Судрууд
Алма 57


Бүлэг 57

Хиламан, Антипараг авснаа мөн Күменай дахь бууж өгөлтийг нь, түүнчлэн хожим нь уг хотыг батлан хамгаалснаа өгүүлэв—Түүний аммон үндэстэн идэр залуучууд эрэлхэгээр тулалдаж; бүгд шархдан, гэхдээ нэг нь ч алагдсангүй—Лемен үндэстэн хоригдлууд алагдсаныг мөн оргосныг Гид илтгэв. Ойролцоогоор МЭӨ 63 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор хаан Аммороноос, хэрэв намайг манайхны барьсан дайны олзлогдогсдоо чөлөөлөх юм бол тэрээр Антипара хотыг бидэнд өгнө хэмээн дурдсан захидлыг би хүлээн авсан буюу.

2 Гэвч би уг хаанд, бидний цэргийн хүч Антипара хотыг хүчээрээ авахад хангалттайг бид лавтай мэднэ; мөн тэр хотын төлөө олзлогдогсдоо өгснөөрөө бид өөрсдийгөө ухаалаг бус хэмээн бодно, мөн бид олзлогдогсдоо зөвхөн олзлогдогсдоор солилцох болно гэсэн захидлыг илгээв.

3 Мөн Амморон миний захианаас татгалзав, учир нь тэр олзлогдогсдыг солилцохыг хүссэнгүй; тиймийн тул бид Антипара хотын эсрэг явахаар бэлтгэлүүдийг хийж эхлэв.

4 Гэвч Антипарагийн хүмүүс уг хотыг орхин, мөн өөрсдийн эзэмшиж асан бусад хотын зүг тэдгээрийг бэхлэхээр зугтав; мөн Антипара хот тийн бидний гарт оров.

5 Мөн шүүгчдийн засаглалын хорин найм дахь он тийн төгсөв.

6 Мөнхүү улиран тохиох дор хорин есдүгээр оны эхэнд, бид хүнс нөөцийн хангамжуудыг, мөн түүнчлэн их цэрэгтээ нэмэлт хүч болгон миний хоёр мянгын жижиг бүлэгт ах дүүстэйгээ нэгдэхээр ирсэн аммончуудын жаран хөвгүүнийг, үүнээс гадна Зарахемла нутгаас, мөн эргэн тойрны нутгаас зургаан мянган тооны эрчүүдийг хүлээн авав. Мөн эдүгээ болгоогтун, бид хүчтэй байв, тийм ээ, мөн түүнчлэн бидэнд элбэг нөөц хангамж авчрагдсан байв.

7 Мөнхүү улиран тохиох дор Күменай хотыг хамгаалахаар байрлуулагдсан их цэрэгтэй тулалдах нь бидний хүсэл байв.

8 Мөн эдүгээ болгоогтун, бид удалгүй хүслээ биелүүлснийг танд би үзүүлэх болно; тийм ээ, хүчит цэргээрээ, өөрөөр хэлбэл хүчит цэргүүдийнхээ нэг хэсгээр, бид шөнөөр Күменай хотыг, тэд хүнсний хангамжаа хүлээн авахаас нь өмнөхөн бүслэв.

9 Мөнхүү улиран тохиох дор бид олон шөнийн турш уг хотыг бүслэн буудаллав; гэвч бид илдээ дэрлэн унтаж, мөн леменчүүд бидний дээр шөнөөр ирж мөн биднийг хөнөөж чадахгүйн тулд харуулуудыг гаргаж байв, үүнийг тэд олон удаа оролдсон байв; гэвч тэд үүнийг оролдох болгонд тэдний цус асгарсан билээ.

10 Хэсэг хугацааны дараа хүнсний хангамж нь хүрч ирэв, мөн тэд шөнөөр хотод орох гэж байв. Мөн леменчүүдийн оронд, нифайчууд бид угтав; тиймийн тул, бид тэднийг барьж мөн хүнсний хангамжуудыг нь авав.

11 Мөн леменчүүд энэ маягаар дэмжлэгээсээ таслагдсан хэдий ч, тэд хотыг хадгалан хамгаалахаар хатуу шийдсэн хэвээр байв; тиймийн тул бид тэдгээр хүнсний хангамжийг авч мөн тэдгээрийг Иудеа руу, мөн Зарахемла нутаг дахь олзлогдогсдодоо илгээх шаардлагатай болов.

12 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тусламж авах бүх найдлагаа алдаж эхэлтэл олон өдөр өнгөрсөнгүй; тиймийн тул тэд хотыг бидний гарт өгөв; мөн бид Күменай хотыг авах төлөвлөгөөгөө тийн биелүүлсэн болой.

13 Гэвч улиран тохиох дор олзлогдогсод маань маш олон тоотой байснаас, бидний тоо их олон хэдий ч, бид бүх цэргээ ажиллуулж байж тэднийг харгалзуулах, эс бөгөөс тэднийг үхэлд хүргэх ёстой болов.

14 Учир нь болгоогтун, тэд олон тоогоороо эсэргүүцэн босож, мөн чулуугаар, бороохойгоор, өөрөөр хэлбэл тэд гарт нь тааралдсан болгоноор тулалдаж байв, иймээс тэд өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон бууж өгсний дараа бид тэднээс хоёр мянга гаруйг нь хөнөөсөн бөлгөө.

15 Тиймийн тул бид амийг нь авч, эсвэл гартаа илдтэйгээр Зарахемла нутаг хүртэл тэднийг харгалзах нь бидний хувьд шаардлагатай болов; мөн түүнчлэн бидэнд леменчүүдээс авсан нь байсан хэдий ч, бидний хүнсний хангамж хүмүүсийн маань хэрэгцээг хангахаас илүү байсангүй.

16 Мөн эдүгээ, ийм осолтой нөхцөл байдалд, дайны эдгээр олзлогдогсдын талаар шийдвэр гаргах нь маш ноцтой зүйл болов; гэсэн хэдий ч, бид тэднийг Зарахемла нутаг руу илгээхээр шийдвэрлэв; тиймийн тул бид эрчүүдээсээ нэг хэсгийг сонгон авч, мөн тэдэнд хоригдлуудаа даалгаж, Зарахемла нутаг руу хүргэхийг тушаав.

17 Гэвч улиран тохиох дор маргааш нь тэд эргэж ирэв. Мөн эдүгээ болгоогтун, бид тэднээс хоригдлуудын талаар асуусангүй; учир нь болгоогтун, леменчүүд бидний дээр байв, мөн тэд биднийг тэдний гарт орохоос хамгаалахаар цагаа олж эргэж ирсэн байв. Учир нь болгоогтун, Амморон тэдэнд дэмжлэг болгон хүнс нөөцний шинэ хангамжууд мөн түүнчлэн олон тооны цэрэг эрс илгээсэн байв.

18 Мөнхүү улиран тохиох дор хоригдлуудтай хамт бидний илгээсэн тэдгээр эрс, тэд биднийг давамгайлах гэж байхад тэднийг зогсоохоор цагаа олж ирэв.

19 Гэвч болгоогтун, миний хоёр мянга жарын жижиг бүлэг туйлын ширүүн тулалдав; тийм ээ, тэд леменчүүдийн өмнө ухаршгүй байж, мөн өөрсдийнх нь эсрэг зогссон тэд бүгдийг үхэлд хүргэж байв.

20 Мөн манай их цэргийн үлдсэн нь леменчүүдийн өмнө ухрах гэж байхад, болгоогтун, тэрхүү хоёр мянга жар ухаршгүй мөн гуйвшгүй байв.

21 Тийм ээ, мөн тэд тушаалын үг бүрийг яг таг гүйцэтгэхдээ дуулгавартай мөн шаргуу байв; тийм ээ, мөн бүр итгэлийнх нь дагуу тэдэнд хийгдсэн бөлгөө; мөн эхчүүд нь тэдэнд заасан хэмээн тэдний надад хэлсэн үгсийг би санасан болой.

22 Мөн эдүгээ болгоогтун, энэ агуу их ялалтын төлөө бидний өртэй болох тэд нь, хоригдлуудыг хүргэхээр сонгогдсон эрчүүд, мөн миний эдгээр хөвгүүд болой; учир нь леменчүүдийг бут цохисон нь тэд байв; тиймийн тул леменчүүд Мантай хот руу гэдрэг ухраагдав.

23 Мөн бид Күменай хотоо хадгалж үлдсэн буюу, мөн бүгд илдэнд устгагдсангүй; гэсэн хэдий ч, бид их хохирол хүлээв.

24 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг зугтсаны дараа, би тэр даруй үхэгсдийн дундаас өөрийн шархадсан эрсийг авах тушаал өгч, мөн шархыг нь боолгох болгов.

25 Мөнхүү улиран тохиох дор миний хоёр мянга жараас цус алдсанаас ухаан алдаж унасан нь хоёр зуу байлаа; гэсэн хэдий ч, Бурханы сайн сайхны дагуу, мөн бидний үлэмж гайхширал мөн түүнчлэн бүх их цэргийн маань баяслыг төрүүлэн, тэднээс мөхсөн бодгаль нэг ч байсангүй; тийм ээ, бас тэдний дунд олон шарх аваагүй нэг ч бодгаль байсангүй.

26 Мөн эдүгээ, тэдний хамгаалагдан үлдсэн нь манай бүх их цэргийн гайхлыг төрүүлж байв, тийм ээ, бидний ах дүүсийн мянга нь алагдсан байхад тэд хэлтрүүлэгдсэн байлаа. Мөн бид үүнийг Бурханы гайхамшигт хүч хэмээн зохистойгоор тайлбарлана, тэдний итгэхээр сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлийн улмаас буюу—шударга Бурхан гэж буй, мөн эргэлзээгүй хэн боловч, тэд түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдэх болно гэдэгт бөлгөө.

27 Эдүгээ энэ нь миний тухайлан ярьсан тэдний итгэл байв; тэд залуу, мөн тэдний оюун нь өөрчлөгдөшгүй, мөн тэд Бурханд үргэлжид найдлагаа тавьдаг.

28 Мөн эдүгээ улиран тохиох дор бид шархадсан эрчүүдээ тийн сувилсны, мөн үхэгсдээ мөн түүнчлэн леменчүүдийн олон үхэгсдийг оршуулсныхаа дараа, болгоогтун, бид Зарахемла нутаг руу тэдэнтэй явж эхэлсэн олзлогдогсдын тухай Гидээс лавлав.

29 Эдүгээ Гид бол уг нутаг руу тэднийг харгалзахаар тохоогдсон бүлгийн ерөнхий ахмад байв.

30 Мөн эдүгээ, Гидийн надад хэлсэн үгс нь эдгээр болой: Болгоогтун, бид олзлогдогсодтойгоо хамт Зарахемла нутаг руу явж эхлэв. Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн буудлыг тандахаар илгээгдсэн, их цэргийнхээ тандуулуудтай бид тааралдав.

31 Мөн тэд бидэнд хашхирч, хэлсэн нь—Болгоогтун, леменчүүдийн их цэрэг Күменай хотыг чиглэн жагсаж явна; мөн болгоогтун, тэд тэдэн рүү дайрна, тийм ээ, мөн хүмүүсийг маань устгах болно.

32 Мөнхүү улиран тохиох дор олзлогдогсод маань тэдний хашхирааныг сонсож мөн энэ нь тэднийг зоригжуулав; мөн тэд бидний эсрэг тэмцэлдэхээр босов.

33 Мөнхүү улиран тохиох дор тэдний эсэргүүцлийн учир бид илдээ тэдний дээр буулгав. Мөнхүү улиран тохиох дор тэд бөөнөөрөө бидний илдэн дор гүйн ирцгээж, ингэснээр тэдний олонх нь алагдав; мөн тэдний үлдсэн нь дайран гарч мөн биднээс зугтаж одов.

34 Мөн болгоогтун, тэднийг зугтахад бид тэднийг гүйцэж чадалгүй, бид Күменай хотын зүг яаравчлан жагсаж ирэв; мөн болгоогтун, бид хотыг хадгалан хамгаалахад нь ах дүүстээ тусалж болохын тулд цагаа олж ирсэн билээ.

35 Мөн болгоогтун, бид дайснуудынхаа гараас дахин чөлөөлөгдлөө. Мөн Бурханы маань нэр алдаршиг; учир нь болгоогтун, биднийг чөлөөлсөн нь тэр бөлгөө; тийм ээ, бидний төлөө энэ агуу зүйлийг хийсэн нь тэр буюу.

36 Эдүгээ улиран тохиох дор би Хиламан, Гидийн эдгээр үгийг сонсоод, бид бүгд мөхөхгүй байж болохын тулд, биднийг хамгаалахад үзүүлсэн Бурханы сайн сайхны учир үлэмж баяслаар халгилав; тийм ээ, мөн алагдсан тэдний бодгаль нь Бурханыхаа амралтад орсон хэмээн би найдна.