Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 28

Леменчүүд аймшигт тулаанд ялагдав—Хэдэн арван мянга нь алагдав—Ёс бусыг үйлдэгсэд төгсгөлгүй гаслангийн байдалд тохоогдсон байдаг; зөв шударгыг үйлдэгчид хэзээ ч үл төгсөх аз жаргалд хүрэх болно. Ойролцоогоор мэө 77–76 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Аммоны хүмүүс Жершоны нутагт суурьшсаны, мөн түүнчлэн Жершоны нутагт сүм байгуулагдсаны, мөн нифайчуудын их цэрэг Жершоны нутгийн эргэн тойронд тийм ээ, Зарахемлагийн нутгийн бүх хилийг хүрээлэн байрлуулагдсаны дараа; болгоогтун леменчүүдийн их цэрэг ах дүүсээ аглаг буйдад мөрдсөн ажээ.

2Мөн тийн аймшигт тулаан болов; тийм ээ, бүр Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас уг нутагт бүх хүмүүний дунд хэзээ ч мэдэгдэж байгаагүй тийм тулалдаан болов; тийм ээ, мөн леменчүүдийн хэдэн арван мянга нь алагдан мөн тараан сарниулагдав.

3Тийм ээ, мөн түүнчлэн Нифайн хүмүүсийн дунд ч аймшигт аллага болов; гэсэн хэдий ч, леменчүүд туугдан мөн сарниулагдаж, мөн Нифайн хүмүүс нутагтаа эргэж ирэв.

4Мөн эдүгээ энэ нь бүх нутаг даяар Нифайн бүх хүмүүсийн дунд агуу гашуудал болон харуусал сонсогдсон нэгэн үе байв—

5Тийм ээ, бэлэвсэн эхнэрүүд нөхрүүдийнхээ төлөө, мөн түүнчлэн эцгүүд хөвгүүдийнхээ төлөө, мөн охид ах нарынхаа төлөө, тийм ээ, хөвгүүд нь эцгүүдийнхээ төлөө гашуудан уйлж байв; мөн тийн алагдсан төрлүүдийнхээ төлөө гашуудах нь, тэд бүгдийн дунд гашуудан уйлах нь сонсогдож байв.

6Мөн эдүгээ энэ нь гунигтай өдөр байсан нь гарцаагүй; тийм ээ, гашуудлын үе, мөн их мацаг барилт хийгээд залбирлын үе болой.

7Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арвантав дахь он төгсөв;

8Мөн энэ нь Аммон болон түүний ах дүүсийн, Нифайн нутаг дахь тэдний аялал, уг нутаг дахь тэдний зовлон, тэдний харуусал, мөн тэдний зүдрэлүүдийн, мөн тэдний ухааршгүй их баяслын, мөн Жершоны нутаг дахь ах дүүсийнх нь хүлээн авалт мөн аюулгүй байдлын шастир болой. Мөн эдүгээ бүх хүмүүний Гэтэлгэгч Их Эзэн тэдний бодгалиудыг үүрд адислах болтугай.

9Мөн энэ нь нифайчуудын дундах дайн ууд хийгээд тэмцлүүдийн, мөн түүнчлэн нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайнуудын шастир болой; мөн шүүгчдийн засаглалын арвантав дахь он төгсөв.

10Мөн анхны оноос арван тав дахийг хүртэлх хугацаанд олон мянган амь эрсдэлт улиран тохиожээ; тийм ээ, үүнд нь аймшигт цус урсалтын үзэгдэл улиран тохиожээ.

11Мөн олон мянгын цогцос газрын гадаргуу дээр овоорон ялзарч байхад олон мянгын цогцос газар дор тавигдаж; тийм ээ, мөн олон мянга нь төрөл төрөгсдөө алдсандаа гашуудаж байв, учир нь Их Эзэний амлалтуудын дагуу, тэд төгсгөлгүй гаслангийн байдалд тохоогджээ хэмээн айх шалтгаан тэдэнд буй.

12Өөр олон мянга нь төрөл төрөгсдөө алдсандаа үнэхээр гашуудан байх зуураа, гэсэн ч тэд Бурханы баруун гар талд оршихоор, хэзээ ч төгсөхгүй аз жаргалын байдалд босгогдсоныг Их Эзэний амлалтуудын дагуу тэд найдвартаа баясан мөн хөөрч, мөн бүр мэдэж байв.

13Мөн тийн хүмүүний зүрх сэтгэлийг урхидахаар зохиосон түүний зальт төлөвлөгөөнүүдээр ирэх тэр нүгэл болон зөрчлийн, мөн чөтгөрийн хүчний учир хүмүүний тэгш бус байдал ямар агууг бид харлаа.

14Мөн тийн Их Эзэний талбайнуудад хөдөлмөрлүүлэхээр хүмүүнийг шаргуу байдалд дуудах агуу дуудлагыг бид харлаа; мөн тийн харууслын хийгээд түүнчлэн баяслын хүмүүний дундах үхэл хийгээд устгалаас үүдэх харууслыг, түүнчлэн амьдралд хүргэх Христийн гэрлээс үүдэх баяслыг агуу шалтгааныг—бид харлаа.