Судрууд
Алма 13


Бүлэг 13

Эрчүүд өөрсдийн үлэмж итгэл мөн сайн үйлүүдийнхээ учир дээд пристүүдээр дуудагддаг—Тэд зарлигуудыг заах ёстой—Зөв шударга байдлаар дамжуулан тэд ариусгагдаж мөн Их Эзэний амралтад ордог бөлгөө—Мелкизедек нь тэдний нэг байв—Тэнгэр элч нар уг нутаг даяар баярт мэдээг зарлаж байна—Тэд Христийн ирэлтийг тухайн үед нь тунхаглах болно. Ойролцоогоор МЭӨ 82 он.

1 Мөн түүнчлэн, ах дүүс минь, Их Эзэн Бурхан өөрийн хүүхдүүдэд эдгээр зарлигийг өгсөн тэр цаг тийш би та нарын оюун санааг хандуулмаар байна; мөн Их Эзэн Бурхан өөрийн Хүүгийн жаягийн дагуух ариун жаягийнхаа дагуу хүмүүст эдгээр зүйлийг заах пристүүдийг томилсныг та нар санаасай хэмээнэ би.

2 Мөн тэдгээр прист түүний Хүүгийн жаягийн дагуу томилогдсон билээ, тэгснээр хүмүүс гэтэлгэлийн төлөө түүний Хүүг ямар маягаар хүсэн хүлээхийг мэдэж болох тийм маягаар буюу.

3 Мөн тэдний томилогдсон тэр маяг нь энэ буюу—тэдний үлэмжийн итгэл болон сайн үйлүүдийн учир, Бурханы зөгнөх мэдлэгийн дагуу дэлхийн үүслээс тэд дуудагдсан мөн бэлтгэгдсэн билээ; эхнээсээ сайныг эсвээс хилэнцийг сонгох нь зөвшөөрөгдсөн ажгуу; тиймийн тул тэд сайныг сонгосны учир, мөн үлэмж агуу итгэлийг хэрэгжүүлсний учир, тэд ариун дуудлагад дуудагдсан болой, тийм ээ, ийм хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн байсан гэтэлгэлтэй хамт мөн үүний дагуу бэлтгэгдсэн тэрхүү ариун дуудлагуудад болой.

4 Мөн тэд итгэлийнхээ учир энэ ариун дуудлагад тийн дуудагдсан байв, гэтэл бусад зарим нь зүрх сэтгэл нь хатуугийн мөн оюун нь харалганы учир Бурханы Сүнсийг эсэргүүцдэг байв, харин хэрэв ийм байгаагүй аваас тэдэнд өөрсдийнх нь ах дүүсийн адил агуу боломж байж болох байсан.

5 Эсвээс дүгнэж хэлэхэд, эхэндээ тэд ах дүүстэйгээ адил байдалд байв; тийн энэ ариун дуудлага нь дэлхийн үүслээс зүрх сэтгэлээ үл хатууруулах тэдгээрт зориулан бэлтгэгдсэн байв, мөн энэ нь бэлтгэгдсэн байсан тэр Төрсөн Ганц Хүүгийн цагаатгалын улмаас мөн үүгээр дамжуулан ирсэн бөлгөө—

6 Мөн хүмүүсийн үрс ч бас түүний амралтад орж болохын тулд, түүний зарлигуудыг тэдэнд заахаар энэхүү ариун дуудлагаар ийн дуудагдаж, мөн Бурханы ариун жаягийн дээд санваарт томилогдсон буюу—

7 Энэхүү дээд санваар нь дэлхийн үүслээс байсан жаяг болох түүний Хүүгийн жаягийн дагуу билээ; эсвээс өөрөөр хэлбэл, энэ нь өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй, мөн энэ нь бүх зүйлийг зөгнөх түүний мэдлэгийн дагуу, үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд бэлтгэгдсэн билээ—

8 Эдүгээ тэд энэ маягаар томилогдсон байсан ажгуу—тэд ариун дуудлагаар дуудагдаж, мөн ариун нандин ёслолоор томилогдож, мөн ариун жаягийн дээд санваарыг тэд өөрсдийнхөө дээр авсан байв, энэхүү дуудлага болон ёслол, мөн дээд санваар нь эхлэл бас төгсгөлгүй болой—

9 Тэд тийн үүрд дээд пристүүд болдог, ач ивээл, тэгш байдал, мөн үнэн байдлаар дүүрэн, өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй, Эцэгийн Төрсөн Ганц болох Хүүгийн жаягийн дагуу буюу. Мөн энэ нь ийм болой. Амен.

10 Эдүгээ, ариун жаяг буюу энэхүү дээд санваарын талаар миний хэлснээр, томилогдож мөн Бурханы дээд прист болсон нь олон байв; мөн энэ нь тэдний үлэмж итгэл болон наманчлал, мөн Бурханы өмнөх тэдний зөв шударга байдлынх нь улмаас байв, мөхөхийн оронд наманчлан мөн зөв шударгыг үйлдэхийг тэд сонгосны учир буюу;

11 Тиймийн тул тэд энэ ариун жаягийн дагуу дуудагдаж мөн ариусгагдан, мөн тэдний өмсгөл Хурганы цусаар угаагдан цагаан болсон байв.

12 Эдүгээ тэд, Ариун Сүнсээр ариусгагдсаны дараа, тэдний өмсгөлүүд цагаан болгогдсон учир, тэд Бурханы өмнө цэвэр мөн толбогүй байсан учир, нүгэл рүү жигшилтэйгээс өөрөөр харж эс чадна; мөн цэвэршигдэж мөн Их Эзэн Бурханыхаа амралтад орсон нь олон, үлэмж олон байв.

13 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаж, мөн та нар түүнчлэн уг амралтад орж болохын тулд наманчлалд нийцэх жимсийг гаргаасай хэмээнэ би.

14 Тийм ээ, миний ярьсан жаягийн дагуу дээд прист асан, түүнчлэн өөр дээрээ дээд санваарыг үүрд авсан тэрхүү Мелкизедекийн өдрүүд дэх хүмүүсийн адил өөрсдийгөө даруусга.

15 Мөн энэ нь Абрахам түүнд аравны нэгийг төлдөг асан тэрхүү Мелкизедек байв; тийм ээ, бүр бидний эцэг Абрахам өөрийн бүх эзэмшлийн аравны нэг хэсгийг төлдөг байсан билээ.

16 Эдүгээ эдгээр ёслол энэ маягаар өгөгдсөний учир нь, тэгснээр хүмүүс Бурханы Хүүг харуулдан хүлээж болохын тулд буюу, энэ маяг нь түүний жаягийн бэлгэдэл буюу энэ нь түүний жаяг байсан буюу, мөн тэд нүглүүдийнхээ ангижралын тулд түүнийг харуулдан хүлээж болохын тулд, тэд Их Эзэний амралтад орж болохын тулд ийн хийгдсэн билээ.

17 Эдүгээ энэхүү Мелкизедек нь Салем нутгийн хаан байв; мөн түүний хүмүүс алдас мөн жигшүүрт хэргүүдэд хүчирхэгжсэн байв; тийм ээ, тэд бүгд төөрч одсон байв; тэд бүх төрлийн ёс бусаар дүүрэн байв;

18 Гэвч Мелкизедек хүчит итгэлийг хэрэгжүүлж, мөн Бурханы ариун жаягийн дагуу дээд санваарын албыг хүлээн авсны учир, өөрийн хүмүүст наманчлалыг номлосон ажгуу. Мөн болгоогтун, тэд наманчилжээ; мөн Мелкизедек өөрийн өдрүүдэд уг нутагт амар амгаланг тогтоов; тиймийн тул тэрээр энх амгалангийн ханхүү гэж нэрлэгдсэн бөлгөө, учир нь тэр Салемын хаан байв; мөн тэрээр эцгийнхээ захиргаан дор засаглаж байв.

19 Эдүгээ, түүнээс өмнө олон нь байж, мөн түүнчлэн дараа нь ч олон байв, гэвч түүнээс илүү агуу нь үгүй байлаа; тиймийн тул, тэд түүний тухай илүү онцгойлон дурдсан бөлгөө.

20 Эдүгээ би түүний талаар нарийвчлан ярих хэрэггүй; миний хэлсэн нь хангалттай. Болгоогтун, судрууд та нарын өмнө байна; хэрэв та нар тэдгээрийг гуйвуулах аваас энэ нь та нарыг устгалд тань хүргэх болно.

21 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр үгийг тэдэнд хэлээд, тэрээр тэдний зүг гараа сунган мөн хүчирхэг дуугаар хашхирч, хэлрүүн: Наманчлах цаг нь одоо болой, учир нь авралын өдөр ойртож байна;

22 Тийм ээ, мөн Их Эзэний дуу хоолой, тэнгэр элч нарын амаар, үүнийг бүх үндэстэнд тунхагладаг; тийм ээ, тэд агуу их баяслын баярт мэдээг мэдэж болохын тулд үүнийг тунхагладаг; тийм ээ, мөн тэрээр эдгээр баярт мэдээг өөрийн бүх хүний дунд, тийм ээ, бүр дэлхийн гадаргуугаар тарсан тэдэнд зарладаг; иймийн тул тэдгээр нь бидэнд ирсэн бөлгөө.

23 Мөн тэдгээр нь бид ойлгож болохын тулд, бид алдаж чадахгүй тодорхой үгээр бидэнд мэдүүлэгдсэн билээ; мөн энэ нь бид харь нутагт хэсэн бэдрэгчид учир юм; тиймийн тул, бид тийн их тааллыг хүртсэн болой, учир нь өөрсдийн маань жимсний талбайн бүх хэсэгт эдгээр баярт мэдээ бидэнд тунхаглагдсан юм.

24 Учир нь болгоогтун, тэнгэр элч нар энэ цагт манай нутагт үүнийг олонд тунхаглаж байна; мөн энэ нь тэрээр өөрийн сүр жавхланд ирэх тэр цагт түүний үгийг хүлээн авахад хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг бэлтгэх зорилготой ажгуу.

25 Мөн эдүгээ бид тэнгэр элч нарын амаар түүний ирэлтийн талаар бидэнд зарлагдах баярт мэдээг сонсохыг л хүлээдэг бөлгөө; учир нь тэр цаг ирнэ, хэр ойрхон болохыг нь бид мэдэхгүй. Энэ нь миний өдрүүдэд байх болоосой хэмээн Бурханаас хүснэ; гэсэн ч энэ нь удахгүй эсвэл хожим тохиох ч бай, би үүнд баясах болно.

26 Мөн энэ нь түүний ирэлтийн цагт тэнгэр элч нарын амаар шударга бөгөөд ариун хүмүүст мэдүүлэгдэх болно, бидний эцэг өвгөдөд байсан бошиглолын суу билгийн дагуу, түүний талаар тэдний ярьсны дагуу, тэдний үгс гүйцэлдэж болохын тулд болой.

27 Мөн эдүгээ, ах дүүс минь, зүрхнийхээ угаас, тийм ээ, бүр өвдөлтийг мэдрэх агуу зовнилоор би үүнийг хүснэ, та нар миний үгсийг анхааран сонсоосой, мөн нүглүүдээ хаяасай, мөн наманчлалынхаа өдрийг бүү хойшлуулаасай;

28 Харин та нар Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, түүний ариун нэрийг дуудаж, мөн та нар өөрсдийн сөрж чадахаас илүүгээр уруу татагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай, тэгснээр Ариун Сүнсээр удирдуулан, даруухан, дөлгөөн, хүлцэнгүй, тэвчээртэй, хайр болон тэсвэр тэвчээрээр дүүрэн болоосой;

29 Их Эзэнд итгэх итгэлтэй байгаасай; та нар мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг агуулаасай; та нар эцсийн өдөр өргөгдөн мөн түүний амралтад орж болохын тул зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг үргэлж тээгээсэй хэмээн хүснэ.

30 Мөн та нар түүний хилэнг доош өөрсдийн дээр авчрахгүй байж болохын тулд, та нар тамын гинжээр доош хүлэгдэхгүй байж болохын тулд, та нар хоёр дахь үхлийг амсахгүй байж болохын тулд Их Эзэн та нарт наманчлалыг соёрхох болтугай.

31 Мөн Алма энэ номд бичигдээгүй өөр олон үгийг хүмүүст ярьсан билээ.