Судрууд
Алма 52


Бүлэг 52

Амморон леменчүүдийн хаан болж Амаликаяг залгамжлав—Моронай, Тианкам, мөн Лихай нар леменчүүдийн эсрэг ялгуусан дайнд нифайчуудыг удирдав—Мюлек хот буцаан авагдаж, мөн зорам үндэстэн Иаков алагдав. Ойролцоогоор МЭӨ 66–64 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин зургаадугаар онд, болгоогтун, эхний сарын эхний өдөр леменчүүд сэрээд, болгоогтун, Амаликая майхандаа үхсэн байхыг олов; мөн түүнчлэн тэд Тианкам тэр өдөртөө тэдэнтэй тулалдахад бэлэн буйг тэд үзэв.

2 Мөн эдүгээ, леменчүүд үүнийг үзээд айв; мөн тэд уг нутгийн умард тийш жагсан очих зорилгоо орхиж, мөн бүх их цэрэгтэйгээ Мюлек хот руу ухарч, мөн бэхлэлтэндээ хамгааллыг эрэлхийлэв.

3 Мөнхүү улиран тохиох дор Амаликаягийн дүү уг хүмүүсийн дээр хаанаар тохоогдов; мөн түүний нэр Амморон байв; тийн хаан Амморон, Амаликая хааны дүү, түүний оронд засаглахаар тохоогдов.

4 Мөнхүү улиран тохиох дор тэрээр цус урсгаж эзлэн авсан хотуудаа хамгаалан хадгалахыг хүмүүстээ зарлиглав; учир нь их цус урсгалгүйгээр тэд ямар ч хотыг аваагүй байсан билээ.

5 Мөн эдүгээ, леменчүүд өөрсдийн авсан хотуудыг мөн уг нутгийн эзэмшилдээ олж авсан тэдгээр хэсгийг хадгалан хамгаалахаар шийдсэнийг Тианкам харав; мөн түүнчлэн тэдний тооны асар олныг хараад, Тианкам бэхлэлтүүдэд нь тэдэн рүү довтлохыг оролдох нь зүйтэй биш хэмээн боджээ.

6 Гэвч тэрээр өөрийн хүмүүсийг эргэн тойронд нь, дайны бэлтгэлүүдийг базааж буй мэтээр байлгаж байв; тийм ээ, мөн үнэндээ тэрээр эргэн тойронд нь хануудыг босгож мөн хоргодох байруудыг бэлтгэснээр өөрийгөө тэднээс хамгаалахаар бэлтгэж байв.

7 Мөнхүү улиран тохиох дор Моронай олон тооны хүмүүсийг их цэргийг нь хүчирхэгжүүлэхээр илгээх хүртэл тэрээр тийн дайнд бэлтгэж байв.

8 Мөн түүнчлэн, тэрбээр гарт нь орсон бүх олзлогдогчийг хорих ёстой хэмээх тушаалыг Моронай түүнд илгээв; леменчүүд олныг олзлон авсан учир, тэрбээр леменчүүдэд олзлогдсон тэдний барьцаа болгон леменчүүдээс олзлогдсон бүгдийг хорих ёстой хэмээсэн ажгуу.

9 Мөн леменчүүд уг газрыг эзэлж аваад тал бүрээс нь довтлох хүчийг олох вий хэмээн тэрээр түүнчлэн Өгөөмөр нутгийг бэхэлж, мөн умард нутаг тийш удирддаг нарийн гарцыг хамгаалах ёстой хэмээх тушаалыг илгээжээ.

10 Мөн Моронай түүнд, түүнчлэн тэрээр нутгийн уг хэсгийг хадгалан хамгаалахдаа үнэнч байхыг, мөн тэрээр гараас нь булаагдсан тэдгээр хотыг заль мэхээр эсвээс ямар нэгэн өөр аргаар буцаан авч магадын тулд, өөрийн хүчээр уг хэсэгт леменчүүдийг цээрлүүлэх боломж бүрийг эрэлхийлэхийг; мөн тэрбээр түүнчлэн леменчүүдийн гарт ороогүй байгаа тэдгээр эргэн тойрныхоо хотуудыг бэхлэн, хүчирхэгжүүлэхийг хүсэн илгээжээ.

11 Мөн тэрбээр түүнчлэн түүнд хэлэв, би чам дээр очмоор байна, гэвч болгоогтун, леменчүүд өрнийн тэнгисийн дэргэдэх нутгийн хилд бидний дээр ирлээ; мөн болгоогтун, би тэдний эсрэг явна, тиймийн тул би чам дээр очиж чадахгүй.

12 Эдүгээ, уг хаан (Амморон) Зарахемла нутгаас гарч одоод, мөн ахынхаа үхлийн талаар хатанд мэдүүлж, мөн маш олон тооны эрсийг нэгтгэн цуглуулж, нифайчуудын эсрэг өрнөд тэнгисийн дэргэдэх хил дээр давшин очсон байв.

13 Мөн тийн тэрээр нифайчуудыг зовоохыг, мөн тэдний хүчний нэг хэсгийг нутгийн уг хэсэг тийш дагуулахыг хичээж байв, тэрээр бас түүнчлэн эзэлсэн хотуудаа захируулахаар үлдээсэн хүмүүстээ, тэд ч нифайчууд руу дорнод тэнгисийн дэргэдэх хил дээр довтлохыг, мөн их цэргийнхээ хүчний дагуу хүч хүрэхийн хэрээр нутгуудыг нь эзэмшилдээ авахыг зарлигласан байв.

14 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин зургаадугаар оны төгсгөлд, тийн нифайчууд ийм аюултай нөхцөлд байв.

15 Гэвч болгоогтун, улиран тохиох дор шүүгчдийн засаглалын хорин долоодугаар онд, Тианкам, Моронайгаас—нутгийн өмнөд болон өрнөд хилийг хамгаалах их цэргийг байгуулж, мөн алдсан хотуудаа буцаан авахад Тианкамд, өөрийн хүмүүстэйгээ тусалж болохын тулд Өгөөмөр нутгийн зүг жагсан явж эхэлсэн түүнээс—тушаал авав.

16 Мөнхүү улиран тохиох дор Тианкам Мюлек хот руу дайрч, мөн хэрэв энэ нь боломжтой байваас үүнийг буцаан авах тушаал хүлээн авчээ.

17 Мөнхүү улиран тохиох дор Тианкам Мюлек хот руу дайралт хийх, мөн их цэргийнхээ хамт леменчүүдийн эсрэг давшин очих бэлтгэлүүдийг базаав; гэвч тэднийг бэхлэлтэндээ байхад нь дийлэх боломжгүйг тэр ойлгов; тиймийн тул тэрээр төлөвлөгөөгөө орхиж мөн тэрээр их цэрэгтээ хүчийг нэмж болохын тулд, Моронайн ирэхийг хүлээхээр Өгөөмөр хотод буцаж ирэв.

18 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин долоодугаар оны эцэст, Моронай их цэргийнхээ хамт Өгөөмөр нутагт хүрч ирэв.

19 Мөн хорин наймдугаар оны эхэнд—леменчүүдийг тэдний эсрэг тулалдахаар гарч ирэхэд хүргэхийн тулд; эсвээс тэд тэднээс давуу талыг олж мөн Мюлек хотыг буцаан авч болохын тулд тэднийг бат бэх хамгаалалтаас нь ямар нэгэн аргаар зусардаж гаргахын тулд юу хийх ёстой талаар, Моронай болон Тианкам мөн ерөнхий ахмадуудаас олон нь дайны зөвлөлдөөн хийв.

20 Мөнхүү улиран тохиох дор тэд Мюлек хотыг хамгаалж буй леменчүүдийн их цэрэгт, нэрийг нь Иаков гэдэг байсан тэдний удирдагчид, түүнийг цэргийнхээ хамт тэдэнтэй тулалдахаар уг хоёр хотын хоорондох тал газар дээр гарч ирэхийг хүсэн элч нарыг илгээв. Гэвч болгоогтун, Иаков, зорам үндэстэн байсан тэрээр, тэдэнтэй тулалдахаар их цэрэгтэйгээ тал газарт гарч ирэхийг хүссэнгүй.

21 Мөнхүү улиран тохиох дор Моронай, тэдэнтэй тэгш нөхцөлд байх газар тулалдах найдвартай байгаагүй учир, тиймийн тул, тэрээр леменчүүдийг бат бэх хамгаалалтаас нь гаргахаар залилж болохын тулд төлөвлөгөөг зохиов.

22 Тиймийн тул тэрээр, Тианкамыг цөөн тооны эрсийг авч мөн тэнгисийн эргийн дэргэдүүр уруудан жагсаж явах болгов; мөн Моронай болон түүний их цэрэг, шөнөөр, аглаг буйдад, Мюлек хотын өрнөдөд жагсан очив; мөн ийн, маргааш нь, леменчүүдийн харуулууд Тианкамыг олж хараад, тэд гүйлдэж мөн үүнийг өөрсдийн удирдагч Иаковт хэлэв.

23 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг тэдний тоо цөөн учир Тианкамыг тоогоороо дийлнэ хэмээн сэтгэж, Тианкамын эсрэг давшин очив. Мөн Тианкам леменчүүдийн их цэрэг өөрийнх нь эсрэг гарч ирж буйг хараад тэнгисийн эргээр умард зүг ухарч эхлэв.

24 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд түүний зугтаж эхлэхийг хараад, тэд зоригжин мөн эрч хүчтэйгээр мөрдөн хөөв. Мөн Тианкам өөрсдийг нь үр дүнгүй мөшгөж буй леменчүүдийг ийн зайлуулан дагуулж байх зуур, болгоогтун, Моронай өөртэй нь хамт байсан их цэргийнхээ нэг хэсгийг хот руу давшин орохыг, мөн үүнийг эзэмшилдээ авахыг тушаав.

25 Мөн тэд тийн үйлдэж, мөн хотыг хамгаалахаар үлдээгдсэн тэд бүгдийг, тийм ээ, дайны зэвсгээ хураалгахыг хүсээгүй тэд бүгдийг нь алжээ.

26 Мөн тийн Моронай их цэргийнхээ нэг хэсгээр Мюлек хотыг эзэмшилдээ авав, тэрээр үлдсэн хэсэгтэй нь леменчүүд Тианкамыг мөшгөсөн мөрдөлтөөсөө эргэж ирэхэд нь тэдэнтэй тулахаар давшин одох зуураа буюу.

27 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Өгөөмөр хотын дэргэд очтолоо Тианкамыг мөшгөн хөөгөөд, мөн тэд Өгөөмөр хотыг хамгаалахаар үлдээгдсэн Лихай болон цөөн тооны их цэрэгтэй тулгарав.

28 Мөн эдүгээ болгоогтун, леменчүүдийн ерөнхий ахмадууд нь Лихай өөрийн цэрэгтэй тэдний эсрэг ирэхийг үзээд, тэд Мюлек хотод хүрэхээс нь өмнө Лихай тэднийг гүйцэх вий хэмээн тэд ихэд тэвдэн зугтав; учир нь тэд давшилтынхаа улмаас ядарсан байхад, харин Лихайн эрс ядраагүй байв.

29 Эдүгээ леменчүүд Моронай их цэрэгтэйгээ өөрсдийнх нь ард байсныг мэдсэнгүй; мөн тэд зөвхөн Лихай болон түүний эрчүүдээс айж байв.

30 Эдүгээ Моронай болон түүний их цэрэгтэй тулгарах хүртэл нь Лихай тэднийг гүйцэх хүсэлгүй байлаа.

31 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд хол ухрахаасаа өмнө, нифайчуудаар, нэг талаасаа Моронайн эрсээр, мөн нөгөө талаасаа Лихайн хүмүүсээр, бүгд ядраагүй бас хүч чадал дүүрэн байсан тэднээр бүслэгдэв; харин леменчүүд урт удаан давшилтынхаа улмаас ядарсан байв.

32 Мөн тэд дайны зэвсгүүдээ хураалгах хүртэл тэдний зүг довтлохыг Моронай өөрийн хүмүүст тушаав.

33 Мөнхүү улиран тохиох дор зорам үндэстэн асан Иаков гэгч тэдний удирдагч нь, түүнчлэн мөн дийлдэшгүй зоригтой байсан учир, тэрбээр Моронайн эсрэг үлэмж хэрцгийгээр тулалдахад леменчүүдийг удирдав.

34 Моронай тэдний явах замд нь байсан учир, тиймийн тул Иаков тэднийг хөнөөж мөн Мюлек хотод хүрэх замаа гаргахаар шийдсэн байв. Гэвч болгоогтун, Моронай болон түүний эрс илүү хүчтэй байв; тиймийн тул тэд леменчүүдийн өмнө зам тавьж өгсөнгүй.

35 Мөнхүү улиран тохиох дор тэд, аль аль тал нь үлэмж ширүүн тулалдав; мөн аль аль талд олон нь алагдав; тийм ээ, мөн Моронай шархдаж мөн Иаков алагдав.

36 Мөн Лихай хүчит эрчүүдтэйгээ тэднийг ар талаас нь ширүүнээр дайрсан тул арын хэсэгт явсан леменчүүд дайны зэвсгээ хураалгав; мөн тэдний үлдсэн нь, ихэд сандарсны улмаас, хааш явах эсвэл хаашаа дайрахаа мэдэхгүй байв.

37 Эдүгээ Моронай тэдний сандрахыг хараад, тэр тэдэнд: Хэрэв та нар дайны зэвсгээ авчирч мөн тэдгээрийг хураалгавал, болгоогтун би та нарын цусыг урсгахаа болино хэмээв.

38 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд эдгээр үгийг сонсоод, алагдаагүй байсан бүх ерөнхий ахмад ирж мөн Моронайн хөлд дайны зэвсгүүдээ доош хаяж, мөн түүнчлэн өөрсдийн эрсээ ч нэгэн адилаар үйлдэх ёстой хэмээн тушаасан болой.

39 Гэвч болгоогтун, олон нь тэгэхийг хүсэхгүй байв; мөн илднүүдээ хураалгаагүй тэд баривчлагдаж мөн хүлэгдэж, мөн дайны зэвсгүүд нь тэднээс авагдав, мөн тэд ах дүүстэйгээ хамт Өгөөмөр нутаг тийш алхаж очихоор албадуулагдав.

40 Мөн эдүгээ баривчлагдсан олзлогдогсдын тоо нь алагдсан хүмүүсийн тооноос илүү, тийм ээ, хоёр талын алагдсан хүмүүсээс олон байв.