Судрууд
Алма 61


Бүлэг 61

Пахоран засгийн газрыг эсэргүүцсэн бослого мөн эсэргүүцлийн тухай Моронайд хэлэв—Хааныг хүсэгч хүмүүс Зарахемлаг эзэлж, леменчүүдтэй эвсэл холбоонд оров—Пахоран эсэргүүцэгчдийн эсрэг цэргийн хүчний тусламж гуйв. Ойролцоогоор МЭӨ 62 он.

1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Моронай өөрийн захидлыг ерөнхий захирагчид илгээснээс хойш удалгүй, тэрээр ерөнхий захирагч Пахоранаас захидал хүлээн авав. Мөн түүний хүлээн авсан үгс нь эдгээр болой:

2 Энэ нутгийн ерөнхий захирагч болох Пахоран би, эдгээр үгийг их цэргийн дээрх ерөнхий ахмад Моронайд илгээж байна. Болгоогтун, би чамд хэлнэ, Моронай, би та нарын их зүдгүүрт баясдаггүй, тийм ээ, энэ нь бодгалийг минь гашуудуулж байна.

3 Гэвч болгоогтун, та нарын зүдгүүрүүдэд баясах тэд буй, тийм ээ, иймээс тэд миний эсрэг мөн түүнчлэн эрх чөлөөг хүсэгч миний хүмүүс болох тэдний эсрэг эсэргүүцэлд босоод байна, тийм ээ, мөн боссон тэд үлэмж олон тоотой бөлгөө.

4 Мөн надаас шүүгчийн суудлыг булаан авахыг эрэлхийлсэн тэд бол энэ агуу алдсын шалтгаан юм; тодруулбал тэд агуу зусардалт хэрэглэж, мөн бидний дундах гашуун зүдгүүрийн шалтгаан болгон олон хүмүүний зүрх сэтгэлийг тэд зайцуулан удирдав; тэд хүнсийг маань саатуулж, мөн эрх чөлөөг хүсэгч хүмүүсийг маань сүрдүүлснээс тэд та нар дээр очоогүй болой.

5 Мөн болгоогтун, тэд намайг өөрсдийнхөө өмнө ухрааж, мөн би Гидеоны нутаг руу, би дагуулж чадах бүх эрчүүдтэйгээ хамт зугтан очсон болой.

6 Мөн болгоогтун, уг нутгийн энэ хэсэг даяар би тунхаг илгээсэн билээ; мөн болгоогтун, улс орноо мөн эрх чөлөөгөө батлан хамгаалахаар, мөн бидний эсрэг үйлдэгдсэнээс өшөө авахын тулд, зэвсэг агсахаар тэд өдрөөс өдөрт нэмэгдэн цугларцгааж байна.

7 Мөн тэд бидэн дээр ирж, үүнчлэн бидний эсрэг бослого гаргагчид илэрхийгээр эсэргүүцэгдэв, тийм ээ, үүний хэрээр тэд биднээс айж мөн бидний эсрэг тулалдахаар ирж зүрхэлсэнгүй.

8 Тэд Зарахемла нутгийг, өөрөөр хэлбэл уг хотыг эзэмшилдээ авлаа; тэд дээрээ хааныг тохоож, мөн тэрээр леменчүүдийн хаанд бичжээ, үүндээ тэрээр түүнтэй эвсэл холбоонд нэгдсэн ажээ; энэ эвсэл холбоондоо тэрээр Зарахемла хотыг хадгалан хамгаалахаар тохирсон аж, тэрээр ийн хадгалан хамгаалснаар үлдсэн бүх нутгийг эзлэн авах бололцоог леменчүүдэд олгож, мөн леменчүүдэд тэд ялагдах үед энэ ард түмний дээр өөрөө хаанаар тохоогдох болно хэмээн боджээ.

9 Мөн эдүгээ, чи захидалдаа намайг буруутгажээ, гэвч энэ нь хамаагүй; би уурлаагүй, харин зүрх сэтгэлийн чинь агууд баясна. Пахоран миний бие хүмүүсийнхээ эрх болон чөлөөт байдлыг хадгалж болохын тулд шүүгчийн суудлаа авч үлдэхээс өөр хүчийг би эрэлхийлдэггүй. Бурхан биднийг чөлөөтэй болгосон тэрхүү эрх чөлөөнд бодгаль минь бат зогсдог болой.

10 Мөн эдүгээ болгоогтун, бид ёс бусыг, бүр цус урсгах хүртлээ эсэргүүцэх болно. Хэрэв леменчүүд өөрсдийн нутагтаа үлдэх аваас, бид тэдний цусыг урсгахгүй.

11 Хэрэв ах дүүс маань бидний эсрэг эсэргүүцэлд босохгүй мөн илд агсахгүй аваас бид тэдний цусыг урсгахгүй.

12 Хэрэв энэ нь Бурханы шударга ёсны дагуу шаардагдах аваас, өөрөөр хэлбэл хэрэв тэр бидэнд түүнчлэн үйлдэхийг зарлиглах аваас, бид өөрсдийгөө боолчлолын буулганд харьяалуулах болно.

13 Гэвч болгоогтун тэрээр бидэнд өөрсдийгөө дайснууддаа харьяалуулахыг бус, харин бид өөрт нь найдлагаа тавихыг зарлиг болгодог, мөн тэр биднийг чөлөөлөх болно.

14 Тиймийн тул, хайрт анд Моронай минь, хилэнцтийн эсрэг сөрөн зогсоцгооё, мөн бид үгсээрээ сөрөн зогсож чадахгүй хилэнцэт болох юуг боловч, тийм ээ, эсэргүүцэл болон тэмцлүүд гэх мэтийг илдээрээ сөрөн зогсоцгооё, ингэснээр бид эрх чөлөөгөө хадгалж болохын тулд, бид сүмийнхээ агуу боломжид, мөн өөрсдийн Гэтэлгэгч бөгөөд Бурханыхаа байр сууринд баясаж болохын тулд буюу.

15 Тиймийн тул, эрчүүдээсээ цөөнийг нь авч надад яаралтай ир, мөн үлдсэнийг нь Лихай болон Тианкамын мэдэлд орхи; тэдэнд Бурханы Сүнсний дагуу, түүнчлэн тэдэнд орших эрх чөлөөний тэрхүү сүнсний дагуу, уг нутгийн тэр хэсэгт дайныг удирдах эрх мэдлийг өгөгтүн.

16 Болгоогтун та нарыг надад ирэх хүртэл тэд мөхөхгүй байж болохын тулд би тэдэнд цөөн хангамж илгээлээ.

17 Нааш ирэх замдаа чадахынхаа хэрээр хүчийг нэгтгэн цуглуул, мөн бидэнд буй итгэлийн дагуу Бурханыхаа хүчээр бид тэр тэрслэгчдийн эсрэг хурдан явах болно.

18 Мөн бид Лихай, Тианкам хоёрт илгээх илүү хоол хүнс олж болохын тулд Зарахемла хотыг эзэмшилдээ авах болно; тийм ээ, бид Их Эзэний хүчээр тэдний эсрэг явах болно, мөн бид энэ агуу алдсыг төгсгөх болно.

19 Мөн эдүгээ, Моронай, захидлыг чинь хүлээн авсандаа би баясаж байна. Учир нь бид юу хийвэл зохих талаар, ах дүүсийнхээ эсрэг явах нь бидний хувьд шударга эсэх талаар би санаа зовж байлаа.

20 Гэвч тэд наманчлахгүй аваас чи тэдний эсрэг явах ёстой хэмээн Их Эзэн чамд зарлигласныг чи хэлжээ.

21 Лихай, Тианкам хоёрыг Их Эзэний хувьд чи хүчирхэгжүүлэхээ мэдэгтүн; тэднийг, тийм ээ, мөн түүнчлэн тэдэнд Бурханы өгсөн тэрхүү эрх чөлөөнд бат зогссон тэд бүгдийг Бурхан чөлөөлөх учир бүү ай хэмээн тэдэнд хэл. Мөн эдүгээ хайрт анд Моронайдаа зориулсан захидлаа би дуусгая.