Судрууд
Алма 51


Бүлэг 51

Хааныг хүсэгч хүмүүс хуулийг өөрчлөхөөр мөн хаантай байхаар эрэлхийлэв—Пахоран болон чөлөөт байдлыг хүсэгч хүмүүс ард түмний саналаар дэмжигдэв—Моронай улс орноо дэмжихийг эсвээс үхэлд хүргэгдэхийг хааныг хүсэгч хүмүүст албадав—Амаликая болон леменчүүд бэхлэгдсэн олон хотыг эзлэв—Тианкам леменчүүдийн дайралтыг няцааж, Амаликаяг майханд нь алав. Ойролцоогоор МЭӨ 67–66 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин тав дахь оны эхэнд, тэд Лихайн хүмүүс мөн Мориантоны хүмүүсийн хооронд нутгийнх нь талаар амгаланг тогтоогоод, мөн хорин тав дахь он энх амгаланд эхэлсний дараа;

2 Гэсэн хэдий ч, тэд уг нутаг дахь нийт энх амгаланг удаан сахисангүй, учир нь ерөнхий шүүгч Пахораны талаар хүмүүсийн дунд зөрчилдөөн байж эхлэв; учир нь болгоогтун, хуулийн цөөн тодорхой заалтууд өөрчлөгдөх ёстой хэмээн хүссэн хэсэг хүмүүс байв.

3 Гэвч болгоогтун, Пахоран хуулийг өөрчлөхийг бас өөрчлөгдөхийг ч зөвшөөрсөнгүй; тиймийн тул, тэрээр хуулийг өөрчлөх тухай өөрсдийн саналыг өргөдлөөр илгээсэн тэднийг сонссонгүй.

4 Тиймийн тул, хуулийг өөрчлүүлэх хүсэлтэй тэд түүнд уурлаж, мөн түүнийг уг нутаг даяарх ерөнхий шүүгч байхыг болиулахыг хүсэв; тиймийн тул уг хэргийн талаар ширүүн маргаан өрнөв, гэвч цус урсгахад хүрсэнгүй.

5 Мөнхүү улиран тохиох дор Пахораныг шүүгчийн суудлаас унагаах хүсэлтэй байсан тэд хааныг хүсэгч хүмүүс хэмээн нэрлэгдсэн ажгуу, учир нь тэд чөлөөт засгийг түлхэн унагаж мөн уг нутаг даяар хааныг тогтоох байдлаар хууль өөрчлөгдөхийг хүсэж байв.

6 Мөн Пахораныг уг нутгийн дээрх ерөнхий шүүгчээр үлдээхийг хүссэн тэд өөрсдийн дээр чөлөөт байдлыг хүсэгч хүмүүс хэмээх нэр авчээ; мөн тэдний дунд ийм хагарал байв, учир нь чөлөөт байдлыг хүсэгч хүмүүс өөрсдийн эрхүүд болон өөрсдийн шашин шүтлэгийн боломжуудаа чөлөөт засгаар батлан хамгаалуулахаар тангараглаж өөрөөр хэлбэл гэрээлсэн байв.

7 Мөнхүү улиран тохиох дор тэдний зөрчилдөөний энэхүү хэрэг хүмүүсийн саналаар шийдэгдсэн ажээ. Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн санал чөлөөт байдлыг хүсэгч хүмүүсийн талыг дэмжиж, мөн Пахоран шүүгчийн суудалд хэвээр үлдсэн нь Пахораны ах дүүс болон түүнчлэн эрх чөлөөг хүсэгч хүмүүсийн олных нь дунд их баярыг авчирч, мөн тэд түүнчлэн хааныг хүсэгч хүмүүсийг дуугүй болгов, тиймээс тэд эсэргүүцэж зүрхэлсэнгүй, харин эрх чөлөөний байр суурийг хадгалан хамгаалахаас аргагүй болов.

8 Эдүгээ тэдгээр хаантай байхыг дэмжигчид язгууртны угсааных байв, мөн тэд хаад байхыг эрэлхийлж байв; мөн хүмүүсийг захирах хүч чадал, эрх мэдлийг эрэлхийлэх тэднээр тэд дэмжигдэж байв.

9 Гэвч болгоогтун, энэ нь Нифайн ард түмний дунд тиймэрхүү зөрчилдөөн байхад аюултай үе байв; учир нь болгоогтун, Амаликая леменчүүдийн хүмүүсийн зүрх сэтгэлийг нифайчуудын хүмүүсийн эсрэг дахин өдөөн хатгасан ажгуу, мөн тэрээр нутгийнхаа бүх хэсгээс цэргүүдийг нэгтгэн цуглуулж, мөн тэднийг зэвсэглэн, мөн дайнд байдгаараа хичээнгүйлэн бэлтгэж байв; учир нь тэр Моронайн цусыг уухаар тангарагласан байсан бөлгөө.

10 Гэвч болгоогтун, бид түүний хийсэн амлалт хөнгөн хуумгай байсныг харах болно; гэсэн хэдий ч, тэрбээр өөрийгөө мөн их цэргээ нифайчуудын эсрэг тулалдаанд ороход бэлтгэжээ.

11 Эдүгээ түүний их цэрэг, нифайчуудын гараар алагдсан олон мянгын учир урьд байсан шигээ тийм агуу байсангүй; гэвч тэдний их хохирол байсан хэдий ч, Амаликая их цэргийг гайхалтай олноор нэгтгэн цуглуулсан байв, иймээс тэр Зарахемла нутаг руу очихоос айсангүй.

12 Тийм ээ, бүр Амаликая өөрөө леменчүүдийн тэргүүнд уруудан ирэв. Мөн энэ нь шүүгчдийн засаглалын хорин тав дахь онд байв; мөн энэ нь нифайчууд өөрсдийн ерөнхий шүүгч Пахораны талаарх зөрчилдөөний хэргийг шийдэж эхэлсэн тэр үед байв.

13 Мөнхүү улиран тохиох дор хааныг хүсэгч хүмүүс гэж нэрлэгдсэн тэр хүмүүс, леменчүүд өөрсдийнх нь эсрэг тулалдахаар ирж явааг сонсоод, тэд зүрх сэтгэлдээ баяртай байв; мөн тэд зэвсэг барихаас татгалзав, учир нь тэд ерөнхий шүүгчид, мөн түүнчлэн эрх чөлөөний хүмүүст маш ихээр хилэгнэсэн байснаас, тэд улс орноо өмгөөлөхөөр зэвсэг барихыг хүссэнгүй.

14 Мөнхүү улиран тохиох дор Моронай үүнийг хараад, мөн түүнчлэн леменчүүд нутгийн хилд орж буйг хараад, хамгаалж үлдэхийн тулд өөрийн тийм ихээр хөдөлмөрлөсөн тэр хүмүүсийн зөрүүдийн учир тэрээр үлэмж хилэгнэж байв; тийм ээ, тэрээр үлэмж хилэгнэж байв, түүний бодгаль тэдний эсрэг уураар дүүрэн байв.

15 Мөнхүү улиран тохиох дор тэр уг нутгийн захирагчаас үүнийг уншихыг, мөн тэдгээр тэрслэгчийг улс орноо өмгөөлөхөд албадах эсвэл үхэлд хүргэх эрх мэдлийг өөрт нь (Моронайд) өгөхийг хүсэн, хүмүүсийн саналыг тээсэн өргөдлийг түүнд илгээв.

16 Учир нь хүмүүсийн дундах ийм зөрчилдөөнүүд болон тэрслэлүүдийг төгсгөх нь түүний нэн тэргүүний хариуцлага байв; учир нь болгоогтун, энэ нь одоо хүртэл тэдний бүх устгалын шалтгаан байлаа. Мөнхүү улиран тохиох дор энэ нь хүмүүсийн саналын дагуу зөвшөөрөгдөв.

17 Мөнхүү улиран тохиох дор, хааныг хүсэгч хүмүүсийн эсрэг явж, тэдний бардамналыг мөн дээгүүр занг буулган мөн тэднийг газартай тэгшлэхийг, эсвээс тэднийг зэвсэг барьж мөн эрх чөлөөний байр суурийг дэмжихэд албадахыг Моронай их цэрэгтээ тушаав.

18 Мөнхүү улиран тохиох дор их цэрэг тэдний эсрэг давшин оржээ; мөн тэдний бардамналыг болон дээгүүр занг буулган, үүний хэрээр тэд Моронайн хүмүүсийн эсрэг тулалдахаар дайны зэр зэвсгээ өргөх үедээ тэд цавчигдан унаж, газартай тэгшлэгдэв.

19 Мөнхүү улиран тохиох дор тэр тэрслэгчдээс илдэнд цавчигдсан нь дөрвөн мянга байв; мөн тэдний удирдагчдаас тулалдаанд алагдаагүй нь баривчлагдаж мөн шоронд хаягдав, учир нь энэ үед тэдний шүүлтэд зориулах цаг байсангүй.

20 Мөн тэр тэрслэгчдийн үлдсэн нь, илдээр доош газар цохигдохын оронд, эрх чөлөөний далбаан дор бууж өгөөд, мөн эрх чөлөөний тугийг цамхгууд дээрээ мөн хотууддаа өргөхөөр, мөн улс орноо өмгөөлөхийн төлөө зэвсэг агсахаар албадуулагдав.

21 Мөн тийн Моронай хааныг хүсэгч хүмүүсийг төгсгөл болгож, тиймээс хааныг хүсэгч хэмээх нэрээр нэрлэгдэх хэн ч үгүй болов; мөн тийн тэрээр язгууртны цустай хэмээн зүтгэсэн тэдгээр хүмүүсийн зөрүүд болон бардам занг төгсгөл болгов; харин тэд ах дүүсийнхээ адил өөрсдийгөө доош даруусгаж, мөн боолчлолоос тусгаар байхын тулд эрэлхэг зоригтойгоор тулалдахад хүргэгдэв.

22 Болгоогтун, улиран тохиох дор Моронай тийн өөрийнхөө хүмүүсийн дундах дайнууд болон зөрчилдөөнүүдийг зогсоож, мөн тэднийг амар амгалан болон соёл иргэншилд харьяалуулж, мөн леменчүүдийн эсрэг дайнд бэлтгэхээр журмуудыг тогтоож байх зуур, болгоогтун, леменчүүд тэнгисийн эргийн хил дэх Моронайн нутагт орж ирсэн байв.

23 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд Моронай хотод хангалттай хүчирхэг байсангүй; тиймийн тул Амаликая олныг алан, тэднийг ухраав. Мөнхүү улиран тохиох дор Амаликая уг хотыг эзэмшилдээ, тийм ээ, тэдний бүх бэхлэлт хамгаалалтыг эзэмшилдээ авав.

24 Мөн Моронай хотоос гарч зугтсан тэд Нифайха хотод ирэв; мөн түүнчлэн Лихай хотын хүмүүс нэгдэн цугларцгааж, мөн бэлтгэлийг базаан мөн леменчүүдийг тулалдаанд хүлээн авахад бэлэн байв.

25 Гэвч улиран тохиох дор Амаликая Нифайха хотын эсрэг тулалдахаар леменчүүдийг явахыг зөвшөөрсөнгүй, харин тэднийг тэнгисийн эрэгт байлгаж, сахиж мөн хамгаалуулахаар хот болгонд эрчүүдийг үлдээж байв.

26 Мөн тийн тэрээр цаашлан, олон хотыг, Нифайха хот, Лихай хот, Мориантон хот, Омнер хот, Гид хот, мөн Мюлек хотыг, тэнгисийн эргийн ойролцоо дорнодод байсан эдгээр хотыг эзэмшилдээ авав.

27 Мөн тийн леменчүүд Амаликаягийн зальт аргаар, тоо томшгүй олон цэргээрээ ийм олон хотыг эзэлж авав, тэр бүгд нь Моронайн бэхлэлтүүдийн маягаар бат бэхээр бэхлэгдсэн байв; тэр бүгд нь леменчүүдэд бат бэх хамгаалалт болов.

28 Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудыг өмнөө ухраан мөн олныг нь алсаар Өгөөмөр нутгийн хилд жагсан очив.

29 Гэвч улиран тохиох дор Мориантоныг алж мөн түүний хүмүүсийг зугтаж байхад нь амдсан тэрхүү Тианкамтай тэд тулгарав.

30 Мөнхүү улиран тохиох дор тэрээр түүнчлэн Амаликаяг Өгөөмөр нутгийг, мөн түүнчлэн умард нутгийг эзэмшилдээ авч болохын тулд олон тооны их цэрэгтэйгээ хамт жагсаж явахад нь амдав.

31 Гэвч болгоогтун тэрээр Тианкам болон түүний хүмүүсээр буцаагдсанаар амжилтад хүрсэнгүй, учир нь тэд агуу дайчид байв; учир нь Тианкамын хүн бүр нь леменчүүдээс хүч чадал болон дайтах чадвараараа давуу байв, үүний хэрээр тэд леменчүүдийг давамгайлсан бөлгөө.

32 Мөнхүү улиран тохиох дор тэд тэдэн рүү довтолж, үүний хэрээр тэд тэднийг бүр харанхуй болтол алав. Мөнхүү улиран тохиох дор Тианкам болон түүний хүмүүс Өгөөмөр нутгийн хилийн тэнд майхнуудаа босгов; мөн Амаликая майхнуудаа тэнгисийн эргийн хөвөө дэх хил дээр босгож, мөн энэ маягаар тэд ухраагдсан ажээ.

33 Мөнхүү улиран тохиох дор шөнө болоход, Тианкам болон түүний зарц сэмхэн гарч мөн шөнөөр явж, бас Амаликаягийн буудалд очив; мөн болгоогтун, тэд өдрийн хөдөлмөр бас халуунаас болж машид ядарснаас нойрондоо дийлдсэн байв.

34 Мөнхүү улиран тохиох дор Тианкам нууцаар хааны майханд сэмхэн орж, мөн зүрхэнд нь жад зоов; мөн тэрээр хааныг тэр даруй үхүүлсэн учир, тэр зарц нараа сэрээсэнгүй.

35 Мөн тэрээр буудалдаа нууцаар буцаж ирэхэд, мөн болгоогтун, хүмүүс нь унтаж байв, мөн тэрбээр тэднийг сэрээж мөн хийсэн бүх зүйлээ тэдэнд хэлэв.

36 Мөн тэрбээр леменчүүд сэрж мөн тэдний зүг дайрах вий хэмээн их цэргээ бэлэн байдалд оруулав.

37 Мөн ийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин тавдугаар он төгсөв; мөн тийн Амаликаягийн өдрүүд төгсөв.