Ерөнхий чуулган
Хамгийн сайхан гэр орон
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хамгийн сайхан гэр орон

Аврагч бол төгс инженер, барилгачин, дотоод засал чимэглэлч юм. Түүний төсөл бол бидний бодгалийг төгс төгөлдөржүүлж, мөнхийн баяр баяслыг өгөх явдал билээ.

Саяхан Солт Лэйк Сити дэх нэгэн зарлалын самбар миний анхаарлыг татсан юм. Уг самбарт тавилга, дотоод засал чимэглэлийн компанийг сурталчилсан байсан ба “Солт Лэйк Ситигийн хамгийн сайхан гэр оронд үйлчилж байна” гэж энгийнээр бичсэн байв.

Эдгээр үг сонирхолтой санагдав. “Хамгийн сайхан гэр орон” гэж юу юм бол? Би энэ асуултыг бодохдоо ялангуяа эхнэр Кэти бид хоёрын өсгөсөн үр хүүхдүүд, хүүхдүүдийнхээ өсгөж буй үр хүүхдүүдийн талаар бодсон юм. Хаа газрын эцэг эхчүүдийн адил бид гэр бүлийнхээ төлөө санаа зовж, залбирдаг байсан. Одоо ч гэсэн санаа зовж, залбирсаар байгаа. Бид тэдэнд зүрх сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэд болон тэдний хүүхдүүд хэрхэн хамгийн сайхан гэр оронд амьдрах вэ? Би Кэтитэй хамт зочилж очих боломжтой байсан Сүмийн гишүүдийн гэр орны талаар эргэцүүлэн бодсон юм. Бид Солонгос, Кени, Филиппин, Перу, Лаос, Латви улсуудад хүмүүсийн гэрт уригдан очиж байсан. Хамгийн сайхан гэр орны талаар ажигласан дөрвөн зүйлээ би та нартай хуваалцъя.

Нэгдүгээрт, Их Эзэний өнцгөөс харахад, хамгийн сайхан гэр орныг бий болгох нь тухайн гэр оронд амьдардаг хүмүүсийн хувийн мөн чанараас хамаардаг. Эдгээр гэр орон нь тавилга болон эзэмшигчдийнхээ олонд танигдсан байдал, нийгмийн байр сууриас ямар нэгэн байдлаар чухал эсвэл удаан үргэлжлэх арга замаар сайн сайхан болдоггүй. Ямар ч гэр орны хамгийн сайн сайхан чанар нь тухайн гэр оронд амьдран суудаг хүмүүс Христийн дүр төрхийг харуулдаг байхад оршдог. Байшин барилга нь биш, харин оршин суугчдынх нь онцлог шинж, зан байдал чухал юм.

Христийн зан чанарыг гэрээний зам дээр зорилго тавин урагшилснаар “цаг хугацааны явцад”1 олж авдаг. Сайн сайхан амьдрахыг хичээдэг хүмүүсийн амьдралыг Христийнхтэй адил зан чанарууд чимдэг. Гэр орны шал гантигаар эсвэл шавраар хийгдсэн эсэхээс үл хамааран, эдгээр зан чанар гэр орныг сайн мэдээний гэрлээр дүүргэдэг. Та өрх гэртээ ганцаараа “эдгээр зүйлийг эрэлхийлэх”2 зааврыг дагадаг байсан ч гэр орныхоо сүнслэг тохижилтод хувь нэмрээ оруулж чадна.

Бид үл хөдлөх хөрөнгөө биш, харин сүнслэг амьдралаа зохион байгуулж, бэлтгэж, байгуулснаар “өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө байгуулагтун” гэсэн Их Эзэний зөвлөгөөг дагадаг. Бид Аврагчийн гэрээний зам дээр тэвчээртэйгээр үргэлжлүүлэн явах юм бол гэр орон маань “алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, [мөн] Бурханы өргөө”3 болно.

Хоёрдугаарт, хамгийн сайхан гэр орны оршин суугчид судар, амьд бошиглогчдын үгсийг судлах цагийг өдөр бүр гаргадаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг сайн мэдээнээс суралцаж, гэр орноо “өөрчилж,” “шинэчлэхэд” уриалсан.4 Сайхан гэр оронд тусламж хэрэгтэй хүмүүс байж, хувийн өсөлт хөгжлийн болон сул талуудаа засаж өөрчлөх чухал ажил явагдаж байдгийг түүний урилга харуулсан. Арай илүү сайхан сэтгэлтэй болж, илүү их хайрлаж, ойлгодог болоход туслах өөрчлөлтийн хэрэгсэл бол өдөр бүрийн наманчлал юм. Судруудыг судлах нь биднийг Аврагчид улам ойртуулдаг бөгөөд Түүний өгөөмөр хайр, нигүүлсэл биднийг өсөж хөгжихөд тусалдаг.

Библи, Мормоны Ном, Агуу Үнэт Сувд судруудад гэр бүлүүдийн талаар өгүүлдэг учраас эдгээр тэнгэрлэг ном нь хамгийн сайхан гэр орныг барьж байгуулахад зориулсан шилдэг гарын авлага болдогт гайхах зүйлгүй. Тэдгээрт эцэг эхийн санаа зовнил, уруу таталтын аюул, зөв шударгын ялалт, тарчиг болон элбэг дэлбэг байдлын сорилт бэрхшээл, дайны гай гамшиг, амар амгалангийн шагналын тухай түүхүүд гардаг. Гэр бүлүүд хэрхэн зөв шударга амьдарч амжилтад хүрдгийг болон хэрхэн өөр замуудаар явж уналтад ордгийг судрууд ахин дахин харуулдаг.

Гуравдугаарт, сайхан гэр орон нь Их Эзэний Өөрийн хамгийн сайхан гэр орон болох ариун сүмдээ зориулан бүтээсэн зураг төслийн дагуу баригддаг. Ариун сүмийг барихдаа эхлээд газрыг чөлөөлж, тэгшлэх гэсэн үндсэн алхмуудыг хийдэг. Газрыг бэлэн болгох эдгээр эхний хүчин чармайлтыг хамгийн гол зарлигуудыг сахихтай адилтган үзэж болно. Зарлигууд бол шавь байхын үндэс суурь юм. Туйлбартай шавь байх нь биднийг ариун сүмийн арматур мэт тогтвортой, гуйвшгүй, хөдөлшгүй 5 болоход хүргэдэг. Ийм бат бөх арматур Их Эзэнд Өөрийн Сүнсийг илгээж, бидний зүрх сэтгэлийг өөрчлөх боломжийг өгдөг.6 Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэх нь ариун сүмийн дотоод засалд үзэмжтэй зүйл нэмэхтэй адил юм.

Биднийг үргэлжлүүлэн итгэхэд Их Эзэн биднийг аажмаар өөрчилдөг. Бид Түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авч, Түүний зан байдлын хайр, сайн сайхныг харуулж эхэлдэг.7 Бид Түүнтэй илүү адилхан болсноор Түүний өргөөнд байхдаа гэртээ байгаа мэт мэдрэмж авч, харин Тэр бидний гэрт байхдаа өргөөндөө байгаа мэт мэдрэмжтэй байх болно.

Бид ариун сүмийн эрхийн бичгийг авахуйц байж, боломжийнхоо хэрээр аль болох олон удаа ариун сүмд орсноор Их Эзэний өргөөтэй нягт холбоотой байж чадна. Ийн үйлдсэнээр Түүний өргөөний ариун байдал бидний гэр оронд бас оршиж чадна.

Гайхамшигт Солт Лэйк ариун сүм хажууханд байна. Анхдагчдын энгийн багаж хэрэгсэл, орон нутгийн түүхий эд материал, уйгагүй хөдөлмөрөөр уг ариун сүм 1853-аас 1893 оны хооронд баригдсан. Сүмийн эхэн үеийн гишүүдийн санал болгосон хамгийн сайн инженерчлэл, архитектур, дотоод засал чимэглэлээр сая сая хүний таашаалд нийцсэн шилдэг бүтээл бий болсон билээ.

Тус ариун сүм онцгойлон адислагдсанаас хойш бараг 130 жил өнгөрчээ. Өчигдөр ахлагч Гари И.Стивэнсон ариун сүмийг зохион бүтээхэд ашигласан инженерчлэлийн зарчмуудыг илүү шинэ, аюулгүй стандартаар сольсон тухай дурдсан. Ариун сүмийн инженерчлэлийг сайжруулж, бүтцийн сул талуудыг засаж шинэчлэхгүй байвал чадах бүхнээ хийсэн, залгамж хойч үеүд ариун сүмийг арчилж хамгаална гэж найдсан анхдагчдын итгэлийг хөсөрдүүлэх болно.

Сүм энэ ариун сүмийг сэргээн засварлах 4 жилийн төслийг эхлүүлсэн бөгөөд барилгын хийцийн газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулж,8 суурь, шал, ханыг бат бөх болгох юм. Одоогийн хамгийн шилдэг инженерийн мэдлэгийг ашиглан, уг ариун сүмийг орчин үеийн стандартад нийцүүлнэ. Барилгын хийцэд хийсэн өөрчлөлт нь ил тод харагдахгүй ч үр нөлөө нь бодит бөгөөд чухал байх болно. Энэ бүх ажлын явцад ариун сүмийн үзэсгэлэнтэй сайхан дотоод заслын өвөрмөц онцлог хэвээр хадгалагдана.

Бид Солт Лэйк ариун сүмийн засварын ажлын жишээг дагаж, өөрсдийн инженерчлэлийн сүнслэг газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг орчин үед нийцэж байгаа эсэхийг үнэлж дүгнэхэд цаг гаргах хэрэгтэй. Үе үе өөрсдийгөө үнэлж цэгнэн, Их Эзэнээс “Надад өөр юу дутагдаж байна вэ?”9 гэж асуух нь хамгийн сайхан гэр орныг бий болгоход хувь нэмрээ оруулахад тусална.

Дөрөвдүгээрт, хамгийн сайхан гэр орон нь амьдралын шуурганаас хоргодох газар юм. Их Эзэн Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүст “уг нутагт дэгжих болно”10 хэмээн амласан. Бурханы амласан хөгжил цэцэглэлт амьдралын бэрхшээлүүдийг үл харгалзан урагшлах хүч болдог.

2002 онд би асуудал бэрхшээлийн талаар нэгэн чухал сургамж олж авч билээ. Парагвайн Асунсион хотод байхдаа би тэндхийн гадасны ерөнхийлөгчидтэй уулзав. Тухайн үед Парагвай асар их санхүүгийн хямдралд орсон бөгөөд Сүмийн олон гишүүн амь зуух гэж зовж байлаа. Би номлолоосоо хойш Өмнөд Америкт очоогүй байсан бөгөөд Парагвайд огт очиж үзээгүй байв. Би бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлээд, хэдхэн долоо хонож байсан тул тэдгээр гадасны ерөнхийлөгчид удирдамж өгч чадахгүй байгаадаа санаа зовон, тэднээс гадаснуудад нь сайн явагдаж байгаа зүйлсийг л хэлэхийг хүслээ. Эхний гадасны ерөнхийлөгч сайн явагдаж байгаа зүйлсийн талаар надад хэлэв. Дараагийн ерөнхийлөгч сайн явагдаж байгаа зүйлсээ хэдэн бэрхшээлийн хамт ярив. Тэгээд хамгийн сүүлийн гадасны ерөнхийлөгчийн ээлж болоход тэрээр зөвхөн шийдэхэд бэрх байгаа асуудлуудыг л дурдсан юм. Гадасны ерөнхийлөгчид нөхцөл байдлынхаа ач холбогдлыг тайлбарлаж байх үед би юу хэлэх талаараа бодон, улам түгшиж, цөхрөнгөө барах шахав.

Сүүлчийн гадасны ерөнхийлөгчийг үгээ хэлээд дуусаж байхад нэг бодол толгойд орж ирсэн юм: “Ахлагч Клэйтон, тэднээс энэ асуултыг асуу: ‘Ерөнхийлөгчид өө, танай гадасны аравны нэгээ бүрэн төлдөг, мацгийн өргөлөө өгөөмрөөр өгдөг, Сүм дэх дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг, томилогдсон гэр бүлүүддээ гэрийн эсвэл айлчлагч багшийн11 хувьд сар бүр айлчилдаг, гэр бүлийн үдшээ хийж, судруудыг судалж, өдөр бүр гэр бүлээрээ залбирдаг гишүүдийн хэд нь өөрсдөө шийдэж чадахааргүй, Сүм оролцож, шийдэж өгөх хэрэгтэй байгаа асуудалтай байгаа вэ?’”

Надад төрсөн мэдрэмжээ дагаад, би гадасны ерөнхийлөгчдөд уг асуултыг тавьсан юм.

Тэд над руу чимээгүйхэн гайхаж хараад, “Пүэс, нингуно” буюу “За даа, нэг ч байхгүй” гэж хариулав. Тэгээд тэд надад тэр бүх зүйлийг хийсэн гишүүдийн хэнд нь ч өөрөө шийдэж чадахааргүй асуудал бэрхшээл байхгүй гэдгийг хэлсэн. Яагаад? Яагаад гэвэл тэд хамгийн сайхан гэр оронд амьдардаг байсан. Тэдний итгэлтэй амьдралын хэв маяг тэдэнд эргэн тойронд нь гарч буй эдийн засгийн хүндрэлийн үед хүч чадал, алсын хараа, тэнгэрлэг тусламжийг өгсөн юм.

Энэ нь зөв шударга хүмүүс өвдөхгүй, осолд орохгүй, бизнесийн өөрчлөлттэй тулгарахгүй эсвэл амьдралдаа бусад олон бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. Мөнх бус байдал үргэлж сорилт бэрхшээлийг авчирдаг. Гэхдээ зарлигуудыг дагахыг хичээгч хүмүүс урагшлах замаа амар амгалан, итгэл найдвараар олохоор адислагддагийг би олон удаа харж байсан. Тэдгээр адислалыг хэн ч авч болдог.12

Давид “Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө”13 хэмээн тунхагласан. Таны хаана амьдардаг, байр байшин тань ямар харагддаг, танай гэр бүл ямар бүрэлдэхүүнтэй байхаас үл хамааран та гэр бүлдээ зориулан хамгийн сайхан гэр орныг бий болгож тусалж чадна. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ тэрхүү гэр орны зураг төслийг цогцлоож өгдөг. Аврагч бол төгс инженер, барилгачин, дотоод засал чимэглэлч юм. Түүний төсөл бол бидний бодгалийг төгс төгөлдөржүүлж, мөнхийн баяр баяслыг өгөх явдал юм. Түүний хайраар дүүрэн тусламжийн ачаар таны бодгаль Түүний хүссэнтэй адил болж, та өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж, хамгийн сайхан гэр орныг бүтээн, түүндээ амьдрахаар бэлтгэгдэж чадна.

Бид бүгдийн Бурхан Эцэг амьд гэдгийг би талархан гэрчилж байна. Түүний Хүү, Их Эзэн Есүс Христ бол бүх хүн төрөлхтний Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм. Тэд биднийг төгс хайрладаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Их Эзэний хаант улс. Амьд бошиглогч, төлөөлөгчид өнөөдөр Сүмийг удирддаг. Мормоны Ном бол үнэн. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ хамгийн сайхан гэр орныг бүтээх төгс зураг төсөл билээ. Есүс Христийн нэрээр, амен.