Ерөнхий чуулган
Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал

Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтүүдийг Их Эзэний бий болгосон сувгуудаар дамжуулан хүлээн авсан бөгөөд авсаар байна.

Өнөөдөр би бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт, бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн талаар ярих болно.

Заримдаа бид Их Эзэний зорилгыг мэдэхгүй ч гэсэн илчлэлт хүлээн авдаг. Ахлагч Жэффри Р.Холландыг 1994 оны 6-р сард төлөөлөгчөөр дуудагдахаас өмнөхөн, би түүнийг дуудагдах болно гэсэн гайхалтай илчлэлтийг мэдэрч билээ. Би бүсийн төлөөлөгч байсан бөгөөд надад энэ тухай мэдүүлэх ямар ч шалтгааныг олж хараагүй. Гэхдээ бид 1960-аад оны эхээр Англид залуу номлогчид байхдаа хамтрагчид байсан бөгөөд би түүнийг асар их хайрладаг байлаа. Энэхүү туршлагыг би надад зориулсан Бурханы нигүүлсэл хэмээн үздэг. Залуу номлогч байхдаа бага хамтрагч минь байсан энэ гайхалтай номлогчийн Арван хоёрын Чуулга дахь бага төлөөлөгч байхаар Их Эзэн намайг бэлтгэж байсан болов уу хэмээн сүүлийн үед би бодох болсон.1 Би заримдаа залуу номлогчдод бага хамтрагчдаа найрсаг хандахыг сануулдаг. Учир нь тэд хамтрагч нь хэзээ өөрсдийнх нь ахлах хамтрагч болж болохыг мэдэхгүй шүү дээ.

Энэхүү сэргээгдсэн Сүмийг бидний Аврагч Есүс Христ удирддаг гэсэн гуйвшгүй гэрчлэл надад бий. Тэрээр хэн хэнийг төлөөлөгчид нь байхаар, мөн ямар дарааллаар дуудахаа мэддэг. Тэрээр ахлах төлөөлөгчөө Сүмийн бошиглогч, ерөнхийлөгч болоход нь хэрхэн бэлтгэхээ бас мэддэг.

Өнөө өглөө бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэнтэй холбоотой хоёр зуун жилийн ойн гүн утга агуулга бүхий тунхгийг дэлхийд хүргэснийг бид сонсож, адислагдлаа.2 Ерөнхийлөгч Нэлсоны энэхүү чухал нөлөө бүхий тунхаг Есүс Христийн Сүм нь гарал үүсэл, оршин тогтнол, ирээдүйн чиг баримжааны хувьд үргэлжлэн ирж буй илчлэлтийн зарчимд хамааралтай болохыг тодорхой болголоо. Энэхүү шинэ тунхаг нь хайрт Эцэгийн хүүхдүүдтэйгээ харилцах хайрыг илэрхийлж байна.

Урьд өмнө нь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын илэрхийлж байсан мэдрэмжийг би өнөөдөр мэдэрлээ. Тэрээр “Бүх зүйлээс үзэхэд … бидний туйлын талархаж байх ёстой зүйл бол тэнгэр үнэхээр нээлттэй бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн Сүм илчлэлтийн суурин дээр баригдсан байгаа явдал юм. Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлт бол үнэндээ амьд Их Эзэн, Аврагч Есүс Христийн сайн мэдээний амин чухал нэгэн хэсэг билээ”3 гэжээ.

Бошиглогч Енох бидний амьдарч буй энэ өдрүүдийг харсан. Их Эзэн Еноход асар их ёсон бус явдал давамгайлах тухай нотолж, “агуу гай зовлон” гарах болно гэдгийг бошиглон хэлсэн. Гэвч “өөрийн хүмүүсийг би хамгаалан үлдэх болно.”4 “Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно”5 хэмээн Их Эзэн амлажээ.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон манай шашны тулгуурын чулуу болох Мормоны Ном Еноход Их Эзэний хэлсэн зарлигийг биелүүлэхийн тулд дэлхийд гарч ирснийг агуу хүчээр заасан. Бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн Эцэг, Хүү болон тэнгэр элчүүд мөн бошиглогчид “хаант улсад шаардлагатай хүчүүдийг сэргээхээр тэнгэрээс удирдуулагдсан”6 байсан.

Бошиглогч Иосеф Смит нэг илчлэлтийн араас нөгөөг хүлээн авч байжээ. Зарим нь энэ чуулганы үеэр яригдлаа. Бошиглогч Иосефын хүлээн авсан олон илчлэлт Сургаал ба Гэрээнд бидний төлөө хадгалагдан үлдсэн байдаг. Сүмийн бүх жишиг бүтээл энэхүү сүүлчийн эрин үе дэх биднийг гэсэн Их Эзэний оюун, тааллыг агуулдаг.7

Бид эдгээр агуу үндсэн судраас гадна амьд бошиглогчдод өгөгдөх үргэлжлэн ирсээр буй илчлэлтээр адислагдсан. Бошиглогчид “Их Эзэний төлөө ажиллахаар томилогдсон, Түүний өмнөөс ярих эрх мэдэлтэй төлөөлөгчид юм.”8

Зарим илчлэлт нэн чухал ач холбогдолтой байдаг бол бусад нь бурханлаг чухал үнэний талаарх бидний ойлголтыг сайжруулж, өнөөгийн амьдралд удирдамж өгдөг.9

1978 оны 6-р сард ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Сүмийн зөв зохистой бүх эрэгтэй гишүүнд санваарыг болон ариун сүмийн адислалуудыг хүртээх боломжтой болгосонд бид маш их талархаж байна.10

Тэрхүү нандин илчлэлтийг хүлээн авахад тэнд байж, оролцсон Арван хоёр төлөөлөгчийн ихэнхтэй нь би хамт үйлчилж байсан. Тэдний хүн нэг бүр надтай ярьж байхдаа, тэрхүү хүчирхэг, нэгдмэл сүнслэг удирдамжийг ерөнхийлөгч Кимбалл болон тэд өөрсдөө мэдэрсэн гэдгээ баталсан юм. Тэдний олон нь энэ бол тэр цагаас өмнө эсвэл дараа нь тэдний авч байсан хамгийн хүчирхэг илчлэлт байсан хэмээн ярьсан.11

Өнөө үед сүүлийн үеийн бошиглогчдоор дамжуулан ирж буй чухал ач холбогдолтой илчлэлтүүдээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байгаа бид адислагдсаар байгаа билээ.12 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний томилогдсон төлөөлөгч болсоор ирсэн бөгөөд ялангуяа гэр бүлүүдэд гэр орондоо итгэлийн ариун газар барих, тараагдсан Израилыг хөшигний хоёр талд цуглуулах, ариун сүмийн ёслолын үйл ажиллагаанд хишиг хүртсэн гишүүдийг адислахад туслах илчлэлтүүдэд хүндэтгэлтэй ханддаг нэгэн билээ.

Бидний гэр орныг адислах чухал өөрчлөлтүүдийг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр зарлахад “Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд ариун сүмд хуралдаж, хайртай бошиглогч маань Их Эзэнээс илчлэлт өгөхийг гуйсны дараа бүгд хүчирхэг баталгаа хүлээн авсан гэдгийг”13 би гэрчилж байсан.

Тэр үед ариун сүмийн ариун нандин ёслолуудтай холбоотой бусад илчлэлтийг хүлээн авсан боловч тэдгээрийг зарлаж, хэрэгжүүлээгүй байсан.14 Энэхүү удирдамж нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хувийн бошиглолын илчлэлтээр эхэлсэн бөгөөд энэхүү үйл явцад оролцож буй хүмүүст намуухан бөгөөд хүчтэй баталгааг өгсөн юм. Ерөнхийлөгч Нэлсон Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн байгууллагуудыг удирддаг эгч нарыг үүнд онцгойлон хамруулсан. Ариун сүм дотор Тэргүүн Зөвлөлд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад өгөгдсөн эцсийн удирдамж нь үнэхээр гүн гүнзгий сүнслэг бөгөөд хүчтэй байсан билээ. Бид бүгдээрээ Их Эзэний оюун, таалал, дуу хоолойг хүлээн авснаа мэдэж байсан.15

Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтүүдийг Их Эзэний бий болгосон сувгуудаар дамжуулан хүлээн авч байгаа гэдгийг би албан ёсоор тунхаглаж байна. Өнөө өглөө ерөнхийлөгч Нэлсоны хүргэсэн шинэ тунхаг бол бүх хүмүүнийг адислах илчлэлт гэдгийг би гэрчилж байна.

Бид Их Эзэний ширээн дээр найрлах урилгыг бүх хүнд өгч байна.

Гэрчлэлээ олж авч чадахгүй байгаа, идэвх султай эсвэл Сүмийн бүртгэлээс нэр нь хасагдсан хүмүүстэй дахин нэгдэхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа мэдэгдэж байна. Бид өөрсдийн хийвэл зохих бүх зүйлийг сурч мэдэхийн тулд та нартай хамт “Христийн үгс” дээр Их Эзэний ширээнд хамтдаа найрлахыг хүсэж байна.16 Та бидэнд хэрэгтэй! Та Сүмд хэрэгтэй! Та Их Эзэнд хэрэгтэй! Таныг Дэлхийн Аврагчийг бишрэн шүтэхэд бидэнтэй нэгдээсэй хэмээн бид чин сэтгэлээсээ залбирдаг. Та нарын зарим нь доромжлол, зүй бус харьцаа эсвэл Христийнх бус үйлдлүүдтэй тулгардаг байж магадгүйг бид мэднэ. Зарим хүн итгэл үнэмшилдээ бүрэн талархлыг хүлээж аваагүй, ойлголцоогүй мөн ямар нэгэн асуудал нь шийдэгдэхгүй байх бэрхшээлтэй тулгарсан гэдгийг бид бас мэддэг.

Манай хамгийн шударга бөгөөд үнэнч зарим гишүүн хэсэг хугацаанд итгэл үнэмшлийн бэрхшээлтэй тулгарч байсан. Сүмийг орхиж, Миссуригийн шүүх дээр бошиглогч Иосеф Смитийн эсрэг мэдүүлэг өгсөн В.Фэлпсийн үнэн түүх надад маш их таалагддаг. Тэрээр наманчилсныхаа дараа Иосефт “Би өөрийн нөхцөл байдлыг мэдэж байгаа, та ч, Бурхан ч бас мэдэж байгаа, Хэрвээ найзууд маань надад тусалбал би аврагдахыг хүсэж байна”17 гэж бичжээ. Иосеф түүнийг уучилсан бөгөөд ажилд нь буцааж оруулаад, “Найзууд үргэлж найзуудаараа л байна”18 хэмээн хайраар бичсэн байдаг.

Ах, эгч нар аа, та ямар ч нөхцөлд байсан хамаагүй, Сүм, түүний гишүүд таныг эргээд угтан авах болно гэдгийг битгий мартаарай!

Бидний амьдралыг удирдах хувийн илчлэлт

Их Эзэнээс даруухнаар удирдамж хайж байгаа бүх хүнд хувийн илчлэлт ирэх боломжтой. Энэ нь бошиглолын илчлэлттэй адил чухал билээ. Ариун Сүнснээс авсан хувийн болон сүнслэг илчлэлт нь сая сая хүнд баптисм хүртэх шаардлагатай хэмээх гэрчлэлийг хүлээн авч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулахад нь тусалсан.

Хувийн илчлэлт бол биднийг “Ариун Сүнсний хүлээн авалтаар ариусгагдаж,”19 баптисм хүртсэний дараа ирдэг гүн гүнзгий адислал юм. Би 15 настай байхдаа нэгэн онцгой сүнслэг илчлэлт авснаа санаж байна. Хайртай ах маань өөрийг нь номлолд үйлчлүүлэхийг хүсэхгүй байсан аавд ямар хариулт өгөх талаар Их Эзэнээс удирдамж эрэлхийлж байв. Би ч бас чин сэтгэлээсээ залбирч, сайн мэдээний үнэний талаар хувийн илчлэлт хүлээн авсан юм.

Ариун Сүнсний үүрэг

Хувийн илчлэлт нь Ариун Сүнснээс ирсэн сүнслэг үнэнд тулгуурладаг.20 Ариун Сүнс бүх үнэнийг, ялангуяа Аврагчийг илчилдэг илчлэгч бөгөөд гэрчлэгч юм. Ариун Сүнсгүйгээр бид Есүс бол Христ гэдгийг үнэхээр мэдэж чадахгүй. Түүний хамгийн чухал үүрэг бол Эцэгийг болон Хүүг мөн Тэдний нэр, алдар сууг гэрчлэх явдал юм.

Ариун Сүнс хүн бүрд хүчирхэг арга замаар нөлөөлж чаддаг.21 Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахгүй л бол энэ нөлөө тогтмол биш байх болно. Ариун Сүнс наманчлал, өршөөлийн үйл явцад цэвэршүүлэгч төлөөлөл болж үйлчилдэг.

Сүнс гайхамшигтай арга замаар харилцдаг. Их Эзэн дараах гайхалтай дүрслэлийг ашиглажээ.

“Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.

Эдүгээ, болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой.”22

Хэдийгээр Сүнсний нөлөө асар хүчтэй байж болох ч ихэнхдээ энэ нь намуухан бөгөөд зөөлөн байдлаар ирдэг.23 Судруудад Сүнс бидний оюунд амар амгаланг ярих,24 оюун бодлыг эзэмдэх,25 оюун ухааныг гэгээрүүлэх,26 тэр ч байтугай оюунд дуу хоолой ирэх27 зэргээр оюун бодолд маань хэрхэн нөлөөлдөг тухай олон жишээг багтаасан байдаг.

Биднийг илчлэлт хүлээн авахад бэлддэг зарим зарчмыг дурдъя.

  • Сүнсний удирдамжийг гуйн залбирах. Бид хүндэтгэлтэй, даруухан байдлаар асууж, эрэлхийлж,28 мөн хүлцэнгүй, тэвчээртэй29 байх хэрэгтэй.

  • Сүнслэг удирдамж авахад бэлтгэх. Энэ нь биднээс Их Эзэний сургаалд нийцэж, зарлигуудыг нь дагаж мөрдөхийг шаарддаг.

  • Ариун ёслолоос зохистой хүртэх. Бид үүнийг хийхдээ, Түүний ариун Хүүгийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг дурсан санаж, зарлигуудыг нь дагах болно гэдгээ гэрчилж мөн Бурхантай гэрээ байгуулдаг.

Эдгээр зарчим нь биднийг Ариун Сүнсний өдөөлт, удирдамжийг хүлээн авч, таньж мэдэн, дагахад бэлтгэдэг. Энэ нь “баяр хөөрийг [мөн] … мөнх амьдралыг авчирдаг … амар амгалангийн зүйлүүдийг”30 багтаадаг.

Судрыг болон сайн мэдээний үнэнийг тогтмол судалж, эрж хайж буй удирдамжаа оюун ухаандаа тунгаан бодох үед бидний сүнслэг бэлтгэл маш их сайжирдаг. Их Эзэний цаг хугацаанд найдаж, тэвчээртэй байх хэрэгтэйг санаарай. Бүхнийг мэдэгч Их Эзэн “бидэнд заахыг зориудаар сонгох”31 үедээ удирдамж өгдөг.

Бидний дуудлага, үүрэг даалгавар дахь илчлэлт

Түүнчлэн Ариун Сүнс бидний дуудлага, даалгаварт илчлэлт өгөх болно. Өөрийн туршлагаас харахад, ихэвчлэн бидэнд үүрэг хариуцлагаа биелүүлж байхдаа бусдыг адислахыг хичээх үед ач холбогдолтой сүнслэг удирдамж ирдэг.

Залуухан бишоп байхдаа ажлын шугамаар явахаар онгоцонд суухаас хэдхэн минутын өмнө, цөхрөнгөө барсан нэгэн гэр бүлийн хосоос дуудлага хүлээн авснаа би санаж байна. Би тэднийг ирэхээс өмнө Их Эзэнд хандан, тэднийг хэрхэн адислахаа мэдэхийн тулд залбирав. Асуудлын мөн чанар болон өгөх ёстой хариулт нь надад илчлэлтээр өгөгдсөн юм. Энэхүү илчлэлтийн удирдамж нь хэдийгээр цаг хугацаа хязгаарлагдмал байсан ч бишопын дуудлагын ариун үүргээ биелүүлэх боломжийг надад олгосон билээ. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа бишопууд ч бас иймэрхүү туршлагаа надтай хуваалцдаг. Гадасны ерөнхийлөгчийн хувьд би чухал илчлэлтийг төдийгүй Их Эзэний зорилгыг биелүүлэхэд шаардлагатай байсан хувийн залруулгыг хүлээн авч байсан.

Биднийг Их Эзэний талбайд даруухан хөдөлмөрлөхөд бидний хүн нэг бүр илчлэлтийн удирдамжийг хүлээн авч чадна гэдгийг би та нарт батлан хэлж байна. Бидний удирдамжийн ихэнх нь Ариун Сүнснээс ирдэг. Заримдаа, зарим зорилгын улмаас энэ нь Их Эзэнээс шууд ирдэг. Би үүнийг үнэн гэдгийг хувьдаа гэрчилж байна. Сүмийг бүхэлд нь удирдах удирдамж Сүмийн ерөнхийлөгч, бошиглогчид ирдэг.

Орчин үеийн төлөөлөгчийн хувьд бидэнд өнөөгийн бошиглогч, ерөнхийлөгч Нэлсонтой хамт ажиллаж, аялах завшаан тохиодог. Вилфорд Вүдрафф бошиглогч Иосеф Смитийн талаар юу гэж хэлснийг би өөрийн үгээр хэлье. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны хувьд ч адил юм. Би “Бурханы Сүнс түүнтэй ажиллаж буйг, Есүс Христийн түүнд өгсөн илчлэлтүүд ба тэдгээр илчлэлт биелэхийг”32 харсан.

Бидний хүн нэг бүр Аврагч Есүс Христийн нэрээр Бурхан Эцэгийг шүтэн бишрэхдээ, бидний амьдралыг удирдан чиглүүлэх үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтийг эрж хайн, Сүнсийг дагаасай хэмээн би даруухнаар гуйж байна. Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. 1960 онд залуу эрэгтэйчүүдийн номлолын ажил хийх нас 20 байсныг 19 болгон бууруулахад би хамгийн сүүлийн 20 настай хүмүүсийн нэг байсан ба ахлагч Жэффри Р.Холланд 19 настай анхны хүмүүсийн нэг байв.

  2. “The Restoration of the Fulness of the Gospel of Jesus Christ: A Bicentennial Proclamation to the World,”in Russell M. Nelson, “Hear Him,” Liahona, May 2020, 91. Энэхүү тунхаг нь энэ эрин үед Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаар хүргэгдсэн өөр таван тунхагтай нэгдэж байна.

  3. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 243; мөн Maтай 16:13–19-ийг үзнэ үү.

  4. Moсе 7:61.

  5. Мосе 7:62. Их Эзэн “Миний сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахын тулд миний илгээх зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би” гэж үргэлжлүүлэн хэлсэн (Moсе 7:62-ыг мөн Дуулал 85:11-ийг үзнэ үү).

  6. Ezra Taft Benson, “The Gift of Modern Revelation,” Ensign, Nov. 1986, 80.

  7. See Ezra Taft Benson, “The Gift of Modern Revelation,” 80.

  8. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets” (Sixteenth Annual Joseph Smith Memorial Sermon, Logan Institute of Religion, Dec. 7, 1958), 7.

  9. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets,” 7-г үзнэ үү. Бүх тохиолдолд илчлэлтүүд нь өмнөх бошиглогчдод өгсөн Бурханы үгтэй нийцдэг.

  10. Албан тунхаг 2; мөн 2 Нифай 26:33-ыг үзнэ үү. Мормоны Номд заасан “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” хэн ч “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) хэмээх сургаалыг энэхүү илчлэлт хэрэгжүүлсэн юм. Энэхүү гайхамшигт илчлэлтийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Солт Лэйк ариун сүмийн ариун нандин дээд өрөөнд хүлээн авч батлав.

  11. Төлөөлөгчдийн олонх нь илчлэлт маш хүчирхэг бөгөөд нандин байсан тул үүнийг тайлбарлахад ашигласан аливаа үг хангалтгүй бөгөөд зарим талаар илчлэлтийн гүн, хүчирхэг мөн чанарыг бууруулах болно гэж заасан байдаг.

  12. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,145-ыг үзнэ үү. Энэхүү тунхгийг 1995 оны 9 сарын 23-нд Ютагийн Солт Лэйк хотноо болсон Халамжийн нийгэмлэгийн чуулган дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли зарлажээ. Томас С.Монсон, “Ерөнхий чуулганд тавтай морилно уу,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 4–5-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Монсон номлолд үйлчилж болох насыг доошлуулсан талаар зарласан.

  13. Квинтин Л.Күк, “Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–10-ыг үзнэ үү.

  14. Ариун сүмийн ёслолуудтай холбоотой илчлэлтүүдийг 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүх ариун сүмд хэрэгжүүлж эхэлжээ. Ариун сүмийн ёслолын талаарх нарийн ширийн зүйлийг зөвхөн ариун сүм дотор ярилцдаг гэдгийг ойлгох нь чухал. Гэсэн хэдий ч үүний талаарх зарчмуудыг заадаг. Ахлагч Дэвид А.Бэднар ариун сүмийн гэрээ, ёслолуудын ач холбогдлыг, мөн тэднээр дамжуулан “Бурханлаг байдлын хүч бидний амьдралд хэрхэн урсан ирж болохыг” (“Энэ өргөө миний нэрэнд баригдаг,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86) маш сайхан зааж өгсөн.

  15. Энэхүү үйл явц ба уулзалтууд нь 2018 оны 1, 2, 3, 4-р сард Солт Лэйк ариун сүмд болсон. 2018 оны 4-р сарын 26-нд Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад эцсийн илчлэлтийг өгөв.

  16. 2 Нифай 32:3-ыг үзнэ үү.

  17. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх,1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 418.

  18. Гэгээнтнүүд, 1:418.

  19. 3 Нифай 27:20.

  20. Ариун Сүнс Бурхан Тэргүүтний нэг гишүүн (1 Иохан 5:7; Сургаал ба Гэрээ 20:28-ыг үзнэ үү). Тэрээр хүний дүр төрх, бие махбодтой адил сүнсэн биетэй (Сургаал ба Гэрээ 130:22). Түүний нөлөө газар сайгүй байж чадна. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёртой нэгдмэл зорилготой юм.

  21. Христийн гэрэл, Ариун Сүнс ба Христийн гэрлийн ялгааны талаар илүү сайн ойлголттой болохыг хүсвэл 2 Нифай 32; Сургаал ба Гэрээ 88:7, 11–13; Библийн толь бичгээс “Христийн гэрэл”-ийг үзнэ үү. Boyd K. Packer, “The Light of Christ,” Liahona, Apr. 2005, 8–14-ийг үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 8:2–3.

  23. Хиламан 5:30; Сургаал ба Гэрээ 85:6-г үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээ 6:23-ыг үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээ 128:1-ийг үзнэ үү.

  26. Сургаал ба Гэрээ 11:13-ыг үзнэ үү.

  27. Инос 1:10-ыг үзнэ үү.

  28. Матай 7:7–8-ыг үзнэ үү.

  29. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  30. Сургаал ба Гэрээ 42:61.

  31. Neal A. Maxwell, “All Things Shall Give Thee Experience (2007), 31.

  32. Вилфорд Вүдрафф, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 283.