Судрууд
Алма 48


Бүлэг 48

Амаликая леменчүүдийг нифайчуудын эсрэг өдөөв—Моронай өөрийн хүмүүсийг Христийнхний байр суурийг хамгаалахад бэлтгэв—Тэрээр эрх чөлөө болон чөлөөт байдалд баясдаг мөн Бурханы хүчит хүмүүн байв. Ойролцоогоор МЭӨ 72 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор, Амаликая хаант улсыг эзэмшсэн даруйдаа леменчүүдийн зүрх сэтгэлийг Нифайн хүмүүсийн эсрэг дэвэргэж эхлэв; тийм ээ, тэр цамхгууд дээрээсээ нифайчуудын эсрэг леменчүүдэд ярих хүмүүсийг томилсон болой.

2 Мөн тийн тэр тэдний зүрх сэтгэлийг нифайчуудын эсрэг дэвэргэж, үүний хэрээр шүүгчдийн засаглалын арван ес дэх оны төгсгөлд, тэрээр өдийг хүртэл өөрийн төлөвлөгөөнүүдийг гүйцэлдүүлсэн учир, тийм ээ, леменчүүдийн дээр хаан болгогдсон учир, тэр бүх нутгийн дээр, тийм ээ, мөн уг нутагт байсан бүх хүний дээр, леменчүүдийн мөн нифайчуудын дээр түүнчлэн хаанчлахыг эрэлхийлсэн бөлгөө.

3 Тиймийн тул тэр хүслээ гүйцээсэн аж, учир нь тэр леменчүүдийн зүрхийг хатууруулж мөн оюуныг нь харалган болгож, мөн уурлуулахаар тэднийг өдөөн хатгаж, үүний хэрээр тэр нифайчуудын эсрэг тулалдахаар явах олон тооны дайчдыг нэгтгэн цуглуулсан байв.

4 Учир нь тэр, өөрийн хүмүүсийн тооны ихийн учир нифайчуудыг ялж мөн тэднийг боолчлолд оруулахаар шийдсэн байлаа.

5 Мөн тийн тэрээр зорамчуудаас ерөнхий ахмадуудыг томилов, учир нь нифайчуудын хүч чадал, мөн тэдний хоргодох газрууд, мөн хотуудынх нь хамгийн хүч султай хэсгүүдийг сайн мэддэг байсан нь тэд байв; тиймийн тул тэрээр тэднийг их цэргийнхээ дээр ерөнхий ахмадууд байхаар томилов.

6 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн түр буудлыг авч, мөн аглаг буйдад Зарахемла нутгийн зүг хөдлөв.

7 Эдүгээ улиран тохиох дор Амаликая ийн заль мэх мөн хуурамч аргаар хүчийг олж байх зуур, нөгөө талд, Моронай хүмүүсийн оюуныг Их Эзэн Бурхандаа үнэнч байхад бэлтгэж байв.

8 Тийм ээ, тэр нифайчуудын их цэргийг хүчирхэгжүүлж, мөн жижиг бэхлэлтүүдийг, эсвээс хоргодох газруудыг босгож байв; их цэргээ халхлахаар шороогоор далан босгож, мөн түүнчлэн их цэргээ тойруулан, хотуудынхаа мөн нутгуудынхаа хилийг хүрээлүүлэн; тийм ээ, нутгийг бүхэлд нь хүрээлүүлэн чулуун хэрэм босгосон байв.

9 Мөн өөрсдийн хамгийн хүч султай бэхлэлтэнд илүү олон тооны эрчүүдийг тэрээр байрлуулжээ; мөн тэрээр нифайчуудаар эзэмшигдэж асан тэр нутгаа тийн бэхэлж мөн хүчирхэгжүүлжээ.

10 Мөн тэрээр тэд Их Эзэн Бурханыхаа төлөө амьдарч болохын тулд, мөн тэд дайснуудаар нь Христийнхний байр суурь гэж нэрлэгдсэн түүнийгээ дэмжиж болохын тулд чөлөөт байдлаа, газар нутгаа, эхнэр, мөн хүүхдүүдээ, мөн өөрсдийн амар амгаланг хамгаалахаар тийн бэлтгэж байв.

11 Мөн Моронай хүчтэй мөн чадалтай хүн байв; тэр төгс ойлголттой хүн байв; тийм ээ, цус урсалтад баясдаггүй нэгэн байв; ах дүүс нь дарангуйлал мөн боолчлолоос чөлөөтэй байхад мөн эх орныхоо чөлөөт байдал болон эрх чөлөөнд бодгаль нь баясдаг хүн байв;

12 Тийм ээ, Бурхандаа талархах талархлаар зүрх сэтгэл нь тэлсэн хүн байв, хүмүүсийнх нь дээр түүний цутгасан олон боломж бөгөөд адислалуудын төлөө болой; өөрийн хүмүүсийн сайн сайхан болоод аюулгүй байдлын төлөө үлэмж хөдөлмөрлөсөн хүн байв.

13 Тийм ээ, мөн тэрээр Христийн сүсэг бишрэлд гуйвшгүй хүн байв; мөн тэрээр ард түмнээ, эрхүүдээ, мөн эх орноо, мөн шашин шүтлэгээ, бүр өөрийн цусыг асгартал өмгөөлөхөөр тангараг тавьсан байв.

14 Эдүгээ нифайчууд дайснуудынхаа эсрэг, бүр хэрэв зайлшгүй шаардагдах аваас цус урсгах хүртлээ өөрсдийгөө хамгаалахаар сургагдсан байв; тийм ээ, мөн түүнчлэн тэд хэзээ ч хэрэг төвөг өдөөхгүй, тийм ээ, мөн дайснуудынхаа эсрэг бус аваас, амиа хамгаалахаас өөрөөр хэзээ ч илд далайхгүй байхаар сургагдсан байлаа.

15 Мөн тэдний итгэл нь энэ байв; үүнчлэн үйлдсэнээр Бурхан тэднийг уг нутагт дэгжүүлнэ, эсвээс өөрөөр хэлбэл, хэрэв тэд Бурханы зарлигуудыг сахихдаа итгэлтэй байвал, тэрээр уг нутагт тэднийг дэгжүүлэх болно; тийм ээ, тэдэнд аюулынх нь дагуу, тэдэнд зугтахыг, эсвээс дайнд бэлтгэхийг сэрэмжлүүлнэ хэмээн буюу;

16 Мөн түүнчлэн, дайснуудынхаа эсрэг өөрсдийгөө хамгаалахаар тэдний хааш одох ёстойг Бурхан тэдэнд мэдүүлнэ, мөн ингэснээр, Их Эзэн тэднийг чөлөөлнө хэмээн буюу; мөн энэ нь Моронайн итгэл байв, мөн зүрх сэтгэл нь үүнд баясдаг байв; цус урсгахад бус харин сайныг үйлдэхэд, өөрийн хүмүүсийг хадгалан хамгаалахад, тийм ээ, Бурханы зарлигуудыг сахихад, тийм ээ, мөн алдсыг эсэргүүцэхэд болой.

17 Тийм ээ, үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, хэрэв бүх хүмүүн Моронайн адил байсан мөн байдаг, мөн байх аваас, болгоогтун, тамын чухамхүү хүчин чадал үүрд сэгсрэгдэн сулруулагдахсан; тийм ээ, хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байхсан.

18 Болгоогтун, тэрээр Мозаягийн хүү Аммоны адил хүн, тийм ээ, бүр Мозаягийн бусад хөвгүүдийн адил, тийм ээ, мөн түүнчлэн Алма болон түүний хөвгүүдийн адил байв, учир нь тэд бүгд Бурханы хүмүүс байв.

19 Эдүгээ болгоогтун, Хиламан мөн түүний ах дүүс хүмүүст Моронайгаас дутуугүй үйлчилдэг байв; учир нь тэд Бурханы үгийг номлож, мөн тэд үгсийг нь анхааран сонсох хэнд боловч бүх хүнд наманчлалын төлөө баптисм хүртээж байлаа.

20 Мөн тийн тэд урагшлан явж, мөн тэдний үгсийн учир хүмүүс өөрсдийгөө даруусгаж, үүний хэрээр тэд Их Эзэний их тааллыг хүртэж мөн өөр хоорондоо, тийм ээ, бүр дөрвөн жилийн турш дайнууд мөн зөрчилдөөнөөс тийн чөлөөтэй байв.

21 Гэвч миний хэлсэнчлэн, арван есдүгээр оны төгсгөлд, тийм ээ, тэдний дунд энх амгалан байсан хэдий ч, тэд өөрсдийн ах дүүс леменчүүдтэй тэмцэлдэхэд дургүй ч гэсэн албадуулсан болой.

22 Тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, тэд ихэд дургүйцэж байсан хэдий ч, леменчүүдтэй хийсэн тэдний дайнууд олон жилийн турш огт зогссонгүй.

23 Эдүгээ, тэд леменчүүдийн эсрэг зэвсэглэхдээ харамсаж байв, учир нь тэд цус урсгахад баясдаг байсангүй; тийм ээ, мөн энэ нь бүгд бус—тэд Бурхантай уулзах бэлтгэлгүй ах дүүсээсээ тийм олныг нь энэ дэлхийгээс мөнхийн оронд илгээх хэрэгсэл болж байгаадаа харамсаж байлаа.

24 Гэсэн хэдий ч, тэд нэгэн цагт ах дүүс нь байсан, тийм ээ, мөн өөрсдийн сүмээс тэрсэлсэн, мөн тэднийг орхиж мөн леменчүүдтэй нэгдсэнээр тэднийг устгахаар одсон тэдний харгис хэрцгийлэлд эхнэр, хүүхдүүд нь хядагдах байсан тул амиа тавьж өгөхийг зөвшөөрч чадсангүй.

25 Тийм ээ, Бурханы зарлигуудыг сахидаг хэн нэгэн байх цагт, ах дүүс нь нифайчуудын цусыг урсгахдаа баясахыг тэд тэвчиж чадсангүй, учир нь, хэрэв тэд түүний зарлигуудыг сахих аваас тэд уг нутагт дэгжих болно хэмээх нь Их Эзэний амлалт байв.