Судрууд
Алма 26


Бүлэг 26

Аммон Их Эзэнд баясав—Итгэлтэй тэд Их Эзэнээр хүчирхэгжүүлэгдэж мөн тэдэнд мэдлэг өгөгддөг—Хүмүүс итгэлээр мянга мянган бодгалийг наманчлалд авчирч болдог—Бурхан бүх хүч чадлыг эзэмшиж мөн бүх зүйлийг ухаардаг. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.

1 Мөн эдүгээ, эдгээр нь ах дүүстээ хандсан Аммоны үгс болой, ийн хэлэв: Ах дүүс минь мөн нөхөд минь, болгоогтун би та нарт хэлнэ, бидэнд баясаж болох ямар агуу шалтгаан байгаа билээ; учир нь бид Зарахемла нутгаас эхлэхдээ Бурхан бидэнд ийм их адислалуудыг өгөх болно гэдгийг бодож чадаж байсан гэж үү?

2 Мөн эдүгээ, би асууна, бидний дээр ямар агуу адислалуудыг тэр соёрхсон билээ? Та нар хэлж чадах уу?

3 Болгоогтун, би та нарын өмнөөс хариулъя; учир нь бидний ах дүүс леменчүүд харанхуйд, тийм ээ, бүр хамгийн харанхуй ангалд байсан, гэвч болгоогтун, тэднээс хэчнээн олон нь Бурханы гайхамшигт гэрлийг болгоохоор авчрагдсан билээ! Мөн бид энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон нь, бидний дээр бэлэглэгдсэн тэрхүү адислал болой.

4 Болгоогтун, тэдний мянга мянга нь баясна, мөн Бурханы сүрэгт авчрагдсан болой.

5 Болгоогтун, талбай боловсорч гүйцсэн байв, мөн адислагдсан болой та нар, учир нь та нар хадуураа барьж, мөн чадлаараа хадсан, тийм ээ, бүх өдрийн турш та нар хөдөлмөрлөсөн; мөн боодлуудынхаа тоог болгоогтун! Мөн тэдгээр нь үрэгдэхгүйн тулд саравчнуудад хураагдах болно.

6 Тийм ээ, тэд эцсийн өдөр шуурганд цохигдохгүй; тийм ээ, тэдгээр нь хар салхинд ч шидэгдэхгүй; харин шуурга ирэхэд, шуурга тэднийг нэвтэлж чадахгүйн тул тэдгээр нь байрандаа нэгдэн цуглуулагдах болно; тийм ээ, бас тэд дайсны хүссэн хаана боловч тэдгээрийг аваачих догшин салхинд туугдахгүй бөлгөө.

7 Гэвч болгоогтун, тэд ургацын Их Эзэний мутарт байна, мөн тэд түүнийх билээ; мөн тэрээр эцсийн өдөр тэднийг босгох болно.

8 Бурханы маань нэр алдаршиг; түүнийг магтан дуулцгаая, тийм ээ, түүний ариун нэрэнд талархал өргөе, учир нь тэр зөв шударгыг үүрд үйлддэг билээ.

9 Өөрөөр хэлбэл хэрэв бид Зарахемла нутгаас ирээгүй бол, биднийг ийм эрхмээр хайрласан, эдгээр эрхэм хайрт ах дүүс маань бидний эсрэг үзэн ядалтандаа тарчилсаар байх байсан, тийм ээ, мөн тэд түүнчлэн Бурханы хувьд харийн хүмүүс байхсан билээ.

10 Мөнхүү улиран тохиох дор Аммон эдгээр үгийг хэлэхэд, түүний анд Аарон түүнийг зэмлэн, хэлэв: Аммон, баясал чинь чамайг бардамнан сагсуурахад хүргэлээ хэмээн би айх юм.

11 Гэвч Аммон түүнд хэлрүүн: Би өөрийн хүч чадалд, бас өөрийн мэргэн ухаанд ч бардамнан сагсуураагүй байна; гэвч болгоогтун, миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно.

12 Тийм ээ, би юу ч биш гэдгээ мэднэ; чадлынхаа хувьд би сул дорой; тиймийн тул би өөрөөрөө бардамнан сагсуурахгүй, харин би Бурханаараа бардамнан сагсуурах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна; тийм ээ, болгоогтун, олон хүчит гайхамшгийг бид энэ нутагт гүйцээсэн, үүний төлөө бид түүний нэрийг үүрд алдаршуулах болно.

13 Болгоогтун, тэрээр хэчнээн мянган ах дүүсийг минь тамын шаналлаас сулласан билээ; мөн тэд гэтэлгэх хайрыг дуулахаар авчрагдлаа, мөн энэ нь бидэнд байдаг түүний үгийн хүчний учир юм, тиймийн тул баясах агуу шалтгаан бидэнд байхгүй гэж үү?

14 Тийм ээ, бидэнд түүнийг үүрд алдаршуулах шалтгаан буй, учир нь тэр бол Бүхний Дээд Бурхан, мөн ах дүүсийг маань тамын гинжнээс сулласан болой.

15 Тийм ээ, тэд үүрдийн харанхуй мөн устгалаар хүрээлэгдсэн байлаа; гэвч болгоогтун, тэрээр тэднийг өөрийн үүрдийн гэрэлд, тийм ээ, үүрдийн авралд авчирсан; мөн тэд түүний зүйрлэшгүй өгөөмөр хайраар хүрээлэгдсэн билээ; тийм ээ, мөн бид энэ агуу бөгөөд гайхамшигт ажлыг хийхэд түүний мутар дахь зэмсгүүд байсан билээ.

16 Тиймийн тул, баясацгаая, тийм ээ, бид Их Эзэнд баясах болно; тийм ээ, бид баярлах болно, учир нь бидний баяр хөөр дүүрэн байна; тийм ээ, бид Бурханаа үүрд магтан дуулах болно. Болгоогтун, хэн Их Эзэнээр хэтэрхий их бахархаж чадах билээ? Тийм ээ, түүний агуу их хүчний тухай, мөн түүний нигүүлслийн тухай, мөн хүмүүсийн үрсэд хандах түүний тэсвэр тэвчээрийн тухай хэн хэтэрхий ихийг хэлж чадах билээ? Болгоогтун, би та нарт хэлнэ, би өөрийн мэдэрч байгаагийнхаа хамгийн бага хэсгийг ч хэлж чадахгүй байна.

17 Бурхан маань биднийг өөрсдийн маань аймшигт, нүгэлт мөн бузартсан байдлаас шүүрч авахаар тийм нигүүлсэнгүй байх юм хэмээн хэн бодсон билээ?

18 Болгоогтун, бид бүр уур хилэгнэлтэйгээр, түүний сүмийг устгах гэсэн хүчит заналхийлэлтэйгээр урагшлан явсан билээ.

19 Ай тэгээд, яагаад тэрээр бидэнд аймшигт устгалыг оноосонгүй вэ, тийм ээ, яагаад тэрээр өөрийн шударга ёсны илдийг бидний дээр буулгасангүй вэ, мөн биднийг мөнхийн цөхрөлд ялласангүй вэ?

20 Ай, сүнс минь, ингэж бодохоос зайлах мэт болж байна. Болгоогтун, тэрээр өөрийн шударга ёсыг бидний дээр эс хэрэгжүүлэн, харин агуу их нигүүлсэлдээ үүрдийн үхлийн мөн аймшгийн ангалаас тэр биднийг хэлтрүүлж, бүр бидний сүнсний авралыг авчирсан билээ.

21 Мөн эдүгээ болгоогтун, ах дүүс минь, эдгээр зүйлийг мэддэг ямар эгэл хүн байдаг билээ? Би та нарт хэлнэ, гэмшигчээс өөр, эдгээр зүйлийг мэддэг нь нэгээхэн ч үгүй бөлгөө.

22 Тийм ээ, наманчилдаг мөн итгэлээ хэрэгжүүлдэг, мөн сайн үйлүүдийг авчирдаг, мөн үргэлж тасралтгүйгээр залбирдаг түүнд—ийм заримд Бурханы нууцууд мэдэгдэхээр өгөгддөг болой; тийм ээ, ийм заримд хэзээ ч илчлэгдэж байгаагүй зүйлс илчлэгдэхээр өгөгдөх болно; тийм ээ, мөн ийм заримд бүр эдгээр ах дүүсээ наманчлалд авчрах нь бидэнд өгөгдсөний адилаар, мянга мянган бодгалийг наманчлалд авчрах нь өгөгдөх болно.

23 Эдүгээ ах дүүс минь, бид Зарахемла нутаг дахь ах дүүстээ, бид Нифайн нутаг тийш ах дүүс леменчүүддээ номлохоор очихыг хэлэхэд, мөн тэд биднийг элэглэн дооглож инээлдсэнийг та нар санаж байна уу?

24 Учир нь тэд бидэнд ийн хэлсэн: Та нар леменчүүдийг үнэний мэдлэгт авчирч чадна хэмээн бодно уу? Та нар леменчүүдийг, цус урсгахдаа зүрх нь баясах тэднийг; өдрүүд нь хамгийн бузар алдсуудад өнгөрдөг тэднийг; зам нь эхлэлээс л зөрчигчийн зам байсан тэднийг, тэдэн шиг гөжүүд хүмүүсийг эцэг өвгөдийнх нь уламжлал зөв бус гэдэгт үнэмшүүлж чадна хэмээн бодно уу? Эдүгээ ах дүүс минь, энэ нь тэдний үгс байсныг та нар санаж байгаа.

25 Мөн үүнээс гадна тэд ийн хэлсэн: Тэд биднийг дийлж мөн биднийг устгахгүйн тулд, бид тэднийг мөн тэдний алдсуудыг уг нутгаас устгахын тулд тэдний эсрэг зэвсэглэцгээе.

26 Гэвч болгоогтун, хайрт ах дүү нар минь, бид аглаг буйдад ах дүүсээ устгах зорилготойгоор бус харин тэдний бодгалиудаас цөөн хэдийг боловч аварч болох магад хэмээх зорилготойгоор ирсэн билээ.

27 Эдүгээ бидний зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад, болгоогтун, Их Эзэн биднийг тайтгаруулан, мөн: Өөрсдийн ах дүүс леменчүүдийн дунд явагтун, мөн зүдгүүрүүдээ тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно хэмээн хэлсэн бөлгөө.

28 Мөн эдүгээ болгоогтун, бид ирж, мөн тэдний дунд орсон; мөн бид зовлонгууддаа тэвчээртэй байв, мөн бид гачигдал бүрийг туулсан бөлгөө; тийм ээ, дэлхийнхний нигүүлсэл дээр—зөвхөн дэлхийнхний нигүүлсэл дээр ч бус харин түүнчлэн Бурханы нигүүлсэл дээр тулгуурлан бид гэрээс гэр хүртэл аялсан.

29 Мөн бид тэдний гэрт орж, тэдэнд зааж, мөн тэдэнд гудамжинд нь сургасан; тийм ээ; мөн бид толгод дээр нь тэдэнд заасан; мөн түүнчлэн бид тэдний ариун сүмүүдэд, тэдний синагогуудад орж мөн тэдэнд заасан; мөн бид хөөгдөж, элэглүүлж, нулимуулж, мөн хацар дээрээ цохиулсан; мөн бид чулуугаар шидүүлж, баривчлагдаж мөн бөх олсоор хүлэгдэж, шоронд хаягдсан; мөн Бурханы хүч бас мэргэн ухаанаар бид дахин чөлөөлөгдсөн болой.

30 Мөн бид зарим нэг бодгалийг аврах хэрэгсэл байж болох магад хэмээн бид бүх л төрлийн зүдгүүрийг, мөн энэ бүгдийг туулсан билээ; мөн хэрэв бид магад зарим хэдийг аврах хэрэгсэл байж чадвал бидний баясал дүүрэн байна хэмээн бодсон буюу.

31 Эдүгээ болгоогтун, бид урагш харж мөн хөдөлмөрийнхөө үр жимсийг харж чадна; мөн тэдгээр нь цөөхөн гэж үү? Би та нарт хэлнэ, Үгүй, тэдгээр нь олон; тийм ээ, мөн бид тэдний ах дүүстээ хандсан, мөн түүнчлэн бидэнд хандсан тэдний хайрын учир тэдний чин сэтгэлийг харж чадна.

32 Учир нь болгоогтун, тэд бүр дайсныхаа амийг авснаас өөрсдийн амийг золиосолсон нь дээр хэмээсэн болой; мөн тэд ах дүүстээ хандсан хайрынхаа улмаас дайны зэр зэвсгүүдээ газрын гүнд булшилсан болой.

33 Мөн эдүгээ болгоогтун би та нарт хэлнэ, бүх нутагт ийм агуу их хайр байсан уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй, бүр нифайчуудын дунд ч гэсэн байгаагүй.

34 Учир нь болгоогтун, тэд ах дүүсийнхээ эсрэг зэвсгээ агсахад бэлэн байсан; тэд өөрсдийгөө алуулахыг зөвшөөрдөггүй байсан. Гэвч болгоогтун эдгээрийн хэчнээн олон нь амиа өгсөн билээ; мөн өөрсдийн хайрын улмаас мөн нүглийг үзэн ядаж байсан учир тэд өөрсдийн Бурханд одсоныг бид мэднэ.

35 Эдүгээ бидэнд баясах шалтгаан үгүй гэж үү? Тийм ээ, би та нарт хэлнэ, дэлхий эхэлснээс хойш бидний адил ийм агуу баясах шалтгаантай хүмүүс хэзээ ч байгаагүй; тийм ээ, мөн баясал минь бүр Бурханаараа бардамнах бардамналд хүргэв; учир нь түүнд бүх хүч чадал, бүх мэргэн ухаан, мөн бүх ойлголт байдаг; тэрээр бүх зүйлийг ухаардаг мөн тэрээр наманчлах мөн түүний нэрэнд итгэдэг тэднийг бүр авралд хүргэх нигүүлсэнгүй Нэгэн бөлгөө.

36 Эдүгээ хэрэв энэ нь бардамнан сагсуурсан хэрэг аваас, тэрчлэн би бардамнан сагсуурах болно; учир нь энэ бол миний амь амьдрал болон миний гэрэл, миний баясал бөгөөд миний аврал, мөн үүрдийн халаглалаас гэтэлгэх миний гэтэлгэл. Тийм ээ, мөн харь нутагт гол биеэсээ гээгдсэн Израилын модны мөчир болох энэ хүмүүст анхааран хандсан Бурханы минь нэр алдаршиг; тийм ээ, би хэлнэ, харь газар бэдрэх биднийг анхаарч үзсэн Бурханы минь нэр алдаршиг.

37 Эдүгээ ах дүүс минь, тэд аль ч нутагт байсан хүмүүс болгоныг Бурхан анхааран үздэгийг бид харлаа; тийм ээ, тэрээр өөрийн хүмүүсийг тоолж, мөн түүний нигүүлслийн сэтгэл нь бүх дэлхийг бүрхдэг билээ. Эдүгээ энэ нь миний баясал, мөн миний агуу талархал; тийм ээ, мөн Бурхандаа би үүрд талархлыг өргөх болно. Амен.