Судрууд
Алма 53


Бүлэг 53

Лемен үндэстний олзлогдогсдыг Өгөөмөр хотыг бэхлэн хамгаалахаар ажиллуулав—Нифайчуудын дундах тэрслэл леменчүүдийг ялалтад хүргэв—Хиламан, Аммоны хүмүүсийн хоёр мянган идэр хөвгүүдийн удирдлагыг авав. Ойролцоогоор МЭӨ 64–63 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэд хоригдол леменчүүдийн дээр харуулуудыг тавьж, мөн тэднийг явж мөн өөрсдийнхөө үхэгсдийг, тийм ээ, мөн түүнчлэн алагдсан нифайчуудын цогцсыг оршуулахыг албадав; мөн Моронай тэднийг ажлаа хийж байх үеэр харгалзах эрсийг тэдний дээр байрлуулав.

2 Мөн Моронай, Лихайтай хамт Мюлек хотод очиж мөн хотын захиргааг авч мөн үүнийг Лихайд өгөв. Эдүгээ болгоогтун, энэ нь Моронайн бүх тулалдааны ихэнхэд нь түүнтэй хамт байсан тэр Лихай байв; мөн тэр Моронайтай адил эр байв. Мөн тэд нэг нэгнийхээ аюулгүй байдалд баясав; тийм ээ, тэд нэг нэгэндээ хайрлагдсан, мөн түүнчлэн Нифайн бүх хүнээр хайрлагддаг байв.

3 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд өөрсдийн үхэгсэд мөн түүнчлэн нифайчуудын үхэгсдийг оршуулж дуусгасныхаа дараа, тэд буцаж Өгөөмөр нутагт хүргэгдэв; мөн Тианкам, Моронайн тушаалаар тэднийг Өгөөмөр нутгийг буюу хотыг хүрээлэх шуудууг ухахаар хөдөлмөрлөж эхлэх болгов.

4 Мөн тэрээр тэднийг шуудууны наагуурх далан дээгүүр гуалингаар хана барих болгов; мөн тэд шуудуу ухаж гаргасан шороогоор гуалин ханыг манаж овоолов; мөн гуалин мөн шороогоор барьсан үлэмж өндөр бат бэх ханаар Өгөөмөр хотыг хүрээлэх хүртэл тэд тийн леменчүүдийг хөдөлмөрлүүлэв.

5 Мөн энэ хот хойшид үлэмж бат бэх хамгаалалттай болов; мөн энэ хотод тэд леменчүүдийн олзлогдогсдыг харгалзаж байв; тийм ээ, бүр тэдний өөрсдийнх нь гараар бариулахаар албадсан ханын дотор буюу. Эдүгээ Моронай леменчүүдийг хөдөлмөрлүүлэхээс өөр аргагүй байв, учир нь тэднийг хөдөлмөрлөж байхад харгалзахад амархан байв; мөн леменчүүдийн дээр дайралт хийх үед бүх цэргийн хүчнээ байлгахыг тэрээр хүссэн аж.

6 Мөнхүү улиран тохиох дор Моронай леменчүүдийн их цэргээс хамгийн хүчирхэг нэгний дээр ялалтыг олж, мөн Нифайн нутаг дахь леменчүүдийн хамгийн бат бэх бэхлэлтийн нэгэн болох Мюлек хотыг тийн эзэмшилдээ авчээ; мөн түүнчлэн тэрээр олзлогдогсдыг хадгалах бат бэх хамгаалалтыг тийн барьсан байв.

7 Мөнхүү улиран тохиох дор тэр жилдээ тэрбээр леменчүүдтэй тулалдахаар дахин оролдсонгүй, гэвч тэрбээр өөрийн хүмүүсийг дайнд бэлтгүүлж, мөн түүнчлэн леменчүүдийн эсрэг хамгаалах бэхлэлтүүдийг хийлгэн, тийм ээ, мөн түүнчлэн эхнэр мөн хүүхдүүдээ өлсгөлөн болон зүдгүүрээс ангижруулж, мөн их цэрэгтээ хүнсийг хангахаар ажиллуулав.

8 Мөн эдүгээ улиран тохиох дор леменчүүдийн их цэргийнхэн Моронайг эзгүй байх зуур, нифайчуудын дунд зөрчилдөөнийг бий болгосон тэр, тэдний дундах зарим хуйвалдааны улмаас, өрнөд тэнгисийн дэргэд, өмнөдөд нифайчуудын зарим газрыг эзэлсэн байв, тийм ээ, үүний хэрээр тэд нутгийн тэр хэсэг дэх хэд хэдэн хотыг эзэмшилдээ авсан байлаа.

9 Мөн өөрсдийнхөө дундах алдсын улмаас, тийм ээ, өөрсдийнхөө дундах зөрчилдөөн болон хуйвалдаануудын улмаас тэд тийн хамгийн аюултай нөхцөл байдалд орсон байв.

10 Мөн эдүгээ болгоогтун, Аммоны хүмүүсийн талаар, эхэндээ леменчүүд байсан тэдний талаар хэлэх зарим зүйл надад байна; гэсэн ч Аммон болон түүний ах дүүсээр, үнэндээ бол Бурханы хүч мөн үгээр тэд Их Эзэнд хөрвүүлэгдсэн байв; мөн тэд Зарахемла нутаг руу авчрагдаж, мөн тэр үеэс нифайчуудаар хамгаалагдсаар ирсэн билээ.

11 Мөн тэднийг ах дүүсийнхээ эсрэг зэр зэвсэг агсахад нь тэдний тангараг саад болж байв; учир нь тэд дахин хэзээ ч цус урсгахгүй хэмээн тангараг өргөсөн байв; мөн тангаргийнхаа дагуу тэд мөхөх байсан бөлгөө; тийм ээ, Аммон болон түүний ах дүүсийн тэдэнд хандуулсан өрөвч сэтгэл болон үлэмжийн их хайр байгаагүйсэн бол тэд өөрсдийгөө ах дүүсийнхээ гарт орохыг зөвшөөрөх байв.

12 Мөн энэхүү шалтгааны улмаас тэд Зарахемла нутагт авчрагдсан байв; мөн тэр үеэс тэд Нифайчуудаар хамгаалагдсаар ирсэн бөлгөө.

13 Гэвч улиран тохиох дор тэд өөрсдийнх нь төлөө нифайчуудын туулсан аюул мөн олон зүдгүүр болон бэрхшээлийг хараад, тэдний өрөвдөх сэтгэл нь төрж мөн улс орноо хамгаалахад зэр зэвсэг агсахыг хүсэж байв.

14 Гэвч болгоогтун, тэд дайны зэвсгээ агсах гэж байх үедээ Хиламан болон түүний ах дүүсийн ятгалгад автав, учир нь тэд өргөсөн тэрхүү тангаргаасаа няцах гэж байв.

15 Мөн тэд ийн үйлдсэнээр сүнсний устгалд хүрэх вий хэмээн Хиламан айв; тиймийн тул энэхүү гэрээнд орсон тэд бүгд энэ үед ах дүүсээ аюултай нөхцөл байдалд зүдгүүрүүдийг туулахыг нь харахаас өөр аргагүйд хүрэв.

16 Гэвч болгоогтун, улиран тохиох дор тэдэнд дайснуудынхаа эсрэг өөрсдийгөө хамгаалахаар дайны зэвсгүүдээ агсахгүй гэсэн гэрээнд ороогүй олон хөвгүүд байв; тиймийн тул энэ цагт тэд, зэр зэвсэг агсах боломжтой болгон нь өөрсдөө нэгдэн цугларч, мөн тэд өөрсдийгөө нифайчууд гэж нэрлэв.

17 Мөн тэд нифайчуудын эрх чөлөөний төлөө тулалдахаар, тийм ээ, амиа алдах байсан ч уг нутгийг хамгаалахаар гэрээнд оржээ; тийм ээ, бүр тэд эрх чөлөөгөө хэзээ ч тавьж өгөхгүй, харин нифайчуудыг мөн өөрсдийгөө боолчлолоос хамгаалахаар тэд ямар ч нөхцөлд тулалдах болно хэмээн гэрээ хийцгээв.

18 Эдүгээ болгоогтун, энэхүү гэрээнд орж мөн улс орноо хамгаалахаар дайны зэвсгээ агссан хоёр мянган залуу эрс байв.

19 Мөн эдүгээ болгоогтун, тэд урьд нь ч нифайчуудад хохирол болж байгаагүйн адилаар, эдүгээ тэд энэ үед түүнчлэн агуу их дэм болов; учир нь тэд дайны зэвсгүүдээ агсаж, мөн Хиламаныг өөрсдийн удирдагч байхыг хүсэв.

20 Мөн тэд бүгд залуу эрс мөн тэд зориг, мөн түүнчлэн хүч чадал болон идэвх зүтгэлээрээ үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—тэд итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байлаа.

21 Тийм ээ, тэд үнэн шударга мөн чанд байдлын эрс байв, учир нь тэд Бурханы зарлигуудыг сахихыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.

22 Мөн эдүгээ улиран тохиох дор Хиламан хоёр мянган идэр цэргийнхээ тэргүүнд нь, өрнөд тэнгисийн дэргэдэх өмнөд нутгийн хил дээр буй хүмүүст туслахаар жагсан одов.

23 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин найм дахь он тийн төгсөв.