Судрууд
Алма 50


Бүлэг 50

Моронай нифайчуудын нутгуудыг бэхлэв—Тэд олон шинэ хот босгов—Нифайчуудын ёс бус мөн жигшүүрт хэргүүдийнх нь өдрүүдэд дайнууд болон устгалууд тэдэнд тохиов—Мориантон болон түүнтэй хамт тэрслэгчид Тианкамд ялагдав—Нифайха нас барж, мөн түүний хүү Пахоран шүүгчийн суудлыг эзлэв. Ойролцоогоор МЭӨ 72–67 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай дайны буюу леменчүүдээс өөрийн хүмүүсийг хамгаалах бэлтгэлүүдийг хийхээ зогссонгүй; учир нь, шүүгчдийн засаглалын хорьдугаар оны эхэнд тэрээр өөрийнх нь их цэрэг, нифайчуудаар эзэмшигдэж асан тэр бүх нутаг даяар, бүх хотыг хүрээлүүлэн тэд шороон далангууд овоолж эхлэх болгов.

2 Мөн тэрээр эдгээр шороон далан дээгүүр гуалингуудыг, тийм ээ, хотуудыг хүрээлүүлэн, хүнийхтэй адил өндөртэй гуалин хануудыг босгох болгов.

3 Мөн тэрээр тэдгээр хануудын дээд талд үзүүрт шонгуудыг хүрээлэн байрлуулах болгов; мөн тэдгээр нь бат бэх бөгөөд өндөр байв.

4 Мөн тэр тэдгээр үзүүрт ханыг дээрээс нь ажиглах цамхгуудыг баригдах болгож, мөн тэрээр леменчүүдийн чулуу мөн сумнууд тэднийг гэмтээж чадахгүйн тулд хамгаалах байруудыг тэр цамхгууд дээр бариулах болгов.

5 Мөн тэдгээр нь тэд өөрсдийн тааллын мөн өөрсдийн хүчний дагуу дээрээс нь чулуу шидэж, мөн хотын хананы дэргэд ойртохоор завдсан түүнийг алж болохуйцаар бэлтгэгдсэн байв.

6 Тийн бүх нутаг даяар хот болгоныг хүрээлүүлэн, дайснуудынхаа халдлагын эсрэг бат бэх хамгаалалтуудыг Моронай бэлтгэв.

7 Мөнхүү улиран тохиох дор Моронай их цэргээ дорнодын аглаг буйд тийш одох болгов; тийм ээ, мөн тэд явж мөн дорнодын аглаг буйдад байсан бүх леменчүүдийг, Зарахемла нутгийн өмнөд дэх өөрсдийнх нь нутаг руу ухраав.

8 Мөн Нифайн нутаг дорнодын тэнгисээс өрнөдийг хүртэл чигээрээ шулуун үргэлжилдэг байв.

9 Мөнхүү улиран тохиох дор Моронай бүх леменчүүдийг өөрсдийнх нь эзэмшил нутгуудын умард дахь, дорнод аглаг буйдаас зайлуулсны дараа, тэрээр Зарахемла нутаг дахь мөн эргэн тойрных нь нутгийн оршин суугчдыг дорнын аглаг буйд тийш, бүр тэнгисийн эргийн дэргэдэх хилийг хүртэл явуулж, мөн уг нутгийг эзэмших болгов.

10 Мөн түүнчлэн тэрээр өөрсдийн эзэмшлүүдийн хил дээр өмнөдөд их цэргийг байрлуулж, мөн их цэрэг мөн ард түмнээ дайснуудынхаа гараас хамгаалж болохын тулд бэхлэлт босгох болгов.

11 Мөн тийн тэрээр дорнын аглаг буйдад, тийм ээ, мөн түүнчлэн өрнөдөд байх тэр бүх леменчүүдийн бат бэх хамгаалалтыг тусгаарлаж, нифайчууд мөн леменчүүдийн хооронд, Зарахемла нутаг мөн Нифайн нутгийн хооронд, өрнийн тэнгисээс Сидон голын эх хүртэлх хилийг бэхлэв—нифайчууд умардын бүх нутгийг, тийм ээ, бүр Өгөөмөр нутгийн умардад байсан бүх нутгийг тааллынхаа дагуу эзэмшсэн бөлгөө.

12 Тийн Моронай, түүний хийж бүтээсэн зүйлс их цэрэгт нь хамгаалалтын баталгааг өгч байснаас өдөр бүр өсөн нэмэгдэж байсан их цэрэгтэйгээ, леменчүүд өөрсдийнх нь эзэмшлийн нутгууд дээр хүч нөлөөгүй байхын тулд тэдний хүч болоод чадлыг эзэмшлийнхээ нутгуудаас үгүй болгохыг эрэлхийлсэн аж.

13 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд нэгэн хотын суурийг эхлэв, мөн тэд уг хотын нэрийг Моронай хэмээв; мөн энэ нь дорнын тэнгисийн дэргэд байв; мөн энэ нь өмнөдөд, леменчүүдийн эзэмшлүүдийн хилийн ойролцоо байлаа.

14 Мөн түүнчлэн тэд Моронай хот мөн Аарон хот хоёрын хооронд Аарон мөн Моронайн хилүүдийг нэгтгэн нэгэн хотын суурийг эхлэв; мөн тэд уг хотын, өөрөөр хэлбэл уг нутгийн нэрийг Нифайха хэмээв.

15 Мөн түүнчлэн тэд мөнхүү онд умардад олон хот, умардад тэнгисийн эргийн хилийн дэргэд нэг хотыг нэгэн тодорхой маягаар барьж, Лихай гэж тэд нэрлэв.

16 Мөн тийн хорьдугаар он төгсөв.

17 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин нэгдүгээр оны эхэнд Нифайн хүмүүс ийм хөгжин дэгжих нөхцөлүүдэд байв.

18 Мөн тэд үлэмж дэгжин, мөн тэд үлэмж баян болов; тийм ээ, мөн тэд уг нутагт өнөржиж мөн хүчирхэг болов.

19 Мөн бид хүмүүсийн үрсэд өөрийн бүх үгийг гүйцэлдүүлэхдээ Их Эзэний бүх үйлдэл хэчнээн нигүүлсэнгүй болон шударга болохыг тийн харлаа; тийм ээ, Лихайд түүний ярьсан үгс батлагдсаныг бүр энэ цагт бид болгоож чадна, хэлрүүн:

20 Чи болон чиний үрс адислагдсан болой; мөн тэд адислагдах болно, тэд миний зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно. Гэвч санагтун, тэд миний зарлигуудыг сахихгүй байхын хэрээр Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдах болно.

21 Мөн эдгээр амлалт Нифайн хүмүүст батлагдсаар байгааг бид харав; учир нь тэдний дунд байсан тэрхүү хэрүүл мөн зөрчилдөөнүүд, тийм ээ, тэдний аллагууд, мөн тэдний тонуулууд, тэд хуурамч шүтээнийг шутдэг байсан нь, тэдний садар самуун, мөн жигшүүрт хэргүүд нь өөрсдийнх нь дайнууд болон устгалуудыг тэдэн дээр авчирсан юм.

22 Мөн Их Эзэний зарлигуудыг сахихад итгэлтэй байсан тэд цаг үргэлж чөлөөлөгдөж байв, өөрсдийнх нь мянга мянган ёс бус ах дүүс боолчлолд орж, эсвээс илдэнд эрсдэн, эсвээс итгэлээ алдан доройтож, мөн леменчүүдтэй хутгалдах зуур буюу.

23 Гэвч болгоогтун Нифайн ард түмний дунд, Нифайн өдрүүдээс хойш Моронайн өдрүүдээс илүү аз жаргалтай үе хэзээ ч байсангүй, тийм ээ, бүр шүүгчдийн засаглалын хорин нэгдүгээр оны энэ цаг үед буюу.

24 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын хорин хоёрдугаар он; тийм ээ, мөн хорин гуравдугаар он ч түүнчлэн амар амгаланд төгсөв.

25 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын хорин дөрөвдүгээр оны эхэнд ч, хэрэв тэдний дунд Лихайн хилтэй нийлсэн, хоёул тэнгисийн эргийн хил дээр байсан Лихайн нутгийн мөн Мориантон нутгийн талаарх зөрчилдөөн байгаагүйсэн бол, Нифайн хүмүүсийн дунд түүнчлэн амар амгалан байх байв.

26 Учир нь болгоогтун, Мориантон нутгийг эзэмшсэн хүмүүс Лихайн нутгийн нэг хэсгийг нэхэмжлэв; тиймийн тул тэдний хооронд ширүүн зөрчилдөөн болж эхлэв, иймээс Мориантоны хүмүүс ах дүүсийнхээ эсрэг зэвсэг агсан, мөн тэднийг илдээр хөнөөхөөр тэд шийдсэн байв.

27 Гэвч болгоогтун, Лихай нутгийг эзэмшсэн хүмүүс Моронайн буудалд зугтан очиж, мөн түүнээс тусламж хүсэв; учир нь болгоогтун тэд буруугүй байв.

28 Мөнхүү улиран тохиох дор Мориантон гэдэг хүнээр удирдуулж асан Мориантоны хүмүүс, Лихайн хүмүүс Моронайн буудалд зугтаж очсоныг олж мэдээд, тэд Моронайн их цэрэг өөрсөд рүү нь дайран мөн өөрсдийг нь устгах вий хэмээн үлэмж айж байв.

29 Тиймийн тул Мориантон, тэд их нуур олонтой, умард хэсгийн нутагт зугтан очиж, мөн умард хэсэгт байгаа нутгийг эзэмшилдээ авна хэмээх бодлыг тэдний зүрх сэтгэлд төрүүлэв.

30 Мөн болгоогтун, тэд энэ төлөвлөгөөг (харамслын шалтгаан болох байсан үүнийг) хэрэгжүүлэх байв, гэвч болгоогтун, Мориантон омог ихтэй хүн байсан учир, тиймийн тул тэрээр шивэгчингүүдийнхээ нэгэнд уурлаж, мөн тэр түүн рүү дайрч мөн түүнийг ихэд зодов.

31 Мөнхүү улиран тохиох дор сайхь эмэгтэй зугтаж, мөн Моронайн буудалд ирж, мөн Моронайд уг явдлын талаар, мөн түүнчлэн умард нутагт зугтах гэсэн тэдний төлөвлөгөөний талаар бүх зүйлийг Моронайд хэлэв.

32 Эдүгээ болгоогтун, үнэндээ Моронай Өгөөмөр нутагт байсан хүмүүсийг буюу тэднийг Мориантоны үгсийг дуулж мөн түүний хүмүүстэй нэгдэж, мөн тийн тэрээр уг нутгийн тэдгээр хэсгийг эзэмшилдээ авах вий хэмээн айж байлаа, тэгвээс Нифайн хүмүүсийн дундах их уршгийн, тийм ээ, тэдний эрх чөлөөг унагахад хүргэх уршгийн суурь тавигдах байсан бөлгөө.

33 Тиймийн тул Моронай их цэргийг, буудлынх нь хамт, Мориантоны хүмүүсийн умард нутаг тийш зугтахыг нь зогсоохоор амдуулан илгээв.

34 Мөнхүү улиран тохиох дор тэднийг Эзгүйрлийн нутгийн хилд ирэх хүртэл тэд тэднийг зогсоосонгүй; мөн тэд умард нутагт хүргэх, тийм ээ, тэнгисийн дэргэдүүр, дорнодод мөн өрнөдөд тэнгисийн дэргэдүүрх нарийн гарцын тэнд тэднийг амдан зогсоосон ажээ.

35 Мөнхүү улиран тохиох дор Моронайгаар илгээгдсэн, Тианкам гэдэг нэртэй хүнээр удирдагдсан тэрхүү их цэрэг Мориантоны хүмүүстэй тулгарав; мөн Мориантоны хүмүүс маш их зөрүүд байснаас (түүний ёс бус мөн түүний зусар үгсээр тэд өдөөгдсөн учир) тэдний дунд тулаан эхэлсэн бөлгөө, үүнд Тианкам Мориантоныг алж мөн их цэргийг нь ялж, мөн тэднийг хоригдол болгон баривчилж, мөн Моронайн буудалд эргэж ирэв. Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын хорин дөрөв дэх он тийн төгсөв.

36 Мөн Мориантоны хүмүүс тийн буцаан авчрагдав. Мөн тэд энхийг сахих гэрээ хиймэгц, тэд Мориантоны нутагт дахин суурьшуулагдаж, мөн тэдний болон Лихайн хүмүүсийн дунд нэгдмэл байдал бий болов; мөн түүнчлэн тэд ч нутагтаа дахин суурьшуулагдав.

37 Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүст тэдний энх амгалан сэргээгдсэн тус онд, Бурханы өмнө шүүгчийн суудлыг төгс зөв шударгаар эзэлсэн тэр хоёр дахь ерөнхий шүүгч Нифайха нас барав.

38 Гэсэн хэдий ч, Алма болон түүний эцэг өвгөдөөр хамгийн ариун нандин хэмээн үнэлэгдсэн тэдгээр цэдэг мөн тэдгээр зүйлийг эзэмшүүлэх Алмагийн хүслээс тэрээр татгалзсан ажээ; тиймийн тул Алма тэдгээрийг өөрийн хүү Хиламаны дээр шилжүүлсэн байв.

39 Болгоогтун, улиран тохиох дор Нифайхагийн хүү эцгийнхээ оронд шүүгчийн суудлыг эзлэхээр томилогдов; тийм ээ, зөв шударгаар шүүх, мөн ард олны энх амгалан болон эрх чөлөөг сахин хамгаалах, мөн Их Эзэн Бурханаа шүтэн бишрэх ариун нандин эрхийг нь тэдэнд олгох, тийм ээ, өөрийн бүх өдөрт Бурханы байр суурийг дэмжиж, хадгалахаар, тэрчлэн ёс бусыг үйлдэгчдийг гэмт хэргүүдийнх нь дагуу шударга ёсонд авчрах тангараг өргөн мөн ариун нандин ёслолыг үйлдэж тэрээр ерөнхий шүүгч бөгөөд ард олны дээрх захирагчаар томилогдов.

40 Эдүгээ болгоогтун, түүний нэр Пахоран байв. Мөн Пахоран эцгийнхээ суудлыг эзэлж, мөн Нифайн ард түмний дээрх өөрийн засаглалыг хорин дөрөвдүгээр оны төгсгөлд эхлүүлэв.