Судрууд
Алма 4


Бүлэг 4

Алма мянга мянган хөрвөгчид баптисм хүртээв—Сүмд алдас нэвтэрч, мөн Сүмийн дэвшил саатуулагдав—Нифайха ерөнхий шүүгчээр томилогдов—Алма дээд пристийн хувьд өөрийгөө тохинуулалд зориулав. Ойролцоогоор МЭӨ 86–83 он.

1 Эдүгээ улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын зургаа дахь жилд, Зарахемла нутагт зөрчилдөөн ч мөн дайнууд ч байсангүй;

2 Гэвч хүмүүс зовж зүдэрч байв, тийм ээ, ах дүүсээ алдсан учир, мөн түүнчлэн бог мөн бод малаа алдсан учир, мөн түүнчлэн леменчүүдийн хөл дор гишгэгдэж мөн устгагдсан үр тарианы талбайнуудаа алдсан учир маш ихээр зүдэрч байсан бөлгөө.

3 Мөн тэдний зүдгүүрүүд тийм агуу их байсны улмаас бодгаль бүхэнд гашуудах шалтгаан байв; мөн энэ нь өөрсдийнх нь ёс бус болон жигшүүрт хэргүүдийн учир тэдэн дээр илгээгдсэн Бурханы шүүлтүүд байсан гэдэгт тэд итгэжээ; тиймийн тул тэд үүргийнхээ санамжинд сэрээгдсэн болой.

4 Мөн тэд сүмийг илүү бүрнээр нь байгуулж эхлэв; тийм ээ, мөн Сидоны усанд олон нь баптисм хүртэж мөн Бурханы сүмд нэгдэв; тийм ээ, эцэг Алмагийнхаа гараар, сүмийн хүмүүсийн дээр дээд пристээр томилогдон адислагдсан тэрхүү Алмагийн гараар тэд баптисм хүртсэн ажээ.

5 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын долоо дахь жилд өөрсдийгөө Бурханы сүмд нэгтгэж мөн баптисм хүртсэн гурван мянга таван зуу орчим бодгаль байв. Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын долоо дахь жил тийн төгссөн болой; мөн тэр бүх үед үргэлжийн амгалан байв.

6 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын найм дахь жилд, өөрсдийн хөдөлмөрөөр олж авсан тэр үлэмжийн их баялаг, мөн сайн чанарын торгонууд, нарийн нэхээст эдийнхээ учир, мөн олон бог мөн бод малынхаа, мөн алт болон мөнгөнийхөө, мөн төрөл бүрийн үнэт зүйлсийнхээ учир сүмийн хүмүүс бардам болж эхлэв; мөн эдгээр бүх зүйлийн учир тэд нүднийхээ бардамналд хөөрсөн байв, учир нь тэд үлэмж үнэтэй хувцас өмсөж эхлэв.

7 Эдүгээ Алмад, тийм ээ, мөн сүмийн багш, прист, мөн ахлагчид байхаар Алмагийн томилон адисалсан тэр хүмүүсийн олонд энэ нь их зүдгүүрийн шалтгаан байв; тийм ээ, өөрсдийн хүмүүсийн дунд эхэлснийг нь харсан тэрхүү ёс бусын учир тэдний олон нь ихээр гашуудаж байв.

8 Учир нь сүмийн хүмүүс өөрсдийн нүдний бардамналдаа хөөрцөглөж, мөн зүрх сэтгэлээ баялаг дээр мөн дэлхийн дэмий хоосон зүйлс дээр тавьж эхэлснийг, тиймээс тэд бие биеэ тохуурхаж эхэлснийг, мөн тэдний хүсэл мөн тааллын дагуу сүсэглээгүй тэднийг хавчиж эхэлснийг их харамсалтайгаар тэд харж бас болгоов.

9 Мөн тийн, шүүгчдийн засаглалын энэ найм дахь жилд, сүмийн хүмүүсийн дунд хурц зөрчилдөөнүүд гарч эхлэв; тийм ээ, атаа жөтөө мөн хэрүүл маргаан, өс хонзон, хавчлага, мөн бардамнал, бүр Бурханы сүмд харьяалагдаагүй тэднийхээс илүү бардамнал байлаа.

10 Мөн тийн шүүгчдийн засаглалын найм дахь жил төгсөв; мөн сүмийн ёс бус нь сүмд харьяалагдаагүй тэдэнд агуу тээг чулуу болж байв; мөн сүм дэвшилдээ тийн удааширч эхлэв.

11 Мөнхүү улиран тохиох дор ес дэх жилийн эхэнд, Алма сүмийн ёс бус байдлыг харав, мөн түүнчлэн сүмийн үлгэр жишээ нь үл итгэгчдийг нэг алдсаас нөгөөд удирдаж эхлэн, тийн хүмүүсийн устгалыг авчирч буйг тэрээр үзэв.

12 Тийм ээ, тэрээр хүмүүсийн дундах агуу тэгш бус байдлыг, зарим нь бардамналдаа хөөрч, бусдыг гадуурхаж, гачигдсан, нүцгэн мөн өлсгөлөн тэдэнд, цангасан тэдэнд, мөн өвдөж зовсон тэдэнд нуруугаа харуулахыг үзэв.

13 Эдүгээ энэ нь хүмүүсийн дунд агуу гашуудлын шалтгаан болж байв, бусад зарим нь өөрсдийгөө даруусгаж, өөрсдийн хөрөнгийг ядуус болон гачигдагсдад хүртээн, өлссөнийг хооллох зэргээр, өөрсдийнх нь халамжаар гачигдах тэднийг халамжилж, мөн бошиглолын суу билгийн дагуу ирэх ёстой тэр Христийн төлөө бүх төрлийн зүдгүүрийг тэсвэрлэж байсан буюу;

14 Тэр өдрийг харуулдан хүлээж байв, нүглүүдийнхээ ангижралыг тийн хадгалсан ажгуу; үхлийн хүлээснээс чөлөөлөх Есүс Христийн чөлөөлөлт, хүч чадал мөн тааллын дагуу, нас барагсдын амилуулалтын учир агуу их баяслаар дүүргэгдсэн байв.

15 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма, Бурханы даруухан дагалдагчдын зүдгүүрүүдийг мөн бусад хүмүүсийнх нь тэдний дээр овоолсон тэр хавчлагуудыг харсан учир, мөн тэдний бүх тэгш бус байдлыг харсан учир маш их гашуудаж эхлэв; гэсэн хэдий ч Их Эзэний Сүнс түүнийг орхисонгүй.

16 Мөн тэрээр сүмийн ахлагчдын дунд байсан мэргэн нэгнийг сонгон авч, мөн өгөгдсөн хуулиудын дагуу тэрээр хуулиудыг тогтоож, мөн тэдгээрийг хүмүүсийн ёс бус байдал бөгөөд гэмт хэргүүдийн дагуу хэрэгжүүлэх хүчтэй байж болохын тулд хүмүүсийн саналын дагуу түүнд хүчийг өгөв.

17 Эдүгээ энэ хүний нэр Нифайха байв, мөн тэрээр ерөнхий шүүгчээр томилогдов; мөн тэр хүмүүсийг шүүж мөн засаглахаар шүүгчийн суудалд суув.

18 Эдүгээ Алма сүмийн дээрх дээд пристийн албыг түүнд өгсөнгүй, харин тэр дээд пристийн албыг өөртөө хадгалж үлдээв; харин тэр шүүгчийн суудлыг Нифайхад өгсөн бөлгөө.

19 Мөн тэр өөрөө ард түмнийхээ дунд, өөрөөр хэлбэл Нифайн хүмүүсийн дунд явж болохын тулд, тэднийг үүргээ санахад нь өдөөхөөр тэдэнд Бурханы үгийг номлож болохын тулд, мөн өөрийн ард түмний дунд байсан бүх бардамнал мөн башир арга болон бүх зөрчилдөөнийг Бурханы үгээр намжааж болохын тулд, тэдний эсрэг цэвэр ариун гэрчлэлээр шахалт үзүүлэхээс бусдаар тэднийг буцааж авч болох ямар ч замыг тэр хараагүй учир тэрээр үүнийг хийсэн болой.

20 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын ес дэх жилийн эхэнд Алма шүүгчийн суудлыг Нифайхад дамжуулж, мөн өөрийгөө тэр чигээр нь Бурханы ариун жаягийн дээд санваарын албанд, илчлэлийн мөн бошиглолын суу билгийн дагуу, үгийн гэрчлэлд зориулав.