэг хариуцлага хүлээх нь мэдээж. Хаан Бенжамины онцолж хэлснээр, “Бурханы эсрэг тэмцэж буйгаа мэдэх түүнд халаг, халаг! Учир нь наманчлал мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжихаас бусдаар бол эдний хэний нь ч дээр аврал ирэх нь үгүй.”25

Энэ бас Христийн сургаалын баярт мэдээ юм. Аврагч зөвхөн мэдлэггүйн улмаас нүгэл үйлдсэн хүмүүсийг эдгээж, сэргээгээд зогсохгүй, гэрлийн эсрэг нүгэл үйлдсэн хүмүүст Өөрт нь итгэж, наманчилсан нөхцөлд эдгээх боломжийг санал болгодог.26

Алма энэ хоёр үнэнийг “санасан” байж таарна. Хэрэв Христ өөрийг нь авраад, харин өөрийнх нь удирдан чиглүүлж үнэнээс холдуулсан хүмүүсийг үүрд хөнөөгдсөн байдалтай орхисон бол Алма “амтлаг баясал”27 гэж дүрсэлсэн баяслыг мэдрэх байсан болов уу? Мэдээж үгүй. Алма амар тайванг бүрэн мэдрэхийн тулд өөрийн хохироосон хүмүүсийг ч бас бүрэн бүтэн болгох боломж түүнд хэрэгтэй байсан юм.

Тэгвэл тэд эсвэл бидний хор хөнөөл учруулсан хүмүүс чухам яаж бүрэн бүтэн болж болох вэ? Аврагчийн цагаатгагч золиос нь ямар ариун механизмаар эдгээж, сэргээдэг болохыг бид бүрэн ойлгохгүй боловч зөв шударга шүүлтийг хангахын тулд Аврагч мэдлэггүй байдал болон бусад хүний учруулсан гомдлын өргөст зовуурийг арчиж хаяна гэдгийг бид мэднэ.28 Ингэснээр Тэрээр Бурханы бүх хүүхдэд Түүнийг дагах болон аз жаргалын агуу төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх, тод харагдах боломжийг олгоно гэдгээ баталдаг.29

Аврагч бидний эвдэлсэн бүхнийг засах болно

Эдгээр үнэн Алмад амар тайванг авчирсан. Мөн эдгээр үнэн бидэнд ч бас агуу их амар тайванг авчрах ёстой. Эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд бид үргэлж бие биетэйгээ сөргөлдөн, заримдаа бүр дайрч давшлан, хор хөнөөл учруулдаг. Бидний гаргасан алдаатай холбоотой шаналал нь бидэнд ирэх шийтгэлээс айх айдсаас гадна хүүхдүүдийнхээ баяр баясгаланг хязгаарласан эсвэл тэдний үнэнийг харж, ойлгох замд саад болсон байх вий гэх айдас байдаг гэдгийг ямар ч эцэг, эх гэрчилж чадна. Аврагчийн цагаатгагч золиосын агуу амлалт нь, эцэг эхчүүд бидний гаргаж буй алдаанд Тэрээр бидний хүүхдүүдийг буруугүй гэж үзэн, тэднийг эдгээнэ гэдгээ амласан явдал юм.30 Бид бүгдийн адилаар, тэд гэрлийн эсрэг нүгэл үйлдсэн ч гэсэн Тэрээр нигүүлслийн мутраа сунгасан байдаг31 бөгөөд Өөр лүү нь харж амьдрах юм бол Тэрээр тэднийг гэтэлгэх болно.32

Хэдийгээр Аврагч бидний засаж чадахгүй зүйлийг нөхөх хүчтэй боловч бидэнд наманчлалынхаа нэг хэсэг болгож, залруулга хийх талаар чадах бүхнээ хийхийг зарлиг болгосон.33 Бидний үйлдсэн нүгэл, гаргасан алдаанууд Бурхантай харилцах харилцаанаас гадна бусадтай харилцах харилцаанд сэв суулгадаг. Заримдаа бидний эдгээх, сэргээх талаар гаргаж буй хүчин чармайлт зүгээр л уучлалт гуйх шиг хялбар байж болно, харин бусад үед олон жилийн даруухан хичээл чармайлтыг шаардаж болох юм.34 Гэсэн хэдий ч, үйлдсэн ихэнх нүгэл, алдааны маань хувьд бид хор хөнөөл учруулсан хүмүүсээ бүрэн эдгээх ямар ч боломжгүй байдаг. Мормоны Номын болон сэргээгдсэн сайн мэдээний гайхамшигтай, амар амгаланг өгөх амлалт нь Аврагч бидний эвдэлсэн болгоныг засна гэсэн амлалт юм.35 Хэрвээ бид учруулсан хор хөнөөлийнхөө талаар наманчлан, итгэлтэйгээр Түүн дээр ирвэл Тэр бас биднийг өөрчлөх болно.36 Тэрээр бидэнд энэ хоёр бэлгийг хоёуланг санал болгосон. Яагаад гэвэл, Тэр бид бүгдэд хайртай37 бөгөөд шударга ёс, нигүүлсэл хоёрын аль алиныг дээдлэх зөв шударга шүүлтийг баттай хангахаар шийдсэн учраас тэр юм. Энэ бүгд үнэн гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135.

  2. 2 Нифай 31; 3 Нифай 11:28, 32, 35, 39–40; Сургаал ба Гэрээ 10:62–63, 67–70; 68:25; Мосе 6:52–54; 8:24; Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62.

  4. Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү.

  5. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 62.

  6. Aлма 42:15

  7. Алма 42:15

  8. Алма 42:8-ыг үзнэ үү.

  9. Алма 24:14; Мосе 6:62-ыг үзнэ үү.

  10. Moзая 27:8–10-ыг үзнэ үү.

  11. Алма 36:13, 14.

  12. Алма 36:17, 18.

  13. Алма 36:18-ыг үзнэ үү.

  14. Алма 40:26; түүнчлэн 1 Нифай 15:34; Алма 7:21; 11:37; Хиламан 8:25-ыг үзнэ үү.

  15. 3 Нифай 27:19-ийг мөн Мосе 6:57-г үзнэ үү.

  16. Aлма 36:14–17-г үзнэ үү.

  17. Boyd K. Packer, “The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 19–20-ийг үзнэ үү.

  18. Moзая 3:2, 3.

  19. Moзая 3:10; тодотгол нэмэгдсэн.

  20. Мозая 3:11; мөн 2 Нифай 9:26-г үзнэ үү.

  21. Мозая 3:16; мөн Мозая 15:25; Моронай 8:11–12, 22-ыг үзнэ үү.

  22. 2 Нифай 9:25.

  23. 2 Нифай 2:26–27; Хиламан 14:29–30-ийг үзнэ үү.

  24. Итгэлийн тунхаг 1:2-ыг мөн Сургаал ба Гэрээ 45:54-ийг үзнэ үү. Нас барагсдын төлөөх баптисмыг дэлгэрүүлэн тайлбарлахдаа бошиглогч Иосеф Смит, “Хүн төрөлхтний нэг хэсэг нь нөгөө хэсгээ нигүүлсэнгүй бишээр шүүн, буруутгаж байхад, ертөнцийн Агуу Эцэг хүн төрөлхтний бүх гэр бүлийг эцэг ёсны хайр халамжаар анхааран харж байдаг билээ. Тэрээр хүмүүсийг Өөрийнхөө үр сад гэж үзэн, … Тэр бол ухаалаг хууль тогтоогч бөгөөд хүмүүсийг хүмүүний явцуу, аминч үзлээр биш … шүүх болно. Тэрээр хүмүүсийг, ‘тэдэнд байхгүй юмаар нь биш, харин тэдэнд байгаа юмных нь дагуу шүүнэ.’ Хуульгүйгээр амьдарч байсан хүмүүсийг хуульгүйгээр шүүх болно. Түүнчлэн хуультай байсан хүмүүс уг хуулиараа шүүгдэх болно. Аугаа Иеховагийн мэргэн ухаан хийгээд оюун билэгт бид эргэлзэх хэрэггүй. Тэрбээр бүх үндэстнийг өөр өөр ажил үйлс, оюун билгийг олж авдаг тэдний арга хэлбэр, зөв мэдээлэл олж авахад тэдэнд хүртээмжтэй байдаг арга хэрэгсэл, … тэдний удирддаг хуулиудаар нигүүлсэнгүйгээр шүүх болно. … Газар Дэлхийн Шүүгч зөвийг үйлдсэнийг бид бүгд эцсийн эцэст хүлээн зөвшөөрөх болно” хэмээн хэлсэн (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 458).

  25. Мозая 3:12-ыг мөн 2 Нифай 9:27-г үзнэ үү.

  26. Мозая 3:12; Хиламан 14:30; Моронай 8:10; Сургаал ба Гэрээ 101:78-ыг үзнэ үү. Хүмүүс зарим зарлиг, гэрээний талаар мэдэхгүй эсвэл зарим нөхцөл байдалд сонгох эрхээ хэрэгжүүлж чадахгүй байж болох боловч тэдэнд Христийн Гэрэл байдаг учраас өөр бусад нөхцөл байдалд хариуцлага хүлээнэ (2 Нифай 9:25; Моронай 7:16–19-ийг үзнэ үү). Бидний шүүгч болон зөв шударга шүүлтийг хангасан Аврагч эдгээр нөхцөл байдлыг хооронд нь ялгах болно (Мормон 3:20; Мосе 6:53–57-г үзнэ үү). Тэрээр аль алиных нь төлөө, эхнийхийг нөхцөлгүйгээр, удаахыг наманчлах нөхцөлтэйгөөр төлөөсийг нь төлсөн.

  27. Aлмa 36:21.

  28. Мозая 3:11-ийг мөн Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128; Алма 7:11–12; (“Тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно. … Тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно”); Исаиа 53:3–5 (“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ”); 61:1–3 (“Шаналсан зүрхтэйг нь эдгээн … Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг өгөхийн тулд … намайг Эзэн тосолсон юм”). Аврагч Өөрийгөө Мессиа болохыг тунхаглан зарлахдаа Исаиа дахь эдгээр шүлгийг эш татсан нь сургамжтай юм. “Энэхүү бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ” (Лук 4:16–21-ийг үзнэ үү).

  29. Сүнсний дэлхийд, “сайн мэдээ нь мэдлэггүй, нүглээ наманчлаагүй, дуулгаваргүй хүмүүст номлогдож байгаа бөгөөд тэд боолчлолоос чөлөөлөгдөж, өөрсдийг нь хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан адислалуудыг хүлээн авахын тулд урагшилж болно” (Даллин Х.Өүкс, “Эзэнд итгэ,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27). 1 Петр 4:6; 2 Нифай 2:11–16; Сургаал ба Гэрээ 128:19; 137:7–9; 138:31–35-ыг үзнэ үү.

  30. Moсе 6:54-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард амиа хорлох асуудлын талаар дараах сургаалыг заасан. “Зөвхөн Их Эзэн бүх зүйлийг мэдэх бөгөөд Тэр л ганцаар дэлхий дээрх бидний үйлдлийг шүүх болно. [Их Эзэн] биднийг шүүхдээ генийн онцлог, сэтгэл санааны байдал, оюуны чадамж, заалгасан сургамж, эцэг өвгөдийн уламжлал, эрүүл мэнд гэх мэт бүх зүйлийг харгалзаж үзнэ гэж бодож байна. Бид … ‘түүний цус … өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэд, өөрөөр хэлбэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг цагаатгах болно’ (Moзая 3:11) хэмээн уншдаг” (“Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, Oct. 1987, 8; Tambuli, Mar. 1988, 18).

  31. Иаков 6:5; Мозая 29:20; 3 Нифай 9:14; Сургаал ба Гэрээ 29:1-ийг үзнэ үү.

  32. Хиламан 8:15-ыг үзнэ үү.

  33. Леви 6:4–5; Езекиел 33:15–16; Хиламан 5:17; Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү.

  34. Алма өөрөө яг энэ төрлийн хүчин чармайлтыг гаргасан юм (Aлма 36:24-ийг үзнэ үү).

  35. Ерөнхийлөгч Боид К.Пакэр энэ дүрмийн талаар хүчирхгээр заажээ.

    “Эвдсэн зүйлээ засах боломжгүй үе байдаг. Магадгүй зөрчил нь удаан хугацааны өмнө үйлдэгдсэн, эсвэл хохирогч таны гэмшлийг үл хэрэгссэн байж болно. …Магадгүй хор хөнөөл нь хэтэрхий ноцтой байснаас болж, та хэчнээн их хүсээд ч засан залруулж чадахгүй байж болно.

    Залруулан сэргээх арга хэмжээ аваагүй бол таны наманчлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Та үйлдсэн зүйлээ буцааж чадахгүй байгаа бол занганд оржээ гэсэн үг. Танд тэр үед ямар ч нэмэргүй, ямар ч найдваргүй мэт санагдахыг, мөн танд яагаад Алматай адилхан бууж өгөх хүсэл төрж болохыг ойлгоход амархан.

    Бүх зүйлийг хэрхэн засаж болохыг бид мэдэхгүй. Энэ нь энэ амьдралд гүйцэлдэхгүй ч байж магадгүй. Үзэгдэл болон айлчлалаас бид Их Эзэний үйлчлэгчид гэтэлгэлийн ажлыг хөшигний цаана ч гэсэн үргэлжлүүлсээр байх болно гэдгийг мэднэ.

    Энэ мэдлэг нь гэм зэмгүй болон буруутай хүмүүсийн хэн хэнийх нь хувьд тайтгарал болох юм. Төөрөлдсөн хүүхдүүдийнхээ алдааны улмаас шаналж байгаа, мөн итгэл найдвараа алдаж байгаа эцэг эхчүүдийн талаар би бодож байна” (“The Brilliant Morning of Forgiveness,” 19–20).

  36. 3 Нифай 12:19-ийг мөн Матай 6:12; 3 Нифай 13:11-ийг үзнэ үү.

  37. Иохан 15:12–13; 1 Иохан 4:18; Дийтр Ф.Угдорф, “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92-ыг үзнэ үү.