Судрууд
Алма 60


Бүлэг 60

Моронай их цэргийн талаарх засгийн газрын хайнга байдлын талаар Пахоранд гомдоллов—Зөв шударгыг үйлдэгчид хөнөөгдөхийг Их Эзэн зөвшөөрдөг—Нифайчууд өөрсдийгөө дайснуудаасаа чөлөөлөхийн тулд бүх хүчээ мөн бүх арга замаа хэрэглэх ёстой—Моронай их цэргийг нь тусламжаар хангахгүй аваас засгийн газрын эсрэг тулалдахаар заналхийлэв. Ойролцоогоор МЭӨ 62 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Пахоран гэгдсэн түүнд, нутгийн захирагчид дахин бичив, мөн түүний бичсэн үгс нь эдгээр болой, өгүүлсэн нь: Болгоогтун, би захидлаа Зарахемла хот дахь, уг нутгийн дээрх захирагч мөн ерөнхий шүүгч болох Пахоранд, мөн түүнчлэн энэ хүмүүсээр энэхүү дайны хэргийг засаглан мөн удирдахаар сонгогдсон тэд бүгдэд хандуулж байна.

2 Учир нь болгоогтун, буруушаал болгон тэдэнд хэлэх зарим зүйл надад байна; учир нь болгоогтун, та нар эрчүүдийг нэгтгэн цуглуулахаар, мөн тэднийг сэлмээр, илдээр, мөн бүхий л төрлийн дайны зүйл бүрийн зэвсгээр зэвсэглэхээр, мөн леменчүүд бидний нутагт аль ч хэсгээр орж ирлээ гэсэн, тэдний эсрэг тэднийг илгээхээр томилогдсоноо өөрсдөө мэднэ.

3 Мөн эдүгээ болгоогтун, би өөрөө мөн түүнчлэн миний хүмүүс, мөн түүнчлэн Хиламан болон түүний хүмүүс үлэмж агуу зовлон зүдгүүр; тийм ээ, бүр өлсгөлөн, цангаа, мөн туйлдалт, мөн бүх зүйлийн төрөл бүрийн зүдгүүрийг амссаныг би та нарт хэлье.

4 Гэвч болгоогтун, хэрэв бидний зовсон нь үүгээр дууссан бол бид бувтналдаж мөн гомдоллохгүй байхсан.

5 Гэвч болгоогтун, хүмүүсийн маань дундах аллага агуу их байв; тийм ээ, хэрэв та нар их цэрэгт маань хангалттай хүчээр мөн дэмжлэгээр тус дэм үзүүлсэн бол өөрөөр байж болох байсан байхад, мянга мянга нь илдэнд уналаа. Тийм ээ, бидэнд хандсан хайхрамжгүй байдал тань үлэмж их байлаа.

6 Мөн эдүгээ болгоогтун, энэхүү үлэмж их хайхрамжгүй байдлын шалтгааныг бид мэдэх хүсэлтэй байна; тийм ээ, бодлогогүй байдлын чинь шалтгааныг бид мэдэхийг хүсэж байна.

7 Дайснууд чинь та нарын эргэн тойронд үхлийн үйлийг тарьж байхад, та нар дүйнгэ, бодлогогүйгээр сэнтий дээрээ залрахыг бодож чадна гэж үү? Тийм ээ, тэд ах дүүсээс тань мянга мянгыг хөнөөж байхад—

8 Тийм ээ, бүр хамгааллын төлөө та нарт найдсан тэднийг, тийм ээ, та нар тэднийг дэмжиж болохын тулд, тийм ээ, та нар тэднийг хүчирхэгжүүлэхээр, мөн тэднээс мянга мянгыг нь илдэнд унахаас аварч болохын тулд тэдэнд их цэрэг илгээж болох тэрхүү нөхцөл байдалд та нарыг тавьсан тэднийг буюу.

9 Гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—та нар хүнсээ тэднээс харамласан, иймээс энэ хүмүүсийн сайн сайхны төлөө гэсэн өөрсдөд нь байсан агуу хүслүүдийнхээ учир олон нь тулалдаж мөн тэд цус асгаруулан амиа алдсан буюу; тийм ээ, мөн та нарын тэдэнд хандсан үлэмж агуу хайхрамжгүй байдлын учир, тэд өлсгөлөнгөөр мөхөх гэж байхдаа үүнийг хийсэн билээ.

10 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь—учир нь та нар хайрт хэмээн дуудагдвал зохино; тийм ээ, мөн та нар энэ хүмүүсийн сайн сайхан болон эрх чөлөөний төлөө өөрсдийгөө илүү шаргуу хөдөлгөх ёстой байсан юм; гэвч болгоогтун, та нар тэднийг үл хайхарсан, үүний хэрээр мянга мянгын цус та нарын толгой дээр өшөө авалт болон ирэх болно; тийм ээ, учир нь тэдний бүх залбирал, мөн тэдний бүх зүдрэлийг Бурхан мэдэж байсан бөлгөө—

11 Болгоогтун, та нар сэнтий дээрээ заларч, мөн Бурханы үлэмж сайн сайхны учир та нар өөрсдөө юу ч хийхгүй байхад, тэрээр та нарыг чөлөөлнө хэмээн та нар бодож чадсан гэж үү? Болгоогтун, хэрэв та нар ийн бодсон бол та нар хоосныг боджээ.

12 Ах дүүсээс чинь ийм олон алагдсан нь өөрсдийнх нь ёс бусын учир хэмээн та нар бодно уу? Би та нарт хэлнэ, хэрэв та нар ийн бодсон аваас та нар хоосныг боджээ; учир нь би та нарт хэлнэ, илдээр унагаагдсан нь олон байна; мөн болгоогтун та нарт үүний буруутгал нь тохоогдох бөлгөө;

13 Учир нь, ёс бусыг үйлдэгчдийн дээр өөрийнх нь шударга ёс мөн шүүлт ирж болохын тулд зөв шударгыг үйлдэгчид хөнөөгдөхийг Их Эзэн зөвшөөрдөг билээ; тиймийн тул тэд алагдсан учир зөв шударгыг үйлдэгчид алдагдсан хэмээн та нар бодох хэрэггүй; харин болгоогтун, тэд Их Эзэн Бурханыхаа амралтад ордог билээ.

14 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, тэдний үлэмж залхуу хойргынх нь, тийм ээ, бүр засгийн газрын маань залхуу хойрго байдлын, мөн тэдний ах дүүстээ хандсан, тийм ээ, алагдсан тэдний зүг хандсан тэрхүү үлэмж хайхрамжгүй байдлын учир энэ хүмүүсийн дээр Бурханы шүүлтүүд ирэх болов уу хэмээн би үлэмж айж байна.

15 Учир нь хэрэв бидний дээрх удирдагчдаас анх эхэлсэн тэр ёс бус нь байгаагүй аваас, бид дайснуудаа сөрөн зогсож чадах байсан бөгөөд тэд бидний дээр хүчийг олохгүй байх байсан билээ.

16 Тийм ээ, өөрсдийн маань дунд гарсан тэрхүү дайн болоогүйсэн бол; тийм ээ, өөрсдийнхөө дунд их цус урсгахад хүргэсэн тэрхүү, хааныг хүсэгч хүмүүс байгаагүй бол; тийм ээ, өөр хоорондоо тэмцэлдэж байх тэр цагтаа, хэрэв бид урьд нь тэгснийхээ адилаар хүчээ нэгтгэсэн аваас; тийм ээ, хэрэв хааныг хүсэгч хүмүүст биднийг удирдан захирах хүчийг мөн эрх мэдлийг хүссэн хүсэл нь байгаагүй аваас; тэд өөрсдийн маань дунд ийм их цус урсалтын шалтгаан болж, бидний эсрэг илд барихынхаа оронд, бидний эрх чөлөөний байр сууринд үнэнч байж, мөн бидэнтэй нэгдэж мөн дайснуудын маань эсрэг явсан бол; тийм ээ, хэрэв бид Их Эзэний хүчээр тэдний эсрэг явсан бол, бид дайснуудаа сарниулах байв, учир нь энэ нь түүний үгийн биелэлтийн дагуу хийгдэх байсан билээ.

17 Гэвч болгоогтун, эдүгээ леменчүүд бидний дээр ирж, нутгуудыг маань эзэмшилдээ авч, мөн тэд хүмүүсийг маань, тийм ээ, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг маань илдээр хөнөөж, мөн түүнчлэн тэднийг олзлон аваачиж, тэднийг бүх л төрлийн зүдгүүрийг туулахад хүргэж байна, мөн энэ нь хүч чадал болон эрх мэдэл хайгч тэдний, тийм ээ, бүр тэдгээр хааныг хүсэгч хүмүүсийн агуу ёс бусын улмаас болой.

18 Гэвч энэ хэргийн талаар яагаад би ихийг хэлэх ёстой билээ? Учир нь та нар өөрсдөө эрх мэдлийг эрэлхийлж байгаа эсэхийг бид мэдэхгүй юм. Та нар түүнчлэн улс орноосоо урвагч эсэхийг бид мэдэхгүй юм.

19 Эсвээс та нар улс орны маань зүрхэнд мөн хамгаалалтаар хүрээлэгдсэн байгаа учраас та нар биднийг эс хайхарч, бидэнд хүнс мөн түүнчлэн их цэргийг маань хүчирхэгжүүлэх эрсийг илгээхгүй байна уу?

20 Та нар Их Эзэн Бурханыхаа зарлигуудыг мартсан уу? Тийм ээ, та нар эцэг өвгөдөө дарангуйлалд байсныг мартсан уу? Бид дайснуудынхаа гараас чөлөөлөгдөж байсан олон тохиолдлыг та нар мартсан уу?

21 Эсвээс Их Эзэний бидэнд хангаж өгсөн арга замуудыг эс хэрэглэн, мөн биднийг сэнтий дээрээ залрах зуур ч Их Эзэн биднийг бас чөлөөлнө хэмээн та нар бодно уу?

22 Тийм ээ, нутгийн хил дээр эргэн тойронд мянга мянга нь илдэнд унагаагдаж, тийм ээ, шархдаж мөн цус алдаж байхад, залхаг байдалд суух тэдний мянга мянгаар, тийм ээ, хэдэн арван мянгаар нь хүрээлүүлэн байхдаа, та нар ч түүнчлэн залхаг байдалд суусаар байх уу?

23 Хөдөлгөөнгүй суугаад мөн эдгээр зүйлийг харж байх зуур Бурхан та нарыг гэмгүй хэмээн үзэх болно гэж та нар бодно уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй. Эдүгээ дотоод хэсэг нь эхлээд цэвэршигдэж, мөн тэгээд гадаад хэсэг нь түүнчлэн цэвэршигдэх болно хэмээн Бурхан хэлснийг та нар санаасай хэмээнэ би.

24 Мөн эдүгээ, та нар үйлдсэнээ наманчилж, мөн идэвхийлэн мөн хийж эхлэн, мөн бидэнд мөн түүнчлэн Хиламанд, тэрээр буцаан авсан улсын маань тэдгээр хэсгийг дэмжиж болохын тулд, мөн түүнчлэн бид эдгээр хэсэг дэх эзэмшлүүдийнхээ үлдсэнийг нь буцаан авч болохын тулд, бидэнд хүнс мөн эрсийг илгээхгүй бол, болгоогтун бид эхлээд дотоод хэсгээ, тийм ээ, бүр засгийн газрынхаа удирдагчдыг эхлээд цэвэрлэхээс нааш леменчүүдтэй бид цаашид тэмцэлдэхгүй байх нь зүйд нийцэх ажгуу.

25 Мөн та нар миний захидалдаа дурдсаныг зөвшөөрч, мөн эрх чөлөөнд үнэнч байдлыг надад илэрхийгээр үзүүлж, мөн их цэргийг маань хүчирхэгжүүлж мөн бэхжүүлэхээр чармайн оролдож, мөн тэдэнд дэмжлэг болгон хүнс өгөхгүй аваас, болгоогтун, би эрх чөлөөг хүсэгч хүмүүсийнхээ нэгэн хэсгийг нутгийнхаа энэ хэсгийг хадгалан хамгаалуулахаар үлдээх болно, мөн бусад ямар ч хүч тэдний эсрэг үйлдэж чадахгүйн тулд тэдний дээр би Бурханы хүч чадал мөн адислалуудыг үлдээх болно—

26 Мөн энэ нь тэдний өөрсдийнх нь зүдгүүрүүд дэх тэвчээрийн мөн тэдний үлэмж итгэлийн учир болой—

27 Мөн та нар дээр би очих болно, мөн хэрэв та нарын дунд эрх чөлөөг хүсэж буй хэн нэг нь байвал, тийм ээ, хэрэв эрх чөлөөний бүр оч ч болов үлдсэн бол, бүр хүч чадал болон эрх мэдлийг шударга бусаар эзлэхийг хүссэн тэд бүрмөсөн устах хүртэл, болгоогтун би та нарын дунд бослого гаргахаар өдөөх болно.

28 Тийм ээ, болгоогтун та нарын хүч чадал бас эрх мэдлээс би айдаггүй, гэвч миний айх тэр нь Бурхан минь билээ; мөн эх орныхоо байр суурийг батлан хамгаалахаар илдээ агссан минь түүний зарлигуудын дагуу билээ, мөн бид ийм их хохирол үзсэн нь та нарын алдсуудын улмаас юм.

29 Болгоогтун, улс орноо мөн багачуудаа хамгаалахад та нар өөрсдийгөө дайчлахгүй аваас, шударга ёсны илд та нарын дээр далайгаастай байх цаг болжээ, тийм ээ, цаг нь ирсэн байна; тийм ээ, мөн энэ нь та нарын дээр бууж, бүр бүрмөсөн устгалд чинь хүртэл та нарт зочлох болно.

30 Болгоогтун, би та нараас тусламж хүлээж байна; мөн, та нар бидний дэмжлэгийн төлөө ажиллахгүй аваас, болгоогтун, би та нар дээр, бүр Зарахемла нутагт очиж, мөн та нарыг илдээр цохих болно, үүний хэрээр та нар цаашид энэ хүмүүст эрх чөлөөний байр сууринд хөгжихөд нь саад болох хүчтэй байж чадахгүй.

31 Учир нь болгоогтун, Их Эзэн та нарт амьдарч мөн алдсууддаа нэмэгдээд, түүний зөв шударга хүмүүсийг устгахыг зөвшөөрөхгүй.

32 Болгоогтун, та нарын алдас нь энэ дэлхийн нэр алдар болон хоосон зүйлийг хайрлах хайраас чинь шалтгаалж байхад, харин леменчүүдийн үзэн ядалт нь эцэг өвгөдийнх нь уламжлалаас үүсэж, тийм ээ, мөн энэ нь биднээс тэрсэлсэн тэднээр хэд дахин нэмэгдсэн байхад, Их Эзэн та нарыг хэлтрүүлж мөн леменчүүдийг цээрлүүлэх болно хэмээн та нар бодож чадах уу?

33 Та нар Бурханы хуулиудыг зөрчдөгөө мэднэ, мөн та нар тэдгээрийг хөл дороо дэвсэлдгээ мэднэ. Болгоогтун, Их Эзэн надад: Хэрэв та нарын томилсон захирагчид чинь нүглүүдээ мөн алдсуудаа наманчлахгүй аваас, та нар тэдний эсрэг тулалдахаар явах болно хэмээн хэлсэн бөлгөө.

34 Мөн эдүгээ болгоогтун, Бурханыхаа зарлигуудыг дагана хэмээн хийсэн тэрхүү гэрээнийхээ дагуу Моронай би албадуулаад байна; тиймийн тул та нар Бурханы үгийг дагаасай, мөн надад мөн түүнчлэн Хиламанд хүнснээсээ болон хүмүүсээсээ яаралтай илгээгээсэй хэмээнэ би.

35 Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийхгүй аваас би та нар дээр яаралтай очно; учир нь болгоогтун, биднийг өлсгөлөнгөөр мөхөхийг Бурхан зөвшөөрөхгүй; тиймийн тул хэрэв энэ нь бүр илдээр хийгдэх ёстой болсон ч та нарын хүнснээс тэрээр бидэнд өгөх болно. Эдүгээ та нар Бурханы үгийг биелүүлэхээ мэдээрэй.

36 Болгоогтун, би бол Моронай, та нараар тохоогдсон ерөнхий ахмад. Би удирдан захирах хүчийг бус, харин үүнийг устган буулгахыг эрэлхийлнэ. Би дэлхийн нэр төрийг биш, харин Бурханыхаа алдар сууг мөн улс орныхоо эрх чөлөө мөн сайн сайхныг эрэлхийлдэг болой. Мөн би захидлаа ийн дуусгая.