Бие даасан байдал
6: Суралцах


“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Бүртгэлээ бичгээр хөтлөхийн ач холбогдол

Унш:

“Миний бизнес хэр явагдаж байна вэ?” (энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу)

Ярилц:

Та Жэкийн бизнес туршлагаас юу сурч мэдсэн бэ?

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид маш эмх цэгцтэй байдаг ба санхүүгийн мэдээллээ хөтөлдөг. Бизнесээ амжилттай явуулахын тулд санхүүгийн бүртгэлээ маш сайн хөтлөх нь нэн чухал. Тайлан бүртгэл байхгүй бол та бизнесээ ашигтай эсэхийг хэрхэн мэдэх вэ? Таны бүх үйлчлүүлэгч төлбөрөө хийсэн эсэхийг та хэрхэн мэдэх вэ? Та нийт зардлаа хэрхэн мэдэх вэ?

Энэ бүлэгт санхүүгийн тайлан бүртгэлээ сайн хөтлөхийн ач холбогдлын талаар бид суралцана. Бид үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүн борлуулсны хариуд бизнесийн авдаг мөнгө болох орлого гэдэг нь юу болохыг сурч мэднэ. Бид мөн үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүн авахын тулд бизнесийн зарцуулдаг мөнгө болох зардал гэдэг нь юу болохыг сурч мэднэ. Долоо хоногийн турш бид ашиг олж байгаа эсэхээ мэдэхийн тулд бизнесийнхээ орлого, зарлагын бүртгэлийг хөтлөх болно.

2. Бүртгэл хөтлөх дадал хэвшил

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст энэхүү дадал хэвшлийг суулгах хэцүү байж болох ч энэ нь нэн чухал юм. Энд тайлан бүртгэл сайн хөтлөх таван стратегийг оруулав.

  • “Яагаад” гэдгийг санаж бай. Та бизнесийн үйл ажиллагаагаа сайн бүртгэлтэй, зохион байгуулалттай явуулсны үр дүнд хүлээн авах урт хугацааны ашиг тусыг бодох замаар өөрөө өөртөө сэдэл төрүүлж болно.

  • Шинэ ур чадвар эзэмш. Сайн бүртгэл хөтлөхийн тулд шинэ ур чадвар эзэмших хэрэг танд гарч болно. Өнөөдрийн ярилцлага эдгээр ур чадварт суралцахад бидэнд тусална.

  • Хамсаатанг бус, найзыг сонго. Найз бол таныг зөв зүйл хийхэд тусалдаг хүн юм. Хамсаатан бол таныг буруу зүйл хийхэд тусалдаг хүн юм. Найз нөхөд, зөвлөх эсвэл эхнэр, нөхрөөсөө бүртгэлээ тогтмол хөтлөхөд туслахыг хүс.

  • Шагнал урамшууллыг ашигла. Өдөр бүр бүртгэл хөтөлснийхөө төлөө өөрөө өөрийгөө шагна.

  • Зөв хэрэгсэл ав. Таны хэрэгсэл ажлаа зөв хийхэд тусалж байгаа эсэхэд анхаар. Бид энэ цугларалтын төгсгөлд бүртгэл хөтлөхөд тусалдаг зарим сайн арга хэрэгслийн талаар суралцах болно.

Ярилц:

Өдөр бүр бүртгэл хөтлөх дадал хэвшлийг суулгахад дээр дурдсан стратегиудын аль нь танд хамгийн их ашиг тустай байна вэ?

3. Орлого, зарлагын бүртгэл хөтлөх

Унш:

Орлого, зарлагын бүртгэл бол бизнесийн ерөнхий бөгөөд чухал маягт юм. Бизнест орж, гарсан бүх мөнгийг бичиж тэмдэглэх нь энэ бүртгэлийн гол зорилго юм. Өөр нэг зорилго бол бизнесийн болон хувийн санхүүгээ тус тусад нь хөтлөх явдал мөн (7-р бүлгийг үзнэ үү). Энэ бүртгэлийг цаасан дээр эсвэл программ дээр хөтлөх үү гэдгээ шийд. Үүнийг өдөр бүр ашиглах нь нэн чухал.

4. Орлогын тайлан хөтлөх

Унш:

Та орлого, зарлагаа бүртгэснийхээ дараа орлогын тайланг гаргаж болно. Энэхүү орлогын тайланг мөн ашиг, алдагдлын тайлан буюу А&А тайлан ч гэж нэрлэдэг.

1-р хэсэг дэх үйл ажиллагаагаар ой санаандаа ашгийг тооцож гаргахад ямар хэцүү байсныг сана. Орлогын бүртгэл танд энэ тал дээр туслах болно. Энд орлого, зарлагын бүртгэл дээрх бүх бичилтийг нэмж, долоо хоног, сар, улирал, жил гээд тодорхой цаг хугацаанд хийгдсэн орлого, зарлагын эх сурвалжийг хураангуйлан гаргадаг. Орлогын тайлан нь тухайн хугацаанд таны бизнес ашигтай байсан эсэхийг тодорхойлдог.

Орлогын тайланд дараах зүйлийг харуулдаг.

  • Орлого

  • Зарлага

  • Ашиг (эсвэл алдагдал)

Унш:

Орлогын тайлангийн зорилго бол бүх орлого, зарлагыг ангилалд оруулан нэгтгэн гаргах явдал гэдгийг анхаар. Таны бүртгэлд орсон хэдэн арав, зуу, мянган бичилт орлогын тайланд хураангуйлагдан орж болно. Орлогын тайлангийн зохион байгуулалтыг ойлгодог бол та үүнийг судалж, дүн шинжилгээ хийж эхэлснээр бизнесээ сайжруулахад туслах санааг олох болно.

Ярилц:

Та орлогын тайланг судалснаар ямар ямар ойлголт олж авч болох вэ?

5. Орлого, зарлагын бүртгэлийг болон орлогын тайланг хөтлөх

Унш:

Бизнесээ ашигтай эсэхийг мэдэхийн тулд орлогын тайланг гаргах хэрэгтэй. Орлогын тайланг гаргахын тулд та эхлээд орлого, зарлагын бүртгэл хөтлөх хэрэгтэй.

Ярилц:

Амжилттай бизнес эрхлэгчид бүртгэл хөтлөхийн хүчинд найддаг. Бүлгийнхний тань дунд орлого, зарлагын бүртгэл хөтөлж эсвэл орлогын тайлан гаргадаг хүн байна уу? Тийм бол энэ нь хэрхэн танд тусалсныг хуваалцана уу.

Унш:

Та одоо орлого, зарлагын бүртгэл хөтлөхийн мөн бизнесийн орлогын тайлан гаргахын ач холбогдлын талаар сурч мэдлээ. Бизнес тань өргөжихөд таны орлогын тайлан улам бүр төвөгтэй болох нь гарцаагүй. Тэдгээрт доор жагсаасантай адил бусад орлого, зарлагыг оруулах хэрэгтэй.

  • Хүүгийн орлого

  • Цалингаас гадуурх ажилтны зардал (эрүүл мэндийн даатгал болон орлогын албан татвар)

  • Маркетинг ба зар сурталчилгаа

  • Түрээс

  • Ус, цахилгааны төлбөр

  • Хорогдол

  • Даатгал

  • Хүүгийн зардал

Та эдгээрийн заримыг нь мэдэхгүй байвал санаа зовох хэрэггүй. Та нэмэлт мэдээллийг үг хэллэгийн тайлбараас авч болно. Бизнес тань өргөжихийн хэрээр та тэдгээр нэр томьёог мөн орлогын тайландаа тэдгээрийг хэрхэн мэдүүлэхээ мэдэх ёстой.

6. Бизнесийн санхүүгийн мэдээллийг хөтлөхөд зориулсан хэрэгсэл

Унш:

Бизнесийн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллээ хөтлөхөд туслах цогц хэрэгслийг та ашиглах хэрэгтэй. Бизнесийн орлого, зарлага бүрийг бүртгэхдээ энэхүү хэрэгслийг ашиглаарай. Юуны өмнө энэ нь орлого, зарлага, ашиг орлогыг нэгтгэн, хураангуйлан тайлагнах чадвартай байх ёстой. Бизнесийн санхүүгээ эмх цэгцтэй хөтлөх дадал хэвшлийг өөртөө суулгахын тулд хэрэгсэл тань ашиглахад амар хялбар байх ёстой.

Зарим бизнес эрхлэгч эхлээд тэмдэглэл, хавтас ашиглан өдөр бүр баримтаа бүртгэдэг. Бизнес эрхлэгчид орой бүр хөтөлсөн тэмдэглэл, хавтсан дээрээсээ орлого, зарлагаа хүснэгтэд оруулдаг. Ихэнх бизнес эрхлэгч бизнес нь өргөжихийн хэрээр цахим хэрэглээний программ (апп), программ хангамжийн багц гэх мэт бүртгэл хөтлөх арай боловсронгуй хэрэгслийг ашиглаж эхэлдэг. Зарим бизнес эрхлэгч санхүүг нь хариуцдаг нягтлан бодогч хөлслөн ажиллуулдаг.

Ярилц:

  • Та бизнесийн мэдээллээ зохицуулахад тань туслах ямар хэрэгслүүдийг мэдэх вэ?

  • Таны санал болгож буй хэрэгслийн ямар онцлог шинж чанар танд хамгийн хэрэгтэй вэ?

Унш:

Бизнес эрхлэгчийн хувьд та орлого, зарлагаа бүртгэхдээ ямар хэрэгсэл буюу эх сурвалжийг ашиглахаа шийдэх хэрэгтэй. Хэдийгээр хэрэгсэл юм уу нягтлан бодогчид тайлан бүртгэлийн ихэнх ажлыг хийхэд тусалдаг ч та бизнесийн санхүүгийн тайлан бүртгэлээ ойлгодог мөн тэдгээрийг байнга шалгадаг байх ёстой. Таны бизнес өргөжин тэлэхийн хэрээр та санхүүгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх хэрэгтэй.

Өнөөдрөөс эхлэн өдөр бүр орлого, зарлагаа бичиж тэмдэглэ. Долоо хоногийн эцэст бизнесийн орлогынхоо тайланг гарга. (Хэрэгтэй гэж үзвэл энэ хэсгийн төгсгөл дэх “Эх сурвалж” дахь хоосон маягтуудыг ашигла.) Таны бизнест санхүүгийн өгөгдөл байхгүй бол зохиомол бизнесийн өгөгдөл гарга. Бизнесийн бүх орлого, зарлагаа бүртгэдэг дадал хэвшилтэй болох нь таны бизнест тустай.