Ерөнхий чуулган
Мелкизедек санваар ба түлхүүрүүд
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Мелкизедек санваар ба түлхүүрүүд

Сүмд санваары эрх мэдлийг тухайн санваарын түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчийн удирдлаган доор ашигладаг.

Би Бурханы санваарын тухай буюу санваар нь залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн амьдралыг хэрхэн адисалдаг талаар өмнөх гурван хүний ярьсан сэдвийг цааш нь хөндөж ярихаар шийдлээ.

Санваар бол Бурхан Өөрийн хүүхдүүдийн тусын тулд зориулан ашиглуулахаар итгэл даалган өгсөн тэнгэрлэг хүч, эрх мэдэл юм. Санваар гэдэг нь санваарын албанд томилогдсон эсвэл үүний эрх мэдлийг ашигладаг хүмүүс биш юм. Санваар атгадаг эрчүүд бол санваар биш. Бид томилогдсон хүмүүсийг санваар гэж нэрлэх ёсгүй бөгөөд тэднийг санваар атгагч гэж дуудвал зохино.

Санваарын хүч нь Сүмийн байгууллага, гэр бүлийн нэгж хоёрын аль алинд оршдог. Гэхдээ санваарын хүч, эрх мэдэл нь гэр бүлд гүйцэтгэдгээс арай өөр үүргийг Сүмд гүйцэтгэдэг. Энэ бүхэн Их Эзэний үндэслэн тогтоосон зарчмын дагуу явагддаг. Бурханы төлөвлөгөөний зорилго бол хүүхдүүдээ мөнх амьдрал өөд удирдах явдал юм. Мөнх бус оршихуй дахь гэр бүлүүд энэ төлөвлөгөөнд зайлшгүй чухал. Сүм нь гэр бүлийн харилцааг үүрд мөнхөд хадгалан авч үлдэхэд шаардлагатай сургаал, эрх мэдэл, ёслолуудыг өгөхийн тулд оршин тогтнодог. Тиймээс гэр бүлийн нэгж, Есүс Христийн Сүм хоёр харилцан нэг нэгнээ хүчирхэгжүүлдэг. Санваарын адислалуудыг, тухайлбал, сайн мэдээний бүрэн байдлыг болон баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, ариун сүмийн хишиг хүртэх, мөнхийн гэрлэлт гэх мэт ёслолуудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хүртэх боломжтой.1

Бидний энд ярьж буй санваар нь сайн мэдээний Сэргээлтийн эхэнд сэргээгдсэн Мелкизедек санваар юм. Энэ санваарт Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг “Хаант улсын түлхүүрүүдийг, мөн цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг эзэмшигчид”(Сургаал ба Гэрээ 128:20) хэмээн өөрсдийгөө тунхагласан Петр, Иаков, Иохан нар томилсон билээ. Эдгээр төлөөлөгч уг эрх мэдлийг Аврагчаас Өөрөөс нь авсан. Санваарын бусад бүх эрх мэдэл эсвэл албан тушаал нь энэ санваарын хавсралт юм (Сургаал ба Гэрээ 107:5-ыг үзнэ үү). Учир нь Мелкизедек санваар нь “ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг бөгөөд мөн дэлхийн бүх үед сүм дэх бүх албан тушаалд сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг” (Сургаал ба Гэрээ 107:8).

Сүмд дээд буюу Мелкизедек, доод буюу Аароны санваарыг бишоп, ерөнхийлөгч гэх мэт тухайн санваарын түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчийн удирдлаган доор тус тус ашиглах ёстой. Сүмийн санваарын эрх мэдлийг хэрхэн ашигладгийг ойлгохын тулд бид санваарын түлхүүрүүдийн зарчмыг ойлгосон байх ёстой.

Хаант улсын Мелкизедек санваарын түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нар өгсөн ч үүгээр санваарын түлхүүрүүд бүрэн сэргээгдээгүй. Санваарын зарим түлхүүрийг дараа нь өгсөн. Ерөнхийлөгч Айрангийн саяхан маш сайн тайлбарласнаар энэ эрин үеийн анхны ариун сүмийг Огайогийн Көртландад онцгойлон адисалсны дараа Мосе, Елиас, Елиа гэсэн гурван бошиглогч Израилыг цуглуулах, Их Эзэний ариун сүмийн ажилд хамаарах “энэ эрин үеийн түлхүүрүүдийг” сэргээжээ (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү).

Түлхүүрүүдийн үүргийн хамгийн сайн мэдэх жишээ бол санваарын ёслолыг гүйцэтгэх явдал юм. Ёслол нь гэрээ байгуулсныг болон адислал амлагдсаныг төлөөлдөг ёслол төгөлдөр зан үйл билээ. Сүмийн бүх ёслолыг тухайн ёслолын түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчийн удирдлаган доор гүйцэтгэдэг.

Ёслолыг ихэвчлэн санваарын албанд томилогдсон хүмүүс санваарын түлхүүрүүдийг атгадаг хүний удирдлаган доор гүйцэтгэдэг. Жишээлбэл, Аароны санваарын янз бүрийн албанд томилогдсон хүмүүс Аароны санваарын түлхүүрүүдийг атгадаг бишопын түлхүүр, удирдлаган доор ариун ёслолын цуглаан дээр ариун ёслолыг гүйцэтгэдэг. Яг энэ зарчмыг ариун сүмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг санваарын ёслолуудад баримталдаг. Хэдийгээр эмэгтэйчүүдийг санваарын албанд томилдоггүй ч тэд ариун сүмийн ёслолын түлхүүрүүдийг атгадаг ариун сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор ариун сүмийн ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг.

Түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн удирдлаган доор байдаг санваарын эрх мэдлийн өөр нэгэн жишээ бол анги, гэр орон, номлолын талбарт хаа байхаас үл хамааран сайн мэдээг заахаар дуудагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн заах эрх юм. Өөр жишээнүүд бол тойрогтоо удирдах албанд томилогдсон, дуудлагынхаа хүрээнд мөн тойрог, гадасны түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчдаар онцгойлон адислагдаж, тэдний удирдлаган доор ашигладаг санваарын эрх мэдэлтэй хүмүүс билээ. Ийм маягаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд санваарын эрх мэдэл, хүчийг ашиглаж, эрхийг нь эдэлдэг.2

Хожмын үеийн гэгээнтнүүдийн гэр бүлүүд санваарын эрх мэдлийг ашиглан, адислалаас нь хүртдэг. Гэр бүл гэдгийг би санваар атгасан эрэгтэй, гэрлэсэн эмэгтэй болон тэдний хүүхдүүд гэсэн утгаар хэлж байна. Үүнд би мөн хэн нэг нь нас барсан эсвэл гэр бүл салсан гэх мэт гэр бүлийн өөр төгс төрлүүдийг хамааруулж байна.

Санваарын эрх мэдлийг тухайн үүрэг хариуцлагад хамаарагдах түлхүүрүүдийг атгадаг хүний удирдлаган доор ашиглаж болно гэдэг нь Сүмийн үндсэн зарчим боловч энэ нь гэр бүлд хамаагүй. Жишээлбэл, эцэг хүн өөрийн атгадаг санваарын эрх мэдлээр гэр бүлээ тэргүүлэн, санваарыг ашигладаг. Тэрээр гэр бүлийн янз бүрийн үүрэгт ажлаа гүйцэтгэхийн тулд санваарын түлхүүрүүд атгадаг хүнээс удирдамж эсвэл зөвшөөрөл авах хэрэггүй. Үүнд гэр бүлийнхэндээ зөвлөж, гэр бүлийн цуглаан зохион байгуулж, эхнэр, хүүхдүүддээ санваарын адислал өгөн, гэр бүлийн гишүүддээ мөн бусдад эрүүл мэндийн адислал өгөх зэрэг нь багтдаг.3 Сүмийн эрх мэдэлтнүүд гэр бүлийн гишүүдэд заах боловч гэр бүл дотор санваарын эрх мэдлийг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэггүй.

Яг энэ зарчмыг эцэг нь байхгүй бөгөөд эх нь гэр бүлээ удирдан авч явдаг гэр бүлд баримталдаг. Тэр ээж гэр бүлээ тэргүүлж, өөрийн ариун сүмийн хувийн хишиг, лацдан холболтоор гэр бүлдээ санваарын хүч хийгээд адислалыг авчрах үүрэг хүлээдэг. Хэдийгээр түүнд зөвхөн санваарын тодорхой албанд үйлчилдэг хүний хариуцдаг санваарын адислал өгөх эрх байхгүй ч гэр бүлийг удирдан авч явах бусад бүх үүргийг гүйцэтгэх эрх байдаг. Ийн үйлдсэнээр тэрээр гэр бүлээ удирдан авч явах үүргийнхээ хүрээнд тэргүүлэн удирдахаар хариуцсан үр хүүхдүүдийнхээ ашиг тусын тулд санваарын хүчийг ашигладаг.4

Хэрэв эцэг хүмүүс гэр бүл дотроо санваарын үүргээ эрхэмлэн биелүүлбэл энэ нь Сүмийн үйл хэргээс гадна тэдний цаашид хийх бусад зүйлд ч мөн адил түлхэц болж өгнө. Мелкизедек санваар атгадаг эцгүүд “сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар” (Сургаал ба Гэрээ 121:41) өөрийн эрхийг ашиглах ёстой. Санваарын бүх эрхийг ашиглахад тавигддаг энэхүү өндөр жишиг гэр бүлд онцгой чухал байдаг. Санваар атгадаг хүмүүс гэр бүлийнхэндээ адислал өгөх санваарын хүчтэй байхын тулд зарлигуудыг мөн адил сахих ёстой. Тэд хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг үүсгэх ёстой. Тэгснээр гэр бүлийн гишүүд нь тэднээс адислал хүсэх болно. Түүнээс гадна эцэг эхчүүд гэр бүл дотроо санваарын адислалыг илүү их авдаг байхад урамшуулан дэмжих ёстой.5

Чуулганы эдгээр цуглааны үеэр бид асар их сүйрэл авчирч буй цар тахлаас үүдэлтэй мөнх бус оршихуйн асуудлаасаа түр зуур боловч амсхийх хоорондоо мөнхийн агуу зарчмуудын талаар заалгалаа. Бидний хүн нэг бүрийг “бүхэл бие[э] гэрлээр дүүрэн бай[лгаж],” мөнхийн үнэнүүдийг хүлээн авахын тулд нүдээ “нэг чигт” (3 Нифай 13:22) байлгахад уриалж байна.

Аврагч Библид болон Мормоны Номд цэдэглэгдсэн цугларсан олонд өгсөн номлолдоо, зуурдын бие махбод нь гэрлээр аль эсвэл харанхуйгаар дүүрэн байж болно хэмээн заасан. Мэдээж, бид гэрлээр дүүрэн байхыг хүсдэг бөгөөд үүнийг хэрхэн авч болохыг бидний Аврагч заасан билээ. Бид мөнхийн үнэнүүдийн талаарх захиасыг сонсох ёстой. Бид нүдээрээ өөрийн биед гэрэл хүлээн авдаг тул Тэрээр нүдийг жишээ болгон ашигласан. Хэрэв бидний нүд “нэг чигт” байх буюу өөрөөр хэлбэл мөнхийн гэрэл, ойлголтыг хүлээн авахад төвлөрөх юм бол “бүхэл бие чинь гэрлээр дүүрэн байх болно” (Матай 6:22; 3 Нифай 13:22) хэмээн Тэр тайлбарласан. Харин бидний нүд “хилэнцэт” буюу хилэнцтийг хайж, өөрийн биед халдаах аваас “бүхэл бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно” (23-р шүлэг) хэмээн Тэр сэрэмжлүүлжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд заасан мөнхийн үнэнийг хэрхэн харж, хүлээн авдгаас шалтгаалан биедээ гэрлийг эсвэл харанхуйг хүлээн авдаг байна.

Бид мөнхийн үнэнийг эрэлхийлж, түүнийг ойлгохыг хүсэн асуу хэмээсэн Аврагчийн урилгыг дагах хэрэгтэй. Бидний Тэнгэр дэх Эцэг үнэнийг эрэлхийлсэн хүн бүрд заахад бэлэн хэмээн амладаг (3 Нифай 14:8-ыг үзнэ үү). Хэрэв бид хүсэх юм бол мөн хүлээн авахын тулд нэг чигт харах юм бол мөнхийн үнэнүүд бидэнд “нээгдэх болно” (3 Нифай 14:7–8-ыг үзнэ үү) хэмээн Аврагч амладаг.

Эсрэгээрээ, Сатан Бурханы санваарын үйл ажиллагаа хэрхэн явагддаг гэх мэт чухал асуудалд биднийг будилуулж, бодол санааг маань төөрөлдүүлэхийг санаархдаг. Аврагч биднийг “Хонины арьс нөмрөн та нарт ирэх, хуурамч бошиглогчдоос сэрэмжил, харин дотор нь улангассан чононууд байдаг” (3 Нифай 14:15) хэмээн сэрэмжлүүлсэн. Тэрээр биднийг төөрөгдүүлж болох янз бүрийн сургаал дундаас үнэнийг сонгоход туслан, “Та нар тэднийг үр жимсээр нь таних болно” (3 Нифай 14:16) гэсэн шалгуурыг өгчээ. “Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана” (18-р шүлэг) хэмээн Тэр заасан. Тиймээс бид тэр үр дүнг нь болон заасан зарчмуудыг мөн тэдгээрийг заасан хүмүүсийн “үр жимсийг” харах ёстой. Энэ бол Сүм, Сүмийн сургаал, бодлого, удирдлагын эсрэг бидэнд сонсогддог олон эсэргүүцэлд өгөх хамгийн оновчтой хариулт юм. Аврагчийн заасан шалгуурыг дага. Үр жимсийг нь буюу үр дүнг нь хар.

Сайн мэдээний болон Есүс Христийн Сүмийн үр жимсний талаар бодох юм бол, гишүүдийнхээ амьдрах хугацаанд Сүмийн 16 сая гаруй гишүүний ихэнх нь Баруун Уулсын Дундах орон нутгийн цуглаануудад байдаг байснаас халин, одоо Нэгдсэн Улсаас өөр улс орнуудад амьдардаг болсонд бид баясдаг. Ийн өсөхөд гишүүддээ туслах Сүмийн чадавх ч мөн дагаад өсөн нэмэгдсэнийг бид мэдэрсэн билээ. Бид зарлигуудыг дагахад нь мөн сэргээгдсэн сайн мэдээг номлох, Израилыг цуглуулах, дэлхий даяар ариун сүм барих үүргээ биелүүлэхэд нь тусалдаг.

Бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг удирддаг. Түүний удирдах чадварыг Их Эзэн ашигласнаар хоёр жил гаруйн хугацаанд бидэнд мэдрэгдэхүйц өсөлт хөгжилд хүрсэн билээ. Одоо бидэнд ерөнхийлөгч Нэлсоны үгийг сонсох онцгой боломж гарах бөгөөд тэрээр энэхүү хүнд хэцүү цагт Есүс Христийн сэргээгдсэн Сүмд бид цаашид хэрхэн өсөж хөгжиж болох талаар заана.

Эдгээр зүйл үнэн болохыг би гэрчилж, та нартай нэгдэн, дараачийн үгийг хэлэх бошиглогчийн төлөө залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.