Судрууд
Алма 36


Хүү Хиламандаа өгсөн Алмагийн зарлигууд оршвой.

36 болон 37-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 36

Алма тэнгэр элчийг харсныхаа дараах өөрийн хөрвүүлгийн тухай Хиламанд гэрчлэв—Тэрээр яллагдсан сүнсний шаналлыг туулсан болой; тэрээр Есүсийн нэрийг дуудаж, мөн тэгээд Бурханаас төрөв—Тааламжит баясал түүний бодгалийг дүүргэв—Тэрээр хуран цугларсан тэнгэр элч нар Бурханыг магтан дуулж байхыг харав—Олон хөрвөгчид түүний үзэж мөн амссаны адилыг үзэж мөн амсав. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Хүү минь, миний үгсийг чих тавин сонс; учир нь чи Бурханы зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно хэмээн би чамд тангараглаж байна.

2 Эцэг өвгөдийнхөө дарангуйлалд байсныг санаад миний хийснийг чамайг хийгээсэй хэмээнэ би; учир нь тэд боолчлолд байсан, мөн Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханаас өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байв; мөн тэрээр тэднийг зүдгүүрүүдээс нь лавтайяа чөлөөлсөн бөлгөө.

3 Мөн эдүгээ, ай Хиламан хүү минь, болгоогтун, чи залуугаараа байна, мөн тиймийн тул, би чамайг үгсийг минь сонсож мөн надаас сураасай хэмээн чамаас хүсэж байна; учир нь Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүр, бэрхшээлүүдэд мөн өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ.

4 Мөн би бие даан мэддэг гэж чамайг бүү бодоосой хэмээнэ би—бодит зүйлсээс бус харин сүнслэг зүйлсээс, зуурдын оюунаас бус харин Бурханаас бөлгөө.

5 Эдүгээ, болгоогтун, би чамд хэлнэ, хэрэв би Бурханаас төрөөгүйсэн бол эдгээр зүйлийг мэдэхгүй байсан; гэвч Бурхан ариун тэнгэр элчийнхээ амаар эдгээр зүйлийг надад мэдүүлсэн юм, миний өөрийн зохистой байдлын улмаас бус болой;

6 Учир нь би Мозаягийн хөвгүүдтэй, Бурханы сүмийг устгахыг эрэлхийлсээр явж байсан; гэвч болгоогтун, Бурхан биднийг замд нь зогсоохоор ариун тэнгэр элчээ илгээсэн юм.

7 Мөн болгоогтун, тэрээр бидэнд аянгын дуу хоолойгоор мэт ярьж, мөн бидний хөл доорх бүх л газар доргисон билээ; мөн бидний дээр Их Эзэнээс айх айдас ирсэн учир бид бүгд газарт унасан болой.

8 Гэвч болгоогтун, уг дуу хоолой надад хэлэв: Босогтун. Мөн би босож мөн зогсоод, мөн уг тэнгэр элчийг болгоов.

9 Мөн тэрээр надад хэлэв: Чи өөрийгөө устгуулахыг хүсэж байлаа ч, Бурханы сүмийг устгахаар цаашид бүү эрэлхийл.

10 Мөнхүү улиран тохиох дор би газарт унав; мөн гурван өдөр бас гурван шөнийн турш би амаа нээж ч, бас үе мөчөө хөдөлгөж ч чадсангүй.

11 Мөн уг тэнгэр элч надад, ах дүүст минь сонсогдсон тэрхүү илүү зүйлийг ярив, гэвч би тэдгээрийг сонсоогүй байв; учир нь би—чи өөрийгөө устгуулахыг хүсэж байлаа ч Бурханы сүмийг устгахаар цаашид бүү эрэлхийл—гэсэн үгсийг дуулаад би магад устгагдах болов уу хэмээн маш их айдас мөн гайхширалдаа цочирдсоноос газарт унаж мөн цаашид юу ч сонсоогүй билээ.

12 Гэвч би мөнхийн шаналалд тарчилж байлаа, учир нь сүнс минь хамгийн их хэмжээгээр шаналж мөн өөрийн бүх нүгэлд тарчлав.

13 Тийм ээ, би өөрийн бүх нүгэл мөн алдсуудыг санаж байв, үүний учир би тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа; тийм ээ, би Бурханыхаа эсрэг боссоноо, мөн би түүний ариун зарлигуудыг сахиагүйгээ ухаарсан юм.

14 Тийм ээ, мөн би түүний хүүхдүүдээс олныг нь хөнөөсөн, өөрөөр хэлбэл устгал руу тэднийг төөрөлдүүлэн удирдсан болой; тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, Бурханыхаа оршихуйд ирнэ гэдэг тэр л бодол сүнсийг минь илэрхийлэхийн аргагүй аймшигтайгаар тарчилгахаар миний алдсууд тийм агуу байв.

15 Ай, би бодов, би цөлөгдөж, сүнсээр мөн биеэрээ ч үл орших болж чаддаг болоосой, би үйлсээрээ шүүгдэхээр Бурханыхаа оршихуйд зогсохоор аваачигдахгүй байж болохын тулд буюу.

16 Мөн эдүгээ, гурван өдөр мөн гурван шөнийн турш, бүр яллагдсан сүнсний өвдөлтөөр би тарчлав.

17 Мөнхүү улиран тохиох дор би тийн зовлонд тамлагдаж, өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа, болгоогтун, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгэн дэлхийнхний нүглүүдийг цагаатгахаар ирэх талаар эцгийнхээ хүмүүст бошиглохыг дуулснаа би түүнчлэн санав.

18 Эдүгээ, миний оюун энэ бодолд автагдах үед, би зүрх сэтгэлдээ хашхирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үхлийн үүрдийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв.

19 Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би шаналлаа цаашид санахгүй болов; тийм ээ, би нүглүүдийнхээ дурсамжид цаашид тарчлагдахгүй болов.

20 Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, миний шаналал хэчнээн их байсан шиг сүнс минь тийм их үлэмжийн баяслаар дүүргэгдэв!

21 Тийм ээ, би чамд хэлнэ, хүү минь, миний шаналал шиг тийм хурц мөн тийм гашуун юу ч байгаагүй биз ээ. Тийм ээ, мөн дахин би чамд хэлнэ, хүү минь, нөгөө талаасаа бол миний баясал шиг ийм хурц бас тааламжит юу ч байж чадахгүй биз ээ.

22 Тийм ээ, бидний эцэг Лихайн үзсэний адил, Бурханаа магтан дуулах байдалтай тоо томшгүй олон тэнгэр элчээр хүрээлүүлэн Бурхан сэнтий дээрээ сууж байхыг би харсан хэмээн бодсон; тийм ээ, мөн сүнс минь тэнд байхаар тэмүүлсэн бөлгөө.

23 Гэвч болгоогтун, миний үе мөчүүд дахин хүчээ олж, мөн би хөл дээрээ босож, мөн би Бурханаас төрлөө гэдгээ хүмүүст мэдүүлсэн бөлгөө.

24 Тийм ээ, мөн тэр цагаас бүр одоог хүртэл, би бодгалиудыг наманчлалд авчирч болохын тулд; өөрийн амталсан тэр үлэмжийн баяслаас амтлахад тэднийг авчирч болохын тулд; тэд түүнчлэн Бурханаас төрж, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тулд зогсолтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

25 Тийм ээ, мөн эдүгээ болгоогтун, ай хүү минь, Их Эзэн хөдөлмөрийн минь үр шимд үлэмжийн агуу баяслыг надад өгдөг билээ;

26 Учир нь түүний надад мэдүүлсэн тэрхүү үгийн учир, болгоогтун, олон нь Бурханаас төрж, мөн миний амталсныг амталж, мөн миний үзсэнийг нүдээрээ үзэв; тиймийн тул тэд миний ярьсан эдгээр зүйлийг миний мэддэгийн адил мэддэг бөлгөө; мөн надад буй мэдлэг бол Бурханаас юм.

27 Мөн би зүйл бүрийн зүдгүүр болон бэрхшээлүүдэд, тийм ээ, мөн төрөл бүрийн зовлонгуудад дэмжигдсэн буюу; тийм ээ, Бурхан намайг шоронгоос, хүлээснээс, мөн үхлээс чөлөөлсөн бөлгөө; тийм ээ, мөн би түүнд найдлага тавьдаг, мөн тэрээр намайг чөлөөлсөөр байх болно.

28 Мөн тэр эцсийн өдөр намайг өөртэйгөө хамт сүр жавхланд оршихоор босгох болно гэдгийг би мэднэ; тийм ээ, мөн би түүнийг үүрд магтах болно, учир нь тэрээр бидний эцэг өвгөдийг Египетээс гарган авчирч, мөн тэрээр египетчүүдийг Улаан Тэнгист залгиулсан билээ; мөн тэрээр тэднийг өөрийн хүчээр амлагдсан нутагт иртэл нь удирдсан билээ; тийм ээ, мөн тэрээр тэднийг цагаас цагт дарангуйллаас мөн боолчлолоос чөлөөлсөөр ирсэн бөлгөө.

29 Тийм ээ, мөн түүнчлэн тэрээр бидний эцэг өвгөдийг Иерусалим нутгаас гарган авчирсан; мөн түүнчлэн тэрээр, өөрийн үүрдийн хүчээр, тэднийг дарангуйллаас мөн боолчлолоос цагаас цагт, бүр эдүгээ өдрийг хүртэл чөлөөлсөөр ирсэн; мөн би тэдний дарангуйлалд байсныг санаандаа үргэлж хадгалсаар байдаг; тийм ээ, мөн түүнчлэн чи миний адилаар, тэдний дарангуйлалд байсныг санаандаа хадгалж байвал зохино.

30 Гэвч болгоогтун, хүү минь, энэ нь бүгд бус; учир нь Бурханы зарлигуудыг сахихынхаа хэрээр чи нутагтаа дэгжих болно гэдгийг миний мэддэгийн адил чи мэдвэл зохино; мөн түүнчлэн, Бурханы зарлигуудыг сахихгүй байхын хэрээр чи түүний оршихуйгаас тусгаарлагдах болно гэдгийг мэдвэл зохино. Эдүгээ энэ нь түүний үгийн дагуу билээ.