Хүү Кориантондоо өгсөн Алмагийн зарлигууд оршвой.
39–42-р бүлэгт агуулагдав.
Бүлэг 39
Бэлгийн харьцааны нүгэл нь жигшүүрт хэрэг мөн—Кориантоны нүглүүд нь үгийг хүлээн авахад зорамчуудад саад болсон болой—Христийн гэтэлгэл нь үүнээс урьд амьдарч байсан итгэлтэй тэднийг аврахад хүчинтэй. Ойролцоогоор МЭӨ 74 он.
1 Мөн эдүгээ, хүү минь, ахад чинь хэлснээс илүү хэлэх зарим зүйл надад байна; учир нь болгоогтун, Бурханы зарлигуудыг сахих ахынхаа тууштай байдал, түүний үнэнч байдал, мөн хичээнгүй чанарыг чи анзаараагүй гэж үү? Болгоогтун, тэр чамд сайн үлгэр жишээ үзүүлээгүй гэж үү?
2 Учир нь зорамчуудын ард түмний дунд, чи ахынхтайгаа адил тийм их анхаарлыг миний үгсэд хандуулаагүй. Эдүгээ энэ бол чамайг шүүмжлэх миний зүйл; чи өөрийн хүч мөн өөрийн мэргэн ухаанд сагсуурах хүртлээ ярьж байсан билээ.
3 Мөн энэ нь бүгд бус, хүү минь. Чи намайг түгшээсэн түүнийг хийсэн; учир нь чи тохинууллыг орхиж, мөн леменчүүдийн хилийн ойролцоох Сироны нутаг тийш садар эм Изабелын араас одсон билээ.
4 Тийм ээ, тэр эмэгтэй олон эрийн зүрх сэтгэлийг татсан, гэвч энэ нь чиний хувьд шалтаг биш юм, хүү минь. Чи өөрт даатгагдан хүлээлгэсэн тэр тохинуулалд өөрийгөө зориулах ёстой байсан.
5 Хүү минь, Их Эзэний мэлмийд эдгээр зүйл жигшүүрт хэрэг гэдгийг; тийм ээ, гэмгүй цусыг урсгах эсвээс Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад бүх нүглээс хамгийн жигшүүрт зүйл болохыг чи мэдэхгүй гэж үү?
6 Учир нь болгоогтун, хэрэв Ариун Сүнс чамд нэгэнтээ оршиж байсан байхад чи түүнийг үгүйсгэж, мөн чи түүнийг үгүйсгэж байгаагаа мэдэж байваас, болгоогтун, энэ бол уучлагдашгүй нүгэл мөн; тийм ээ, мөн Бурханы гэрэл болон мэдлэгийн эсрэг аллага хийдэг хэнд боловч, өршөөлийг авах нь амар бус болой; тийм ээ, хүү минь, өршөөлийг авах нь түүнд амар бус гэдгийг би чамд хэлнэ.
7 Мөн эдүгээ, хүү минь, ийм агуу гэмт үйлд чамайг буруугүй байсан болоосой хэмээн би Бурханд хүснэ. Хэрэв чиний тусын тулд байгаагүйсэн бол, би гэмт үйлүүдийг чинь нуршин, бодгалийг чинь шаналгахгүйсэн.
8 Гэвч болгоогтун, чи өөрийн гэмт үйлүүдийг Бурханаас нууж чадахгүй; мөн чи наманчлахгүй аваас тэдгээр нь эцсийн өдөр чиний эсрэг гэрчлэл болохоор үлдэх болно.
9 Эдүгээ хүү минь, би чамайг наманчлаасай мөн нүглүүдээ орхиосой, мөн нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай, харин эдгээр бүх зүйлийг өөртөө хориглоосой хэмээнэ; учир нь чи үүнийг хийхгүйгээр Бурханы хаант улсыг өвлөх аргагүй. Ай санагтун, мөн эдгээр зүйлд өөр дээрээ хориг тавихыг өөртөө хүлээ.
10 Мөн би зорьсон үйлүүдийнхээ талаар ах нартайгаа зөвлөхийг өөртөө хүлээхийг чамд зарлиг болгож байна; учир нь болгоогтун, чи залуугаараа байна, мөн чамд ах нараараа заалгаж байх хэрэгцээ бий. Мөн тэдний зөвлөгөөг анхаарагтун.
11 Өөрийгөө ямар нэг хоосон эсвэл мунхаг зүйлд удирдуулахыг бүү зөвшөөр; чөтгөр зүрх сэтгэлийг чинь тэдгээр ёс бус садар эмсийн хойноос дахин төөрүүлэн удирдахыг бүү зөвшөөр. Болгоогтун, ай хүү минь, зорамчуудын дээр чи ямар их алдсыг авчирсан билээ; учир нь тэд чиний биеэ авч явахыг хараад миний үгсэд итгэхгүй байсан буйза.
12 Мөн эдүгээ Их Эзэний Сүнс надад хэлж байна: Хүүхдүүддээ сайныг хийхийг зарлигла, эс тэгвээс тэд олон хүмүүний зүрх сэтгэлийг устгал руу удирдах вий; тиймийн тул, хүү минь, Бурханаас эмээх айдастайгаар би чамд зарлиглаж байна, чи алдсуудаасаа түдгэлзэх ёстойг буюу;
13 Чи өөрийн бүх оюун ухаан, чадавх болон хүч чадлаараа Их Эзэнд эргээд хандахыг; чи өөр хэний ч зүрх сэтгэлийг дахин ёс бусыг үйлдэхэд дагуулахгүй байхыг; харин үүний оронд тэдэнд эргэн очиж, мөн өөрийн алдаанууд болон өөрийн үйлдсэн бурууг хүлээхийг буюу.
14 Энэ дэлхийн баялгийг болон хоосон зүйлсийг бүү эрэлхийл; учир нь болгоогтун, чи тэдгээрийг өөртэйгөө аваад явж чадахгүй.
15 Мөн эдүгээ, хүү минь, би чамд Христийн ирэлтийн талаар зарим нэгийг хэлэхийг хүснэ. Болгоогтун, би чамд хэлнэ, дэлхийнхний нүглүүдийг үүрэн холдуулахаар гарцаагүй ирэх нь тэр юм; тийм ээ, тэр өөрийн хүмүүст авралын баярт мэдээг тунхаглахаар ирэх бөлгөө.
16 Мөн эдүгээ, хүү минь, эдгээр баярт мэдээг энэ хүмүүст тунхаглахаар, тэдний оюуныг бэлтгэхээр чиний дуудагдсан тохинуулал энэ байв; өөрөөр хэлбэл тэдний дээр аврал ирж болохын тулд, тэд хүүхдүүдийнхээ оюуныг түүний ирэлтийн үед үгийг сонсгоход бэлтгэж болохын тулд буюу.
17 Мөн эдүгээ би үүний тухайд чиний санааг амраая. Болгоогтун, чи эдгээр зүйл яагаад ийм эртнээс мэдэгдэх ёстойд гайхаж буй. Болгоогтун, би чамд хэлнэ, Бурханд энэ үеийн бодгаль түүний ирэлтийн үед байх бодгалийн адил эрхэм бус уу?
18 Гэтэлгэлийн төлөвлөгөө энэ хүмүүст мэдүүлэгдэх нь тэдний хүүхдүүдэд мэдүүлэгдэхтэй нэгэн адил чухал бус уу?
19 Энэ цагт Их Эзэн эдгээр баярт мэдээг тунхаглуулахаар тэнгэр элчээ бидэнд илгээх нь амархны адил, хүүхдүүдэд минь, эсвэл түүний ирэлтийн дараах үеийнхэнд илгээх нь амархан бус гэж үү?