Бие даасан байдал
10: Суралцах


“Бизнесээ санхүүжүүлэх: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ санхүүжүүлэх: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Надад бизнесээ өргөжүүлэх бэлэн мөнгө байгаа юу?

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид эерэг бэлэн мөнгөний гүйлгээний эргэлтийг бий болгохын тулд ажилладаг гэдгийг бид сурч мэдсэн. Тэд сайн төлөвлөж, тууштай байсныхаа ачаар бизнесээ явуулж, өргөжүүлэхэд хангалттай бэлэн мөнгөтэй болж чадсан байдаг. Тэд өөрсдийн бэлэн мөнгөний байдлыг мэддэг ба бэлэн мөнгөний гүйлгээний төлөвлөлтөө байнга өөрчилдөг. Тэд мөн “Мөн … бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг” эрхэмлэдэг (Мозая 4:27).

Түүнчлэн олон бизнес эрхлэгч 9-р бүлэгт авч үзсэн арга замаар бизнесээ өргөжүүлэх санхүүгийн боломж бололцоог эрэлхийлдэг. Хэрэв та бизнестээ санхүүжилт хайх нь дээр гэж шийдвэл эхлээд бизнесийнхээ бэлэн мөнгөний гүйлгээний талаар, ялангуяа яг одоогоор танай бизнест хэрэглэгдэж байгаа мөн хэрэглэгдэхээр төлөвлөгдөж байгаа бэлэн мөнгөний гүйлгээний талаар маш сайн ойлголттой байх ёстой. Та бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ямар ч гэнэтийн асуудлыг шийдвэрлэж, тавьсан зорилгынхоо дагуу өсөж хөгжихөд хангалттай бэлэн мөнгөтэй байхад анхаарч ажиллах нь нэн чухал.

2. Мөнгө зээлэх нь сайн уу, муу юу?

Унш:

Хувийн хэрэгцээндээ авсан зээл, бизнесийн өр хоёр хоорондоо ялгаатай. Бидний хувьдаа тавьсан өр зээл нь төлж чадахаасаа илүү ихийг зарцуулахад ашиглагддаг. Бизнесийн зээлийг үйлдвэрлэн гаргах чадлаасаа илүү ихийг бүтээхэд зориулах ёстой. Бошиглогчид хувийн зээл авахаас аль болох зайлсхийхийг зөвлөдөг. Ахлагч Жозеф Б.Вөртлинг: “Энгийн нэг гэр орон худалдан авах, сургалтын төлбөр төлөх, магадгүй үнэхээр хэрэгцээтэй байгаа анхныхаа машиныг авах зэрэг иймэрхүү зориулалтын өр … шаардлагатай байж болох юм. Үнэ өртгийг нь нарийн тооцолгүй авсан хэрэглээний өр зээлээс болж бид хэзээ ч санхүүгийн боолчлолд орох ёсгүй” хэмээн хэлжээ (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 41).

Ярилц:

Хувийн хэрэглээний зээл авсан өөрийн мэдэх нэг хүний тухай бод. Зээл түүнд тус болсон уу эсвэл гай болсон уу?

Унш:

Бизнесийн зээлд бид маш болгоомжтой хандах ёстой. Ухаалгаар ашиглаж чадах юм бол “сайтар тооцоолж авсан бизнесийн зээл
нь өсөлт хөгжлийн үндэс юм” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 272).

Бараг бүх бизнесийг өргөжүүлэхэд нэмэлт хөрөнгө, мөнгө шаардагддаг. Бизнес эрхлэгчид өөрсдийн хадгаламжаар эсвэл зээлийн буюу өмчийн санхүүжилтээр нэмэлт хөрөнгөө босгодог. Зээлийн санхүүжилт гэдэг нь бизнесийн зээл авч, дараа нь хүүтэй нь эргүүлэн төлөхийг хэлдэг. Өмчийн санхүүжилт гэдэг нь компанийг хэсэгчлэн эзэмших эрхийн хариуд мөнгө авахыг хэлдэг.

Зарим тохиолдолд бизнес эрхлэгчид засгийн газрын санхүүжилт эсвэл бусад эх сурвалжаас мөнгө авдаг. Эдгээр санхүүжилтийг ихэвчлэн эргүүлэн төлөх хэрэггүй байдаг.

3. Бизнесээ санхүүжүүлэх сонголтууд

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид маш олон талаас нь бодож, бүтээлчээр хандаж байж бизнесээ өргөжүүлэх хөрөнгөө босгодог. Та хэрэгтэй мөнгөн санг олон арга замаар олж авах боломжтой. Энэ хэсэгт тэдгээрийг гурван ангилалд хуваана. 1-р ангилалд ихэвчлэн хувийн хадгаламж гэх мэт мөнгөн санг эхлээд авч үзнэ. 2-р ангилалд янз бүрийн зээлийн санхүүжилтийг авч судална. 3-р ангилалд зарим бизнес эрхлэгчид хамаатай ховор санхүүжилтийн сонголтыг хураангуйлан авч үзнэ.

1-р ангилал: Өргөн хэрэглэгддэг санхүүжилтийн эх үүсвэрүүд

Унш:

Ихэнх бизнес эрхлэгч эхлээд гадны тусламжгүй хийх (хэн нэгэнд найдахгүй өөрсдөө ажлаа хийх), гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө зээл, санхүүжилт авах гэх мэт байдлаар өөрсдийн санхүүжилтэд тулгуурлан бизнесээ өргөжүүлдэг. Эдгээр сонголт нь шийдвэр хурдан гаргах, бизнесийн өсөлт хөгжлөө илүү уян хатан зохицуулах боломжийг олгодог.

2-р ангилал: Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрүүд

Унш:

Хувиараа санхүүжүүлэх эх үүсвэрээс гадна олон бизнес эрхлэгч зээл авах замаар буюу зээлийн санхүүжилтээр хөрөнгө босгодог. Дараах асуултууд зээл авах шийдвэрийг гаргахад тусална. Үүнд:

  • Би хувийн хэрэгцээндээ биш, бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авч байна уу?

  • Би эцсийн эцэст тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй бизнест зээл авч байна уу?

  • Одоо энэ эрсдэлийг хүлээх тохиромжтой цаг мөн үү?

  • Авах гэж байгаа зээлийн нөхцөл надад таалагдаж байна уу?

  • Зээлийн хэмжээ зөв үү?

  • Би зээлээ эргүүлэн төлж, эерэг бэлэн мөнгөний гүйлгээтэй байхын тулд бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэл багатай явуулж чадах уу?

Ярилц:

Бизнестээ зориулан зээл авах гэж байна гэж төсөөлөн бод. Энэ шийдвэрийг гаргахад туслах дараах асуултуудыг нэг бүрчлэн бүлгээрээ авч хэлэлц.

Унш:

Зээлийн карт нь хамгийн түгээмэл зээлийн санхүүжилт боловч хүү өндөртэй байдаг. Зээлийн шугам нь үүнтэй харьцуулахад арай уян хатан нөхцөлтэй бөгөөд бизнес эрхлэгчдэд бэлэн мөнгөний гүйлгээний хэлбэлзлээ зохицуулах боломж олгодог. Арай олон давуу талтай банкны зээл, бичил санхүүгийн зээл, хүнээс хүнд олгодог зээлийг бас авч болох ч тэдгээрийг авахад өндөр шаардлага тавигддаг.

3-р ангилал: Ховор санхүүжилтийн эх үүсвэрүүд

Унш:

Бизнес эрхлэгчид заримдаа доорх хүснэгтэд үзүүлснээр өөр санхүүжилтийн сонголтыг сонирхдог. Эдгээр сонголт нь аливаа салбараас мөн бизнесийн төрөл зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Тэдгээр нь ихэнх жижиг бизнес эрхлэгчид тэр болгон олдоод байдаггүй.

4. Санхүүжилтийн сонголтуудыг судлах

Унш:

Өөрийн бизнест хамгийн сайн тохирсон санхүүгийн эх сурвалжийг олоход шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Санхүүгийн эх сурвалжууд байршлаас шалтгаалан өөр өөр байх магадлалтай тул өөрийн таньдаг болон орон нутаг дахь итгэл даасан хүмүүстэй ярилцах нь чухал. Онлайн, засгийн газрын, олон нийтийн эх сурвалжууд таны эрэл хайгуулд тус болно.

Ярилц:

  • Ямар орон нутгийн болон улсын байгууллагууд бизнесийн санхүүжилт дээр удирдамж заавар, эх сурвалжаар хангаж чадах вэ?

  • Ямар онлайн эх сурвалжууд бизнест зориулсан санхүүжилтийг өгөх боломжтой вэ?

5. Санхүүгийн харилцааны шударга байдал

Унш:

Итгэлийн тунхгийн арван гуравдуrаарт “Шударга байхад бид итгэдэг” гэсэн байдаг. Санхүүгийн харилцаа нь итгэл, хувийн зөв шударга байдал дээр үндэслэгддэг. Зөв шударга байх гэдэг нь гэрээгээ биелүүлж, ямар ч худал хуурмаг зүйлсээс зайлсхийхийг хэлнэ.

Мөнгө зээлсэн л бол заавал эргүүлж төлөх ёстой. Их Эзэн Сургаал ба Гэрээнд “Хэрэв чи хөршөөсөө зээлдсэн бол, чи зээлсэн тэр зүйлээ буцааж төлөх ёстой” (С ба Г 136:25) гэдгийг бидэнд сануулсан.

Хэрэв бид зээл, хөрөнгө оруулагчид болон тэтгэлгээр дамжуулан бизнестээ мөнгө хөрөнгө авсан бол уг мөнгөө өөр зорилгоор биш, харин авсан зорилгоороо ашиглах ёстой. Хувь хүн, байгууллагууд бидний бизнест хөрөнгө мөнгө гаргаж өгсөн бол тэд биднийг гэрээгээ биелүүлнэ гэдэгт итгэж чаддаг байх ёстой.

Ойлгомжгүй, үнэн гэхэд итгэмээргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйн хувьд хүнд байдалд оруулах юм уу хуультай харшилдах санхүүгийн гэрээнээс зайлсхийхийг бидэнд зөвлөдөг.

Ярилц:

Санхүүгийн асуудалд зөв шударга байж, худал хуурмаг зүйлтэй хутгалдахгүй байх талаар та юу сурч мэдсэн бэ?