Судрууд
Алма 45


Хиламаны өдрүүд дэх Нифайн хүмүүсийн мөн тэдний дайнууд мөн зөрөлдөөнүүдийн шастир, Хиламаны өөрийн өдрүүддээ хөтөлсөн тэрхүү цэдгийн дагуу оршвой.

45–62-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 45

Хиламан Алмагийн үгсэд итгэв—Алма нифайчуудын устгалыг бошиглов—Тэрээр уг нутгийг адисалж мөн зүхэв—Алма бүр Мосегийн адил Сүнсээр дээш аваачигдсан байж магадгүй—Сүмд зөрөлдөөнүүд ихсэв. Ойролцоогоор МЭӨ 73 он.

1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Нифайн хүмүүс үлэмж баясав, учир нь Их Эзэн тэднийг дайснуудынх нь гараас дахин чөлөөлжээ; тиймийн тул тэд Их Эзэн Бурхандаа талархал илэрхийлэв; тийм ээ, мөн тэд ихэд мацаг барьж мөн ихэд залбирч, мөн үлэмж агуу баяр хөөртэйгөөр тэд Бурханаа шүтэн бишрэв.

2 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван ес дэх онд, Алма өөрийн хүү Хиламанд ирж мөн түүнд хэлэв: Хадгалагдсан цэдгүүдийн талаар чамд миний ярьсан тэр үгсэд чи итгэдэг үү?

3 Мөн Хиламан түүнд хэлэв: Тийм ээ, би итгэдэг.

4 Мөн Алма үүнчлэн хэлэв: Ирэх Есүс Христэд чи итгэдэг үү?

5 Мөн тэрээр хэлсэн нь: Тийм ээ, би таны ярьсан бүх үгэнд итгэдэг.

6 Мөн Алма түүнд үүнчлэн хэлэв: Чи миний зарлигуудыг дагах уу?

7 Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, би таны зарлигуудыг бүх зүрх сэтгэлээрээ дагах болно.

8 Тэгэхэд нь Алма түүнд хэлэв: Адислагдсан болой чи; мөн Их Эзэн чамайг энэ нутагт дэгжээх болно.

9 Гэвч болгоогтун, чамд бошиглох зарим зүйл надад байна; гэвч чамд миний бошиглохыг чи мэдүүлэхгүй; тийм ээ, бүр бошиглол нь гүйцэлдэх хүртэл миний чамд бошиглох нь мэдүүлэгдэх ёсгүй; тиймийн тул миний хэлэх үгсийг бичигтүн.

10 Мөн үгс нь эдгээр буюу: Болгоогтун, Есүс Христ өөрийгөө тэдэнд үзүүлэх тэр цагаас дөрвөн зуун жилийн хойно чухам энэ хүмүүс, нифайчууд, итгэлээ алдан доройтох болно гэдгийг би өөрт буй илчлэлийн суу билгийн дагуу ойлгон ухаарч байна.

11 Тийм ээ, мөн тэгээд тэд дайнууд мөн тахлуудыг, тийм ээ, өлсгөлөнгүүд мөн цус урсалтыг, бүр Нифайн хүмүүс бүрмөсөн үгүй болтол үзэх болно—

12 Тийм ээ, мөн тэд итгэлээ алдан доройтож мөн харанхуйн мөн шунаг тачаангуйн үйлд мөн бүх төрлийн алдаст унах учир энэ болой; тийм ээ, би чамд хэлнэ, тэд ийм агуу гэрэл мөн мэдлэгийн эсрэг нүгэл үйлдэх учир, тийм ээ, би чамд хэлнэ, тэр өдрөөс, энэхүү агуу алдас ирэхэд дөрөв дэх үеийнхэн бүгд өнгөрөн одоогүй байх болно.

13 Мөн тэр агуу өдрийг ирэхэд, болгоогтун одоо тоологддог тэд, өөрөөр хэлбэл эдүгээ Нифайн хүмүүсийн дунд тоологддог тэдний үр удам, цаашид Нифайн хүмүүсийн дунд тоологдохгүй тэр цаг тун удахгүй ирэх болно.

14 Харин агуу мөн аймшигт өдөр устгагдаагүй мөн үлдэх хэн боловч, Их Эзэний шавь нар гэж нэрлэгдэх цөөн хэдээс бусад нь бүгд, леменчүүдийн дунд тоологдож мөн тэдэнтэй адил болох болно; мөн тэднийг бүрмөсөн үгүй болох хүртэл нь леменчүүд мөрдөн мөшгөх болно. Мөн эдүгээ, алдсын учир энэ бошиглол гүйцэлдэх болно.

15 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр зүйлийг Хиламанд хэлсний дараа тэрээр түүнийг, мөн түүнчлэн өөрийн бусад хөвгүүдийг адислав; мөн түүнчлэн тэр газар нутгийг зөв шударгыг үйлдэгчдийн төлөө адислав.

16 Мөн тэрээр хэлсэн нь: Их Эзэн Бурхан ийн хэлэв—Ёс бусыг үйлдэх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн болгонд, тэд боловсорч гүйцэх үед, уг нутаг, тийм ээ, энэ нутаг устгалдаа хүртэл зүхэгдэх болно; мөн миний хэлсэнчлэн энэ нь ийм байх болно; учир нь энэ бол уг нутаг дээрх Бурханы зүхэл мөн адислал юм, учир нь Их Эзэн нүглийг хамгийн бага хэмжээгээр ч хүлээн зөвшөөрч чаддаггүй.

17 Мөн эдүгээ Алма эдгээр үгийг хэлээд тэрээр сүмийг, тийм ээ, тэр цагаас хойш сүсэг бишрэлдээ тууштай зогсох тэд бүгдийг адислав.

18 Мөн Алма үүнийг хийгээд тэрээр Зарахемла нутгаас гарч, Мелекийн нутагт одох мэтээр явсан бөлгөө. Мөнхүү улиран тохиох дор түүний талаар хэзээ ч дахин сонсогдсонгүй; түүний үхэл эсвээс оршуулгын тухай бид мэдэх нь үгүй.

19 Болгоогтун, бид үүнийг, тэрээр зөв шударга хүн байсныг мэднэ; мөн бүр Мосегийн адил, тэрээр Сүнсээр дээш аваачигдсан, өөрөөр хэлбэл Их Эзэний мутраар оршуулагдсан гэдэг яриа сүмд тархжээ. Гэвч болгоогтун, Их Эзэн Мосег өөртөө авсан хэмээн судрууд өгүүлдэг; мөн түүнчлэн тэрээр Алмаг сүнсээр өөртөө хүлээн авсан хэмээн бид боддог; тиймийн тул, энэ шалтгааны учир түүний үхэл мөн оршуулгын талаар бид юу ч мэддэггүй.

20 Мөн эдүгээ улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван ес дэх оны эхэнд, Хиламан хүмүүст үгийг тунхаглахаар тэдний дунд одов.

21 Учир нь болгоогтун, леменчүүдтэй хийсэн тэдний дайнууд мөн хүмүүсийн дунд байсан олон жижиг зөрөлдөөн болон үймээний учир тэдний дунд Бурханы үг тунхаглагдах, тийм ээ, мөн сүм даяар зохицуулалт хийгдэх шаардлагатай болов.

22 Тиймийн тул, Хиламан болон түүний ах дүүс бүх нутагт, тийм ээ, Нифайн хүмүүсээр эзэмшигдсэн тэр бүх нутаг даяарх хот болгонд сүмийг дахин тохинуулахаар одов. Мөнхүү улиран тохиох дор тэд бүх сүмийн дээр пристүүд болон багш нарыг бүх нутаг даяар томилов.

23 Мөн эдүгээ улиран тохиох дор Хиламан болон түүний ах дүүс сүмүүдийн дээрх пристүүд болон багш нарыг томилсны дараа тэдний дунд нэгэн зөрөлдөөн гарч, мөн тэд Хиламан болон түүний ах дүүсийн үгсэд анхаарал тавихгүй байв;

24 Харин өөрсдийн агуу баялгуудын улмаас зүрх сэтгэлдээ хөөрсний учир тэд бардам болжээ; тиймийн тул өөрсдийн нүдэнд тэд баян болж, мөн Бурханы өмнө зөв шударгаар алх хэмээх тэдний үгсэд анхаарал тавихгүй байлаа.