Судрууд
Алма 27


Бүлэг 27

Антай-нифай-лихайн хүмүүсийг аюулгүй байдал тийш удирдахыг Их Эзэн Аммонд зарлиглав—Алматай уулзах үед Аммоны баясал хүчийг нь туйлдуулав—Нифайчууд Антай-нифай-лихайчуудад Жершоны нутгийг өгөв—Тэд Аммоны хүмүүс гэж нэрлэгдэв. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.

1 Эдүгээ улиран тохиох дор нифайчуудын эсрэг дайтахаар явсан леменчүүд, тэднийг устгах гэсэн олон оролдлогынхоо дараа, тэднийг устгахыг эрэлхийлэх нь үр дүнгүй болохыг олж мэдээд, тэд Нифайн нутагт дахин эргэж ирэв.

2 Мөнхүү улиран тохиох дор амалекайчууд гарз хохирлынхоо учир үлэмж ууртай байв. Мөн тэд нифайчуудаас өшөө авч чадахгүйгээ ойлгоод, тэд өөрсдийн ах дүүс болох Антай-нифай-лихайн хүмүүсийн эсрэг уур хилэнд хүмүүсийг өдөөн хатгаж эхлэв; тиймийн тул тэд дахин тэднийг устгаж эхлэв.

3 Эдүгээ энэ хүмүүс зэвсгээ өргөхөөс дахин татгалзаж мөн дайснуудынхаа хүслийн дагуу өөрсдийгөө алуулахыг тэд зөвшөөрөв.

4 Эдүгээ Аммон мөн түүний ах дүүс, өөрсдийнх нь тэгж дотноор хайрласан тэдний дундах, мөн өөрсдийг нь тэгж дотноор хайрласан—учир нь тэд үүрдийн устгалаас нь аврахаар Бурханаас илгээгдсэн тэнгэр элч нар адил өөрсдөд нь ханддаг байв—тэдний дундах устгалын энэхүү ажлыг хараад, тиймийн тул, Аммон болон түүний ах дүүс устгалын энэ агуу ажлыг хараад тэдэнд өрөвдөх сэтгэл төрж, мөн тэд хаанд хэлэв:

5 Их Эзэний энэ хүмүүсийг нэгтгэн цуглуулцгаая, мөн Зарахемла нутаг дахь бидний ах дүүс нифайчууд руу явж, мөн бид устгагдахгүйн тул дайснуудынхаа гараас зугтан гарцгаая.

6 Гэвч хаан тэдэнд хэлэв: Болгоогтун, тэдний эсрэг бидний үйлдсэн олон аллага мөн нүглүүдийн учир нифайчууд биднийг устгах болно.

7 Мөн Аммон хэлэв: Би явж мөн Их Эзэнээс лавлах болно, мөн хэрэв тэр биднийг ах дүүстээ оч хэмээвэл, та нар явах уу?

8 Мөн хаан түүнд хэлэв: Тийм ээ, хэрэв Их Эзэн бидэнд явахыг хэлбэл, бид ах дүүс рүүгээ явах болно, мөн тэдний эсрэг өөрсдийн үйлдсэн олон аллага болон нүглүүдээ тэдэнд залруулах хүртлээ бид тэдний боол байх болно.

9 Гэвч Аммон түүнд хэлэв: Энэ бол ах дүүсийн маань, тэдний дунд нэг ч боол байх ёсгүй гэсэн миний эцгээр тогтоогдсон хуулийн эсрэг болой; тиймийн тул тийш явцгааж мөн ах дүүсийнхээ нигүүлсэл дээр тулгуурлая.

10 Гэвч хаан түүнд хэлэв: Их Эзэнээс лавла, мөн хэрэв тэр бидэнд явахыг хэлбэл, бид явах болно; эс бөгөөс бид нутагтаа мөхөх болно.

11 Мөнхүү улиран тохиох дор Аммон одож мөн Их Эзэнээс лавлав, мөн Их Эзэн түүнд хэлэв:

12 Тэд мөхөхгүйн тулд энэ хүмүүсийг авч энэ нутгаас гарга; учир нь тэднийг алуулахаар леменчүүдийг ах дүүсийнх нь эсрэг уур хилэнд өдөөн хатгаж буй амалекайчуудын зүрхэнд Сатан агуу байр эзэлжээ; тиймийн тул чи энэ нутгаас гарч яв; мөн энэ үеийн энэ хүмүүс адислагдсан билээ, учир нь би тэднийг хадгалан хамгаалах болно.

13 Мөн эдүгээ улиран тохиох дор Аммон явж мөн хаанд Их Эзэний өөрт нь хэлсэн тэр бүхий л үгсийг хэлэв.

14 Мөн тэд өөрсдийн бүх хүнийг, тийм ээ, Их Эзэний бүх хүнийг нэгтгэн цуглуулж, мөн бүх бог болон бод малаа нэгтгэн цуглуулж, мөн уг нутгаас гарч, Нифайн нутгийг Зарахемла нутгаас зааглан хуваадаг аглаг буйдад ирж, мөн нутгийн хилийн ойролцоо ирэв.

15 Мөнхүү улиран тохиох дор Аммон тэдэнд хэлэв: Болгоогтун, би түүнчлэн миний ах дүүс Зарахемла нутаг тийш явах болно, мөн та нар биднийг эргэж иртэл эндээ үлдэх болно; мөн бид ах дүүсийнхээ сэтгэлийг сонжин, тэд та нарыг нутагтаа оруулахыг хүсэх эсэхийг мэдэх болно.

16 Мөнхүү улиран тохиох дор Аммон уг нутагт орж явахдаа, өмнө нь дурдагдсан тэрхүү газарт, тэр болон түүний ах дүүс Алматай тааралдав; мөн болгоогтун, энэ нь баярт уулзалт байв.

17 Эдүгээ Аммоны баясал нь, бүр тэрбээр дүүрэн байсан тийм агуу байв; тийм ээ, тэрбээр бүр хүч нь тамирдах хүртэл Бурхандаа баясах баясалд автсан байв; мөн тэр дахин газар уналаа.

18 Эдүгээ энэ нь үлэмжийн баясал биш гэж үү? Болгоогтун, энэ нь үнэнээр гэмшигч болон баяр баясгаланг даруухнаар эрэлхийлэгчээс өөр хэний ч хүлээн авахгүй тэр баясал болой.

19 Эдүгээ Алмагийн ах дүүстэйгээ уулзсан баясал, мөн түүнчлэн Аароны, Омнерын мөн Химнайн баясал үнэхээр агуу их байв; гэвч болгоогтун тэдний баясал тэдний хүчийг тамирдуулахаар тийм байсангүй.

20 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма ах дүүсээ Зарахемла нутаг тийш; бүр өөрийнхөө гэрийг хүртэл буцаан удирдав. Мөн тэд явж мөн, Нифайн нутагт өөрсдийн ах дүүс леменчүүдийн дунд тэдэнд тохиолдсон бүх зүйлийг ерөнхий шүүгчид хэлэв.

21 Мөнхүү улиран тохиох дор Антай-нифай-лихайн хүмүүс болох ах дүүсээ оруулах талаарх хүмүүсийн саналыг хүсэн, ерөнхий шүүгч бүх нутаг даяар зар илгээв.

22 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн санал ирэв, өгүүлсэн нь: Болгоогтун, бид дорнодод тэнгисийн тэнд байдаг, Өгөөмөр нутагтай хиллэдэг, Өгөөмөр нутгийн өмнөдөд байдаг Жершоны нутгийг өгөх болно; мөн Жершоны энэ нутаг нь бидний ах дүүстээ өв болгон өгөх нутаг болой.

23 Мөн болгоогтун, бид Жершоны нутаг дахь ах дүүсээ хамгаалж болохын тулд их цэргээ Жершоны нутаг болон Нифайн нутгийн хооронд байрлуулах болно; мөн ах дүүсийнхээ эсрэг зэвсэг агсаж нүгэл үйлдэхээс эмээх тэдний айдсынх нь улмаас бид үүнийг ах дүүсийнхээ төлөө хийнэ; мөн тэдний энэхүү агуу айдас нь өөрсдийн олон аллага мөн өөрсдийн аймшигт ёс бус явдлаа наманчилсан тэрхүү шаналалт наманчлалынх нь улмаас ирсэн болой.

24 Мөн эдүгээ болгоогтун, тэд Жершоны нутгийг өвлөж болохын тулд бид ах дүүстээ үүнийг хийх болно; мөн бид их цэргээ хангаж болохын тулд бидэнд дэмжлэг болгон тэд хөрөнгийхөө хэсгийг өгөх нөхцөлд бид тэднийг дайснуудаас нь их цэргээрээ хамгаалах болно.

25 Эдүгээ, улиран тохиох дор Аммон үүнийг сонсоод, тэр мөн түүнчлэн Алма түүнтэй хамт, аглаг буйд тийш Антай-нифай-лихайн хүмүүст, тэдний майхнуудаа босгосон газар эргэн очиж, мөн тэдэнд эдгээр бүх зүйлийг мэдүүлэв. Мөн Аммон, Аарон хоёр, бас түүний ах дүүстэй хамт хөрвүүлэгдсэнээ Алма түүнчлэн тэдэнд өгүүлэв.

26 Мөнхүү улиран тохиох дор энэ нь тэдний дунд агуу баясал авчрав. Мөн тэд Жершоны нутагт уруудан очиж, мөн Жершоны нутгийг эзэмшилдээ авав; мөн тэд нифайчуудаар Аммоны хүмүүс гэж нэрлэгдэв; тиймийн тул тэд үүнээс хойш уг нэрээр ялгарсан болой.

27 Мөн тэд Нифайн хүмүүсийн дунд байж, мөн түүнчлэн Бурханы сүмд байсан хүмүүсийн дунд тоологдов. Мөн тэд түүнчлэн Бурханд хандсан, мөн түүнчлэн хүмүүст хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон байв; учир нь тэд бүх зүйлд төгс шударга мөн зөв шулуун байв; мөн тэд Христэд итгэх итгэлдээ бүр эцсээ хүртэл гуйвшгүй байв.

28 Мөн тэд ах дүүсийнхээ цусыг урсгахыг хамгийн их жигшил зэвүүцэлтэйгээр хардаг байв; мөн тэд хэзээ ч ах дүүсийнхээ эсрэг зэвсэг агсахад ятгагдахааргүй байв; мөн тэд Христийн тухай бас амилуулалтын тухай найдвар болон ойлголтынхоо улмаас үхлээс ямар ч хэмжээгээр айсан нь үгүй; тиймийн тул, тэдний хувьд үхлийг дийлсэн Христийн ялалтаар үхэл нь эзэмдэгдсэн билээ.

29 Тиймийн тул, өөрсдийн ах дүүсийг цохихоор илдээ эсвэл сэлмээ барихаасаа өмнө тэдний өөрсдөд нь учруулж болох хамгийн хүнд хэцүү болон зүдгүүрт үхлийг туулахад тэд бэлэн байв.

30 Мөн тийн тэд хичээнгүй мөн хайрлагдсан хүмүүс, Их Эзэний их тааллыг хүртсэн хүмүүс байв.