Ерөнхий чуулган
“Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг”
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг”

(Сургаал ба Гэрээ 124:40)

Харин ариун сүмд хүлээн авдаг гэрээ, тэнд гүйцэтгэдэг ёслолууд бидний зүрх сэтгэлийн ариусалд болон Бурханы охид, хөвгүүдийн эцсийн өргөмжлөлд нэн чухал.

200 жилийн өмнө залуу хүү Иосеф Смит Ариун төгөлд Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харж, Тэдэнтэй ярьсан. Иосеф Смит энэхүү тэнгэрлэг үзэгдлийг үзсэнээр “цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг”1 хожмын өдрүүдэд эхлүүлэх үед үргэлжлэн ирэх илчлэлтийн талаар болон Бурхан тэргүүтний жинхэнэ мөн чанарын талаар Тэднээс суралцсан.

Гурав орчим жилийн дараа, 1823 оны 9-р сарын 21-ний орой залбиран хэлсэн чин сэтгэлийн залбирлын хариу ирж, Иосеф Смитийн унтлагын өрөө “үд дундынхаас илүү гэрэлтэй”2 болтлоо гэрлээр дүүргэгджээ. Нэгэн хүмүүн бие түүний орны дэргэд үзэгдэж, залуу хөвгүүнийг нэрээр нь дуудаад, “Бурханы дэргэдээс … илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг”3 хэлэв. Тэрээр Иосефт Мормоны Номыг авчрах тухай зааврыг өгсөн юм.

Мөн тэгээд Моронай Хуучин Гэрээний Малахи номоос, Хаан Жэймсийн хувилбарт хэлдгээс арай өөрөөр

“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно. …

Мөн тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно”4 хэмээн эш татжээ.

Хамгийн чухал нь, Елиагийн зорилгын талаар Иосеф Смитэд өгсөн Моронайн заавар хожмын үед ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг эхлүүлсэн бөгөөд “Бурхан Өөрийнхөө ариун бошиглогчдын амаар”5 дэлхийн эхлэлээс хойш яригдсан бүх зүйлийг сэргээхэд гол түлхүүр болсон юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмд гүйцэтгэдэг, бидэнд боломжтой байдаг гэрээ, ёслол, адислалуудын талаар хамтдаа суралцах үед бидэнд Ариун Сүнс туслаасай хэмээн би залбирч байна.

Елиа буцаж ирсэн

Елиагийн буцаж ирсэн нь яагаад чухал байсан бэ? хэмээх үндсэн чухал асуултаар үгээ эхэлье.

“Елиаг Мелкизедек санваарын лацдан холбох хүчтэй байсныг … ”6 болон Есүс Христийн цаг үеэс өмнөх хамгийн сүүлчийн бошиглогч байсныг бид хожмын үеийн илчлэлтээс мэддэг.”7

Бошиглогч Иосеф Смит энэ талаар “Елиагийн сүнс, хүч болон дуудлагын зорилго бол та … Мелкизедек санваарын бүрэн дүүрэн байдлын түлхүүрийг атгаж …, Бурханы хаант улсад хамаатай бүх ёслолыг хүлээж авах, … бүр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь, бүр тэнгэрт байгаа тэдэн рүү эргүүлэх түлхүүрийг эзэмших явдал юм.”8

Лацдан холбох энэхүү ариун нандин эрх мэдэл чухал шаардлагатай бөгөөд ингэснээр “чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно”9 гэж тайлбарласан.

Иосеф цааш нь, “Бурхан энэ үеийнхнийг хэрхэн аврах вэ? Тэрбээр бошиглогч Елиаг илгээх болно. … Елиа эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдтэй нь, мөн хүүхдүүдийг эцгүүдтэй лацдан холбох гэрээнүүдийг илчлэх болно”10 гэж тодотгожээ.

Хувиралтын уулан дээр Елиа Мосетэй хамт ирж, уг эрх мэдлийг Петр, Иаков, Иохан нарт өгсөн.11 1836 оны 4-р сарын 3-нд Елиа, Мосе, Елиас нарын хамтаар Көртландын ариун сүмд ирж, санваарын тэрхүү түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн билээ.12

1836 онд Елиа лацдан холбох эрх мэдлийг сэргээсэн нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд чухал шаардлагатай байсан бөгөөд гэр бүлийн түүхийн судалгаа хийх дэлхий даяарх сонирхлыг ихээр өрнүүлэн эхлүүлсэн юм.

Зүрх сэтгэлийг өөрчилж, эргүүлж мөн ариусгах

Зүрх, зүрх сэтгэл гэдэг үгс жишиг бүтээлүүдэд 1000 гаруй удаа давтагдсан байдаг. Энэхүү энгийн боловч чухал үг хувь хүний дотоод сэтгэлийг хэлдэг. Бидний зүрх сэтгэл буюу бидний хүсэл таашаал, зорилго, шалтгаан, хандлагын нийлбэр нь бидний хэн бэ гэдгийг мөн бид ирээдүйд ямар хүмүүс болох вэ гэдгийг тодорхойлдог. Их Эзэний ажлын мөн чанар бол сайн мэдээний гэрээ, санваарын ёслолуудаар дамжуулан зүрх сэтгэлийг өөрчилж, эргүүлж мөн ариусгах зорилготой билээ.

Бид хувиараа эсвэл гэр бүлээрээ зөвхөн дурсамжтай болохын тулд ариун сүмүүдийг барьж, тийш ордоггүй. Харин ариун сүмд хүлээн авдаг гэрээ, тэнд гүйцэтгэдэг ёслолууд бидний зүрх сэтгэлийн ариусалд болон Бурханы охид, хөвгүүдийн эцсийн өргөмжлөлд нэн чухал.

Эцгүүдэд нь, бүр Абрахам, Исаак, Иаковт өгсөн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах, хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх, гэр бүлийн түүхийг судлах, ариун сүмд тэдний өмнөөс ёслолууд үйлдэх зэрэг нь хөшигний хоёр талд байгаа хувь хүмүүсийг адисалдаг үйлчлэл юм. Бид энэхүү ариун ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулснаар Бурханыг болон хөршөө хайрлах, тэдэнд үйлчлэх зарлигуудыг дуулгавартай дагаж байгаа хэрэг юм.13 Мөн бусдын төлөөх ийм үйлчлэл бидэнд үнэхээр “Түүнийг сонс[оход]”14 мөн Аврагч дээр ирэхэд тусалдаг.15

Хамгийн ариун нандин гэрээнүүдийг болон санваарын ёслолуудыг зөвхөн ариун сүмд буюу Их Эзэний Өргөөнд хүлээн авдаг. Ариун сүмд сурч, гүйцэтгэдэг бүх зүйл Есүс Христийн тэнгэрлэг байдлыг болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийг чухалчилдаг.

Дотроос гадагш

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон”16 авчрахдаа Гэтэлгэгчийн хэрэглэдэг чухал загварыг дүрслэн өгүүлжээ. Тэрээр “Их Эзэн дотроос гадагш ажилладаг. Харин дэлхий хүний гадаад төрх байдлыг өөрчилснөөр дотоод сэтгэл нь өөрчлөгдөн гэж найддаг. Дэлхий хүмүүсийг ядууралд нэрвэгдсэн хэсгээс гаргаж болох юм. Харин Христ ядуурлыг хүмүүсийн дотоод сэтгэлээс гаргаж, үүний дараа тэд өөрсдийгөө ядуурлаас гаргадаг. Дэлхий хүмүүсийн хүрээлэн буй орчныг өөрчлөх байдлаар тэднийг төлөвшүүлдэг. Харин Христ эхлээд хүмүүсийг өөрчилж, дараа нь хүмүүс хүрээлэн байгаа орчноо өөрчилдөг. Дэлхий хүмүүсийн зан төлөвт нөлөөлж болох ч, харин Христ хүмүүсийн мөн чанарыг өөрчилж чадна”17 гэж заасан.

Санваарын ёслол, гэрээнүүд нь энэхүү сүнсээр дахин төрөх, өөрчлөгдөх байнгын үйл явцад нэн чухал бөгөөд Их Эзэний бидний хүн нэг бүртэй дотроос нь гадагш ажилладаг арга барил юм. Тууштай дагадаг, үргэлж дурсан санадаг, “амьд Бурханы Сүнсээр махбодын зүрхэн самбарт”18 бичигдсэн гэрээнүүд мөнх бус амьдралын болон мөнх амьдралын зорилго, баталгааг өгдөг. Зөв зохистой хүлээн авдаг, үргэлж дурсан санадаг ёслолууд нь бурханлаг байдлын хүчийг амьдралд маань авчрагч тэнгэрийн сувгийг нээж өгдөг юм.

Бид дэлхийн хилэнцээс нуугдаж, зугтахын тулд ариун сүмд ирдэггүй. Харин бид хилэнцэт дэлхийг ялан дийлэхээр ариун сүмд ирдэг. Бид санваарын ёслолуудыг хүлээн авснаар мөн ариун гэрээнүүдийг байгуулж, сахиснаар “бурханлиг чанарын хүч[ийг]”19 өөрсдийн амьдралд урьж оруулах үедээ мөнх бус амьдралын уруу таталт, бэрхшээлүүдийг ялан дийлж, сайныг үйлдэн, сайн хүмүүс болоход маань туслах, өөрсдийн хэрээс хэтэрсэн20 хүч чадлаар адислагддаг.

Энэ өргөөний алдар нэр тархах болно

Энэ эрин үеийн анхны ариун сүмийг Огайогийн Көртландад барьж, 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адисалсан билээ.

Онцгойлон адисалснаас хойш долоо хоногийн дараа Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ ийн тунхаглажээ.

“Өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг.

Тийм ээ, юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно.

Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө.”21

Мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно, бас энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно гэдэг үгсийг анхаараарай. Энэ гайхам тунхаглал нь Сүм цөөхөн гишүүнтэй мөн ганцхан ариун сүмтэй байсан үед буюу 1836 оны 4-р сард өгөгджээ.

Өнөөдөр, 2020 онд бидэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа 168 ариун сүм байгаа. Үүнээс гадна 49 ариун сүмийг барьж эхэлсэн эсвэл барихаар зарласан байгаа. Их Эзэний өргөөнүүд “далайн арлууд”22 дээр мөн ариун сүм барих боломжгүй гэж олны бодож байсан улс орон, байршлуудад баригдаж байна.

Одоогийн байдлаар, хишиг хүртээх ёслол 88 хэл дээр явагдаж байгаа бөгөөд Бурханы илүү олон хүүхдийг адислахаар ариун сүмүүд нэмж баригдах үед илүү нэмэлт хэл дээр явагдах боломжтой болох болно. Дараагийн 15 жилийн дотор ариун сүмийн ёслолуудад хэрэглэх гадаад хэлний тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай.

Энэ жил бид 18 ариун сүмийг барихаар газар хөндөж, тэдгээрийг барьж эхлэх болно. Харьцуулж үзвэл, 1830 онд Сүм зохион байгуулагдсанаас хойш 1980 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Японы Токио ариун сүмийг онцгойлон адислах хүртэл, 18 ариун сүмийг барихад 150 жил болсон байна.

Зураг
Зургаан ариун сүм

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдарч байх үед ариун сүмийн ажлыг хурдасгах үйл явц хэрхэн өрнөж байгааг бодоод үз дээ. Ерөнхийлөгч Нэлсоныг 1924 оны 9-р сарын 9-нд төрөх үед Сүмд үйл ажиллагаагаа явуулж байсан 6 ариун сүм байсан.

Зураг
Хорин зургаан ариун сум

60 жилийн дараа, 1984 оны 4-р сарын 7-нд түүнийг төлөөлөгчөөр томилогдоход 26 ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 60 жилийн дотор 20 ариун сүм нэмэгдсэн байв.

Зураг
159 ариун сүм

Ерөнхийлөгч Нэлсоныг Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин батлах үед 159 ариун сүм үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түүнийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилсэн 34 жилийн туршид ариун сүмийн тоо 133-аар нэмэгджээ.

Зураг
Үйл ажиллагаагаа явуулж байгаа болон зарлагдсан ариун сүмүүд

Ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 1-р сарын 14-нд Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш 35 шинэ ариун сүмийг барихаар зарлаад байна.

Одоо байгаа ариун сүмүүдийн 96 хувь нь ерөнхийлөгч Нэлсоныг амьдарч байхад онцгойлон адислагдсан ба 84 хувь нь түүнийг төлөөлөгчөөр томилогдсоноос хойш онцгойлон адислагдсан.

Хамгийн чухал зүйлсэд үргэлж анхаарлаа хандуул

Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид хожмын энэ өдрүүдэд Түүний ажил илүү их хурдацтай явагдаж байгааг гайхширан харж байна. Мөн илүү олон ариун сүм баригдах болно.

Бригам Янг “Энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд ганцхан ариун сүм биш, харин мянга мянган ариун сүм байх хэрэгтэй бөгөөд мянга мянган, хэдэн арван мянган эрэгтэй, эмэгтэй хүн тэдгээр ариун сүмд орж, Их Эзэний илчлэх тэрхүү эртний өдрүүдэд амьдарч байсан хүмүүсийн төлөө ёслол хийлгэх болно”23 хэмээн бошигложээ.

Шинэ ариун сүмийг зарлах бүрд энэ нь агуу баяр хөөрийн эх сурвалж, Их Эзэнд талархах шалтгаан байдаг нь ойлгомжтой. Гэхдээ бидний гол анхаарах зүйл бол уг барилгын байршил, үзэсгэлэнт байдал биш, харин бидний зүрх сэтгэлийг өөрчилж, Аврагчид зориулах бидний зүтгэлийг гүнзгийрүүлэх гэрээ, ёслолууд юм.

Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бидэнд тохогдох үндсэн үүрэг бол (1) “Түүнийг сонс[ож]”24 мөн гэрээ, ёслолуудаар дамжуулан зүрх сэтгэлээ өөрчлөх, (2) хөшигний хоёр талд байгаа бүх хүн төрөлхтний гэр бүлд ариун сүмийн адислалуудыг өгөх тэнгэрээс өгөгдсөн үүрэг хариуцлагаа баяр хөөртэй биелүүлэх явдал юм. Түүний удирдамж, тусламжтайгаар бид эдгээр ариун нандин үүргийг биелүүлж чадна.

Сионыг байгуулж бэхжүүлэх

Бошиглогч Иосеф Смит:

“Сионыг байгуулах нь эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм; … тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ. … Бид бол хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы сонгосон ивээлт хүмүүс. Бид хожмын үеийн алдар сууг нүдээр харж, түүнд оролцон, урагш ахиулахад тусалж байгаагаа мэдэрдэг билээ.”25

“Дээрх агуу зорилгуудыг гүйуцэлдүүлэхийн тулд тэнгэрийн санваар газрынхтай нэгдэх болно; … Бурхан болон тэнгэр элчүүд баяр баясгалантайгаар бясалган бодож байсан, эртний патриархууд хийгээд бошиглогчдын бодгальд сүнслэгээр нөлөөлсөн өнгөрсөн үеийнхний ажил, харанхуйн хүчнүүдийн устгалыг тохиолгон авчрах хувь тохиолтой ажил, газар дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу болон хүн төрөлхтний гэр бүлийн авралыг тэд танин мэдэх болно”26 хэмээн тунхагласан.

Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн бөгөөд Елиа лацдан холбох эрх мэдлийг сэргээсэн гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Ариун сүмийн нандин гэрээ, ёслолууд нь “Түүнийг сонс[ож]”27 мөн амьдралдаа бурханлаг хүчийг хүлээн авах үед биднийг хүчирхэгжүүлж, зүрх сэтгэлийг ариусгадаг. Хожмын өдрийн энэхүү ажил харанхуйн хүчийг устгаж, хүмүүн төрөлхтний авралыг тохиолгон авчрах болно гэдгийг би гэрчилж байна. Би эдгээр үнэнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.