Судрууд
Алма 18


Бүлэг 18

Лемонай хаан, Аммоныг Агуу Их Сүнс хэмээн бодов—Аммон Бүтээлийн тухай, Бурханы хүмүүнтэй үйлдэх үйл хэргүүдийн тухай, мөн Христээр дамжин ирэх гэтэлгэлийн тухай хаанд заав—Лемонай итгэж мөн үхсэн мэт газар унав. Ойролцоогоор МЭӨ 90 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Лемонай хаан өөрийн зарц нарыг урагшилж, уг хэргийн талаар харсан бүх зүйлийг гэрчлэх болгов.

2 Мөн тэд бүгд өөрсдийн харсан зүйлийг гэрчилсний дараа, мөн тэрээр өөрийнх нь сүргийг хадгалан хамгаалахад Аммон үнэнч байсныг нь, мөн түүнчлэн түүнийг алахаар эрэлхийлсэн тэдний эсрэг тэмцэлдсэн түүний агуу хүчийн талаар мэдсэний дараа, тэрээр үлэмж гайхширч, мөн хэлэв: Энэ бол энгийн хүн биш нь гарцаагүй юм. Болгоогтун, үйлдсэн аллагуудынх нь улмаас агуу шийтгэлүүдийг энэ хүмүүсийн дээр илгээдэг Агуу Их Сүнс нь энэ бус уу?

3 Мөн тэд хаанд хариулж, мөн хэлэв: Тэрээр Агуу Их Сүнс үү, эсвэл хүн үү гэдгийг бид мэдэхгүй; харин бидний мэдэх нь, тэр хааны дайснуудад алагдана гэж үгүй; бас тэр бидэнтэй байхад хааны сүргийг тэд тарааж чадахгүй, түүний чадвар болоод агуу хүчний улмаас буюу; тиймийн тул, тэр бол хааны анд гэдгийг бид мэднэ. Мөн эдүгээ, ай хаантан, хүнд тийм агуу хүч байдагт бид итгэдэггүй, учир нь тэр алагдах боломжгүйг бид мэднэ.

4 Мөн эдүгээ, хаан эдгээр үгийг дуулаад, тэрээр тэдэнд хэлэв: Эдүгээ энэ бол Агуу Их Сүнс мөн гэдгийг би мэдлээ; мөн энэ үед би та нарыг ах дүүсийн чинь адил алахгүй байж болохын тулд та нарын амийг хамгаалахаар тэрээр бууж иржээ. Эдүгээ энэ нь бидний эцэг өвгөдийн ярьсан Агуу Их Сүнс болой.

5 Эдүгээ Агуу Их Сүнс байдаг гэдэг нь эцгээсээ хүлээн авсан Лемонайн уламжлал байв. Агуу Их Сүнсэнд тэд итгэдэг байсан хэдий ч, тэд ямар ч юм хийсэн тэдний зөв хэмээн боддог байсан ажээ; гэсэн хэдий ч, Лемонай, зарц нараа алахдаа бурууг үйлдсэн болов уу хэмээх айдсаар үлэмж ихээр айж эхлэв;

6 Учир нь тэдний ах дүүс устай газар сүргүүдээ тараасан учир тэрээр тэднээс олныг алсан байв; мөн тийн, тэд сүргээ тараалгасан учир тэд алуулсан ажээ.

7 Эдүгээ хүмүүсийн сүргийг тараахаар, тэгснээрээ тэд тараагдсанаас олныг нь өөрсдийн нутаг руу тууж болохын тулд Себасын усны дэргэд зогсдог нь эдгээр леменчүүдийн зуршил байв, учир нь тэдний дунд ингэж тонуул хийх нь зуршил болсон байлаа.

8 Мөнхүү улиран тохиох дор Лемонай хаан зарц нараасаа лавлаж, өгүүлсэн нь: Тийм агуу хүчтэй тэр хүн хаана байна вэ?

9 Мөн тэд түүнд хэлэв: Болгоогтун, тэр таны морьдыг тэжээж байна. Эдүгээ хаан зарц нартаа сүргийг нь услахаас өмнө, тэдэнд морьдыг нь мөн сүйх тэргүүдийг нь бэлтгэж мөн өөрийг нь Нифайн нутагт хүргэж өгөхийг зарлигласан байв; учир нь бүх нутгийг захирах хаан болох Лемонайн эцэг, Нифайн нутагт их найр хийхээр товлосон байсан ажээ.

10 Эдүгээ Аммон түүний морьд мөн сүйх тэргүүдийг нь бэлтгэж буйг Лемонай хаан сонсоод, Аммоны үнэнчийн учир тэр илүү ихээр гайхширан, хэлрүүн: Энэ хүний адил ийм үнэнч зарц миний бүх зарц нарын дунд байгаагүй нь гарцаагүй; учир нь тэрээр бүр миний бүх зарлигийг, тэдгээрийг гүйцэлдүүлэхээ санадаг.

11 Эдүгээ энэ бол Агуу Их Сүнс гэдгийг би гарцаагүй мэдлээ, мөн би түүнийг над дээр ирэхийг асуух юмсан, гэвч би зүрхлэхгүй байна.

12 Мөнхүү улиран тохиох дор Аммон морьдыг мөн сүйх тэргүүдийг хаанд мөн түүний зарц нарт бэлэн болгоод, тэрээр хаан дээр ороход, мөн тэрээр хааны царай төрх өөрчлөгдсөнийг харав; тиймийн тул тэрээр түүний дэргэдээс холдон буцахыг завдав.

13 Мөн хааны зарц нарын нэг нь түүнд Раббана хэмээв, тэр нь хөрвүүлбээс хүчит эсвээс агуу их хаан гэсэн утгатай, учир нь тэд өөрсдийн хаадыг хүчит хэмээн үздэг байв; мөн тиймээс тэрээр түүнд хэлэв: Раббана, хаан таныг үлдэхийг хүснэ.

14 Тиймийн тул Аммон хааны зүг эргэж мөн түүнд хэлэв: Ай хаантан, та намайг таны төлөө юу хийхийг хүснэ вэ? Мөн тэдний цагийн хэмжүүрийн дагуу нэг цагийн турш хаан түүнд хариулсангүй, учир нь тэр түүнд юу хэлэх ёстойгоо мэдсэнгүй.

15 Мөнхүү улиран тохиох дор Аммон түүнд дахин хэлэв: Та надаас юу хүснэм? Гэвч хаан түүнд хариулсангүй.

16 Мөнхүү улиран тохиох дор Аммон, Бурханы Сүнсээр дүүргэгдсэн учир, тиймийн тул тэр хааны бодлуудыг ойлгов. Мөн тэрээр түүнд хэлэв: Та намайг таны зарц нар болон сүргийг тань хамгаалсан, мөн таны сүрэг мөн зарц нарыг хамгаалахын тулд, тэдний ах дүүсийн долоог нь дүүгүүр болон илдээр алж, мөн бусдынх нь гарыг тас цохисныг дуулсны учраас энэ үү?; болгоогтун, таны гайхлыг төрүүлсэн нь энэ үү?

17 Би танд хэлнэ, юу нь таны гайхлыг ийм ихээр төрүүлсэн билээ? Болгоогтун, би бол хүн, мөн таны зарц билээ; тиймийн тул, таны хүссэн зөв болох юуг боловч, би түүнийг хийх болно.

18 Эдүгээ хаан энэ үгсийг дуулаад, тэрээр дахин гайхав, учир нь Аммон түүний бодлуудыг мэдэж чадсаныг тэрээр болгоов; хэдийгээр ингэсэн хэдий ч Лемонай хаан амаа нээж, мөн түүнд хэлэв: Та хэн билээ? Та бүх зүйлийг мэддэг тэр Агуу Их Сүнс мөн үү?

19 Аммон хариулж мөн түүнд хэлэв: Би биш.

20 Мөн хаан хэлэв: Та яаж миний зүрхний бодлуудыг мэдэв? Та зоригтойгоор ярьж, мөн энэ зүйлсийн талаар надад хэлж болно; мөн түүнчлэн миний сүргийг тараасан ах дүүсийг минь та ямар хүчээр алж мөн гарыг нь тас цавчсанаа надад хэл—

21 Мөн эдүгээ, хэрэв та энэ зүйлсийн талаар надад хэлэх аваас, таны хүссэн юуг боловч би танд өгнө; мөн хэрэв энэ нь хэрэгтэй бол, би таныг өөрийн их цэргээр хамгаалъя; гэвч та бол тэд бүгдээс илүү хүчтэйг би мэднэ; гэсэн хэдий ч, надаас таны хүссэн юуг боловч би танд зөвшөөрөх болно.

22 Эдүгээ Аммон арга мэхтэй боловч гэм хоргүй нэгэн байсан тул, тэр Лемонайд хэлэв: Хэрэв би ямар хүчээр эдгээр зүйлийг хийдгээ хэлбэл, та миний үгсийг анхааран сонсох уу? Мөн энэ нь танаас миний хүсэх тэр зүйл ажгуу.

23 Мөн хаан түүнд хариулж, мөн хэлэв: Тийм ээ, би таны бүх л үгэнд итгэнэ, мөн тийн тэрээр арга мэхэнд автагдсан байв.

24 Мөн Аммон зоригтойгоор түүнд ярьж эхлэв, мөн түүнд хэлсэн нь: Та Бурхан байдагт итгэдэг үү?

25 Мөн тэр хариулж, мөн түүнд хэлэв: Тэр нь ямар утгатайг би мэдэхгүй.

26 Мөн тэгэхэд нь Аммон хэлэв: Агуу Их Сүнс байдагт та итгэдэг үү?

27 Мөн тэр хэлсэн нь, Тийм ээ.

28 Мөн Аммон хэлсэн нь: Энэ бол Бурхан. Мөн Аммон түүнд дахин хэлэв: Бурхан болох тэр Агуу Их Сүнс тэнгэр мөн дэлхийд байдаг бүх зүйлийг бүтээсэн гэдэгт та итгэдэг үү?

29 Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, дэлхий дээр буй бүхий л зүйлийг тэр бүтээсэн гэдэгт би итгэдэг; гэвч би тэнгэрийн тухайд мэдэхгүй.

30 Мөн Аммон түүнд хэлсэн нь: Тэнгэр гэдэг нь Бурхан мөн түүний бүх ариун тэнгэр элч нар оршдог тэр газар бөлгөө.

31 Мөн Лемонай хаан хэлэв: Энэ нь дэлхийгээс дээгүүр байдаг уу?

32 Мөн Аммон хэлэв: Тийм ээ, мөн тэрээр бүх хүний үрсийн дээрээс доош хардаг; мөн тэр зүрхний бүх бодол болон санаануудыг мэддэг; учир нь тэд бүгд эхлэлээс түүний мутраар бүтээгдсэн ажгуу.

33 Мөн Лемонай хаан хэлэв: Би таны ярьсан эдгээр бүх зүйлд итгэж байна. Та Бурханаас илгээгдсэн үү?

34 Аммон түүнд хэлэв: Би бол хүн; мөн хүн нь эхлэлд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, мөн би, энэ хүмүүс шударга бөгөөд үнэн болох тэрхүү мэдлэгт авчрагдаж болохын тулд эдгээр зүйлийг заахаар түүний Ариун Сүнсээр дуудагдсан болой;

35 Мөн Бурханд итгэх миний итгэл болон Түүний хүслийн дагуу мэдлэгийг мөн түүнчлэн хүчийг надад өгдөг тэрхүү Сүнсний нэг хэсэг нь надад оршдог.

36 Эдүгээ Аммон эдгээр үгийг хэлээд, тэрээр дэлхийн бүтээлт, мөн түүнчлэн Адамын бүтээлтээс эхэлж, мөн түүнд хүмүүний уналтын талаар бүх зүйлийг хэлж, мөн бүр тэдний эцэг Лихайн Иерусалимыг орхисон цагийг хүртэл бошиглогчдоор яригдсан, хүмүүсийн тэрхүү ариун судрууд болон цэдгүүдийн талаар өгүүлж мөн түүний өмнө дэлгэжээ.

37 Мөн тэрээр тэдэнд (өөрөөр хэлбэл хаанд болоод түүний зарц нарт) тэдний эцэг өвгөдийн аглаг буйд дахь бүх аяныг, мөн тэдний бүх өлсөж мөн цангасан зовлонгууд, мөн тэдний зүдрэлүүд гэх мэтийг түүнчлэн өгүүлсэн ажгуу.

38 Мөн түүнчлэн тэр Лемен болон Лемүелийн мөн Ишмэилийн хөвгүүдийн эсэргүүцлүүдийн талаар тэдэнд өгүүлж, тийм ээ, тэдний бүх эсэргүүцлийг тэрээр тэдэнд тоочив; мөн Лихай Иерусалимыг орхисон цагаас одоо цагийг хүртэлх бүх цэдэг болон судруудыг тэр тэдэнд тайлбарлав.

39 Гэвч энэ нь бүгд бус; учир нь тэр тэдэнд дэлхийн үүслээс бэлтгэгдсэн байсан тэрхүү гэтэлгэлийн төлөвлөгөөг тайлбарлав; мөн түүнчлэн Христийн ирэлтийн талаар тэр тэдэнд мэдүүлж, мөн Их Эзэний бүх ажлыг тэрээр тэдэнд мэдүүлсэн болой.

40 Мөнхүү улиран тохиох дор тэр эдгээр бүх зүйлийг хэлсний, мөн тэдгээрийг хаанд тайлбарласны дараа, хаан түүний бүх үгэнд итгэсэн аж.

41 Мөн тэрээр Их Эзэнд залбирч эхлэн, хэлсэн нь: Ай Их Эзэн, нигүүлсэж соёрхоно уу; Нифайн хүмүүсийн дээр байдаг өөрийн өгөөмөр их нигүүлслийнхээ адилаар, надад, мөн миний хүмүүсийн дээр соёрхоно уу.

42 Мөн эдүгээ, тэрээр үүнийг хэлээд тэрээр үхсэн мэт газар унав.

43 Мөнхүү улиран тохиох дор түүний зарц нар түүнийг авч эхнэрт нь хүргэж, мөн орон дээр хэвтүүлэв; мөн тэрээр хоёр өдөр мөн хоёр шөнийн турш үхсэн мэт хэвтэв; мөн эхнэр нь мөн хөвгүүд, охид нь леменчүүдийн маягаар түүний араас гашуудан, түүний үхэлд асар ихээр эмгэнэж байв.