Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 19

Лемонай үүрдийн амьдралын гэрлийг хүлээн авч мөн Гэтэлгэгчийг харав—Түүний гэрийнхэн зүүдээр зорчих байдалд унаж, мөн олон нь тэнгэр элчүүдийг харав—Аммон гайхамшигтайгаар хадгалагдан хамгаалагдав—Тэрээр олонд баптисм хүртээж мөн тэдний дунд сүм байгуулав. Ойролцоогоор мэө 90 он.

1Мөнхүү улиран тохиох дор хоёр өдөр мөн хоёр шөнийн дараа тэд түүний биеийг авч мөн үхэгсдээ оршуулах зорилгын тулд тэдний хийсэн хадан булшинд хэвтүүлэх гэж байв.

2Эдүгээ хатан Аммоны алдрыг сонссон тул, тиймийн тул тэр түүнийг өөр дээрээ ирэхийг хүсэн хүн илгээв.

3Мөнхүү улиран тохиох дор Аммон зарлиглуулсныхаа дагуу явж, мөн хатанд очиж, мөн түүгээр юу хийлгэх гэснийг тэр мэдэхийг хүсэв.

4Мөн тэрээр түүнд хэлэв: Нөхрийн маань зарц нар таныг ариун Бурханы бошиглогч гэдгийг мөн түүний нэрээр олон гайхамшигт ажлуудыг хийх хүч танд байдгийг надад мэдүүллээ;

5Тиймийн тул, хэрэв энэ нь нөхцөл аваас, би таныг нөхрийг минь очиж үзээсэй хэмээнэ, учир нь тэр орондоо хэвтүүлэгдээд хоёр өдөр мөн хоёр шөнө болж байна; мөн зарим нь түүнийг үхээгүй гэх юм, гэвч бусад зарим нь тэр үхчихсэн мөн тэр өмхийрч байна, мөн тэр хадан булшинд тавигдвал зохино гэх юм; гэвч миний хувьд, өөрт минь бол тэр өмхийрөөгүй.

6Эдүгээ, Аммоны хүссэн нь энэ байв, учир нь Лемонай хаан Бурханы хүчний дор байгааг тэр мэдэж байв; итгэлгүй байдлын харанхуй гивлүүр түүний оюунаас зайлуулагдаж, мөн түүний оюуныг гэрэлтүүлсэн гэрэл, Бурханы алдар суугийн гэрэл болох тэр, мөн түүний сайн сайхны гайхамшигт гэрэл болох тэр—тийм ээ, харанхуйн үүлс ярагдсаны дараа энэ гэрэл түүний бодгальд маш их баяслыг төрүүлснийг мөн үүрдийн амьдралын гэрэл түүний бодгальд гэрэлтсэнийг тэр мэдэж байв, тийм ээ, энэ нь түүний буй биеийг хальж, мөн тэрээр оюун санааныхаа хувьд Бурханаар аваачигдсаныг тэрээр мэдсэн бөлгөө—

7Тиймийн тул, хатны түүнээс хүссэн нь түүний цорын ганц хүсэл байв. Тиймийн тул, тэрээр өөрөөс нь хатны хүссэний дагуу хааныг үзэхээр оров; мөн тэрээр хааныг үзэж, мөн тэрээр түүнийг үхээгүйг мэдэв.

8Мөн тэрээр хатанд хэлэв: Тэр үхээгүй, харин тэр Бурханы хувьд унтаж байна, мөн маргааш тэр дахин босох болно; тиймийн тул түүнийг бүү оршуул.

9Мөн Аммон түүнд хэлэв: Та үүнд итгэв үү? Мөн тэр түүнд хэлэв: Таны үгнээс мөн зарц нарын маань үгнээс өөр гэрч надад үгүй байна; гэсэн хэдий ч би энэ нь таны хэлсний дагуу байх болно хэмээн итгэнэ.

10Мөн Аммон түүнд хэлэв: Үлэмж итгэлийнхээ учир адислагдсан болой та; би танд хэлнэ, эмэгтэй, бүх нифайчуудын хүмүүсийн дунд ч ийм агуу их итгэл үгүй билээ.

11Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэр цагаас Аммоны товлосон, түүний босох ёстой маргаашийн тэрхүү цагийг хүртэл нөхрийнхөө орон дээр сахив.

12Мөнхүү улиран тохиох дор тэр Аммоны үгсийн дагуу босов; мөн тэр босохдоо, гараа сайхь эмэгтэйн зүг сунгаж, мөн хэлэв: Бурханы нэр алдаршиг, мөн адислагдсан болой та.

13Учир нь таны амьд нь гарцаагүйн адил, болгоогтун, би өөрийн Гэтэлгэгчийг харав; мөн тэр ирнэ, мөн эмэгтэйгээс төрөн, мөн өөрийнх нь нэрэнд итгэх бүх хүн төрөлхтнийг тэр гэтэлгэх болно. Эдүгээ, тэрээр энэ үгсийг хэлэхдээ, түүний дотор зүрх сэтгэл нь уужирч, мөн тэрээр баяслаасаа болоод дахин унав; мөн түүнчлэн хатан ч унаж, Сүнсээр давамгайлагдаж байсны учир болой.

14Эдүгээ Аммон түүний ах дүүс болох нифайчуудын дунд, эсвээс Бурханы бүх хүмүүсийн дунд өөрсдийн алдсууд хийгээд уламжлалуудын учир тийм их гашуудлын шалтгаан болсон леменчүүдийн дээр Их Эзэний Сүнс түүний залбирлуудын дагуу цутгагдаж буйг хараад, өвдөг дээрээ унаж, мөн түүний ах дүүсийн төлөө хийсэн зүйлийн төлөө Бурханд талархан мөн залбиралд сэтгэл оюунаа уудалж эхлэв; мөн тэрээр түүнчлэн баясалдаа дийлдэн байв; мөн тийн тэд гурвуулаа газарт унав.

15Эдүгээ, хааны зарц нар тэдний унасныг хараад, тэд түүнчлэн Бурханд залбирч эхлэв, учир нь Их Эзэнээс эмээх айдас тэдэнд түүнчлэн ирсэн байв, учир нь хааны өмнө зогсож мөн түүнд Аммоны агуу их хүчний талаар гэрчилсэн тэд байв.

16Мөнхүү улиран тохиох дор бүр тэд бүгд, Лемен үндэсний Эбиш гэгч нэгэн бүсгүйгээс бусад нь, газарт унах хүртлээ Их Эзэний нэрийг өөрсдийн хүчээр дуудав, тэр бүсгүй эцгийнхээ гайхамшигт үзэгдлийн учир олон жилийн өмнө Их Эзэнд хөрвүүлэгдсэн аж—

17Тийн Их Эзэнд хөрвүүлэгдсэн учир, мөн үүнийг хэзээ ч мэдүүлээгүйн учир, тиймийн тул, тэрээр Лемонайн бүх зарц нар газарт унасныг, мөн түүнчлэн эзэгтэй нь, хатан, мөн хаан, мөн Аммон газарт тэрийн хэвтэхийг хараад, энэ бол Бурханы хүч гэдгийг тэр бүсгүй мэдэв; мөн тэдний дунд тохиолдсоныг хүмүүст мэдүүлснээр, тэд энэ байдлыг болгоогоод энэ боломж нь тэднийг Бурханы хүчинд итгүүлнэ хэмээн бодсон учир, тиймийн тул сайхь бүсгүй байшингаас байшин хүртэл гүйж, үүнийг хүмүүст мэдүүлсээр байв.

18Мөн тэд хааны гэрт өөрсдөө нэгдэн цугларч эхлэв. Мөн олон ард ирж, мөн тэд хааныг мөн хатныг, бас тэдний зарц нар газарт тэрийн хэвтэхийг гайхаж балмагдан харав, мөн тэд бүгд үхсэн мэтээр хэвтэж байв; мөн түүнчлэн тэд Аммоныг харав мөн болгоогтун тэр нь нифай үндэстэн хүн байв.

19Мөн эдүгээ хүмүүс өөр хоорондоо бувтналдаж эхлэв; зарим нь нифай хүн уг нутагт үлдэхийг тэрээр зөвшөөрсөн учир, тэдний дээр, эсвээс хааны мөн түүний гэрийн дээр агуу хилэнц нүүрлэж хэмээцгээв.

20Гэвч бусад зарим нь тэднийг зэмлэж, хэлрүүн: Тэр Себасын усны дэргэд сүргээ тараалгасан зарц нараа алсан учир, хаантан гэрийнхээ дээр энэ хилэнцийг авчирсан ажээ.

21Мөн түүнчлэн тэд Себасын усанд босож мөн хаанд өмчлөгдсөн сүргийг тараасан тэдгээр эрчүүдээр зэмлэгдэв, учир нь хааны сүргийг хамгаалж байхдаа Себасын усанд түүний алсан өөрсдийнх нь ах дүүсийн тооны учир тэд Аммонд уурлаж байв,

22Эдүгээ, ах нь Аммоны илдэнд алагдсан нэг нь, тэр Аммонд үлэмж уурласан учир илдээ сугалж мөн тэрээр үүнийг Аммоны дээр, түүнийг алахаар буулгаж болохын тулд урагшлав; мөн тэрээр түүнийг цохихоор илдээ өргөхөд, болгоогтун, тэр үхэтхийн унав.

23Эдүгээ Аммон алагдахгүйг бид харлаа, учир нь Их Эзэн түүний эцэг Мозаяд ийн хэлсэн ажгуу: Би түүнийг хэлтрүүлэх болно, мөн энэ нь таны итгэлийн дагуу түүнд байх болно—тиймийн тул, Мозая Их Эзэнд түүнийг даатгасан байжээ.

24Мөнхүү улиран тохиох дор ард олон Аммоныг алахаар илдээ далайсан мөнөөх эр үхэтхийн унахыг болгоогоод, тэд бүгдийн дээр айдас хургаж мөн тэд түүнд эсвээс унасан буй тэдний хэнд нь ч хүрэхээр гараа хөдөлгөж зүрхэлсэнгүй; мөн тэд дахин өөр хоорондоо юу энэ агуу их хүчийг гаргаж чадахыг эсвээс энэ зүйлүүд ямар утгатай болохыг гайхаж эхлэв.

25Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд Аммон бол Агуу Их Сүнс байсан хэмээн хэлэх нь олон байв, мөн бусад зарим нь Агуу Их Сүнсээр илгээгдсэн хэмээв.

26Гэвч бусад зарим нь тэднийг бүгдийг зэмлэж, тэр бол нифайчуудаас тэднийг тарчлаахаар илгээгдсэн мангас мөн хэмээв.

27Мөн тэдний алдсуудын учир тэднийг зовоохоор Аммон Агуу Их Сүнсээр илгээгдсэн хэмээн хэлсэн зарим нь байв; мөн нифайчуудыг үргэлж харж ханддаг, тэднийг өөрсдийг нь гараас ямагт чөлөөлдөг байсан нь Агуу Их Сүнс юм; мөн тэд өөрсдийнх нь ах дүүс болох леменчүүдээс тийм олныг устгасан тэрхуу Агуу Их Сүнс нь энэ байв.

28Мөн тийн тэдний дундах зөрчилдөөн үлэмж хурц болж эхлэв. Мөн тэд ийн тэмцэлдэж байхад, ард олныг цугларахад хүргэсэн мөнөөх эмэгтэй зарц ирж, ард олны дундах зөрчлийг хараад тэрээр үлэмж харамсан, бүр нулимс унагав.

29Мөнхүү улиран тохиох дор тэр явж, тэрээр магад түүнийг газраас босгож болохын тулд хатныг гараас нь барив; мөн тэрээр түүнд гар хүрмэгц тэр босож мөн хөл дээрээ зогсов, мөн чанга дуугаар хашгирч хэлэв: Ай алдар нь бадарсан Есүс, намайг аймшигт тамаас аварсан тэр! Ай алдар нь бадарсан Бурхан, энэ хүмүүсийн дээр нигүүлслийг соёрхооч!

30Мөн тэр үүнийг хэлээд, тэр гараа хавсрав, учир нь тэр баяслаар дүүрсэн байж, мөн ойлгогдоогүй олон үгийг ярив; мөн тэрээр үүнийг хийгээд, тэр хаан Лемонайг гараас нь барихад, мөн болгоогтун тэр босож мөн хөл дээрээ зогсов.

31Мөн тэрээр, тэр даруй, өөрийн хүмүүсийн дундах зөрчлийг хараад, явж мөн тэднийг зэмлэж эхлэв, мөн Аммоны амнаас өөрийн дуулсан үгсээ тэдэнд зааж эхлэв; мөн сонссон бүхэн түүний үгсэд итгэж, мөн Их Эзэнд хөрвүүлэгдэв.

32Гэвч тэдний дунд түүний үгсийг сонсохгүй нь олон байв; тиймийн тул тэд өөрсдийн замаар одов.

33Мөнхүү улиран тохиох дор Аммон босоод түүнчлэн тэдэнд туслав, мөн Лемонайн бүх зарц нар түүнчлэн үйлдэв; мөн тэд бүгд хүмүүст нэгэн адил зүйлийг—тэдний зүрх сэтгэл өөрчлөгдсөнийг; тэд хилэнцийг үйлдэх хүсэлгүй болсныг тунхаглав.

34Мөн болгоогтун, олон нь тэд тэнгэр элчүүдийг харсан мөн тэдэнтэй ярилцсан хэмээн хүмүүст тунхаглав; мөн тийн тэд Бурханы мөн түүний зөв шударгын зүйлүүдийг тэдэнд өгүүлэв.

35Мөнхүү улиран тохиох дор тэдний үгсэд итгэсэн олон нь байв; мөн итгэсэн болгон баптисм хүртэв; мөн тэд зөв шударга хүмүүс болж, мөн тэд дундаа сүм байгуулав.

36Мөн тийн Их Эзэний ажил леменчүүдийн дунд үүссэн болой; тийн Их Эзэн өөрийн Сүнсийг тэдний дээр цутгаж эхлэв; мөн наманчилж мөн түүний нэрэнд итгэх бүх хүмүүст түүний мутар сунгаастай байдгийг бид харлаа.