Судрууд
Алма 24


Бүлэг 24

Леменчүүд Бурханы хүмүүсийн эсрэг ирэв—Антай-нифай-лихайчууд Христэд баясаж мөн тэнгэр элч нараар айлчлагдав—Тэд амиа хамгаалахын оронд үхлийг амсахаар сонгов—Илүү олон леменчүүд хөрвүүлэгдэв. Ойролцоогоор МЭӨ 90–77 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Амюлоны нутагт мөн түүнчлэн Хилам нутагт байсан, мөн Иерусалим нутагт байсан, дүгнэж хэлэхэд, эргэн тойрны бүх нутаг дахь, өөрсөд дээрээ Антай-нифай-лихай нэрийг аваагүй мөн хөрвүүлэгдээгүй амалекайчууд, амюлончууд мөн леменчүүд нь, амалекайчуудаар мөн амюлончуудаар ах дүүсийнхээ эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав.

2 Мөн тэдний үзэн ядалт тэдний эсрэг үлэмж хүчтэй болж, бүр үүний хэрээр тэд хааныхаа өөдөөс эсэргүүцэж эхлэв, үүний хэрээр тэд түүнийг өөрсдийн хаан байлгахыг хүсэхгүй байв; тиймийн тул, тэд Антай-нифай-лихайн хүмүүсийн эсрэг зэвсэглэв.

3 Эдүгээ хаан хүүгийнхээ дээр хаант улсыг шилжүүлж, мөн тэрээр хүүгийнхээ нэрийг Антай-нифай-лихай хэмээн нэрлэв.

4 Мөн леменчүүд Бурханы хүмүүсийн эсрэг дайны бэлтгэл хийж эхэлсэн мөнхүү жил хаан нас халив.

5 Эдүгээ Аммон болон түүний ах дүүс мөн түүнтэй хамт ирсэн тэд бүгд өөрсдийнх нь ах дүүсийг устгах гэсэн леменчүүдийн бэлтгэлийг үзээд, тэд Мидиан нутагт ирж, мөн тэнд Аммон бүх ах дүүстэйгээ уулзав; мөн тэндээсээ тэд Лемонай болон түүнчлэн түүний дүү Антай-нифай-лихайтай, тэд леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахад юу хийвэл зохих талаар зөвлөлдөөн хийж болохын тулд Ишмэилийн нутагт ирсэн ажгуу.

6 Эдүгээ Их Эзэнд хөрвүүлэгдсэн бүх хүний дунд ах дүүсийнхээ эсрэг зэвсэг барих нэг ч бодгаль байсангүй; үгүй, тэд бүр дайны ямар ч бэлтгэл хийхийг хүссэнгүй; тийм ээ, мөн түүнчлэн хаан нь тэд тэгэх ёсгүйг тэдэнд зарлиглав.

7 Эдүгээ, эдгээр нь уг хэргийн талаар хүмүүст хэлсэн түүний үгс болой: Хайрт хүмүүс минь, бидний агуу их Бурхан сайн сайхандаа эдгээр ах дүүс нифайчуудыг маань бидэнд номлуулж, мөн ёс бус эцэг өвгөдийн маань уламжлалуудыг бидэнд үнэмшүүлэхээр бидэнд илгээсний учир би Бурхандаа талархана.

8 Мөн болгоогтун, бид эдгээр ах дүүс нифайчуудтай харилцааг нээхийн тулд, бидний зүрхийг зөөллөхөөр тэрээр бидэнд өөрийн Сүнсний хэсгийг өгсөнд нь би агуу их Бурхандаа талархана.

9 Мөн болгоогтун, энэ харилцааг нээснээр бид нүглүүдээ, мөн өөрсдийн үйлдсэн олон аллагыг ойлгосондоо би түүнчлэн Бурхандаа талархана.

10 Мөн түүнчлэн би Бурхандаа, тийм ээ, агуу их Бурхандаа, тэрээр эдгээр зүйлийг наманчилж болохыг бидэнд зөвшөөрсөнд нь, мөн түүнчлэн тэрээр бидний үйлдсэн олон нүглийг мөн аллагуудыг маань өршөөсөнд нь, мөн өөрийн Хүүгийн гавьяат үйлээр, бидний зүрх сэтгэлээс гэмшлийг зайлуулан авсанд нь талархана.

11 Мөн эдүгээ болгоогтун, ах дүүс минь, өөрсдийн бүх нүглийг мөн үйлдсэн бүх аллагаа наманчилж, мөн Бурханаар тэдгээрийг зүрх сэтгэлээсээ зайлуулан авахуулахаар бид чадах бүхнээ хийсэн учраас (бид бүх хүн төрөлхтнөөс хамгийн алдагдсан нь байсан учир), тодруулбал тэрээр бидний толбыг зайлуулахуйц хангалттайгаар Бурханы өмнө наманчлахад чадах бүхнээ хийсэн учраас—

12 Эдүгээ, хамгийн хайрт ах дүүс минь, Бурхан бидний толбуудыг зайлуулан авч, мөн илднүүд маань өнгөлөг болсон учир, тиймээс ах дүүсийнхээ цусаар илднүүдээ хойшид толботуулахгүй байцгаая.

13 Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй, илднүүдээ ах дүүсийнхээ цусанд толботуулалгүй хадгалцгаая; учир нь, хэрэв бид илдээ дахин толботуулах аваас тэдгээр нь агуу их Бурханы маань Хүүгийн бидний нүглүүдийн цагаатгалын төлөө урсах цусаар дахин өнгөлөгдөн угаагдах боломжгүй байж магад.

14 Мөн агуу их Бурхан бидний дээр нигүүлсэнгүй байж, мөн бид мөхөхгүй байж болохын тулд эдгээр зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ; тийм ээ, мөн тэрээр эдгээр зүйлийг урьдчилан бидэнд мэдүүлсэн юм, яагаад гэвэл тэрээр бидний бодгальд хайртайн адил мөн хүүхдүүдэд маань ч хайртай; тиймийн тул, бидэнд мөн ирээдүйн үеүдэд маань ч авралын төлөвлөгөө мэдүүлэгдэж болохын тулд тэрээр өөрийн нигүүлсэлд тэнгэр элч нараараа бидэнд айлчилдаг.

15 Ай, бидний Бурхан хэчнээн нигүүлсэнгүй билээ! Мөн эдүгээ болгоогтун, энэ нь бид өөрсдөөсөө толбуудыг зайлуулан авахуулахын тулд бидний хийж чадах бүх зүйл байсан бөгөөд бидний илд өнгөлөг болгогдсон учир, бид түүний өмнө шүүгдэхийн тулд зогсохоор авчрагдах тэр өдөр буюу эцсийн өдөр, тэрээр өөрийн үгийг бидэнд түгээж мөн түүгээрээ биднийг цэвэр болгосноос хойш бид илдээ ах дүүсийнхээ цусанд толботуулаагүй хэмээн Бурханд маань гэрчлэл болж, өнгөлөг хэвээрээ хадгалагдаж болохын тулд тэдгээрийг далдлан нууцгаая.

16 Мөн эдүгээ, ах дүүс минь, хэрэв ах дүүс маань биднийг устгахыг эрэлхийлэх аваас, болгоогтун, бид илднүүдээ зайлуулан нуух болно, тийм ээ, бүр тэдгээр нь эцсийн өдөр, бид тэдгээрийг хэзээ ч хэрэглээгүйн гэрчлэл болж өнгөлөг хэвээрээ хадгалагдаж болохын тулд газрын гүнд тэдгээрийг булшлах болно; мөн хэрэв ах дүүс маань биднийг устгах аваас, болгоогтун, бид Бурхандаа очиж мөн аврагдах болно.

17 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор хаан эдгээр үгийг хэлж дуусахад, мөн бүх хүн хамтдаа цуглуулагдан, тэд илднүүдээ, мөн хүмүүний цус урсгахын тулд хэрэглэгдэж байсан бүх зэр зэвсгээ авч, мөн тэдгээрийг газрын гүнд булшлав.

18 Мөн үүнийг хийсэн нь тэд хэзээ ч хүмүүний цусыг урсгахаар зэр зэвсэг дахин хэрэглэхгүй хэмээн Бурханд мөн түүнчлэн хүмүүнд хандсан тэдний гэрчлэл мөн гэж тэд үзсэн ажээ; мөн тэд ах дүүсийнхээ цусыг урсгахын оронд амиа өгөх болно гэдгээ тэд Бурханд батламжлан мөн гэрээлэн үүнийг хийсэн бөлгөө; мөн ах дүүгээс авахын оронд тэд өгөх болно; мөн өөрсдийн өдрүүдээ залхаг байдалд өнгөрөөхийн оронд өөрсдийн гараар ихэд хөдөлмөрлөх болно хэмээн буюу.

19 Мөн тийн бид, эдгээр леменчүүд итгэхэд мөн үнэнийг мэдэхэд авчрагдахдаа, тэд тууштай байж, мөн нүгэл үйлдэхийн оронд бүр үхлийг хүртэл зовоход бэлэн байсныг харлаа; мөн тийн тэд энх амгалангийн зэр зэвсгээ, өөрөөр хэлбэл тэд дайны зэр зэвсгээ энх амгалангийн төлөө булшилсныг бид харлаа.

20 Мөнхүү улиран тохиох дор тэдний ах дүүс леменчүүд, дайнд зориулан бэлтгэлүүдийг хийж, мөн хааныг устгах мөн түүний оронд өөрийг тавих, мөн түүнчлэн Антай-нифай-лихайн хүмүүсийг уг нутгаас арилган устгах зорилгоор Нифайн нутагт иржээ.

21 Эдүгээ хүмүүс өөрсдийнх нь эсрэг тэдний ирж буйг хараад тэдэнтэй уулзахаар гарцгаав, мөн тэдний өмнө өөрсдөө газарт сунан хэвтэж мөн Их Эзэний нэрийг дуудаж эхлэв; мөн тийн леменчүүд тэдний зүг дайран, мөн тэднийг илдээрээ алж эхлэхэд тэд ийм байдалтай байв.

22 Мөн ямар ч эсэргүүцэлгүйгээр, тэдний нэгэн мянга тавыг нь тэд тийн алсан болой; мөн тэд адислагдсаныг бид мэднэ, учир нь тэд Бурхантайгаа оршихоор одсон билээ.

23 Эдүгээ леменчүүд өөрсдийнх нь ах дүүс илдээс зугтахгүй, бас баруун эсвэл зүүн гар тийш эргэхгүй байгааг, харин тэд хэвтэж мөн эрсдэж, мөн бүр илдэн дор эрсдэх яг тэр үедээ ч Бурханыг магтаж буйг хараад—

24 Эдүгээ леменчүүд үүнийг хараад тэд тэднийг алахаа болив; мөн илдэн дор унасан ах дүүсийнхээ төлөө тэднээс олных нь зүрх сэтгэл хөдөлсөн байв, учир нь тэд хийсэн зүйлсийнхээ улмаас наманчилсан ажгуу.

25 Мөнхүү улиран тохиох дор тэд дайны зэвсгээ доош хаяв, мөн тэд тэдгээрийг дахин авахыг хүссэнгүй, учир нь тэд өөрсдийн үйлдсэн аллагуудын улмаас сэтгэл нь шархирч байв; мөн бүр тэднийг алахаар гараа далайсан тэдгээрийн нигүүлсэлд найдан өөрсдийн ах дүүсийн адил тэд доош унав.

26 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр алагдсан тэдгээрийн тооноос илүү олон нь Бурханы хүмүүст нэгтгэгдэв; мөн алагдсан тэд зөв шударга хүмүүс байв, тиймийн тул тэдний аврагдсанд эргэлзэх ямар ч шалтгаан бидэнд үгүй болой.

27 Мөн тэдний дунд алагдсан ёс бус хүн байсангүй; харин мянгаас илүү олон нь үнэний мэдлэгт авчрагдав; тийн бид Их Эзэн өөрийн хүмүүсийн авралын төлөө олон аргаар ажилладгийг харлаа.

28 Эдүгээ ах дүүсээсээ олныг алсан тэдгээр леменчүүдээс хамгийн олон тоотой нь амалекайчууд болон амюлончууд байв, тэдний ихэнх нь нихоруудын жаягийн дагуух хүмүүс байв.

29 Эдүгээ, Их Эзэний хүмүүст нэгдсэн тэдний дунд, амалекайчууд эсвэл амюлончууд, эсвээс Нихорын жаягийнхнаас нэг ч байсангүй, харин тэд Лемен болон Лемүелийн жинхэнэ үр удам байв.

30 Мөн аливаа хүмүүс нэгэнт Бурханы Сүнсээр гэгээрүүлэгдсэний дараа, мөн зөв шударгад хамаарах зүйлсийн агуу мэдлэгтэй болсны дараа, мөн тэгээд нүгэл болон зөрчилд унасан бол, тэд илүү хатуурч, мөн тийн тэдний байдал хэрэв тэд эдгээр зүйлийг хэзээ ч мэдээгүй байснаас дор болдгийг бид тийн тодорхойгоор харж чадлаа.