Судрууд
Алма 62


Бүлэг 62

Гидеоны нутаг дахь Пахоранд тусламж хүргэхээр Моронай жагсан одов—Улс орноо хамгаалахаас татгалзсан, хааныг хүсэгч хүмүүс үхэлд хүргэгдэв—Пахоран, Моронай хоёр Нифайхаг дахин авав—Аммоны хүмүүстэй олон леменчүүд нэгдэв—Тианкам Аммороныг алаад мөн өөрөө алагдав—Леменчүүд уг нутгаас гаргагдаж, мөн амар амгалан тогтоогдов—Хиламан тохинуулалдаа эргэн орж, Сүмийг өсгөн бэхжүүлэв. Ойролцоогоор МЭӨ 62–57 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай энэ захидлыг хүлээн аваад түүний зүрх зориг орон, мөн Пахоран эрх чөлөө болон улс орныхоо байр сууриас түүнчлэн урвалгүй, үнэнч байсны учир тэрээр үлэмж их баяслаар халгилан байв.

2 Гэвч тэрээр түүнчлэн Пахораныг шүүгчийн суудлаас зайлуулсан тэдний алдсын учир, тийм ээ, дүгнэж хэлэхэд, улс орныхоо мөн түүнчлэн Бурханыхаа эсрэг эсэргүүцсэн тэдний учир үлэмж харамсан гашуудав.

3 Мөнхүү улиран тохиох дор Пахораны хүслийн дагуу Моронай цөөн тооны эрсийг авч, мөн их цэргийнхээ үлдсэн хэсгийн удирдлагыг Лихай, Тианкам хоёрт өгөөд мөн Гидеоны нутгийн зүг жагсан одов.

4 Мөн тэрээр орсон газар болгондоо эрх чөлөөний далбаа босгож, мөн Гидеоны нутгийн зүг алхах зуураа чадах чинээгээрээ бүхий л хүчийг нэгтгэв.

5 Мөнхүү улиран тохиох дор мянга мянга нь түүний тугийн дор цуглаж, мөн тэд боолчлолд орохгүй байж болохын тулд, эрх чөлөөгөө хамгаалахаар илдээ агсацгаав.

6 Мөн тийн, Моронай жагсан явах бүхий л замдаа чадахын хэрээр эрчүүдийг нэгтгэн цуглуулаад, тэрээр Гидеоны нутагт ирэв; мөн өөрийн хүчийг Пахораны тэдэнтэй нэгтгээд тэд үлэмж хүчтэй болов, бүр эрх чөлөөг хүсэгч хүмүүсийг Зарахемла нутгаас гаргаж мөн уг нутгийг эзэмшилдээ авсан тэдгээр тэрслэгчдийн хаан болох тэрхүү Пакусын хүмүүсээс ч илүү хүчтэй болов.

7 Мөнхүү улиран тохиох дор Моронай, Пахоран хоёр их цэрэгтэйгээ Зарахемла нутаг руу очиж, мөн хотын эсрэг давшиж, мөн Пакусын хүмүүстэй тулгарч, иймээс тэд тулалдсан ажгуу.

8 Мөн болгоогтун, Пакус алагдаж, мөн түүний хүмүүс олзлогдож, мөн Пахоран шүүгчийн суудалдаа сэргээгдэв.

9 Мөн Пакусын хүмүүс, мөн түүнчлэн баривчлагдсан мөн шоронд хаягдсан, хааныг хүсэгч тэр хүмүүс хуулийн дагуу шүүгдсэн бөлгөө; мөн тэд хуулийн дагуу цаазаар авагдсан ажээ; тийм ээ, улс орноо хамгаалахаар зэвсэг агсахгүй, харин үүний эсрэг тулалдах гэсэн тэр болгон, Пакусын эдгээр хүмүүс мөн хааныг хүсэгч хүмүүс үхэлд хүргэгдэв.

10 Мөн улс орных нь аюулгүй байдлын тулд энэ хууль хатуу чанд мөрдөгдөх нь тийн шаардлагатай болов; тийм ээ, мөн эрх чөлөөгөө үгүйсгэж байгаа нь мэдэгдсэн хэн боловч хуулийн дагуу даруй цаазаар авагдаж байв.

11 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучдугаар он ийн төгсөв; Моронай, Пахоран хоёр эрх чөлөөний байр сууринд үнэнч байгаагүй тэд бүгдийг үхлээр шийтгэж, Зарахемла нутагт, өөрийн хүмүүсийн дунд амар амгаланг сэргээв.

12 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучин нэгдүгээр оны эхэнд, Моронай тэр даруй Хиламанд, нутгийн тэр хэсгийг хадгалж үлдэхэд нь түүнд туслах хангамж илгээгдэхээр, мөн түүнчлэн зургаан мянган эрстэй их цэрэг илгээгдэхээр болгов.

13 Мөн түүнчлэн тэрээр зургаан мянган эрстэй их цэргийг, хангалттай хэмжээний хүнстэйгээр, Лихай, Тианкам хоёрын их цэргүүд рүү илгээгдэхээр болгов. Мөнхүү улиран тохиох дор энэ нь леменчүүдийн эсрэг уг нутгийг бэхлэхийн тулд хийгдсэн аж.

14 Мөнхүү улиран тохиох дор Моронай, Пахоран хоёр олон эрстэй бүлгийг Зарахемла нутагт үлдээгээд, олон эрс бүхий бүлэгтэй хамт Нифайхагийн нутгийн зүг жагсан одов, тэд уг хот дахь леменчүүдийг дийлэхээр хатуу шийдсэн байсны учир болой.

15 Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутгийн зүг жагсан явж байхдаа, леменчүүдийн олон эрстэй бүлгийг баривчилж, мөн тэднээс олныг нь алж, мөн тэдний хангамж болон дайны зэр зэвсгүүдийг нь авав.

16 Мөнхүү улиран тохиох дор тэд тэднийг баривчилсныхаа дараа, цаашид нифайчуудын эсрэг дайны зэр зэвсгээ агсахгүй гэсэн гэрээнд тэднийг орох болгов.

17 Мөн тэднийг энэ гэрээнд орсны дараа, тэд Аммоны хүмүүстэй оршин суулгахаар тэднийг илгээв, мөн алагдаагүй тэд тоогоороо дөрвөн мянга орчим байв.

18 Мөнхүү улиран тохиох дор тэд тэднийг илгээгээд, Нифайхагийн нутгийн зүг жагсан явахаа үргэлжлүүлэв. Мөнхүү улиран тохиох дор Нифайха хотод ирснийхээ дараа, тэд Нифайха хотын ойролцоох тэр Нифайхагийн талд майхнуудаа босгосон болой.

19 Эдүгээ Моронай леменчүүдийг өөрсдийнх нь эсрэг тулалдахаар, уг талд гарч ирээсэй хэмээн хүсэж байв; гэвч леменчүүд, тэдний үлэмж агуу зоригийг мэдэж байсан учир, мөн тэдний тооны ихийг болгоосон учир, тиймийн тул тэд өөрсдийнх нь эсрэг гарч ирж зүрхэлсэнгүй; тиймийн тул тэд тэр өдөр тулалдахаар ирсэнгүй.

20 Мөн шөнө болоход, Моронай шөнийн харанхуйд урагшлан, мөн хотын аль хэсэгт нь леменчүүд их цэрэгтэйгээ буудалласныг тагнахаар хэрмийн орой дээр гарав.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд зүүн талд нь, орцны дэргэд байв; мөн тэд бүгд унтаж байв. Мөн эдүгээ Моронай их цэрэгтээ буцаж, мөн тэднийг хэрмийн орой дээрээс дотор тал руу нь доош буулгаж болохын тулд бат бөх олснууд болон шатнуудыг яаравчлан бэлтгэх болгов.

22 Мөнхүү улиран тохиох дор Моронай өөрийн хүмүүсийг урагш давшин мөн хэрмийн орой дээр гарч, мөн леменчүүд их цэрэгтэйгээ буудаллаагүй хотын тэр хэсэгт, тийм ээ, бүр баруун талд өөрсдийгөө буулгах болгов.

23 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд, бат бөх олс мөн шатныхаа тусламжтайгаар шөнөөр хот дотор буулгагдаж; тийн өглөө болоход тэд бүгд хотын хэрмэн дотор байв.

24 Мөн эдүгээ, леменчүүд сэрж мөн Моронайн их цэргүүдийг хэрмэн дотор байгааг хараад, тэд үлэмж айцгааж, иймээс тэд гарцаар зугтаж гарав.

25 Мөн эдүгээ Моронай өөрийнх нь өмнө тэдний зугтаж буйг хараад, тэрээр өөрийн хүмүүсийг тэдний эсрэг урагш давшиж, мөн олныг нь алж мөн бусад олныг нь бүслэн, мөн тэднийг олзлогдогсод болгон баривчлах болгов; мөн тэдний үлдсэн нь тэнгисийн эргийн ойролцоох хил дээрх Моронайн нутаг тийш зугтав.

26 Ийн Моронай, Пахоран хоёр нэг ч бодгалийн гарзгүйгээр Нифайха хотыг эзэмшилдээ авав; мөн леменчүүдээс алагдсан нь олон байв.

27 Эдүгээ улиран тохиох дор олзлогдсон леменчүүдээс олон нь Аммоны хүмүүстэй нэгдэж, чөлөөт хүмүүс болох хүсэлтэй байв.

28 Мөнхүү улиран тохиох дор хүссэн болгонд, өөрсдийнх нь хүслийн дагуу байх нь тэдэнд зөвшөөрөгдсөн ажээ.

29 Тиймийн тул, леменчүүдийн бүх олзлогдогсод Аммоны хүмүүстэй нэгдэж, мөн газар боловсруулж, төрөл бүрийн үр тариа, мөн янз бүрийн бог болон бод мал өсгөж үлэмж хөдөлмөрлөж эхлэв; мөн нифайчууд нэгэн их ачаанаас ийн салав; тийм ээ, үүний хэрээр тэд леменчүүдийн бүх олзлогдогсдыг харгалзах хариуцлагаас ангижирсан ажгуу.

30 Эдүгээ улиран тохиох дор Моронай, Нифайха хотыг эзэмшилдээ авсныхаа дараа, леменчүүдийн их цэргийг үлэмж цөөрүүлэн, олныг олзолсныхоо дараа, мөн Моронайн их цэргийг үлэмж хүчирхэгжүүлсэн тэрхүү олзлогдсон нифайчуудаас олныг буцаан авсныхаа дараа; тиймийн тул Моронай Нифайхагийн нутгаас Лихайн нутаг тийш одов.

31 Мөнхүү улиран тохиох дор Моронай өөрсдийнх нь эсрэг ирэхийг леменчүүд хараад, тэд дахин айж мөн Моронайн их цэргийн өмнө зугтсан ажээ.

32 Мөнхүү улиран тохиох дор Моронай болон түүний их цэрэг тэднийг хотоос хотод, тэд Лихай, Тианкам хоёртой тулгартал мөрдөн хөөв; мөн леменчүүд бүр тэнгисийн эргийн дэргэдэх хил хүртэл уруудан, тэд Моронайн нутагт ирэх хүртлээ Лихай, Тианкам хоёроос зугтав.

33 Мөн леменчүүдийн их цэрэг бүгд нэгдэн цуглуулагдсан байв, үүний хэрээр тэд Моронайн нутагт бүгд нэг хэсэг байв. Эдүгээ леменчүүдийн хаан Амморон түүнчлэн тэдэнтэй хамт байлаа.

34 Мөнхүү улиран тохиох дор Моронай, Лихай мөн Тианкам нар Моронайн нутгийн хилийн эргэн тойронд их цэрэгтэйгээ буудаллав, үүний хэрээр леменчүүд өмнөд аглаг буйдын хилээр, мөн дорнод аглаг буйдын хилээр бүслэгдсэн байв.

35 Мөн тийн тэд шөнийг өнгөрөөхөөр буудаллав. Учир нь болгоогтун, нифайчууд мөн түүнчлэн леменчүүд давшилтынхаа агуу ихийн учир ядарсан байв; тиймийн тул тэд шөнийн цагт, Тианкамаас бусад нь ямар нэгэн арга сэдсэнгүй; учир нь тэрээр Амморонд үлэмж ихээр уурлаж байв, учир юун гэвэл тэрээр Амморон болон түүний ах Амаликая хоёрыг ийм их дайн мөн цус урсалт, тийм ээ, мөн ийм их өлсгөлөнгийн шалтгаан болсон тэдний болон леменчүүдийн хоорондох энэ агуу бөгөөд үргэлжийн дайны шалтгаан нь хэмээн бодсон ажээ.

36 Мөнхүү улиран тохиох дор Тианкам уурандаа леменчүүдийн буудалд нэвтрэн орж, мөн хотын хэрмийг даван буусан болой. Мөн тэрээр олстойгоо, газраас газарт явж, ингэснээр тэр хааныг олов; мөн тэрээр түүний зүг жад шидэж, энэ нь түүний зүрхний ойролцоо зоогдов. Гэвч болгоогтун, хаан үхэхээсээ өмнө зарц нараа сэрээсэн байв, иймээс тэд Тианкамыг мөрдөж, мөн түүнийг алав.

37 Эдүгээ улиран тохиох дор Лихай, Моронай хоёр Тианкам үхсэнийг мэдээд тэд үлэмж харамсав; учир нь болгоогтун, тэрээр эх орныхоо төлөө эрэлхэгээр байлдсан хүн, тийм ээ, эрх чөлөөний үнэнч нөхөр байсан ажгуу; мөн тэрээр үлэмж олон зовлонт зүдгүүрийг туулсан байсан бөлгөө. Гэвч болгоогтун, тэрээр нас барж, мөн бүх хорвоогийн жамаар одов.

38 Эдүгээ улиран тохиох дор маргааш нь Моронай жагсан явж, мөн леменчүүдийн дээр ирж, үүний хэрээр тэднийг агуу их аллагаар тэд хөнөөв; мөн тэд уг нутгаас тэднийг гадагш түрэв; мөн тэд зугтаж, бүр тэд нифайчуудын эсрэг тэр үед дахин эргэж ирсэнгүй.

39 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучин нэгдүгээр он тийн төгсөв; мөн дайнууд, цус урсалт, өлсгөлөн, бас зүдгүүр олон жилийн турш тэдэнд тийн тохиов.

40 Мөн Нифайн ард түмний дунд аллага, зөрчилдөөн, мөн тэрсэлдээн, мөн бүх төрлийн алдас байв; гэсэн хэдий ч зөв шударгыг үйлдэгчдийн төлөө, тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн залбирлын улмаас, тэд хэлтрүүлэгдэв.

41 Гэвч болгоогтун, нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайны үлэмж агуу урт удааны учир олных нь зүрх сэтгэл хатуурчээ, уг дайны үлэмж агуу урт удааны улмаас бөлгөө; мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч, үүний хэрээр тэд Бурханы өмнө өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд хүртэл даруусгасан ажээ.

42 Мөнхүү улиран тохиох дор Моронай, леменчүүдэд хамгийн ихээр өртөгдөж болох уг нутгийн тэдгээр хэсгийг хангалттай хүчирхэг болтол нь бэхэлсний дараагаар, тэрээр Зарахемла хотод эргэж иржээ; мөн түүнчлэн Хиламан өөрийн өв болох газартаа буцав; мөн Нифайн ард түмний дунд амар амгалан дахин нэгэнтээ тогтоогдсон ажгуу.

43 Мөн Моронай их цэргийнхээ удирдлагыг, Моронайха гэдэг нэртэй хүүгийнхээ гарт өгөв; мөн тэрээр өөрийн үлдсэн өдрүүдээ амар амгаланд өнгөрөөж болохын тулд албаа дуусган гэртээ харив.

44 Мөн Пахоран шүүгчийн суудалдаа эргэж очсон болой; мөн Хиламан Бурханы үгийг хүмүүст номлох үүргийг өөртөө дахин авчээ; өөрөөр хэлбэл ийм олон дайн мөн зөрчилдөөнүүдийн улмаас сүмд дахин зохицуулалт хийгдэх шаардлагатай болсон байв.

45 Тиймийн тулд, Хиламан мөн түүний ах дүүс одож, мөн олон хүнд өөрсдийнх нь ёс бусын талаар итгүүлэн, Бурханы үгийг ихэд хүчтэйгээр тунхаглав, ингэснээр тэднийг нүглүүдээ наманчилж мөн Их Эзэн Бурхандаа баптисм хүртэхэд хүргэв.

46 Мөнхүү улиран тохиох дор тэд бүх нутаг даяар Бурханы сүмийг дахин байгуулсан болой.

47 Тийм ээ, мөн хуулийн талаар зохицуулалт хийгдэв. Мөн тэдний шүүгчид, мөн ерөнхий шүүгчид сонгогдов.

48 Мөн Нифайн хүмүүс нутагтаа дахин дэгжиж эхлэв, мөн нутагтаа өнөржиж бас дахин үлэмж хүчирхэг болж эхлэв. Мөн тэд үлэмж баян болж эхлэв.

49 Гэвч тэдний баялаг, хүч чадал, эсвээс дэвшил хөгжил байсан хэдий ч, тэд өөрсдийнхөө нүдний бардамналд хөөрсөн нь үгүй; бас Их Эзэн Бурханаа дурсан санахдаа ч хойрго байсангүй; харин тэд түүний өмнө өөрсдийгөө үлэмж даруусгасан ажээ.

50 Тийм ээ, Их Эзэн тэдний төлөө ямар агуу зүйлс хийснийг, тэрээр өөрсдийг нь үхлээс, хүлээснээс мөн шоронгоос, мөн төрөл бүрийн зүдгүүрээс чөлөөлснийг, мөн тэрээр өөрсдийг нь дайснуудынх нь гараас чөлөөлснийг тэд санаж байв.

51 Мөн тэд Их Эзэн Бурхандаа үргэлж залбирч, үүний хэрээр Их Эзэн тэднийг өөрийн үгийн дагуу адисалсан бөлгөө, ингэснээр тэд уг нутагт хүчтэй болж мөн дэгжсэн юм.

52 Мөнхүү улиран тохиох дор эдгээр бүх зүйл тохиов. Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын гучин тавдугаар онд Хиламан нас барав.